📅

Татвар нэмэх ч зардал нь буурсангүй

🕔 2017/03/28 09:56

Татвар нэмэх ч зардал нь буурсангүй

 

Монгол Улс, ОУВС-аас эдийн засгийн хямралыг гурван жилийн хугацаанд ор мөргүй арилгах "жорыг импортлох” хэлэлцээ хийсэн. Тиймээс ч "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн шаардлагын дагуу энэ оны төсвийг тодотгох гэж байна. Энэ удаагийн тодотголоор жил бүр олон их наядаар хэмжигдэж ирсэн алдагдлыг үе шаттайгаар бууруулна. Үр дүнд нь улсаа өрийн дарамтаас гаргах үндсэн чиг гаргасан. Тэгвэл олон нийтийн дунд төсвийн зардлыг бууруулах хүлээлт үүсч, улсаараа бүсээ чангалах хэмжээнд хүрсэн гэдэгтэй санал нэгдэж байгаа.

 

Гэвч энэ удаагийн тодотголд төр хэрэглээгээ танах бус анх баталсан хэмжээнээсээ 400 тэрбумаар өсгөжээ. Харин иргэдэд ирэх дарамт нь зургаан төрлийн татвар нэмэхийн зэрэгцээ хүүхдийн мөнгө, цэргийн албаныхны тэттэвэр тэтгэмж тэргүүтэй нийгмийн халамжийг түлхүү танах шийдвэр байх нь. Тухайлбал, архи, тамхины онцгой албан татвар болон импортын тамхины гаалийн албан татвар, авто бензин, дизель түлшний татвар, суудлын авто машины онцгой албан татварыг нэмэх, хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгох, хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулж эхлэх, нийгмийн даатгалын шимтгэлийг үе шаттайгаар өсгөх зэргийг тусгажээ.

 gbnttynt

Уг нь шат шатны байгууллагууд "Хямралыг давахад ард түмэн биш, төр бүсээ чангална” гэх уриа хашгирч байгаа. Чамлахааргүй амжилтад хүрсэн гэдэг нь ч 67 тэрбум төгрөгийн хэмнэлт гарсанаас харагдаж байна. Тухайлбал, Ерөнхийлөгч, УИХ, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайдаас бусад байгууллага, албан тушаалтан гадаад томилолтын зардлыг танаж, төрийн албан тушаалтны гар утасны зардлыг төсвөөс төлөхийг зогсоосон. Түүнчлэн төсвийн хөрөнгөөр тавилга, эд хогшил, автомашин шинээр худалдан авахгүй байхыг Засгийн газраас үүрэгдсэн билээ. Бүр төв суурин газарт шатахуун бага зарцуулалттай жижиг автомашин хэрэглэх журам хүртэл гаргаад амжсан. Гэвч ерөнхий зургаараа төсвийн зарлага 8.7 их наяд болж нэмэгджээ. Үүний дийлэнх хэсгийг төсвийн ерөнхийлөн захирагч нарын зардал эзэлж байна. Зөвхөн Засгийн газрын гишүүдийн багц л гэхэд зуу зуун саяар нэмэгдсэн болохыг зураг дээр харьцууллаа. Харин Сангийн сайдын зүгээс Төсвийн урсгал зарлагыг бууруулахдаа долоон төрлийн арга хэмжээг авахаар тусгасан талаар тайлбар өгсөн. Эм, эмнэлэгийн хэрэгслийн худалдан авалтын үр ашгийг сайжруулсан худалдан авалттай болгож ойролцоогоор 10-15 хувийн хэмнэлтийг гаргана. Тэтгэвэрт гарах насны доод хязгаарыг хүн ам зүйн насны бүтцэд орж буй өөрчлөлттэй уялдуулан урт хугацаанд аажмаар нэмэгдүүлэхээр болжээ. Ингэхдээ 2026 он хүртэл эрэгтэйчүүд 65 наснаас тэтгэвэрт гаргахаар тусгасан бөгөөд жилд зургаан сараар нэмэгдүүлнэ. Эмэгтэйчүүдийн хувьд 2036 оноос 65 наснаас тэтгэвэрт гарахаар тооцжээ. Мөн төсөв, эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед төрийн албан хаагчийг цомхотгохоос зайлсхийж байгаа аж.

Харин төрийн албан хаагчдын одоо авч буй цалинг хоёр хилийн хугацаанд царцаахаар төсөлд тусгасан байна.

 

Ийнхүү иргэдэд ногдуулах татварын хувь хэмжээ өссөн бол төсвийн зарлага буурахгүй зураг гарч байна. Гэхдээ ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийн эцсийн дүнд уул уурхайгаас хараат эдийн засгийн бүтцийг солонгоруулах, нийгмийн даатгалын системийн шинэчлэлийг эхлүүлэх тэргүүтэй урт хугацаандаа үр өгөөжөө өгөх эерэг заалтууд төсвийн тодотголд багтжээ. Улмаар эдийн засаг энэ жил 0.2 хувиар агшиж, 2018 оноос сэргэн 1.8 хувь, 2019 онд 8.1 хувийн өсөлт үзүүлэхээр тооцсон байна.



Д.ДОРЖ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?