📅

"Жи тайм" сүлжээ өдрөөс өдөрт хүрээгээ тэлж, хохирогчдын тоо нэмэгдсээр байна

🕔 2017/02/21 09:05

 

"Жи тайм" сүлжээ өдрөөс өдөрт хүрээгээ тэлж, хохирогчдын тоо нэмэгдсээр байна

 

Казакстан улсаас ядруурлыг бууруулах зорилготой Монголд орж ирсэн "Жи Тайм” гэх нэртэй сүлжээ дэлхийн 77 оронд үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ тэд амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүсэлдээ хөтлөгдөн иргэдийн халаасыг ухаж, өөрсдийнхөө халаасыг зузааруулсан. Эргэлзэлгүй итгэж төөрөгдсөн хүмүүс луйвардуулаж өдгөө найман тэрбум төгрөг дансандаа байршуулаад байгаа юм. Хэдийгээр тэднийг шалгаж байгаа ч дансан дахь найман тэрбум төгрөгийг Казакстан улс руу шилжүүлж амжсан гэх. Харин өөрсдөө энэ сарын 12-ны өдөр улсын хил давах гэж байгаад ЭЦГ-ынханд баригдсан өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаад байгаа юм.

 

"Жи тайм" сүлжээний удирдлагуудыг онц ноцтой гэмт хэрэгтэнд тооцно

Сүүлийн хагас жилийн хугацаанд Монгол Улсыг хамгийн ихээр хэрэн сүлжсэн луйвраар "Жи тайм"-ыг нэрлэж болно. Тус сүлжээний удирдлагуудыг УМБГ-т шалгаж байна. Энэ талаар Мөрдөн байцаах газрын ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Б.Мөнхбат "Өнөөдрийн байдлаар Улсын мөрдөн байцаах газарт хоёр эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байна. Сүлжээний бизнес нэрийн дор иргэдээс богино хугацаанд мөнгийг нь өгсөж өгнө, байртай болгоно, машинтай болгоно, гадаадад аюултай болгоно гэх зэргээр бусдын итгэлийг олж залилан мэхэлж авсан үйлдлүүд тогтоогдон шалгагдаж байна. Сүлжээ нэрийн дор үйл ажиллагаа явуулж байгаа газар болгон хууль бус гэж ойлгож болохгүй. Богино хугацаанд мөнгийг нь өгсөж өгнө, урамшуулал олгоно, байртай болгоно гэх зэрэг нь залилангийн шинжтэй байдаг" гэлээ.

 

Харин өөр нэгэн албаны эх сурвалжаас тодруулахад "Жи тайм сүлжээнд хохирсон иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Одоогийн байдлаар хохирлын хэмжээг хэлэх боломжгүй. Учир нь нэг өдөрт л хэдэн зуун мянгаар хохирсон иргэд гомдол гаргаж байна. Тиймээс хэргийг шалгаж байна. Удахгүй ямар зүйл ангиар хэрэг үүсгэх нь тодорхой болно. Гэхдээ сүлжээний удирдлагуудын хийсэн үйлдлээс харахад 148.4-т зааснаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэх зүйл заалтаар хэрэг үүсгэнэ" гэлээ.

 

"Жи тайм" сүлжээнийхэн иргэдийг дараах байдлаар хулхиддаг байв

Хялбар аргаар баяжихын мөрөөдсөн, сайхан сэтгэлт монголчуудыг итгэлийг олохын тулд "G- Time” сүлжээ доорх байдлаар явагддаг байжээ. Тэд эхлээд 62 мянга 500 төгрөгөөр элсээд мөнгөө 187.500, 250.000 зэргээр өсгөж авдаг сүлжээ гэгдэж байв. Хамгийн гол нь өөрийнхөө дор хүмүүс элсүүлж, эхлээд орсон хүмүүс нь мөнгөө өсгөж авах зэргээр урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж явдаг байсан аж. Ингэсээр сүүлд орсон хүмүүс нь ямар ч мөнгөгүй болоод шатаж хоцордог байна. Энэ нь хуурамч сүлжээний бизнес гэдгийг илтгэх ажээ. Гэтэл энэ сүлжээний зар олон нийтийн дунд явсаар л байна. Хялбар аргаар мөнгө олж долоо хоногийн дотор 62500 төгрөгөө 187500 болгон өсгөх боломжтой гэсэн зар их байна. Үүнд зарим иргэд хууртаж хохирч байгаа юм. Үүнийг хэн зохиож, хаанаас гаргасан нь одоогоор тодорхойгүй байна. Ямартай ч үүнд оролцсон хүмүүсийг шалгаж байгаа гэнэ. Хамгийн гол асуудал нь энэ хэргийн хохирогч, залилагч нь олддоггүй гэнэ. Үүнийг цагдаагийн албан хаагчид тайлбарлахдаа хүний мөнгийг хүчээр булааж аваагүй учир хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж үздэг байна.

 

Маркетинг судлаач Д.Чимэддамба

"Пирамид тогтолцооны луйвруудын хөрөнгө оруулалтынх нь эх үүсвэр нь элсүүлсэн хүнээс авсан мөнгө байдаг. Энэ тогтолцооны хамгийн аюултай зүйл нь сүүлд элссэн хүмүүс юу ч авч чадалгүй хохирч үлддэг. Эхний элссэн хүмүүс хэдэн төгрөг аваад алга болдог. Гэхдээ хууль хяналтын байгууллагынхан олж тогтоодог. Хэзээ ч амар хялбар аргаар мөнгө олддоггүй юм" гэлээ.

"Жи тайм" сүлжээний захирал, хоригдож буй Ж.Марат гэж хэн бэ
 
                "G-time” захирал Ж.Матад гэгч нь Казахстан улсаас үүсэлтэй "G-time” корпорацийн ерөнхийлөгч, үүсгэн байгуулагч Жумагулвоеийн төрсөн дүү аж. Тэрээр 2016 оны арванхоёрдугаар сард нэг удаа Монголд ирж, "G-time” сүлжээнд элссэн иргэдтэй уулзчихаад буцаж байжээ. Дараа нь дахин буюу 2017 оны нэгдүгээр сард Монголд ирээд байсан нь энэ аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ж.Марат нь 50 гаруй насны эрэгтэй юм байна. Тэрээр чухам ямар мэргэжилтэй эсэх талаараа Монгол иргэдэд хэлж байгаагүй аж. Зөвхөн "G-time” сүлжээний талаар ярьдаг байсан гэнэ. Тус сүлжээний Монгол дахь төлөөлөгчид нь "G-time” бол Казахстан улсын Засгийн газрын "Ядуурлыг бууруулах төсөл" хэмээн иргэдийг төөрөгдүүлэг байжээ. Түүнчлэн "G-time"-ийн үйл ажиллагаа үнэн бодит төсөл гэдгийг НҮБ-аас хүлээн зөвшөөрсөн гэх мэтээр иргэдэд мэдээлэл өгч, сүлжээндээ элсүүлдэг байжээ. Улмаар элссэн иргэдээс 130 мянган төгрөгөөс хоёр сая 300 мянга хүртэлх төгрөгийг дөрвөн үе шаттай авдаг байсан гэдэг. 
 
           Эцэстээ санхүүгийн пирамидтай холбоотой хэрэгт богино хугацаанд маш олон хүн хохирч үлддэг. Ялангуяа гэртээ хүүхэд хараад сууж байгаа эмэгтэйчүүд, оюутнууд, тэтгэврийн насныхан төдийгүй санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн хүмүүсийн ч сонирхлыг татаж, цагаан сарын баяр дөхөж байгаа энэ үед нас хүйс ялгаварлахгүй хүрээгээ тэлж, олон хүн хохирч байгаа талаар цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж байна.
 
Б.Анир
http://www.zaluu.com/read/gcc6h7cc

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?