МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Д.СУМЪЯАБАЗАР ТАНАА
Эрхэм төрийн түшээ таны амрыг эрье. Амьдралд нийцэх, нийгмийн хөгжилд дэм өгөх хууль тогтоомж батлах эрхийг сонгогч болон иргэний хувиар бид Танд шилжүүлсэн. Тиймээс, намрын чуулганаар хэлэлцэж буй, Монголын өрх бүр, иргэн бүрт нэн хамааралтай Зөрчлийн тухай болон Эрүүгийн хуулийн зарим нэгэн заалтад түлхүү анхаараасай гэх сэтгэлээр Танд биечлэн хандаж энэхүү ил захидлыг илгээлээ.
Хуулийг алдаатай заалттай батална гэдэг нийгэмд ямархуу хэмжээний хор хохирол учруулдаг вэ? гэдгийг өмнөх Эрүүгийн хуулийн хэрэгжилт бэлхнээ харуулсан. Торгуулаад өнгөрөх хэмжээний зөрчлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцон, олон аавын хүүг ялтан болгосон. Ердөө л хоёр гуравхан өгүүлбэрээс бүрдсэн тэрхүү заалтаас болж монгол аав, ээжийн мянга мянган хөвгүүдийн хувь заяа наранд зөв дээшлэх биш, нарсанд буруугаар эргэснийг санахад хангалттай. Гэвч нэг алдааг засах гээд нөгөө алдааг гаргахгүй байх учиртайг хичээнгүйлэн санаарай. Энэхүү хуулийн, Хүний нэр төрийг гутаасан, гүтгэсэн гэсэн зүйл ангид, "хувь хүнийг 2 сая төгрөгөөр, аж ахуйн нэгжийг 20 сая төгрөгөөр торгох..., мөн бусдын гэрэл зургийг зөвшөөрөлгүй авах, зөвшөөрөлгүй түгээхийг хориглох..., тэр тохиолдолд хувь хүнийг 2 сая төгрөг, мэдээллийн хэрэгслийг 20 сая төгрөгөөр торгох...” гэсэн заалтыг тусгажээ. Энэ хоёр заалтыг үлдээвэл, үр дагавар нь, Таны сонгогч болох фэйсбүүктэй ердийн иргэдээс авахуулаад, сайт, сонин, сэтгүүл, телевиз зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын эрхэнд халдах, эдийн засгаар хавчин боох, эрүүдэн шүүх замаар үйл ажиллагааг нь боомилох хор уршигтай юм. Та энэ заалтыг хэвээр нь батлах аваас, иргэний үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх зэрэг Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийн наад захын хэм хэмжээ, түүнчлэн цензур тогтоосноороо Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг зөрчих болохыг сануулж байна. Хэвлэлийнхэн бусдын нэр төрд халдах, гүтгэх доромжлох ёсгүй гэдэгтэй санал нэг байна. Гэхдээ санаатай, санаагүй гаргасан алдааны төлөө өндөр хэмжээний торгууль ногдуулах, түүгээрээ хэвлэл мэдээллийн хэрэгслийг эдийн засгийн аргаар боомилох, үйл ажиллагаанд саад учруулах, улмаар хаах, зарим гишүүний хэлж буйгаар "Эрүү үүсгэх нь зөв” гэж буй нь ардчилсан нийгэмд хүлээн зөвшөөрч болшгүй үйлдэл юм. Үүнээс өөр арга зам, сонголт бий. Хэрэвзээ, нэр төрд нь халдсан, гүтгэсэн тохиолдолд, тухайн сэтгүүлчийг хэвлэлийн салбарт дахин ажиллахыг хориглох ёс зүйн дүрэм ч өнөөдөр үйлчилж байна. Ийм асуудлыг тусгайлан хэлэлцдэг, өөрийн зохицуулалт хийх зорилготой Хэвлэлийн Зөвлөл ч үйл ажиллагаагаа эрхлээд 2 дахь жилтэйгээ золгоод байна. Харин гэрэл зураг зөвшөөрөлгүй авах, түүнийг олон нийтэд түгээх гэдэг ойлголтыг ялгаж салгах нь зөв юм.
Ердийн иргэдийн хувьд энэ заалт байж болох. Харин олны танил урлаг, соёл, спорт, нийгмийн зүтгэлтэн мөн өндөр албан тушаал эрхэлдэг хүмүүсийн хувьд дэлхий нийтийн жишиг хандлагыг дагах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, дээрх хүмүүсийн орон гэртээ, унтлага болон ванны өрөөндөө байгаа хэт хувийн чанартай гэрэл зургийг түгээхийг хориглодог. Тараасан ч зөвшөөрөл авдаг. Харин олон нийтийн газар (үзвэр, үйлчилгээ, далайн эрэг, зугаалгын газар, сургууль, гудамж зэрэг) эдгээр хүмүүсийн зургийг чөлөөтэй авах, чөлөөтэй түгээх эрхийг дэлхийн өндөр хөгжилтэй, соёлт ертөнцөд хориглодог заалт байхгүй. Тиймээс дээрх "Зураг авахыг хориглох, мөн түгээхийг хориглох” зэрэг заалтыг хасах, үгүй бол "олны танил хүмүүс” гэсэн тодотгосон нэр томьёог оруулан ердийн иргэдийнхээс ялгаж салгаж өгөхийг хүсье. Энэ хоёр заалтыг хассанаар, мөн ялгаж салгаж өгснөөр, Хэвлэлийн эрх чөлөөг бодитойгоор дэмжиж, иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхээ эдлэх зэрэг ардчилсан нийгмийн үнэт зүйлсийг хамгаалах ариун үйлсэд Та үнэтэй хувь нэмэр оруулах юм. Таны саруул ухаан, мэргэн шийдвэрт итгэж энэхүү ил захидлыг илгээв. Ил захидлын хариуг авсан даруйдаа уншигчид, иргэд сонгогчдод бүрэн эхээр нь нийтлэхээ мэдэгдье! Та хариугаа бидэнд бичгээр ирүүлнэ үү?
Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо, тус холбооны гишүүн сайт www.darkhannews.mn Холбогдох утас: 7711-5611, Мэйл хаяг: mglwebs@gmail.com
Эх сурвалж: darkhannews.mn