📅

Өрөнд дарлуулсан өрхүүд

🕔 2017/02/15 10:34

Өрөнд дарлуулсан өрхүүд

 

Адьяагийнх өрнөөсөө өндийхөө болиод хоёр жил гаруйн нүүр үзэж байна. 2013 онд бол шимтгэл суутгалаа хасуулаад 750 мянгыг бэлнээр авчихдаг, эхнэр нь 500 орчим мянган төгрөгийн цалинтай, орон сууцны найман хувийн зээлдээ 400 мянгыг түвэггүй төлчихдөг байсан цаг. Хоёр хүүхэд нь цэцэрлэгийн насных тул харьцангуй зардал багатай. Цалингаас үлдсэн мөнгөөрөө ам бүл дөрвүүл боломжийн амьдарчихна.. Бас гар утас, цахилгаан бараа гэх мэт хэрэгцээтэй жижиг зээл авсан ч төлөлт нь 250 мянган төгрөгөөс хэтрэхгүй. Тиймээс санхүүгийн хувьд өөрсдийгөө дарамтад оруулахааргүй байхаар тооцож, боломжийн амьдардаг байв. Гэвч улс орны эдийн засгийн хүндрэл энэ өрхөд бодит нөлөө үзүүлжээ. Эхнэрийнх нь ажилладаг хувийн компани ажилчдаа цалинжуулж чадахаа больсноос үүдээ барьсан тэр цагаас энэ айлд эдийн засгийн хямрал гүн нүүрлэсэн аж. Өрхийн тэргүүний цалингаар байрны зээл төлөөд, үлдсэнээр нь арай ядан амь зуух болсон Адьяагийнх хуучин машиныхаа буянд талхны мөнгөө дөнгөн данган залгуулж, гал алдахгүйн тулд үе үе ломбард руу гүйсээр энэ хүнд үеийг гэтэлгэж байна.

 

Монгол Улсын өрхийн хэмжээнд нийтлэг байгаа дүр төрх энэ. Эдийн засгийн гэнэтийн хүндрэл удаан хугацаанд үргэлжилж, иргэд тамираа барж байна. Хямралын шуурганд хаалгаа барьсан аж ахуйн нэгж, хувийн хэвшлийнхний цаана иргэд мянга мянгаарда ажилгүйчүүдийн эгнээг тэлэв. Зөвхөн 2014 онд 11 мянга гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа түр зогсоож, 1044 байгууллага үүдээ бүр мөсөн хаасан тоо бий. Энэ бүхэн өрхүүдийн санхүүгийн дархлааг сульдаах нэгэн том хүчин зүйл болсныг Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн тусламжтайгаар Монголбанкнаас хийсэн судалгаа илтгэж байна. Нийт 16 гаруй мянган өрхийг хамруулсан 2016 оны гурваас наймдугаар сард хийсэн уг судалгааны дүнгээр манай улсын өрхийн нийт зээлд эзлэх өрийн хэмжээ 40 хувьд хүрч, ДНБ-ий 25 хувьтай тэнцжээ. Өрийн энэхүү эрчимтэй өсөлт нь Евро бүсийн шинэ гишүүн орнуудын үзүүлэлттэй дүйж буйгаас цөөхөн хүн амтай манай улсад ямар өндөр байгаа нь тодорхой харагдах байх.

 

Өрхийн зээлийн хэмжээ эрчимтэй нэмэгдсэн нь 2013 оноос хэрэгжиж эхэлсэн ипотекийн зээлтэй мөн шууд холбоотой аж. Ялангуяа, найман хувийн хүүтэй орон сууцны зээл айл өрхийн зээлийн дүн өсөх гол шалтгаан болсныг уг судалгаа харуулж байна. Судалгаанд хамрагдсан нийт айл өрхийн 14.4 хувь нь сөрөг үлдэгдэл орлоготой гэжээ. Энэ нь сарын бүх орлогоороо зээл, лизинг, төлбөр тооцоо, хүнс хоолоо авч хүрэхгүй, өртэй хоцордог гэсэн үг. Харин нийт өртэй өрхийн 22.5 хувь сөрөг үлдэгдэл орлоготой гэж гарсан нь өргүй өрхүүдээс 3.5 дахин өндөр тоо юм.

 

Айл өрхүүдийн багагүй хувь нь авсан зээлээ төлөх нь битгий хэл үндсэн хэрэгцээгээ ч хангаж чадахгүйд хүрээд буй нь өнөөгийн бодит байдал болохыг энэ тоонууд харуулж байна. Үүнд зээлийн хүү, хэрэглээний үнийн өсөлт, ажилгүйдэл, орон сууцны үнийн өсөлт зэрэг голлон нөлөөлжээ.

 

Зөвхөн ажилгүйдлийг аваад үзэхэд нэлээд бүүдгэр дүр зураг харагдаж буй. Үндэсний статистикийн хорооны судалгаагаар манай улсын ажилгүйдлийн түвшин 10 хувь давж, ажилгүй иргэдийн тоо 130 гаруй мянга болжээ. Зөвхөн 2013 онд уул уурхайн салбарын үйл ажиллагаа зогсонги байдалд ороход 10 гаруй мянган хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн тоо бий. Үүнийг дагаад 10 гаруй мянган өрхийн амьжиргааны түвшин шууд доошилсон гэсэн үг. Үүнийг дагаад өрхийн орлого буурч, төлбөрийн чадамжид нөлөөлсөн хэрэг.

 

Өрхийн өр ийнхүү нэмэгдэх нь мэдээж чанаргүй зээлийн хэмжээ өсөх, цаашлаад санхүүгийн салбарт эрсдэл учруулдаг. Энэ эрсдэл хэдийнэ биеллээ олоод эхэлсэн гэж болно. Тухайлбал, 2016 оны арваннэгдүгээр сарын байдлаар ипотекийн зээлийн үлдэгдэлд эзлэх хугацаа хэтэрсэн зээл 3.4, чанаргүй зээлийн хэмжээ 1.2 хувьтай байгаа юм. Банкны системийн хүрээнд нийт чанаргүй зээлийн хэмжээ нэг их наяд төгрөг давсны нэг шалтгаан нь энэ болжээ.

 

Айл өрхийн өрийн хэмжээ өсөн нэмэгдэж байгаа нь зөвхөн манай улсад тохиолддог асуудал биш болохыг дараах жишээ харуулна. Тухайлбал, Өмнөд Солонгосын өрхийн өрийн түвшин 2015 оны эцэст 1200 их наяд вон буюу 973 тэрбум ам.долларт хүрч өссөнөөр тус улсын эдийн засгийн хамгийн тааруу үзүүлэлт болж байсан талаар Financial Times онцолж байсан. Сүүлийн 30 жил тасралтгүй өссөөр. өрхийн нийт орлогын 160 хувийг давсан. Улмаар өрхүүд орлогынхоо ихэнх хэсгийг зээлийн эргэн төлөлтөд зарцуулж ирсэн нь сүүлийн зургаан жил дараалан БНСУ-ын эдийн засгийн үзүүлэлтээс хувийн хэрэглээний зарцуулалт тогтмол буурахад хүргэсэн гэж үзжээ. Зөвхөн 2015 онд тус улсын өрхийн зээлийн хэмжээ 11.2 хувь өссөний дотор орон сууцны зээл есөн хувийг нь эзэлсэн байна. Өрхийн өрийн хэмжээ цаашид ч өснө хэмээн Төв банк нь мэдээлсэн. Тиймээс өрхүүдээ санхүүгийн дарамтаас нь гаргахын тулд тус улс орон сууцны зээлийн нөхцөл, хүүг бууруулахад анхаарах байдлаар эдийн засгийн хямралд хүрэлгүйгээр өрийн хэмжээг бууруулах бодлого баримталж буй талаар онцолж байсан.

 

Манай улсад ч мөн өрхийн өрийн хэмжээ цаашид буурах гэрэл гэгээ алга. Зээлийн хүү, хэрэглээний үнийн өсөлт өрхийн зээлийн чанарт голлох нөлөө үзүүлдэг. Г этэл иргэдийн санхүүгийн үйлчилгээ авдаг гол байгууллага болох банкны салбарын зээлийн хүү төдийлэн буурахгүй байгаа. Төгрөгийн ханшийн уналт, тэнгэрт хадаж буй валютын үнийн өсөлт нь хэрэглэгчдийн хэтэвчинд бүр ч халтай болсон. Зөвхөн хүнсний бүтээгдэхүүнийхээ 70 гаруй хувийг импортын бүтээгдэхүүнээр хангадаг манай улс шалдаа буусан төгрөгийн ханштайгаар тэр үнийг тогтоон барих боломжгүй болохоор яалтай билээ.

 

Тийм ч учраас нийт өрхийн зээлийн 5.2-1.2 хувь нь алдагдал болох эрсдэлтэй байгааг судалгааны тайланд онцолжээ. Харин судалгаа явуулсан загварчлалын түүхэн хувилбараас үзвэл энэ тоо 24 хувь болж нэмэгдэх төлөвтэй байгааг дурдсан байна.

 

Монголын хувьд өрхүүдийн санхүүгийн дархлаа, өрийн дефолтыг банкны салбарт бий болгох эрсдэлийг тооцсон анхны энэхүү судалгаагаар өнөөгийн айл өрхүүдийн эдийн засгийн байдлыг ерөнхийд нь гаргасан төдийгүй иргэдийн амьжиргаа туилын хүндэрсэн гэдгииг илтгэж байгаа юм. Хэрэв ажлын байрыг нэмэгдүүлж, валютын ханшийг тогтоож. төр хувийн хэвшлээ дэмжихийн оронд өмчид нь одоогийн байгаа чигээрээ халдсаар байх аваас өрнөөсөө өндийхөө больсон өрх айлууд сэхэл авахааргүй болсныг товч бөгөөд тодорхой харуулж байна.


[ЗГМ]

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?