📅

Банкуудын зэрэглэлийг бууруулсан нь тэдний төлбөрийн чадварыг харуулж байна

🕔 2016/11/24 12:32
 Банкуудын зэрэглэлийг бууруулсан нь тэдний төлбөрийн чадварыг харуулж байна

БАНКУУДЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ БУУРУУЛСНЫГ ЗАСГИЙН ГАЗАР ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨНГҮЙ

 

         Олон улсын үнэлгээний "Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг B3-аас нэг шат бууруулж, CАА1 болгосон. Үүний дараа арилжааны долоон банкны зээлжих зэрэглэлийг бууруулаад байгаа юм. Ингэснээр манай улсын санхүүгийн гол байгууллагууд эрсдэлтэй гэсэн ангилалд орсон гэсэн үг. Гэхдээ энэхүү дүгнэлтийг манай улсын Засгийн газар, Монголбанкны зүгээс хүлээн зөвшөөрсөнгүй. Арилжааны банкууд ч тэдэнтэй санал нэг байна. Энэ талаар Монгол Улсын санхүүгийн байгууллагууд Засгийн газартай хамтарч мэдэгдэл гаргаад буй. Хэдий ийм ч хөндлөнгийн байгууллагын дүгнэлт учир "Өөрчил” гэж шахах, шаардах эрх Монгол Улсад байхгүй. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын зэрэглэлээс тухайн улсын ямар ч компанийн зэрэглэл өндөр байхгүй гэж үздэг. Энгийнээр тайлбарлабал, өрхийн тэргүүн орлого муу байхад бага насны хүүхдүүд нь ааваасаа их орлоготой байх учиргүй гэсэн логик юм. Ийм учраас зээлжих зэрэглэл тогтоогч агентлаг манай улсын арилжааны банкуудыг ийнхүү дүгнэж. Гэвч энэ байдлаас үүдэж иргэд арилжааны банкууд эрсдэлд орсон уу гэдэг асуултын хариуг хайж байна. Энэ талаарх мэдээллийг цахим хуудсын сэтгэгдэл хэсгээс хангалттай авч болно. Угтаа улсын эдийн засгийн "бие тааруу” байх үед зээлжих зэрэглэл буурдаг. Харин өсөхөөр дагаж сайжирдаг зүй тогтолтой.

 

Энэ талаар Монголын банкуудын холбооны ерөнхийлөгч асан М.Болд хэлэхдээ, "Ер нь зээлжих зэрэглэл дээш доошоо болж өөрчлөгдөх нь ердийн зүйл. Зөвхөн Монгол Улсад хамаарах зүйл биш. Тухайлбал, эдийн засаг өсөх буурах, төсвийн алдагдал багасах, ихсэх, гадаад худалдаа нь нэмэгдэх, багасах, инфляц өсөх буурах, гадаадаас авсан зээл нэмэгдэх, багасах, валютын нөөц нэмэгдэх, буурах гэх мэтчилэн олон үзүүлэлтүүдээс хамаарч зээлжих зэрэглэл тогтож байгаа юм” гэсэн. Мөн энэ дүгнэлттэй холбогдуулан Үндэсний хөгжлийн газрын Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын хэлтсийн дарга Г.Жаргалсайхан "Мэдээж, зээлжих зэрэглэлийг бууруулж байгаа нь хөрөнгө оруулалтыг татахад шууд нөлөөлнө. Тиймээс том төслүүддээ л найдлага тавьж байна. Мега төслүүд гацаанаас гарч, зөв бодлого хэрэгжүүлэх шаардлага зайлшгүй тулгарч байна” гэжээ.

 

ҮНЭЛГЭЭ ТОГТООГЧ ИНГЭЖ ҮЗЭВ

 

        "Moody’s” агентлаг мэдэгдэлдээ "Ирэх хоёр жилд Монголын Засгийн газар өр төлж чадах, эсэх нь улам тодорхой биш байна. Төсвийн алдагдал өндөр хувьтай хэвээр ирэх хоёр жилд эдийн засгийн өсөлт "сул” байх төлөвтэй” гэж дурджээ. Манай улсын хувьд ирэх оны гуравдугаар сард Хөгжлийн банкны 580 сая ам.долларын төлбөр хийх хуваарьтай. Засгийн газар 2017 онд ДНБ-ий 7.5 хувьтай тэнцэх хэмжээний ам.долларыг өрийн үйлчилгээнд төлөх юм. Үүнээс гадна алдагдлыг санхүүжүүлэхийн тулд Засгийн газрын өр нэмэгдэж, гадаад валютын нөөц өнгөрсөн есдүгээр сарын байдлаар 1.1 тэрбум ам.долларт хүрсэн нь сүүлийн долоон жилийн доод төвшин гэдгийг тус байгууллагаас онцолжээ. Мөн тус агентлагийн зүгээс манай улсын арилжааны банкуудын бизнесийн үйл ажиллагаа нь олон улсад төрөлжиж амжаагүй байгаа учраас "Эдийн засгийн аливаа савлагаанд мэдрэг” гэж үзэж, ийнхүү зэрэглэлийг нь бууруулснаа дурдсан байна.

 

БАНКУУД БА ЗАСГИЙН ГАЗРЫН БАЙР СУУРЬ

 

         Засгийн газар, Монголбанкны зүгээс үнэлгээ тогтоогч хөндлөнгийн байгууллагын эл дүгнэлтийг бодит байдалд нийцэхгүй гэж үзэж байна. Учир нь, батлагдсан төсвийн дагуу ирэх оны төсвийн алдагдал ДНБ-ий 9.1 хувь буюу 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс хоёр дахин буурахаар тооцжээ. Мөн олон улсын санхүүгийн байгууллагуудтай улсын төсөвт санхүүгийн дэмжлэг авах талаар үр дүнтэй хамтран ажиллаж байгаа нь богино болон дунд хугацаанд үр ашгаа өгнө гэдэгт тэд итгэлтэй байгаа аж. Ийм учраас Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэг шатлал бууруулсныг "Бодит байдалтай нийцэхгүй” гэсэн хамтарсан мэдэгдэл гаргаад байгаа юм. Энэ байдлаас ажиглахад Монголбанк, Засгийн газраас гаргасан мэдэгдэл энэ цаг үед хамгийн зөв гарц болж байгаа тухай эдийн засагчид хэлж байна. Учир нь эдийн засгийн таагүй үед Монгол Улс гадаад зах зээл дээр "муухай” харагдаж болохгүй. Нөгөөтэйгүүр Засгийн газар, Монголбанкны зүгээс гаргасан ийнхүү мэдэгдэл "Өөрсдөдөө итгэж байгаагаа харуулах том үзүүлэлт” гэж зарим шинжээч үзэж байна.

 

ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ БУУРАХААР ЯАХ ВЭ

 

        Зээлжих зэрэглэл хэмээх индекс дэлхийн бүхий л улсад улам бүр чухал болж байна. Ялангуяа манай орны хувьд эдийн засгийг тогтвортой хөгжүүлэх, иргэдэд хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгох, зээлийн хүүг бууруулах зэрэгт зээлжих зэрэглэл хамгаас чухал. Хөрөнгө оруулалтын сонголт нэмэгдэж, зээлээ эргүүлэх ямар чадвартай вэ гэдгийг энэ үзүүлэлт илтгэнэ. Тодруулбал, зэрэглэл сайтай улс, компанид хөрөнгө оруулалт ихээр орж ирэх, зээлийн хүү бага тогтох давуу тал бий. Харин бага зэрэглэлтэй улсын хувьд энэ бүх үзүүлэлт эсрэг зүгт чиглэнэ гэсэн үг. Одоогоор дэлхийд "Standard and Poor’s”, "Fitch”, "Moodys” гэсэн зэрэглэл тогтоогч гурван байгууллага нийт зах зээлийн 95 хувийг хамарч үйл ажиллагаагаа явуулж буй. Тэгэхээр "Moodys” агентлагаас гаргасан манай улстай холбоотой тус дүгнэлт эдийн засагт сөрөг дүр дагавар авч ирнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл манай улсын хувьд гадаад зах зээлээс татах зээлийн хүү, нөхцөл улам чангарах магадал өндөр болж байна. Харин зээлжих зэрэглэл буурснаар банкууд эрсдэлд орж, иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлнө гэж үзвэл өрөөсгөл ойлголт болохыг шинжээчид өгүүлж байна.

 

Монголын үнэн 


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?