📅

С.Зориг М.Энхсайханыг огцруулж Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд болгохын тулд Н.Энхбаяраас дэм авсан нь буруудсан уу?

🕔 2016/12/14 10:48

 

С.Зориг агсны амийг  хөнөөсөн хэргийн  шүүх хурлын тов гарч, ямарч байсан араасаа олон жил түмэн янзын сэжиг таамаг дагуулсан дуулиант хэрэг Монголын шүүхээр орох гэж байгаа нь яах аргагүй энэ оны хамгийн онцлох үйл явдал болж байгаа билээ. Маргааш болох шүүх хуралдаанд Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хариуцагчаар татаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.16  гэсэн найман зүйл ангиар буруутгаж байгаа юм. Тодруулбал, хүнийг шунахайн сэдлээр, захиалгаар, өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор, хүнийг санаатай алах гэмт хэргийг давтан үйлдсэн, бүлэглэсэн, зохион байгуулалттай, онц харгис болон нийтэд аюултай аргаар, хоёр ба түүнээс олон хүний амь насанд хүрсэн тохиолдолд гэж зүйлчлээд байгаа юм. Түүнчлэн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэг улстөрийн аллага биш гэж ойлголт уг зүйл ангиудыг дагаж нийгэмд хүрч байгаа. Ямартай ч тэгээд шүүх эцэслэн шийдэх учиртай. Гэхдээ эхнээсээ улстөр үнэртүүлсэн эл хэрэгтэй холбоотой мэдээллүүдийг эргэн санахад гэмгүй байх.

Улстөр ба С.Зориг

 

2011 он гараад арав гаруй хоног өнгөрч байхад Монголын ард түмний хянан шалгах хороо” –ны дарга Д.Нинж С.Зориг агсны аллагатай холбоотой асуудлаар хэвлэлийнхэнд хандсан. Тэрбээр ардчиллын төлөө мөр зэрэгцэн зүтгэж явсан С.Зориг агсны үхэлд хэн буруутай вэ гэдгийг тогтооход чухал хэрэгтэй  баримтууд  бий гэдгийг хэлсэн. Тэдгээр нь төрийн өндөр дээд албан тушаалд байгаа  нэр бүхий хүмүүс гэдгийг хэлсэн юм. Тодруулбал, Э.Бат-Үүлийг бас  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг ч бас холбоотой гэсэн юм. Харин Чингэлтэй дүүргийн шүүх Д.Нинжийг хүн гүтгэж, доромжилсон хэмээн буруутгаж Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-оор яллан, дөрвөн сар баривчлах ял онооход хохирогч нь  Э.Бат-Үүл байсан юм. Хохирогчийн хувиар шүүх хуралд нь ирсэн нь тэр юм.

 

Д.Нинж хэвлэлд ярихдаа  С.Зоригийг алагдсны дараа  Э. Бат-Үүл тухайн  үеийн УИХ-ын гишүүдийг албаар хэргийн газар дуудан, ирүүлж, талийгаачийн цогцсон дээгүүр алхалж, бүх ул мөрийг нь санаатайгаар балласан байдаг аж. Мөн аллага гарсны маргааш буюу1998 оны 10 дугаар сарын 3-ны өглөө 10 цагийн үед Монголын Ардчилсан холбооны тэргүүлэгчдийн байранд «Н. Багабанди болон МАХН-аас С. Зоригийн амь насыг нэхье» гэсэн зорилготой нөхдүүд цуглахад Э. Бат-Үүл сандран гарч ирж «Би та нарт нэг хариуцлагатай мэдэгдэл хиймээр байна. С. Зоригийн үхэлд Н. Багабанди ч хамаагүй, МАХН ч хамаагүй. Та нөхөд битгий хамаагүй жагсах гээд бай л даа» гэж гуйж байсан гэхчлэн ярьсан байдаг. За мөн 1999 онд  IX Богд Халимагаар дамжин Улаанбаатар хотод ирсэн байна. Ингээд түүнийг ирэхэд Үндэсний аюулгүй байдлын шийдвэр гарч нэгч улстөрийн албан тушаалтныг Богдтой уулзуулахгүй гэсэн зарчим баталжээ. Гэтэл Монголоос ганцхан улстөрч түүнтэй уулзсан нь одоогийн Ерөнхийлөгч аж. Ц.Элбэгдорж тухай үед  «Би  амьдралдаа  нэг том нүгэл хийсэн хүн. Миний энэ нүглийг арилгаж өгөөч» гэж IX Богдоос хүссэн байна. Ингэхэд нь IX Богд шоогоо хаяж үзээд «Муу байна. Хүний амь настай холбоотой хэрэг үү» гэж асуусанд Ц. Элбэгдорж толгой дохин ном уншуулсан ажээ. Тухайн үед Д.Нинж С.Зоригийн хэргийн талаар IX Богдоос асуухад  «Уг нь гал шиг дүрэлзсэн адал явдалтай амьдралтай хүн юм. Гэхдээ энэ хүн муугаар төгсөхийг нь би харж байна» гэж хэлсэн гэх мэдээлэл хэвлэлээр гарч байв.

 

Гол нь тэгээд С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэг шүүхийн шатанд ирээд байгаа энэ үед өнгөрсөн жилүүдэд дагаж яригдаж ирсэн улстөрийн чанартай асуудлууд чимээгүй байгаа юм.

 

Уг нь бол  сонгууль угтсан жил С.Зоригийн хэргээр шоу хийдэг харамсалтай жишиг бүр тогтчихсон байсан билээ. Хэрэг хуучирдаггүй болохоор улстөрчдийн өгөөш болж ирээ  ч биз. Түүнчлэн 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр юу болсон талаар С.Зориг амиа алдахын өмнөх улстөрийн өнгө ямар байсан талаар эргэн сануулъя.

1998 оны аравдугаар сарын 2-ны баасан гарагийн орой  21:40 минутын үед  Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн сайд асан С.Зориг  гэртээ ирсэн гэгддэг бөгөөд ирэхээс нь 20 минутын өмнө буюу 21:20 минутын орчимд гэмт этгээдүүд гэрт нь дайран орж эхнэр Д.Булганых нь  амыг боон, гарыг нь үдээсээр хүлэн  00-ын өрөөнд орхисон. Ийн бэлэн байдалд шилжсэн гэмт этгээдүүд С.Зориг агсныг 18 удаа хутгалан амийг нь хөнөөхөөр отож байсан. С.Зоригийг амиа алдахаас өмнө Монгол Улсын Ерөнхий Сайдаар   томилохоор Ардчилсан холбоо эвслээс аравдугаар сарын 1-ний өдөр  шийдвэрлэж,  МҮАН-ын Ерөнхий зөвлөлийн хурлыг аравдугаар сарын 2-нд  хуралдуулахаар товлосон ч, хурал болоогүй. 3-ны өдөр болохоор хугацаа хойшилсон ч С.Зориг 2-ны шөнө амиа алдсан.

 

С.Зориг амиа алдсан 1998 оныг угтсан  Монголын улстөрийн нөхцөл байдал, уур амьсгал ямар байсныг тухайлан  Баабарын "Ерэн найман он-1” нийтлэлээс иш татан уншигчиддаа хүргэе.

 

"…Энхбаяр УИХ-д орж ирснээр хийсэн анхны ажил нь Энхсайханы Засгийн газрыг огцруулах оролдлого байв. Түүний санаачлага, МАХН-ын бүлгийн гарын үсгийн дагуу Монголд анх удаа Засгийн газрыг огцруулах санал хураалт боллоо. Ардчилсан холбоо эвсэл нийт 50 суудалтай байсан, яг л тийм тооны санал Энхсайханыг дэмжсэн юм. Гэвч бие даагч Дашбалбар Энхсайханд харуулж байгаад улаан балаар дэмжиж дугуйлсан болохоор эвслээс хэн нэг нь нөгөө талд санал өгчээ. Энэ бол Зориг байсан юм…” хэмээн өгүүлжээ.  Цаашлаад Зориг, Энхсайхан хоёрын зөрчил энэ үед маш хурцадсан байсныг,  1996 оны сонгуулийн дүн гарсан өдөр сонгуулийн кампани удирдаж байсан Энхсайхан Улаанбаатарт байгаа хэдхэн хүнтэй ярьж тохироод Ерөнхий сайдад дэвшчихсэн байхад нь эзгүй байсан эвслийн гол шийдвэр гаргагч нар болох Элбэгдорж, Ганболд, Бат-Үүл, Гончигдорж, Зориг нар ирээд дургүйцэж байсан ч, маргалдахаасаа цааргалсан аж. Харин  Зориг агсан л ярьж тохиролгүй гаргасан шийдвэрт нь дургүйцсэнээ илэрхийлсэн  бөгөөд үүнээс өмнө МҮАН-ын даргын марафон болж Элбэгдорж Ганболдыг ялсан байдаг. Энэ марафоны цаад утга нь ялсан тохиолдолд намын дарга Ерөнхий сайд болох тохироо байсан тухай нийтлэлд өгүүлсэн байдаг юм.

 

Цаашлаад үйл явдал хэрхэн өрнөснөөс үзэхэд Энхсайхан,  Зориг нарын зөрчил явсаар эсрэг намынханд  өгөөш болж тухайн үеийн ХЗДХ-ийн дэд сайд ТЕГ-ийн даргыг зайлуулахын тулд тэднийг ашигласан гэх агуулга ч бий. Мөн С.Зориг М.Энхсайханыг огцруулж Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд болгохын тулд Н.Энхбаяртай ойртож дэм авч, үр дүнд хүрсэн ч, дараа нь Н.Энхбаяр нь Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг айлгаж эхэлсэн байдаг. Тэр үед С.Зориг Дэд бүтцийн сайд байв.

 

Улстөр өрнөсөөр  дээр өгүүлсэнчлэн С.Зориг Дэд бүтцийн сайдаас Ерөнхий сайдын албан тушаалд очих өндөр магадлалтай болсон байв. Тэр үед Ерөнхийлөгч Н.Багабанди Э.Бат-үүлийг бус С.Зоригийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжсэн байсан билээ. Тэр үе нь  Н.Багабанди, Н.Энхбаяр хоёрын далдхан тэмцлийн гал ассан  үе. Өнгөц харвал С.Зориг амиа алдахаас өмнөх улстөрийн нөхцөл байдал иймэрхүү байх аж.

 

 

 

Эх сурвалж: Шуурхай.мн


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?