📅

А.Сүхбат: Р.Нямдоржийн хууль бус үйл ажиллагааг шалгуулна

🕔 2016/12/09 11:28
 А.Сүхбат: Р.Нямдоржийн хууль бус үйл ажиллагааг шалгуулна

Би амьдралынхаа туршид чухам юунд тэмүүлж явснаа өнөөдөр эргэцүүлэн нэг бодов. Бодохын шалтаг их энгийн бөгөөд Р.Нямдоржийн TV9 телевизээр ярьсан яриа байлаа. МҮБХ-ны ээлжит бус Их Эеийн хурлыг хуралдуулахгүй хэмээн тэр хүн мэдэгдэл хийсэн тул Их Эеийг зохион байгуулах Ажлын хэсэг хэвлэлийн бага хурал хийж намайг урьсан хэрэг. Би хурал зохион байуулах ажлын хэсгийн гишүүний хувьд оролцсон. Гэтэл УИХ-ын гишүүн хүн энэ хэвлэлийн бага хуралд оролцсон нь ёс зүйгүй явдал юм гэнэ. Би насан туршдаа шударгаар зүтгэж ирсэн бөхийн тухай, тэр тусмаа бөхийн холбоог тойрсон бусармаг явдлын тухай ярьж болохгүй юм гэнээ.

Би ингэж чадах уу гэж өөрөөсөө асуулаа. Асуултаасаа өөрөө хэрдхийн цочив. Насан туршийн минь үйлс болсон бөхийн ертөнцөөсөө татгалзах нь өөрийнхөө амийг егүүтгэсэнтэй адил хэрэг болох байлгүй. Харин надад ийм санал тавьж буй Р. Нямдорж өөрөө хэн бэ гэх бодол төрөв. Бухимдав. Тэгээд нэг хэсэг ганцаар чимээгүй сууж бүхнийг эргэцүүлэхийг хүсэв. Бөхийн маань торгон ногоон дэвжээ, наадмаар өмсдөг бор дээл, хөлсөнд нэвчсэн зодог шуудаг, Дархан аваргын залаат хөх жанжин малгай, цолоо дуудуулан дэвэх агшны мэдрэмж сэтгэлд зурсхийн өнгөрөв.

Бөхийн үүсэл гарвал ч бодогдоно. Хүн үүссэн цагаас бөх үүссэн байх. Эрчүүл бие бялдарын хөгжил, дайчин эрэмгий зоригийг эзэмшиж бусдаас онцгойрон овог аймгаа оройлон дагуулахын тулд бөхийн эрдэмд төгс суралцаж байсан байх. Хэтрүүхэн хэлбэл монголчуудын түүх бол монгол бөхийн түүх юм. "Монголын нууц товчоо”-нд Чингис хаанаас дээш ес дэх өвөг Хабич баатар түүний хүү Начин, төрөл дүү Зүтгэлбөхөөс эхлээд Хабул хааны Бартан, түүний хүү Есүхэй, түүний хүү Бэлгүтэй, Хавт Хасар, Жүрхэний Бүри бөх гээд л баатар бүхэн бөх байсан тухай гардаг. Хүннүгийн булшнаас олдсон барилдаж буй бөхийн дүрстэй бүсний хүрэл арал монголчууд бүр эрт дээр үеэс бөхчүүдээ дээдэлж, бөхийн барилдааныг өв соёл, үндэстний бахархал болтол нь хөгжүүлснийг бэлхнээ гэрчилдэг. Нэлээд хожуу гэхэд л 1640 оноос эхэлсэн даншиг наадмын түүх тэр аяараа төр, шашны ёс хүндэтгэлийн бэлгэдэл байдаг. Бид ийм өгөөмөр түүхтэй ард түмэн атал өнөөдөр Үндэсний бөхийн ариун дагшин байдлыг гутааж хэрүүл тэмцлийн бай болгоод сууж байх гэж.

Тэр бүхэнд би өөрийгөө буруутгаж, зэмлэж тэр байтугай идэр залуу үедээ зодгоо тайлж хүртэл тэмцэхэв дээ. Би бол Монголын ард түмэн, монгол бөхөд төлж дуусашгүй өртэй хүн. Монгол бөхийн дэвжээг дээдэлж, түүнд туссан хар сүүдэр, авлигын мөр, атаа жөтөөг арилгаж залуу үедээ шударга сайхан өрсөлдөөний дэвжээг хүлээлгэн өгөх нь Монгол Улсын дархан аварга хүний үүрэг юм. Би ингэж л бодож, өөрийгөө эрсдэлд оруулж, буруу бүхнийг улайран эсэргүүцэж тэмцэж өдий хүртэл явж ирсэн. Түүнийхээ төлөө элдвээр хэлүүлж, үзээгүйгээ үзэж явна. МҮБХ-ны тэргүүн гэх Р.Нямдорж аваргуудыг хөндлөнгийн хүн хэмээн дүгнэж, элдэв нэр хоч өгч, хагалган бутаргаж байна. Түүний хөлд аваргууд ингэж өртөж байгаа юм чинь бусад нь ямар дарамтын дунд хавчигдаж байгаа нь тодорхой.

Нэвтрүүлэгт Р.Нямдорж, Д.Данзан хоёрыг үгээ олохгүй магтаж байна. Ичмээр санагдлаа. Гэрийн буйран дээр зогсож байсан бөхчүүдийг тэр хоёр Бөхийн өргөөнд оруулсан буянтан гэнэ. Хумсын чинээ ч юм хулуу хийгээгүй цэвэр гартнууд гэнэ. Эрдэмтэн болох гэж байснаа энд ирээд хохирсон шахуу мундагчууд гэнэ. Бас Бөхийн өргөөг Увсынхнаас цээжээрээ хамгаалсан Матрасовчууд Панфиловчууд гэнэ. Хууль ягштал баримталдаг, бас жишиг болсон төрийн бус байгууллагыг байгуулсан гэнэ. МҮБХ-ны загвараар Төрийн бус байгууллагуудын хуулийг засч нэг хүний засаглалт компани болговол тэдний бах нь ханах юм гэнэ. Үнэхээр 18 жил МҮБХ-ны тэргүүнээр хууль бусаар байж болдог тийм эрх зүйн орчинд бид амьдарч байна. Төрийн бус байгууллагуудын хуулийг өөрчлөх цаг нь болсон. Гэхдээ Р. Нямдорж шиг хуулиас давсан дүрэм зохиож өөртөө ашигтай нөхцөлийг бүрдүүлдэг ийм загварыг эвдэхийн төлөө өөрчлөх хэрэгтэй.

Монголын үндэсний бөх бол үнэхээр агуу. Хүн төрөлхтний хөлгүй их баяр Олимпийн аварга цолыг бөх хүн л Монголд анх авчирсан. Дэлхийн хэмжээний бөхийн их спортын суурь бол бидний хувьд яалт ч үгүй монгол бөх. Эрэгтэй хүүхэд бүхэн барилдаж өсдөг нь монгол түмний бахархал. Тэд маань наад зах нь хөлийн гишгэдэл сайтай болж торнидог. Газарт баттай гишгэсэн хүн амьдралд бүр баттай гишгэх нь гарцаагүй. Миний хувьд амьдрал минь бөхийн ертөнц. УИХ-ын гишүүн болсон маань харин ч намайг бөхийн ертөнцөд ямар их хамааралтай, амьдралын салшгүй хэсэг минь болсныг улам бүр мэдрүүлж өглөө. Би төрийн үйлс, хууль эрх зүйн орчинд сонгогч түмнээ төлөөлөн ажиллахдаа гагцхүү монгол сэтгэлгээ, хөдөөх ахуй байдалд буулган, аль болох амьдралд ойрхон гарц гаргалгааг гаргахыг эрмэлзэж байгаагаа ойлгосон. Энэ бол бөхийн маань буян, үр өгөөж юм.

Нэвтрүүлэгт Р.Нямдорж тэргүүтэн Бөхийн өргөө тойрсон хэрүүлийг бас л халх, дөрвөдийг талцуулдаг улиг болсон зүйлээ ярьж байна. Яасан дуусдаггүй гүтгэлэг, талцал вэ. Залуу үеийнхний нүдэн дээр булайгаа дэлгэж, тэр хэрээр тэднийг авлига, ёс зүйгүй бусармаг зүйлийн дамжаанд сургаж байгаа нь анхаарал татаж байна. Анх "бөхчүүд та нарын боол нь байя” гэж гарч ирсэн МҮБХ-ны өнөөгийн удирдлага 26 жилийн турш ноёрхлоо тогтоож, бас цааш нь үргэлжлүүлэхээр улайрч байна. Тэд оны дараа МҮБХ-ны Их Эеийг хуралдуулах юм гэнэ. Хууль бус хурал хийчихээд зарга үүсгэж дахиад дор хаяад долоон жил явах нь л дээ. 

Ийм аргачлал аль хэдийнэ үеэ өнгөрөөж шинэ үеийнхэн шал өөр зүйл шаардаж байгааг ойлгох хөг нь өнгөрсөн бол зайгаа тавьж өгөх хэрэгтэй. Улсын дээд шүүхийн тогтоолыг юу гэнэв, хуурамч энэ тэр гэж байгаа хүн яавч эрүүл саруул сэтгэлгээтэй хүн биш. Дээд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө хууль ёсны үйл ажиллагаа явуулж байгаа МҮБХ-ны ээлжит бус Их Эеийг зохион байгуулах ажлын хэсгийнхнийг гутаан доромжилж, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байхыг бөхчүүдэд уриалж, дарамталж байгаа удирдлагыг хууль хяналтын байгууллагаар шалгуулна. 

Ер нь удаа дараа шүүхийн шийдвэр, шүүхийн албадан гүйцэтгэсэн үйл ажиллагааг тасалдуулахаар зохион байгуулалттай үйл ажиллагаа давтан явуулж байгаа Р. Нямдоржийн хууль бус үйл ажиллагааг шалгуулна. Хэрвээ МҮБХ-ны ээлжит бус Их Эеийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, ирцэд нөлөөлж хуралдуулахгүй бол, олон нийтийг турхирсан үйл ажиллагаанд нь гомдол гарган шалгуулна. Бид газрын дээр гишгэж, хуулийн дор амьдардаг эрх зүйт, ардчилсан төрт улсын иргэд.

УИХ-ын гишүүн, Монгол Улсын дархан аварга хүний хувьд МҮБХ-г тойрсон бусармаг үйл ажиллагааг таслан зогсоож, цэгцэлж, зөв голдиролд нь оруулахын төлөө тэмцсээр байх болно. МҮБХ бол ардчилсан, нээлттэй, төв шударгуу байгууллага байх учиртай. Бөхчүүд нь бай шагналаараа хангалуун сайхан амьдардаг, орчин цагийн менежмент бүхий үр ашигтай үйл ажиллагаатай, эв нэгдлийн бэлгэдэл болсон байгууллага байх ёстой.

Амьдралынхаа туршид чухам юунд тэмүүлж явснаа өнөөдөр эргэцүүлэн нэг бодлоо. Хамгийн товчоор хэлбэл ялалтын төлөө. Бөх бол ялалтын төлөө тэмүүлэл юм. Би бөхийн одонд төрсөн хүн. Ялалтын гоо сайхан бол шударга өрсөлдөөн. Би тийм орчинг насан турш мөрөөдөж ирлээ. Тэмцэнэ ээ. Тэнүүн сайхан цаг ирж яваа.

УИХ-ын гишүүн А.Сүхбат


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?