ЦЭЦЭГ ӨВЧИН ХОЁР ГОЛОМТОД ИЛЭРЛЭЭ
Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт малын гоц халдварт цэцэг өвчин хоёр голомтод илэрсэн тул 12 дугаар сарын 8-ны өдрөөс тус сумын нутагт хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Тодруулбал, Хонгор сумын Хар модотын гууд өвөлжиж буй таван малчин өрх болон сумын төвд тус тус илэрчээ. Үүнтэй холбоотойгоор 21 цагт аймгийн Онцгой комисс шуурхай хуралдлаа. Хурлаар Хонгор сумын Засаг дарга, малын эмч, аймгийн ХХААГ, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар зэрэг холбогдох байгууллагуудаас мэдээлэл хийлээ.
Өнөөдрийн байдлаар цэцэг өвчний голомтод нийт сэжигтэй 1400 гаруй толгой мал байна. Үүнээс 210 гаруй хонь цэцэг өвчний халдварыг тээсэн гэсэн мэдээллийг аймгийн ОБГ-аас өглөө. Цэцэг өвчин нь 40-өөс дээш хэмтэй өндөр халуурах, арьс салст бүрхүүлд цэврүүт гүвдрүү үүсэх, дотоод эрхтний үрэвслийн шинжээр илэрдэг цочмог халдварт өвчин юм. Тиймээс хүнсэнд хэрэглэж болохгүйг аймгийн ЭМГ-ын эмч мэргэжилтнүүд иргэдэд онцгой анхааруулж байна.
Маргааш буюу 12 дугаар сарын 9-ний өдөр аймаг, орон нутгийн удирдлагууд, Онцгой комисс болон бусад холбогдох мэргэжилтнүүд өвчний голомтод ажиллана. Эхний ээлжинд цэцэг өвчин илэрсэн 210 гаруй хонийг устгах, Мал эмнэлэг үржлийн газраас захиалгаар нийлүүлсэн 2000 тун вакциныг бүс нутгийн малд тарих ажлуудыг хийнэ. Мөн уг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд багийн малчин мал бүхий өрхүүдэд сэрэмжлүүлэг хүргэхийн зэрэгцээ сэжигтэй бүсэд байгаа малын тоог тодруулж вакцинжуулах ажлыг үр дүнтэй зохион байгуулахыг аймгийн Засаг дарга холбогдох албаныханд үүрэг болгов.
Түүнчлэн хурлаар мал, амьтан тэдгээрийн гаралтай мах, махан бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, мал амьтны гарал үүслийн гэрчилгээний бичилт, олголтын байдалд тавих дотоодын хяналтыг сайжруулах, сургууль, цэцэрлэгийн хоол хүнсэнд заавал мал амьтны гарал үүслийн гэрчилгээтэй бүтээгдэхүүн хэрэглэх зэргийг хэлэлцэж тодорхой шийдвэрүүдийг гаргалаа.