📅

Монгол улс АМӨЗО болох ёстой гэж ил шулуун хэлдэг болж дээ

🕔 2016/12/08 17:36
Гадаад яамны Мөнх-Оргил сайд саяхан "Өдрийн сонин”-д ярилцлага өгөхдөө : "Давхар иргэншил хэрэгжсэнээр хятадууд болон бусад гадныхан олноороо Монголын иргэншлийг авна гэх аюул байна гэж хүмүүс болгоомжилдог.
 
Энэ чинь санаа зовох зүйл биш шүү дээ. Одоо чинь тухайн улсын иргэн гээд хар шар цагаан ямар ч хүн чөлөөтэй байж болдог, тэр нь бас ямар ч улсын давхар иргэнчлэлтэй байж болдог болсон, энэ нь огт гайхах зүйл биш болчихоод байна. Даян дэлхий бүгдээрээ тийм болчихоод байна” гэжээ. Ингээд л давхар иргэнчлэлийн асуудал тун ойлгомжтой болж байна даа. Манай иргэн гээд хэнбугай нь ч байж болох аж.
 
Дарга сайд нарын санаа үнэхээр ард иргэдийнхээ эрх ашгаас тасарчээ. Урьд нь үнэн санаагаа нуух, зүсийг нь хувилгах гэж оролддог байсан бол, одоо огт тэгж оролдохоо байж. Шууд хамаагүй ярина. Тэглээ гээд тэдэнд ямар ч хал бал учрахгүй юм чинь юунд ч санаа зовох вэ дээ.
 
Миний хувьд тодорхой санал төсөл дэвшүүлэх замаар улс үндэстнийхээ төлөө тэмцье гэж явсан он жилүүд бий. Хэдэн арвыг идэвхтэй дэвшүүлж, төрийн өндөрлөгүүдэд, УИХ-ын гишүүдэд өргөн барьдаг, зарим улсынх нь шадар хүмүүстэй ажил хэрэгчээр уулзаж ярилцаж байсан нь 2000-аад он. Нөлөөгөө ч үзүүлж асан нь дамжиггүй. Гэтэл латин үсэгт шилжих саналыг маань идэх уух арга болгож замхруулсан. Цахим сонгуулийн санаачлагыг минь "Хар хайрцгийн булхай” болгож дампуурууллаа. Гадаадын уугуул монгол хүн Монгол улсад уугуул мэт эрхтэй болох Уугуулшууллын хуулийн төслийг минь Олуулаа болцгооё гээд л юу ч биш болголоо. Гадаадын уугуул монголчуудад давхар иргэншил олгох Элэгшүүллийн хуулийн төслийг маань юу болгочихоод байна даа?
 
Хэрэв өдгөө дарга сайд нар ярьж байгаа шигээр давхар иргэншил хэрэгжвэл Монгол улс ӨМӨЗО л болох нь эргэлзээгүй мэт. Өнөөдөр Өвөр Монголд хүн амынх нь 17%-ийг л монголчууд эзэлж, үүнээс болж асар их зовлон бэрхшээл үүдсэн буй. Хот орон газар уусах процесс явагдаж, хөдөөгийнхнийг хүчээр суурьшуулж, амьдрах аргагүй болгож байна. Хятад олонхитой өрсөлдөх бодот боломж муу тул сүүлийн үед өвөр монголчуудад хамгийн муу ажил олдох юм уу, ажилгүйдэх, гэмт хэрэгт халтиран орох явдал өсөж байна.
 
Давхар иргэншлийг хар шар хэнд ч хамаагүй олгох нь дарга нарын шинэ ашигтай бизнес болох юмсанж. Хэн ч байсан ямар хамаатай юм бэ гэж сайд нь мэдэгдэж байна. Монгол үндэстэн бол хамаагүй ээ гэсэнтэй агаар нэгэн дуулдаж байна. Манайд аливаа асуудал хамгийн тэнэг мулгуу, галзуу солиотой, хор хөнөөлтэй байдлаар л хэрэгжих юм.
 
Энэ яс үндэсгүй, космополит байдал нь эртнээс улбаатай. Үндэстэн бус болж, тэргүүний пролетари орос үндэстэнд уусаж, социализмын анхдагч манлай Зөвлөлтөд нэгднээ гэж үе залгамжлан ажилласан номенклатур давхарга, тэдний метрополийн эсрэг Монголын ард түмний ҮЭЧХ өрнөсөн. Үүнийг Монголыг наймаалцсан ЗХУКН ХКН хоёр нийлж гуйвуулж, ээлж халаагаа солилцож, МАХН-ын номенклатур давхаргын зөвлөлтийн талыг баримтлагчдыг хятадын талыг баримтлагчдаар сольсон. НАХЯ-ны удирдлагын дор Ардчилсан хувьсгал хийж байна гэж хөөрцөглөх лидер лойдор номенклатурын хүүхдүүдийг шинэ маочууд эгнээндээ элсүүлсэн. Хожмоон МАХН Сүн Ят Сений үндэсний үзлийн нөлөөн дор анх байгуулагдаж байсан язгуурын байдалдаа орж байгаа нь энэ гээд МАН болж байсан.
 
Зөвлөлтийн 16-р ССР болно гэдэг номенклатур буюу үе залгамжилсан соцфеодалуудын алсын хараа нь Шинэ Монгол гэдгээр солигдсон гэдгийг олон хүн санаж байгаа нь лавтай. Шинэ Монгол гэж уг нь сайхан үг. Харамсалтай нь энэ бол монгол үндэстнийг устгахыг ёгтолсон код нэршил байсан юм. "Орчин үед улс-үндэстэн гэж байдаг болсон. Энэ нь улс бол үндэстэн, үндэстэн бол улс, улс үндэстэн гэдэг нь нэг ойлголт. Тиймээс ирээдүйд Монгол орон гэж байхаас, одоогийн бидний ойлгож байгаа монгол үндэстэн гэх хоцрогдсон ойлголт үгүй болно. Монголд хэн ч суурьшиж, аж төрж болно. Одоогийн байгаагаараа бол бүтэхгүй. Хүн амаа өсгөж, гаднаас мэддэг чаддаг улсыг, хөрөнгө капиталыг чөлөөтэй оруулж ирэх хэрэгтэй. Тэр нь шинэ монгол улс үндэстэн болно. Яг Сингапур шиг болох хэрэгтэй байна.
 
Тэнд янз бүрийн үндэстний гаралтай хүмүүс холилдоод сууж байна, хоорондоо эрлийзжээд, олон үндэстний хамаг сайн сайхан чанарыг хүчтэй, ухаантай, царайлаг эрлийзүүд өвлөн авч, сэргэн мандаж байна, шинэ сингапур гэдэг улс-үндэстэн үүссэн байна. Ингэж л Монгол улс бар улс болно. Шинэ Монгол улс болно. Шинэ Зеланд гэхэд л, анх байсан нь үгүй болж, цоо шинэ үндэстэн бий болсон байгаа биз дээ. Тэрэнтэй адил” гэх яриаг ардчиллын анхдагч лидерүүд их ам дамжуулан ярьдаг байсан юм.
 
Нэг үндэсний үзэлтэн хүндэт хүн маань үндэсний үзлийн намд орлоо гэж бодсон чинь, монгол үндэстнийг устгаж, шинэ хятад үндэстэн үүсгэх намд орчихсоноо мэдэж, засаж залруулах гэж тэмцэлдээд дийлэхгүй болохоороо гарсан гэж ярьж байж билээ. Манай хожим ЕС болсон хүн тэр үед, монгол хүн шиг муухай хүн байхгүй, тэр нүүр царай, бие бялдрыг нь хар даа, ингэж хол явахгүй ээ, сингапур л болох хэрэгтэй гээд ой нь гутсан янзтай, жигшин дүрслэн ярьж байсан байдаг. 90 онд байна уу даа, том сэтгүүлч маань Монгол гэдэг нэртэй орон үлдэж, монгол үндэстэн байхгүй болж мэдэх эмгэнэл гээд л бичсэн байсан нь тэр улсуудтай ойр байж, яриа зорилгыг нь сонссоноос үүдсэн байж билээ.
 
Том үндэстнүүд бусад үндэстнийг үгүйсгэхийн тулд улс-үндэстэн гэдэг хорт үзэл гаргаж ирсэн. Тэр нь бол улс үндэстэн хоёр нэг юм, өөр асуудал байхгүй гэж буй. Ерөөсөө тэр улсын иргэд тэр улсын нэртэй үндэстэн, тэгээд болоо гэдэг. АНУ-ын иргэн бол америк үндэстэн, Хятадын иргэн бол хятад үндэстэн, гүйцээ гэдэг. Тэгээд улс, үндэстэн гэсэн хоёр графад ав адилхан үг бичиж тэнэгтэх болдог. Энэ маанаг үзэл нь их гүрнүүдэд асар ашигтай. Энэ үзлийг манай ардчиллын лидер гэгч хүмүүс их сурталчилж дэлгэрүүлж ирсэн, иргэд ч их автсан.
 
Монгол нэртэй орныг нь үлдээж, монгол ард иргэдийг нь байхгүй болгох л чиг шугам 1990 оноос, үзэл сурталтай, хөтөлбөр төлөвлөгөөтэй хэрэгжиж ирлээ дээ.
Зураг дээр: ӨМӨЗО-д малчдын бэлчээрийг булааж, хорт үйлдвэр байгуулаад, шавраар хонь хийж тавьжээ.
 
Эх сурвалж:Sonin.mn
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?