📅

Амьд зомбинууд

🕔 2016/12/07 11:51
 Амьд зомбинууд

...Би метал рок хөгжим сонсдог. Бас зураг зурах хоббитой. Хар тамхи татаад хүнд хөгжим сонсохоор дотор нь орсон юм шиг санагдаж, маш сайхан мэдрэмж авдаг. Татсан үед үйлчлэх нөлөө нь янз бүр. Хааяа инээд хүрдэг бол заримдаа учиргүй нойр хүргэнэ. Бас PC тоглох дуртай болдог. Хүн алж хядахаар кайф авдаг юм байна лээ. Нэг жишээ яръя л даа. Гурван граммаас дээш хэрэглэвэл тун хэтэрнэ. Нэг удаа гурав ороогоод тунг нь хэтрүүлчихсэн юм.

Сансарын тунелийн орчимд явж байтал гэнэт баахан амьтан нүдэнд үзэгдсэн. Дугуй унаж яваа хүн туулай болчихсон. Хажуугаар өнгөрөх автомашин дотор баавгай гэх мэт амьтад сууж яваа харагдлаа. Тэднийг шоолж, ганцаараа гудамжаар галзуу солиотой хүн шиг инээгээд явж байснаа санадаг юм. Тэгээд л гэнэт галзуурч байгаагаа мэдэж, хар тамхинаас гарахыг оролдсон” хэмээн 34 настай залуу ярилаа.

Энэ залуу 2000 оноос хойш 13 жил өвс татсан. Гэхдээ байнга хэрэглэж байгаагүй. Тиймдээ л өдийд амьтай голтойгоо яваа аж. Тэр нэлээд нуруулаг боловч эцэнхий гэж жигтэйхэн. Цонхийж, үрчийсэн царай, гал цоггүй нүднээс нь үгээр илэрхийлэхэд хэцүү гуниг мэдрэгдлээ. Арга ч үгүй биз.

Пласе гэдэг нэртэй хар тамхи орж ирвэл Монгол үндэстэн устна

Хар тамхинаас болж тэр хийж бүтээх оргилуун нас, амьдралын утга учир болсон эхнэр, гэр бүл, өөрийн гэсэн бүх үнэт зүйлсээ алджээ. Харин одоо хорт зуршлаа бүрмөсөн орхихын тулд хичээж яваа нэгэн.

Бид энэ бүхнийг хүүрнэхийн учир нь сүүлийн жилүүдэд хар тамхинд донтох хүмүүсийн тоо өдрөөс өдөрт гэрлийн хурдаар нэмэгдэж, тэр дундаа өсвөр насныхан цагаан тахлыг сонирхож эхэлсэнд байгаа юм. Зүгээр нэг сонирхлоор хэмжигдэхгүй, энэхүү "увидаст бодис"-т татагдах хүүхэд олширсоор байгаа бараан мэдээ чих дэлсэх болсон нь үр хүүхэдтэй хүн бүхнийг сэтгэлийг чилээх болжээ. Тиймээс элдэв янзын тоо баримт дурдахаас илүүтэй хар тамхи хэрэглэж, эцэстээ амьдралаа алдаж, халаглан харуусаж суугаа нэгний яриаг хүргэхийг зорилоо. Үүнийг уншаад хар тамхи гэдэг ямар аюултай, хор хөнөөлтэй зүйл болохыг мэдэж аваасай гэж хичээнгүйлэн хүсэж, бичиж суугаа минь энэ.

Мэдээж хар тамхи хэрэглэж байсан хүмүүсийг олж уулзах, тэднийг яриулах тийм ч амар байсангүй. Хар тамхи нь хүний сэтгэцэд нөлөөлж, өвчтэй болгодог төдийгүй бие эрхтэнд нөлөөлж, үхжихэд хүргэдэг. Нэг үгээр хэлбэл, хар тамхи бол үхлийн тун юм. Бие эрхтэн, эрүүл мэндэд хөнөөлтэйн дээр эдийн засгийн хохиролтой гэдгийг тэд хэлж байна. Тамхи татсаны маргааш арьс нь үрчийж, нүүрээр нь улаан юм туурч эхэлдэг. Мөн амаар дамждаг тул хамгийн түрүүнд хүний шүд, хэлэнд нөлөө үзүүлдэг аж. Цаашлаад ходоод гэдэс, тархи толгой гээд бүх эд эрхтэнд харшилна.

"Би 2000 онд оюутан болж, олон найзтай болсон. Найзуудын ихэнх нь хүнд хөгжим сонсдог урт үстэй гитарчин, бөмбөрчин, дуучид байлаа. Эхэндээ ангидаа онгодоо оруулж байна гээд багш нарыгаа дуурайж, архи их уудаг байсан. Эрдэнэтээс мөн хэдэн рок найзууд ирнэ. Тэд ирэхдээ өвс авчирдаг байлаа. Тэгээд л анх татаж үзсэн. Нэг их хэрэглэдэггүй, хааяа хөгжим сонсох болохоороо л татна. Гэтэл нэг өдөр найз маань нэг газар руу явья гэдэг юм байна. Яг өвс ургадаг талбайд очлоо.

Намрын үед тоосонцортой байдаг учир бид хоёр нэг нэгэн рүүгээ ус цацаад шалдан гүйцгээсэн. Тооснууд нь биед наалдангуут хусаж аваад татдаг байсан. Оросууд Эрдэнэтэд байхдаа хар тамхи тарьж ургуулаад устгаж чадахгүй явсан гэдэг. Каннабисыг анааш гэж ярьдаг юм. Оросууд энэ өвсийг устгах гээд шатаасан боловч дараа жил нь талбайд улам их ургасан. Монголоор дүүрэн ургадаг боллоо. Намрын улиралд ихэвчлэн түүдэг. Байдаг газруудыг нь хэлээд хэрэггүй байх. Урдаас хятадууд ихэвчлэн үс шиг хар өвс тарьж ургуулж, оруулж ирдэг. Уурхайд ажилладаг гадаадынхан үүнийг гол төлөв худалдаж авдаг юм билээ.

Хамгийн сүүлд 2013 онд тэр найзтайгаа татлаа. Тэр үед найз маань тээвэрлэсэн, түүсэн, зарсан, хэрэглэсэн гэсэн зүйл ангиар баригдаж ял сонссон. Үүнээс хойш хар тамхинаас гарахаар мэрийж эхэлсэн” хэмээн дээр өгүүлсэн залуу ярив. Одоо тэр эхнэргүй, өвчтэй аавтайгаа хамт амьдардаг. Өөрөө олон жил татсан учир ходоодны гүн шархлаатай болж, аавтайгаа адил өвчин ярьж суудаг аж. Одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй тэрбээр цаашид сургалтад сууж, мэргэжил дээшлүүлж, ажил хөдөлмөр эрхэлж амьдралаа авч явахыг хүсэж байна.

АМЬГҮЙ АМЬДРАЛ

Нэрээ хэлэхийг хүсээгүй 50 гаруй насны хоёр ахын нэг нь ийн өгүүлэв. Тэрбээр "1990-ээд оны сүүлчээр хар тамхинд донтож эхэлсэн. Хар тамхи гэхээр кинонд гардаг шиг зөвхөн сордог үнэрлэдэг зүйлийг хэлэхгүй. Миний хувьд морфин гэдэг тариаг хэрэглэдэг. Анх өвлийн хүйтэнд согтуу явж байгаад гадаа унтсанаас болж хөл гар маань хөлдчихсөн юм. Тэрнийхээ өвчнийг намдаах гэж ганц хоёр тариад сүүлдээ биед дасал болж, улмаар байнга хэрэглэдэг болсон. 10 жил хар тамхинаас гарах гэж, муу зуршлаасаа салах гэж хичээж байна. Хэрэглээ маань эрс багассан, удахгүй бүрмөсөн гарчих байх” гэв.

Толгойных нь үс халцарч, наснаасаа хэт хөгшин харагдах энэ хүн хар тамхинаас болж амьдралаа сүйрүүлжээ. Тааралдвал татгалзаж чадахгүй хэрэглэчихээд байдаг юм. Аль болох үүнээс зугтааж байгаа хэмээн хүүхэд шиг ярьж сууна. Донтсон хүн гэдэг ийм л байдаг юм байна гэсэн бодол сэтгэлд хурж, өмнөөс нь өөрийн эрхгүй харамсах сэтгэл төрлөө. Найз нь бололтой зүүн гараа хир болсон самбай даавуугаар боосон бас л нас чацуу байрын ах хажууд үг сонсон, толгой дохин зогсоно. Түүнээс "Та яагаад хар тамхинд орчихсон юм бэ” гэсэн асуултыг тавихад тэрбээр уриалгахан гүйж ирээд ийн ярив.

"Ах нь зам тээврийн осолд орж, тархины гэмтэлтэй, бөөрний суналттай болсон. Эмнэлэгт хэвтээд өвчин намждаггүй. Трамдол гэх мэтийн олон янзын тариа хэрэглэсэн боловч нэмэр болоогүй. Тэгээд эмч нарын зөвлөл хуралдаж, эцэст нь өвчин намдаах маш хүчтэй тариа морфин хийсэн. Эмч нарын буруу энд огт байхгүй гэдгийг хэлмээр байна. Учир нь үхэх гэж байсан хүнийг босгож ирсэн ачтай хүмүүс. Хамгийн гол нь тухайн үед үүнээс өөр тариа байгаагүй юм билээ. Би жороор морфин тариулж байгаад сүүлдээ эмч нар жор өгөхөө болиход таньдаг хүмүүсээс гуйж авдаг боллоо. Энэ бүхэн 1988 оноос эхэлсэн.

Монголд хар тамхины бүх төрлийн хэрэглээ бий болсон

Би одоо 54 настай. Зан үйлээ өөрчлөхийн тулд 2003 оноос сургалтад сууж, хэрэглээгээ аажмаар багасгаж байна” гэв. 26 жил морфин хэрэглэсэн энэ хүн одоо унадаг өвчтэй болжээ. Үүнээсээ болоод гадаа явж байгаад унаж ойчоод гараа хөлдөөж, тархиных нь яс цуурсан байна. Гараа боочихсон байсан нь ийм учиртай байж.

Тэрбээр өмнө нь гэр бүлтэй үр хүүхэдтэй явсан нэгэн. Даанч "шидтэй" тарианд донтсоноос болж, гэр бүл нь түүнээс холдож, зугтаахаас өөр сонголтгүй болжээ. Гэхдээ тэр гэр бүлдээ биш өөрөө өөртөө гомддог, гутдаг. Саяхан эмчид үзүүлээд тархин дотор нь уйланхай үүссэнийг мэдсэн байна. Бас судас нь шөрмөс шиг хатуурчихсан байснаа ч бидэнд үзүүллээ.

Тайвшруулах,өвчин намдаах үйлчилгээтэй морфин гэдэг тариаг эмчийн жороор олгодог. Гэсэн ч энэ тарианд донтсон хүмүүс жор бичүүлсэн нэгнээсээ гуйж, тав арван төгрөгийн хахууль өгч тариагаа олж авдаг аж. Ингээд өөрөө өөрийгөө тарьдаг юм байна. Бүр энэ тариаг шагаар зардаг хүмүүс олширсон төдийгүй нэгийг нь дөрөв, тав дахин нугалсан үнээр худалддаг тухай ч ярьж байсан. Тэдний дийлэнх нь хэрэглэгчид байдаг бөгөөд шагалж зарсан тарианаас унасан мөнгөөр өөрсдөө хэрэглээгээ хангадаг гэдгийг ах нар батлав. Жорыг Сэтгэц мэдрэлийн үндэсний төв болон Хавдар судлалын үндэсний төв, дүүргийн эмнэлгүүдээс авдаг юм байна.

Тэдэнд амьдрал гэх юм бараг үгүй болжээ. Эхнэр хүүхэд, ах дүү, хамаатан садан гээд гэр бүл нь хөндийрч зайгаа барьжээ. Ингэж эрүүл мэнд, эдийн засаг, амь амьдралаа дэнчин тавин байж хар тамхи хэрэглэх шаардлага баймааргүй сан. Даанч хүний амьдралд эрээн бараан зүйл олон. Сониуч зангаасаа болж хар тамхинд донтсон хүмүүсийн бараан замаар хойч үеийнхэн минь бүү ороосой билээ.

"ХАР ТАМХИЧДЫН 85 ХУВЬ НЬ ӨСВӨР НАСНЫХАН”

Энэ талаар Хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ш.Лхагвасүрэнтэй ярилцлаа.

-Танай төвд хар тамхи хэрэглэдэг хэчнээн хүн хандаж байна вэ? 
-Сүүлийн үед манайхыг зорих хүмүүсийн тоо нэмэгдэх болсон. Эндээс дүгнэхэд хар тамхины хэрэглээ нэмэгдэж байгааг харж болохоор байна. 1999 онд манай нийгэмлэг анх байгуулагдаж, өдгөө 17 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Анх байгуулагдсан жилдээ судалгаа хийхэд хар тамхи хэрэглэдэг өсвөр насны 45 хүүхэдтэй таарсан. Жил бүрийн судалгаагаар хэрэглэгчдийн тоо нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар манайд 600 гаруй хэрэглэгч хандсан.

Илрээгүй зөндөө олон хүн бий. Тэгэхээр манайхны тооцоолсноор 10-20 мянган хүн байгаа байх. Зарим мэдээллийн хэрэгсэлд 50-70 мянган хэрэглэгч бий гэсэн мэдээ байсан. Хамгийн гол нь үндэсний хэмжээнд хийсэн судалгаа байдаггүй учраас янз бүрийн тоо гарч байгаа юм. Тиймээс энэ судалгааг яаралтай хийж, тоог нь гаргах ёстой. Судалгаанаас мөн олон зүйл илэрдэг. Хаана байдаг ямар цэнгээний газар хэрэглэж байна, хэчнээн хэрэглэгч байна, ямар арга хэмжээ байх ёстой гэхчилэн. Одоо арга нь улам нарийсч, нууц байдалтай болж байгаа.

-Хар тамхитай тэмцэхэд ямар арга хэрэгжүүлж байна вэ? 
-Үндсэн гурван арга бий. Нэгдүгээрт, гаднаас орж ирж байгааг нь хязгаарлах, хоёрдугаарт, эрэлт хэрэгцээг багасгах, гуравдугаарт, хор хөнөөлийг бууруулах үйл ажиллагааг цогцоор нь хийх шаардлагатай. Ингэж байж үр дүнд хүрнэ. Дэлхийн бүх улсад үндэсний хороотой. Энэ хороо нь хар тамхитай тэмцдэг. Гэтэл манайд ийм хороо, бодлого байхгүй байна. 2000 онд хар тамхитай тэмцэх хөтөлбөртэй байсан. Нэлээд олон байгууллага үүн дээр ажиллаж байсан ч таван жил яваад санхүүжилтгүй гээд зогссон.

-Сүүлийн үед өсвөр насныхан хар тамхи хэрэглэх болсон. Энэ талаар танайх ямар судалгаа хийсэн бэ? 
-Жил бүр хийдэг судалгаанаас харахад хэрэглэгчийн 85 хувь нь өсвөр насныхан. Хамгийн бага нь 14 настай. Монголд хар тамхины бүх төрлийн хэрэглээ бий болсон. Хэрэглэгчдийн 49 хувь нь морфин хэрэглэдэг бол 40 гаруй нь өвс татаж байна. Үлдсэн хувьд нь экстази, LCD хэрэглэнэ. LCD гэдэг нь хүнийг бүр галзууруулж, солиоруулдаг. Мөн мөсний хэрэглээ давамгайлж байна. Үүнийг хэрэглэсэн хүн хэд хоногоор унтахгүй, хоол идэхгүй байж чаддаг. Ингэж хар тамхины төрөл нэмэгдэж, хэрэглээ өсч байгаа нь шалтгаантай. Мэдээж хэрэг хоёр гүрний хэрэглээ дэлхийд дээгүүрт бичигдэж байна.

Хятадууд хэрэглэхээс гадна үйлдвэрлэж байгаа нь эрсдэл дагуулж байна. Дээр нь манай гааль хяналтын үйл ажиллагаа маш сул байгаа нь үүнд нөлөөлж байна. Мөн Монголд ургаж байгааг нуух арга байхгүй. Байгалиас үнэ төлбөргүй түүж байна. Дээрээс нь нэг нэгнээ уруу татаж байгаа нь асуудал. Бас гадаадад байсан хүмүүс хэрэглэгч болж ирэх тохиолдол цөөнгүй ажиглагддаг. Архи тамхины хэрэглээ ч үүнд хамаатай. Хүмүүс архи тамхинд мансуурахгүй болмогц хар тамхийг сонирхож эхэлдэг. Пласе гэдэг нэртэй, хүнийг амьд зомби болгодог хар тамхи гарсан. Энэ тамхи орж ирвэл Монгол үндэстэн устах аюултай.

Б.Бямбасүрэн

Засгийн газрын мэдээ


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?