📅

“Цагаан тахал“-ын хөнөөл Монголыг мэрсээр байна

🕔 2016/01/26 09:36

Хэдийгээр бага биш газар нутагтай ч гуравхан сая монголчуудын аж төрж буй хилийн дээсийг тойроод 28 сая хар тамхичин амьдарч буй гэх мэдээлэл айдас төрүүлэв. Учир нь сүүлийн зургаан жил хар тамхи хэрэглэгчдийн тоо манай улсад огцом өсч, худалдах гэмт хэргийг хил дамнан үйлдэх болсон гэнэ. Гаднын улс оронд хар тамхи зөөвөрлөсөн хэргээр ял эдэлж байгаа 70 гаруй иргэн байгаа бол дотооддоо өнгөрсөн жил 69 гэмт хэрэгт 170 гаруй иргэнийг хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн, бусдыг уруу татсан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Харин хар тамхины хамааралтай 600 гаруй хүн байгаа гэсэн албан ёсны тоон мэдээлэл байна. Олон улсад нэг хар тамхичны цаана дөрвөн хүн байдаг гэж тооцоолсноор авч үзвэл манай улсад 2500-аад иргэн хар тамхины хамааралтай гэж ойлгож болохоор байна. Энэ тоо дээрх үйлдэл үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх асуудал болсныг илтгэнэ. Гэтэл төрөөс хар тамхи болон мансууруулах төрлийн бодисын хэрэглээнээс урьдчилан сэргийлэх талд юу хийж байна вэ.

Цагдаагийн байгууллагаас байс хийгээд л хар тамхины бүлэг­ лэлийг илрүүлж, цагдан хорьсон талаар мэдээлдэг. Тэднийг цагдан хориод ямар үр дүнд хүрэх вэ гэхээр үржүүлэхийн хүрдэнд ороод бүлэглэл үүсгээд л гараад ирнэ шүү дээ. Харин ч тэднийг нэгтгэж хорьсноор хэрэглэх аргаа улам нарийсгаж, нуугдмал байдалд шилжинэ. Түүний оронд төр хар тамхичнаа эмчилж, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажил хийх хэрэгтэй. Харамсалтай нь, Монголд хар тамхичныг эмчлэх нь байтугай "Цагаан тахал”­ыг илрүүлэх лаборатори, дэвшилтэт технологи нэгээхэн ч алга. Цагдаагийнхан зургаа дахь мэдрэхүйгээрээ үнэрлэх эсвэл эд мөрийн баримтаар л хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн эсэхийг тогтоодог. Нохой ашиглаж энэ төрлийн гэмт хэргийг илрүүлдэг улс орон ч үгүй болсон байна. Гаднын улс оронд хил, гаалийн байгууллагад хар тамхи хэрэглэсэн эсэхийг шалгадаг рентген аппарат нэвт­ рүүлжээ. Түүгээр тухайн хүн ямар бодис, хэр хэмжээгээр хэрэглэсэн, ямар эмчилгээ хийвэл хордлого бууруулахыг төвөггүй оношилно. Гэтэл манай улсад хоёр жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дээрх хар тамхины хяналтын аппаратыг авч өгнө гэж ам ангайсан ч өдгөө хүртэл сураггүй байгаа аж. Ядаж Казахстаны ойролцоо ОХУ, БНХАУ­ын хил дээр хяналтын аппаратыг байрлуулбал илрүүлэлт сайжирна гэдгийг хуулийнхан ярьдаг. Аппарат байхгүй болохоор эмч боловсон хүчин бэлтгээгүй нь мэдээж.

Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн иргэдэд хордлого тайлах эмчилгээ хийж байгаа газрууд нь номын жортой. Монгол хүний биеийн онцлог өөр учраас эмчилгээ таарахгүй байх нь олонтаа. Саяхан даа Т гэх бүсгүй төрсөн өдрийн баяраа тэмдэглэж байгаад нэгэн ганган залуутай танилцаж, түүний хэрэглэж бай­ сан тамхинаас нэг сорсныхоо төлөө гурван сар шахам үхлүүт хэвтэж, ар гэрийнхэн нь гадаадад эмчлүүлснээр арай гэж хөл дээрээ боссон жишээ бий.

Ер нь манайхны дунд анх хэрэглэж үзээд донтохгүй гэх аман яриа түгснээс залуучууд сонирхож хэрэглээд бүх насаараа эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох нь бий Нөгөө талдаа урьдчилан сэргийлэх талаар төр засаг, төрийн бус байгууллагууд ажиллахгүй байгаад цагдаагийнхан шүүмж­ лэлтэй ханддаг. Хууль зүйн яамнаас хар тамхины эсрэг үйл ажиллагаа явуулах эрхийг авсан 35 төрийн бус байгууллага байна. Тэднээс хоёрыг эс тооцвол бусад нь хар тамхинаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ам хэлээ нээдэггүй, гаднын зээл тусламжаар өөрсдийгөө "хөлжүүлээд” сүүлээ хавчин зугтдаг байна. Уг нь 30 гаруй байгууллага хар тамхины эсрэг хөдөлгөөн өрнүүлбэл нийгэмд ач тусаа өгөх нь гарцаагүй. Тэд хуулийн байгууллагын илрүүлсэн хэргүүд дээр түшиглэж, ухуулга сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажил явуулж, өсвөр үеийнхнийг энэ гэмт хэрэгт өртүүлэхгүй байхад зорилго тавин ажиллавал тодорхой үр дүнд хүрч болмоор байдаг. Гэвч амьдрал дээр хар тамхитай тэмцэх арга ийм л байна.

Өөрөөр хэлбэл, хар тамхитай тэмцэхэд хууль хяналтын цөөхөн алба хаагч хүрэхгүй байдгаас гадна, илрүүлсэн ч иргэдээ эмчилдэг газаргүй, цагдан хорихоос гарч ирэхдээ бүлэглэл үүсгэж дахин гэмт хэрэг үйлддэг аж. Энэ гажуудлыг төр бодлогоор засч, иргэнээ эрүүлжүүлэхэд хөрөнгө зарцуулах шаардлага тулгараад байна. Мөн хар тамхи зөөвөрлөсөн хэрэгт холбогдсон иргэдийг ялтан солилцох гэрээгээр эх оронд нь авчрах талаар Гадаад харилцааны яамныхан ярилцаж байна. Хүний эрх талаасаа зөв шийдэл. Гэтэл эдгээр иргэдийг давхар Өршөөлийн хуульд хамруулна гэх яриа гарч эхэллээ.

Гаднын улс оронд хар тамхины хэргээр ял эдэлж буй хүнд хэзээ ч өршөөл үзүүлдэггүй аж. Гэтэл улс хооронд хар тамхи зөөвөрлөдөг бүлэглэлийн толгойлогчдыг Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллавал нийгэмд үзүүлэх хор холбогдол нь түүнээс их гарна гэдгийг эх сурвалж онцолж байгаа юм. Хэрэв тэдэнд өршөөл үзүүлэхээр бол хар тамхины хор хөнөөлийн талаар гудамж талбай, сургууль, албан байгууллагаар ухуулга хийлгэж, бусдыг хар тамхи хэрэглэхээс сэрэмжлүүлэх үйл хэрэгт татан оролцуулбал илүү өгөөжтэй байх магадлалтай юм.

Гадаадын томоохон кино од, дуучид хар тамхины хэрэгт холбогдсон тохиолдолд ял эдлүүлж, тэдний уран бүтээлийг иргэд нь үзэхгүй, хуурцаг борлуулах үнэ дээр өндөр татвар ногдуулж, бизнесийг нь боомилдог байна. Эцэг, эхчүүд хүүхдүүддээ тухайн хүнийг хар тамхины гэмт хэрэгтэн, маш муу хүн мэтээр ойлгуулдаг аж. Мөн уран бүтээлээс олсон хөрөнгийг нь хураан авч хар тамхины эсрэг ухуулга сурталчилгааг хүн ам ихтэй хот, сууринд хийлгэж, хор хохирлыг барагдуулдаг байна.

Б.Цэцэгдэлгэр

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?