📅

ХОМ гэж ямар баньдий юм бэ?!

🕔 2016/11/22 18:06
 ХОМ гэж ямар баньдий юм бэ?!
 
УИХ-ын болон Засгийн газрын гишүүд хөрөнгө орлогын мэдүүлгээ олонд дэлгэжээ. Ёстой нэг марзганаж өгч. Орон сууцгүй гэж 4-5 хүн мэдүүлсэн байх юм. Траншейнд амьдардаг юм уу, хаашаа юм? Монгол улсын хүн ам орон сууцны 2010 оны бүртгэлээр нийт 800 мянга шахам өрхийн 0,2 хувь нь зориулалтын бус байранд амьдардаг ба сууцжуулсан үзүүлэлтээрээ дэлхийд дээгүүрт ордог гэх. Ерээд оны эхээр хөдөөнөөс сонгогдсон дивтаатуудад орон сууц олгож байсан. Аравнайлсан чүдэнз тараагаад дивтаат болчихдог байсан тэр үетэй харьцуулахад хаусны мөнгө гаргаад барианд орж чаддаггүй болсон өнөө үе өөр дөө. Шунахай гэдэг нь!
    
 
Маш их зээлтэй мөртөө орлого нь зээлийн хүүгийнхээ хаана ч хүрэхгүй «шийдчихсэн» нөхөд хэд хэд байна. Асар их хадгаламжтай мөртөө эргээд баахан өртэй хачин хүмүүс бий. Зүүсэн цаг нь мэдүүлсэн жилийн орлогоосоо хэд дахин үнэтэй «ядуучууд» ч байна. Олон тэрбумын хөрөнгөтэй мөртөө банкинд задгай мөнгө хадгалуулсан гайхал ч байна. Ер нь асуусан асуулгасан хоёр сайхан марзганалджээ. Үгийн сүлжээ, эсвэл лото л бөглөсөн юм биз дээ. Ямар баньдий юм бэ?! 

Чөдрийн ганц морьгүй гэгчээр унаа унашгүй баячууд зөндөө. Компаний нэр дээр бүртгэл нь байдаг байх л даа. Гэвч Улаанбаатарт 350 мянган өрх, бараг 400 мянган автомашин бүртгэлтэй байхад машин, зурагт энэтэр бүртгэж байх хэрэг байдаг юм уу. Тэрэнд орвол «Феррари» машин, «Вэртү» гар утас, «Ролэкс» цаг зэргийг үнийн дүнгээс нь хамааруулж бүртгэвэл илүү логиктой. Мал бүртгэж яанаа, нэг компютэр өчнөөн хонь болно. 400 мянган доллароор худалдаж авсан араб азрагатай нэг нөхөр одоо ч УИХ-д сууж байгаа, тэр нь л албан бүртгэлд хамрагдсны дараа л энэхүү бүртгэлд орох ёстой. Энэ мэтчилэн тэнэг асуултанд тэнэг хариулсан нь нэн их. 

Олон нийтийн өмнө хариуцлага хүлээсэн этгээдийн хөрөнгө орлогын мэдүүлэг гэдэг нь төр болон иргэний байгууллагад ажиллаж буй этгээдээс хувийнх нь орлого зарлага болон хөрөнгийн хэмжээг авилгын эсрэг хуульд заасны дагуу өөрөөр нь гаргуулж олон нийтэд дэлгэх арга хэмжээ юм. Олон нийтийн өмнө хариуцлага хүлээсэн этгээдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргуулж байх зөвлөмж нь НҮБ болон Дэлхийн банк, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага зэрэг олон улсын байгууллагын баримт бичигт тусгагдсан байдаг.
    
Ийм мэдүүлэг гаргуулах тогтолцоог дэлхийн олонхи оронд хэрэгжүүлдэг боловч нэг мөр жишиг байхгүй учир улс болгонд өөр өөр стандарт мөрддөг. Гэхдээ бүгдийнх нь нийтлэг нь үндэслэлгүй хөрөнгөжихийг илрүүлэх, эрх ашгийн зөрчлийг арилгах гэсэн хоёр зарчим дээр тулгуурласан болой. 
    
Үндэслэлгүй хөрөнгөжих гэдэг нь олон нийтийн өмнө хариуцлага хүлээсэн этгээдэд хамаарах хөрөнгө түүний хууль ёсны орлогоос давсан ба үүнийгээ уг этгээд ойлгомжтой тайлбарлаж чадахгүй тохиолдлыг хэлнэ. Үндэслэлгүй хөрөнгөжих нь аль ч оронд эрүүгийн хэрэгт холбогдоно. Ашиг сонирхлын зөрчил гэдэг нь олон нийтийн өмнө хариуцлага хүлээсэн этгээд нь өөрийн албан тушаалаараа дамжуулан шууд болон дам байдлаар бусдын хууль ёсны эрх ашигт нөлөөлөх, эсвэл нөлөөлж болох байдлыг хэлнэ.  

Орос, Хятадад төрийн албан хаагчид өөрийн болон ойр төрлийнхнийхөө орлого болон зарлагыг жил болгон тайлагнаж байх үүрэгтэй. Бразил, Дани, АНУ, Казахстанд төрийн албан хаагч зөвхөн орлогоо тайлагнана. Их Британид Засгийн газар, парламентийн гишүүд ийм үүрэгтэй. Швед, Норвеги, Канадад бүх иргэд орлогын мэдүүлэг тайлагнаж байх үүрэгтэй нь татварын хэргийг давхар хамаатуулж үздэгтэй нь холбоотой. Финланд, Сингапурт төрийн албан хаагчид жил бүр зарлагын тайлангаа гаргаж байх ёстой. Францад төрийн албан хаагчдаас гадна дундаж иргэнээс дээгүүр татвар төлдөг иргэд мөн тайлагнаж байх үүрэгтэй.

Хөрөнгө орлогын мэдүүлгийг хариуцах Авилгатай тэмцэх газар болон өөр бусад хариуцах төрийн байгууллага мэдүүлэгт бүрэн байтугай хагас хяналт тогтоох нь ч үр дүнгээр төдийлөн гоц байж чаддаггүй гэж мэргэжилтнүүд үздэг. Мэдүүлгээ гаргаж өгсөн нь гол биш үүнийг үндэслэж үндэслэлгүй хөрөнгөжиж буй болон эрх ашгийн зөрчил гарч буй эсэхийг хянан шалгах нь гол юм. Олон нийтийн өмнө хариуцлага хүлээсэн этгээд нь олон нийтийн хөрөнгө мөнгийг тэдний өмнөөс захиран зарцуулдаг учраас хяналт мөн олон нийтэд байх ёстой. Гэхдээ олон нийтийг төлөөлсөн олон нийтийн байгууллага нь мөрдөх, хянах, шалгалт явуулах эрхгүй учир мэдээлэх, дүн шинжилгээ хийх, баримт нотолгоо гаргах, олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр зарлах зэргээр хяналт явуулдаг. Чухам ингэхийн тулд этгээдийн өөрийн гараар бөглөж олон нийтэд заралсан мэдүүлэг гол эх сурвалж болох үндэстэй юм. Хөрөнгө орлогын мэдүүлэг нь авилгын эсрэг үндсэн эх материал болдгоороо маш давуу талтай. Нөгөө талаас хөрөнгө орлогын мэдүүлгийг хянах үүрэгтэй байгууллага өөрөө авилгад автах, бусдыг дарамтлах, хуулиас гадуур загнах эрсдэлтэй учир мөн л олон нийтийн хяналттай, ил тод, шилэн байх шаардлагатай юм.

Олон нийтийн өмнө хариуцлага хүлээгч этгээдийн хөрөнгө орлогыг бүртгэж зарлах нэг хэрэг. Гол нь албан тушаал хашиж байх болон түүнээс хойшхи хэдэн жилийн орлого зарлагыг харьцуулж байж үндэслэлгүй хөлжсөн эсэх, ашиг сонирхлын зөрчлөө ашигласан эсэхийг тодорхойлж болох үндэстэй.

Урьдын туршлагаас харж байхад манайд жишээ нь хадгаламж нь хэд дахин өссөн мэдүүлэг гараад байх мөртөө нийтэд дэлгэсэн орлого нь хэвээр, өөрөөр хэлбэл орлого зарлагын балаанс дэндүү тэнцвэргүй харагдах боловч үүний учрыг эзнээс нь хэн ч асуугаагүй байх жишээтэй. Саяхан ikon.mn сайт Монголын төрийн голлох 236 зүтгэлтэн (сонгуулийн дараах) эрхмүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн дэлгэрэнгүйг нийтэлжээ. Эдний жилийн дундач орлого 60 сая төгрөг. 500 сая төгрөгөөс дээш орлоготой хэдхэн хүнийг хасч тооцохоор 30 сая төгрөг буюу дийлэнх нь цалингаараа амьдардаг бололтой. Тэд таны нүдэнд ингэж харагдаж байна уу? Гишүүн, сайд, агентлаг, аймгийн дарга болон дарганцар байх хугацаандаа асар их хөрөнгөжсөн, тэрбайтугай зарим нь өсөн нэмэгдсэн хөрөнгөө «шударгаар» мэдүүлсэн байхад манайд энэхүү хөрөнгөжилтөд нь хэзээ ч анхаарч байсангүй. Хөрөнгө орлогын мэдүүлгийн гол санаа чухам энэ «гэнэтийн баяжилтын» учрыг олохдоо л байгаа шүү дээ. Тэгдэггүй учраас л дарга нар улайхаараа «манайх зурагтгүй», «би түрээсийн байранд амьдардаг», «цалигаараа амьдардаг шударга хөөн, би» гэх мэтээр урдаас алиалж марзганаад унадаг билээл. Гэтэл жишээ нь АНУ-ын Тагнуулын төвийн удирдлагад байсан Эльмс гэх ажилтан Оросын талд тагнуул хийж мэдээ дамжуулдаг байсныг үндэслэлгүй хөрөнгөжиж буйгаас нь илрүүлсэн байдаг.

Мань 236 зүтгэлтэн нийтдээ  1,2 ихнаяд гаруй төгрөгийн хөрөнгөтэй нь Монгол улсын ДНБ-ы 5 хувь, улсын нэгдсэн төсвийн 20 хувьтай тэнцэж байна. Тэд 54 тэрбум төгрөгийн малтай, 350 тэрбум төгрөгийн газартай, 725 тэрбум төгрөгийн сууцтай аж. Эндээс үндэслэлгүй хөлжиж арай амжаагүй шиноковуудыг хасахаар бүр сонин тоо гарна. Эдний тун цөөнх нь малтай, газартай. Малыг ч, газрыг ч ямраар ч үнэлж болно. Зах зээлийн үнээс хэд дахин давуулж хэлээд бүртгүүлэхэд албан тушаал хашиж байхдаа идэж ууснаа нуух том хүүдий шуудай бэлтгэгдэнэ. Хурдны морио тэрбумаар зараад энэ байшинг авсан гэж наахад л болно шүү дээ. Хүмүүс бүгдээрээ хувцас өмсөх нэг биетэй, хоол шингээх нэг л ходоодтой, энэ талаар бол бурхан биднийг ардчилж өгсөн. Иймээс зарлагаа мэдүүлж байх хэрэгтэй. Тэгэж байж л олон нийт өөрийн төрдөө тушаасан мөнгөө зөв зүйлд зарцуулагдсан эсэхийг олж мэднэ. 

Төрийн үндсэн үүрэг бол нийгмийн мэнэжмэнт юм. Төр хэдий их өөрийн хөрөнгөтэй, тэрийгээ өөрөө хөдөлгөж байна, төдий их авилга гарна. Хүн өөрийнхөө юмыг хулгайлдаггүй гэдэг хүүхэд ч сайн мэдэх логикийг төр төлөөлдөг эрхэмүүд үргэлж эрс үгүйсгэдэг нь үндсэндээ авилга шамшигдуулал, хулгай луйврын хаалга онгорхойтой холбоотой. Олонхи нь тэр онгорхой хаалга руу ядахнаа хуруугаа ч гэсэн оруулчих гэж үхэн хатан зүтгээд байгаа хэрэг шүү дээ. Хөрөнгө нь хувьд, бодлого нь төрд байж л авилга үгүй болно, нийгэм эрүүлжинэ, улс орон төвшрөнө.

Миний багад манай байрны Ууганаа гээд нэг банди хармайндаа 25 төгрөгтэй байгаад ээждээ баригджээ. «Чи ийм их мөнгө хаанаас олов? Хэнээс хулгай хийсэн?» гээд ээж нь байцааж гарч. Мань Ууганаагийн тайлбар: «Би ингээ л хурдан гүйж явсан. Тэгсэн гэнэт нэг чулуунд бүдрээд духаараа газар унасан. Духан дээр нэг юм наалдчихсан байхаар нь аваад үзсэн чинь энэ 25 төгрөг байсан». Одоо ийм хөөрхөн тайлбарыг олон нийтийн өмнө хариуцлага хүлээсэн төрийн албаныхан цөмөөрөө л тавьдаг болж дээ. Бодоод байхад үнэхээр ч хальтарч унаад босоход духан дээр тэрбум доллар наалдчихсан байхыг үгүйсгэх аргагүй л юм даа.


2016-10-24
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?