📅

Антибиотикийг замбараагүй хэрэглэснээр эмийн дархлаатай сүрьеэ нэмэгджээ

🕔 2016/11/16 12:48

Антибиотикийг замбараагүй хэрэглэснээр эмийн дархлаатай сүрьеэ нэмэгджээ

 

Эрүүл мэндийн яам болон тусгай мэргэжлийн төв, төрөлжсөн эмнэлгүүдийн дарга, эм зүйн алба, эм хангамжийн байгууллага, МХЕГ-ын төлөөлөгчид антибиотик эмийг хариуцлагатай хэрэглэнэ гэдгээ мэдэгдэж гарын үсэг зурлаа. Учир нь, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас антибиотикийн мэдлэг, хандлагыг сайжруулах хүрээнд "Антибиотикийг хариуцлагатай хэрэглэе" долоо хоногийг энэ сарын 14-20-ны өдрүүдэд дэлхий нийтээрээ тэмдэглэж байгаатай холбогдуулан ЭМЯ-наас дээрх үйл ажиллагааг зохион байгуулав. Нээлтийн арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг оролцлоо. Антибиотикийг зөвхөн хүн хэрэглээд зогсохгүй хүнсний ногоо бүтээгдэхүүн болон мал, гахай, тахиа, загасны аж ахуйд өргөн хэрэглэдэг болсон бөгөөд эмийн бодис бүрэн гадагшлаагүй байхад тэдгээрийг хүнсэнд хэрэглэж байна. Өөрөөр хэлбэл, эмийн үлдэгдэл хүнсний бүтээгдэхүүнээр дамжин хүний эрүүл мэндэд хохирол учруулах аюултай. Тиймээс ангилан ялгаж хэрэглэх ёстой талаар Эрүүл мэндийн сайд ярилаа. Тэрбээр "Хүүхдээ ханиад хүрэхэд нь эмийн сангаас антибиотик дур мэдэн авч уулгах байдлаар иргэд хяналтгүй хэрэглэж байна. Эмийн тэсвэртэй сүрьеэ нэмэгдэж байгаа нь антибиотикийн хэрэглээтэй шууд холбоотой. Тиймээс цаашид бодлогын хүрээнд олон чиглэлд МХЕГ-тай хамтарч ажиллах ёстой. Одоогоор бид антибиотикийн нийлүүлэлттэй холбоотойгоор жорыг нь тоолж, жороор олгосон эсэхийг нь тодорхой болгодог. Хамгийн гол нь, тухайн антибиотикийг хэрэглэж буй иргэн энэ талаар мэдлэг, мэдээлэлтэй болох ёстой. Мөн эмийн санч антибиотикийг заавал жороор олгох бөгөөд жор бичигч нь тухайн өвчтөнд заавал антибиотик бичих шаардлагатай эсэхээ нягталж хардаг байх ёстой" гэлээ.

Антибиотикт тэсвэртэй нянгийн халдвараар дэлхийд 700000 хүн нас барж байна

Нянгийн эсрэг эм, түүний дотор антибиотикт нян тэсвэржих нь дэлхий нийтийн анхаарал татсан асуудал болж байна. Статистикийн мэдээнээс үзэхэд дэлхийд жилд дунджаар 700000 хүн антибиотикт тэсвэртэй нянгийн халдвараар нас барж байна. Өнгөрсөн онд ДЭМБ-аас 12 оронд нянгийн тэсвэржилтийн нөхцөл байдлын судалгааг хийжээ. Судалгаанд хамрагдагсдын 64 хувь нь ханиад томууны үед антибиотик хэрэглэдэг гэсэн хариулт өгсөн бөгөөд дийлэнх нь антибиотикийн тэсвэржилт хүний биеийн дархлаанаас хамаардаг, байнга хэрэглэдэг хүнд тэсвэржилт үүсдэг гэсэн ташаа ойлголттой байсан аж. ДЭМБ-ын мэдээлж буйгаар метициллинд тэсвэртэй алтлаг стафилококкийн халдвар авсан хүмүүс уг нянд тэсвэржилт үүсээгүй хүмүүстэй харьцуулахад нас барах магадлал нь 64 хувиар өндөр байдаг гэнэ. Мөн антибиотикийн тэсвэржилтээс улбаалан зарим БЗХӨ, эмгэг эмчлэгдэхгүй болох хандпага ажиглагдаж байгаа аж.

Эрүүл мэндийн болон хүнс, хөдөө аж ахуйн салбар нягт уялдаатай ажиллах ёстой

Мэргэжлийн хүмүүсийн хэлж буйгаар манай улсын иргэдэд антибиотикийн зохистой хэрэглээ, түүнийг буруу хэрэглэснээс гарах сөрөг нөлөөний талаарх мэдлэг хангалтгүй учир түүнийг дур мэдэн замбараагүй хэрэглэх, эмийн санч жоргүй олгох, эмч антибиотикийг буруу сонгох зэрэг нь антибиотикийн тэсвэржилт үүсэх шалтгаан болдог байна. Тиймээс "Антибиотикийг хариуцлагатай хэрэглэе" долоо хоногийн хүрээнд түүнийг зөв сонгох, зөвхөн эмчийн жороор олгох хариуцлагыг дээшлүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудад нянгийн тэсвэржилт үүсэхээс сэргийлэх, хянах тогтолцоог сайжруулах, нянгийн тэсвэржилтийн сөрөг үр дагаврын талаарх иргэдийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэх, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх зэрэг тодорхой арга хэмжээг авахаар төлөвлөжээ. Түүнчлэн антибиотик мах болон малын гаралтай бүтээгдэхүүнээр иргэдэд дамжиж байгаа учир эрүүл мэндийн болон хүнс, хөдөө аж ахуйн салбар хоорондоо нягт уялдаатай ажиллаж, нянгийн тэсвэржилттэй тэмцэх нэгдсэн хөтөлбөр гарган хэрэгжүүлэх нь нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ гэдгийг салбарынхан тодотгов.

Дашрамд дурдахад, Эм үйлдвэрлэл технологийн газрын дарга Л.Мөнхтулгын хэлснээр, одоогоор улсын болон хувийн 500 орчим эмийн сан үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд ихэвчлэн БНХАУ, Солонгос, Япон, Америк зэрэг улсаас 20 гаруй нэр төрлийн антибиотикийг импортоор оруулж ирдэг юм байна.

Монголын үнэн сонин

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?