📅

ЗОНХИЛОН ТОХИОЛДОЖ БУЙ ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ТАРХАЛТЫН ТАЛААР

🕔 2016/06/18 16:22

ЗОНХИЛОН ТОХИОЛДОЖ БУЙ ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ТАРХАЛТЫН ТАЛААР

 

Монгол улсын төр, засгаас халдварт өвчнийг бууруулах, тархалтыг таслан зогсоох чиглэлээр бодлогын олон арга хэмжээг эрүүл мэндийн салбар үүсэн байгуулагдсан цагаас эхлэн тууштай авч хэрэгжүүлсний үр дүнд зарим халдварт өвчнүүдийг таслан зогсоож, халдварт өвчний тархалт, халдварыг бууруулж улмаар Монгол улс Мянганы хөгжлийн зорилтыг хангасан орон болсон билээ.

Гэвч даяарчлалын өнөө үед дэлхий нийтэд шинэ болон сэргэж буй халдварт өвчин бүртгэгдэж, дэгдэлт үүсч, хүн амын ядуурал, хотжилт, иргэдийн эрүүл мэндийн боловсролтой холбоотойгоор зарим халдвар, ялангуяа сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдвар тогтвортой буурахгүй байна. Мөн сүүлийн жилүүдэд Ази Номхон Далайн бүс нутагт шинэ болон сэргэж байгаа өвчнүүд голомтлон гарч эрүүл мэнд, нийгэм эдийн засаг, хүний хөгжилд мэдэгдэхүйц сөрөг нөлөө үзүүлсээр байна. Халдварт өвчинтэй тэмцэх сэргийлэх арга хэмжээ нь улс орнууд, бүс нутгууд, салбар байгууллагуудын хамтын ажиллагаанаас ихээхэн хамааралтай болохыг 2009 онд дэгдсэн H1N1 вирусын халдвар, "Эбола” "САРС” халдварууд, харуулж байна. Иймээс дэлхийн улс орнууд "нэг дэлхий-нэг эрүүл мэнд” үзэл баримтлалыг хүлээн зөвшөөрч хамтарч ажиллахыг чухалчилж, хүрсэн үр дүнгээ бууруулахгүй байх талаар байнга зөвлөмж, сануулгыг ДЭМБ-аас өгч байна. Гэтэл таслан зогсоосон гэж тооцогдож байсан улаан бурхан өвчин 2015 оны 3-р сард дэгдэлт хэлбэрээр гарч хүрсэн амжилт, үзүүлэлтээсээ ухарсан, олон нялх үрсийн аминд хүрсэн асуудал боллоо. Улаанбурхан өвчний хувьд тухайн улсад бүртгэгдээгүй 3 жил болсон бол тархалтыг тасалсан гэдэг гэрчилгээ олгодог. Монгол улс нь улаан бурхан өвчнийг таслан зогсоосон улс орны тоонд зүй ёсоор орж, тус гэрчилгээг манай Ерөнхий сайд гардан авсан байсан юм. Уг дэгдэлтийг гаргахгүй, урьдчилан сэргийлж болох боломж байсан бөгөөд энэ талаар 2008 онд хийсэн тандалтын судалгаанд дэгдэлт гарч болзошгүй гэсэн прогноз байсныг анзааран үйл ажиллагаандаа тусган, 2015 оны төсөвт нэмэлт угаалга хийж шаардлагатай вакциныг урьдчилан бэлдэж, дархлаажуулалтанд хамрагдаагүй ард иргэдийг нөхөн хамруулах арга хэмжээг цаг алдалгүй авч чадсан бол ийм асуудал үсэхгүй байх боломж байсан билээ. Энэ байдал нь төрийн залгамж холбоо тасалдаж, удирдлагын ой санамж алдагдан, мэргэжлийн бус хүнээр салбарыг удирдуулж, хэт улс төржүүлсний гор байсан байж болох юм. Үүнээс харахад цаашид төрийн тогтвортой байдал, улс орны эдийн засгийн өсөлт, бууралт, эрүүл мэндийн салбарыг зарлагын салбар мэтээр хандаж сүүлийн эгнээнд тавьж байгаа нь Монгол улсын хамгийн үнэт баялаг болох "монгол хүн”-ийхээ эрүүл мэндэд хөнөөлтэй, цаашлаад улс орны хөгжилд халтайгаар нөлөөлж байна. Жил болгон томуу, гар, хөл, амны өвчин дэгдэлт хэлбэрээр манай улсад гарсан хэвээр байна. Мөн хүн амын зан үйл, хүнсний аюулгүй байдал, эрүүл мэндийн боловсрол амьдралын буруу хэвшилтэй холбоотойгоор гэдэсний халдварт өвчин цусан суулга, сальмоннеллёз, суулгалт халдвар, гар хөл амны өвчин, боом, А вируст гепатит болон хоол хүнсээр дамжих өвчин тууштай буурахгүй үе үе дэгдэлт хэлбэрээр гарч угаасаа ахархан төсөвтэй Эрүүл мэндийн салбарт төлөвлөгдөөгүй илүү зардал гарч байна.

Халдварт өвчнөөс сэргийлэхэд ард иргэдийн эрүүл мэндийн боловсрол, мэдлэг маш чухал бөгөөд ялангуяа, тарилгатай халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн гол арга бол дархлаажуулалт юм. Халдварт өвчинтэй тэмцэх чилэлээр олсон амжилт их байгаа хэдий ч тандалт судалгааны албаны боловсон хүчнийг чадавхижуулах, мэдээ, мэдээллийн сүлжээг цахимжуулах, аймаг орон нутагт халдварт өвчний оношлогоонд лабораторийн оролцоог сайжруулах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар болон дархлаажуулалтанд хамрагдахын ач холбогдлыг ухуулах, таниулан соён гэгээрүүлэх, халдвартын эмч нарыг нэмж бэлдэх, тэдний ажлын нөхцлийг сайжруулж нийгмийн асуудлыг шийдэх зэрэг ажлыг төлөвлөгөөтэй, зохион байгуулалттай явуулж эрчимжүүлэх зэрэг асуудлууд байсаар байна. 

Сүүлийн жилүүдэд өвчин үүсгэгчийн хувьсал өөрчлөлт, нянгийн тэсвэржилт, хотжилт, даяаршилт, хүнсний аюулгүй байдал, зоонозын халдваруудтай холбоотойгоор шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчнүүд хурдацтай тархаж нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал үүсэх нөхцөл илүүтэй бүрдэж байна. Халдварт өвчин амьсгалын замаар, цусаар, бэлгийн замаар халдварлаж, орчин болон ундны усны бохирдолт, гараар, буюу хувь хүний ариун цэвэр эрүүл мэндийн боловсролын түвшингээс хамааран халдвар авах магадлал өндөр хэвээр байна. Хувь хүний биеэ зөв авч явах, хувийн ариун цэвэр, гэр бүлдээ үнэнч тууштай байх зан чанар алдагдаж байгаагаас болж бэлгийн замын халдварт өвчин газар авч, төрөлхийн тэмбүү ихсэж байна. Ядуурал, ажилгүйдэл туйлдаа хүрч нийгмийн халдварт өвчин болох сүрьеэ хавтгайрч байгаа нь ахиад л хүрсэн амжилтаасаа ухрах вий гэх айдас төрүүлэх боллоо. Нүүдлийн соёл иргэншилтэй, хөдөө аж ахуй дийлэнх хувийг эзлэж байгаа орны хувьд малын гаралтай халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоо нэмэгдэж, залуужиж байна. Сүүлийн 70 жилийн хугацаанд дэлхий дээр 340 орчим халдвар шинээр бүртгэгдсэний 75%-ийг зоонозын гаралтай халдварт өвчин эзлэж байна. Худалдаа наймаа, аялал зуулчлал хөгжсөн даяаршлын өнөө үед хүн, мал амьтан, өвчин үүсгэгчид хэдхэн цагийн дотор дэлхийг тойрч, өмнө нь хэзээ ч зэрэгцэн оршиж байгаагүй өвчин үүсгэгчийн төрөл зүйлүүд өөрчлөгдөх, нэг төрөл зүйлээс нөгөө рүү дамжин тархах нөхцлийг бүрдүүлж байна. Монгол улсад шинээр бүртгэгдэж буй халдварт өвчнөөс гадна нутагшмал халдварт өвчнүүд /тарваган тахал, боом, галзуу/-ийн байгалийн голомт идэвхижин хүний өвчний тохиолдол буурахгүй байна. Энгийн жишээ дурьдахад, хүнсэнд хэрэглэж байгаа махны дөгөж 6,4 хувь, сүүний 2,2 хувийг үйлдвэрийн аргаар боловсруулж, үлдсэн хувийг нь мал эмнэлэг, ариун цэврийн хяналтаас гадуур бэлтгэсэн бүтээгдэхүүн эзлэж байгаа статистик байна. Монгол улс нь бруцеллез өвчний тохиолдлоор дэлхийд хоёрдугаарт орсон хэвээр байна. Монгол улс өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн амынх нь гуравны нэг нь нүүдлийн соёл иргэншилтэй, малынхаа үр шимээр амь зуудаг ард түмэнд малаас хүнд дамжих халдварын талаар мэдлэг, мэдээллийг өгөх, зоонозын халдварт өвчний тандалтын тэргүүлэх чилэлээ тогтоох, мэргэжлийн хяналт, онцгой байдлын байгууллага, төрийн болон, төрийн бус байгууллагуудыг татаж оруулахаас гадна мал эмнэлэг, хүн эмнэлэгийн байгууллагууд үйл ажиллагааг уялдуулах шаардлагатай байна. Халдварт өвчний асуудлыг хариуцаж байсан хүний хувьд хүн, мал эмнэлэгийн салбар хоорондын зөвлөлийг байгуулж, дархлаажуулалтын хүйтэн хэлхээг олон улсын стандартын дагуу ДЭМБ-ын зөвлөмж, дэмжлэгээр шинэчлэн байгуулж, вакциныг зөвхөн НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулж ДЭМБ-аас зөвлөмж болгож буй хамгийн сайн чанарын вакциныг захиалж авдаг болгосон нь түрүүнд нь хамгийн хямд вакциныг тендерээр зарлаж авдаг байсан тогтолцоог халж чадсан юм. Био аюулгүйн 4,5-р зэрэглэлийн лабораторийг байгуулж, лабораторит суурилсан тандалтын тогтолцоог бэхжүүлэх, нийслэл, аймгуудад халдвартын төвүүдийг сэргээн байгуулах, бэхжүүлэх шаардлагатай байгаа нь амьдралд гарч буй туршлага дээрээс нотлогдож байна.

Хүн амын эрүүл мэндийг бэхжүүлэх, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, зонхилон тохиолдож буй өвчин эмгэгийг эрт илрүүлж, урхаггүй эмчлэн эдгэрүүлэх аргуудыг эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаа болон хүн амын амьдрал, ахуйд нэвтрүүлэхэд шат шатны хариуцлагыг өндөржүүлж, хариуцлага тооцох механизмыг бүрдүүлснээр эрүүл монгол үндэстэн хөгжин дэвжих илүүтэй боломж бүрдэх юм.

Ж.ЦОЛМОН, АУ-ны Доктор

2012.06.14

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?