📅

АСЕМ-ЫН ДАНСЫГ ШИЛЭН БОЛГОЁ, ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ

🕔 2015/11/24 13:27
АСЕМ-ЫН ДАНСЫГ ШИЛЭН БОЛГОЁ, ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ

Италын Милан хотоос Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж утас цохиж, АСЕМ-ын 11 дэх удаагийн уулзалт Улаанбаатар хотод зохиогдохоор боллоо гэж УИХ-ын даргад дуулгаснаас хойш нэг жилийн хугацаа өнгөрчээ. Спортоор бол олимпын эрх авсан дайны энэ арга хэмжээнд эрх баригчид эрвийх дэрвийхээр бэлтгэж, ажлын хэсгийнхэн амьсгаа өндөртэй явна. Дэлхийн 50 гаруй улсын голдуу Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар хүрэлцэн ирж, албан бусаар уулзалдах АСЕМ-д хуягт машинаас эхлээд хонох буудал гээд биднээс шалтгаалах маш олон асуудал бий. АСЕМ болоход ердөө хагас жилийн хугацаа үлдэж байгаа ч торох зүйлгүй бэлтгэл ажил явагдаж байгаа гэдгийг АСЕМ-ын ажлын хэсгийнхэн ам бардам хэлж, ярьж байна. Энэ нь сайн хэрэг. Гэхдээ эдийн засгийн хүндрэл үүсч, төсөв мөнгөний бодлого чангарч байхад хаагуур нь, юугаараа бэлтгэл ажлаа базаагаад байгааг ард түмэн мэдэхгүй өнгөрч байна. Энэ бол харин эсрэгээрээ муу хэрэг.

Жишээ нь, Японы Ерөнхий сайд, Германы Канцлер хуягласан автомашин унах шаардлага тавьсан нь манай улсад байхгүй тул түүнийг нь худалдаж авахаас өөр замгүй болсон. Үүнийг үгүйсгэх ямар ч боломжгүй. Гэтэл ажлын хэсгийнхэн "Тийм зүйл байхгүй. Автомашин аваагүй, авахгүй” гэж ирээд олигтой зүйл ярилгүй, худал цуу мэт үгүйсгэсэн. Гэтэл ирэх оны төсөв хэлэлцэх үеэр МАН-ын гишүүд АСЕМ-д хэрэглэхээр тансаг зэрэглэлийн "Бенз-Майбач” автомашин худалдаж авахаар 32 тэрбум төгрөг төсөвт суусан байгааг шүүмжилсэн. Үүний дараа албаныхан тав, зургаахан автомашин авах юм, төсөв хэцүү байгаа тул одоохондоо аваагүй шүү! гэж иргэдийн өмнө гэм хийсэн хүн шиг "гэлбэлзэж” байгааг харсан билээ, бид. Нэг талаас нь харвал, 25 жилийн турш эмнэлэг, сургууль, цэцэрлэг гуйж амьдарсан иргэдийн татварын мөнгийг гуравхан хоног болох уулзалтад урсгаж байгаа нь бухимдмаар. Бүр тэдэнд зориулж тусгай чиглэлийн автозам барихаар болж, хотын үзэмжээ гадаадын зочид төлөөлөгчдөд зориулан сайжруулж байгаа нь ард түмэнд айлын шоовдор хүүхэд мэт сэтгэгдэл үлдээх болж. Ялангуяа, "Шангри-Ла”-"АСЕМ Вилла”-"Чингисийн талбай” гэсэн чиглэлд оруулж байгаа хөрөнгө оруулалт нь ард түмний амьдралд ямар ч ашиггүй байгаа нь нэг талаасаа иргэдийн бухимдлыг дэвэргэж байгаа юм. 
Тухайлбал, ирэх оны төсөвт АСЕМ чуулга уулзалтын аюулгүй байдлыг хангах зориулалттай Иргэний нисэ­хийн Ерөнхий газрын тоног төхөөрөмж худалдан авахад 13.5 тэрбум төгрөг суулгасан. Үүнээс өөр мөнгө суулгаагүй, төсөв даахгүй гэж байгаа ч олон ажил бидний нүдэн дээр ундарсаар л. 

Энэ нь АСЕМ-ын ажлын хэсгийнхний тайл­барлаж байгаа шиг ху­вийн хэвшилд түшиглэсэн, АСЕМ-ын бүтээн байгуулалтыг ба­раг бүхэлд нь хариуцаж бай­гаа  MCS "буяны ажил” хийж байгаа хэрэг үнэндээ биш. 

Жишээ нь, "АСЕМ Вилла” хотхон. Төрийн тусгай хамгаалалтад байдаг "Их тэнгэр”-т "MCS”-ын барьж буй энэ цогцолборт гурав хоногт гадаадын зочид төлөөлөгчид байрлана. Мөн энэ цогцолборт төрийн өндөр дээд зочид төлөөлөгчид байрлах тул Засгийн газар дэд бүтцийг нь шийдэж өгч байгаа юм билээ. Энэ нь инженерийн дэд бүтэц, зам гээд хамгийн их мөнгө зарах ажлыг нь бараг шахуу Засгийн газрын буюу ард түмний мөнгөөр хийж байгаа гэсэн үг. Мөн гадаадын зочид төлөөлөгчдийг "АСЕМ Вилла” хотхонд байрлуулахын тулд  Засгийн газар "MCS” тэргүүтэй компаниудтай гэрээ хийнэ. Товчхондоо, "MCS” компанид мөнгө төлнө гэсэн үг. Ингээд гурав хоногийн үйл ажиллагаа дууссаны дараа өөрийн хөрөнгөөр барьж босгосон  "АСЕМ Вилла” хотхоныг ямар чиглэлээр ашиглах нь хувийн компанийн бүрэн мэдлийн хэрэг болж хоцорно. Үүнийг АСЕМ-ын ажлын хэсгийнхэн хувийн компанид түшиглэх гэж тайлбарладаг юм билээ. Хоёрдугаарт, "MCS” компанийн "Шангри-Ла” болоод"АСЕМ Вилла” хотхоны хооронд шинээр автозам тавих ажилд мөн л АСЕМ-ын ажлын хэсгийнхэн анхаарал хандуулж байна. Ингэснээр манай улсын Засгийн газар "MCS”  гэдэг нэг компанид бүх хүчээрээ хүчин зүтгэж байгаа мэт харагдаж байгаа юм.

Үндсэндээ, "Шангри-Ла”-"АСЕМ Вилла”-"Чингисийн талбай” гэсэн чиглэлд оруулж байгаа хөрөнгө оруулалт бүгд л "MCS” компанийнх болж харагдаад байгаа нь үнэн. Тиймээс АСЕМ-ын дансыг шилэн болгож, энэ бүх хардалтыг үгүйсгэх боломж бас бий. Ерөнхийлөгчийн санаачлан батлуулсан Шилэн дансны хууль АСЕМ-д ч гэсэн үйлчилнэ гэж итгэж байна.

Эх сурвалж: www.assa.mn 


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?