📅

“Шорон дотроос өшөө авагч 2” буюу С.Зоригийн хэргийг хэнд ч хамаагүй тохохыг хүсэв үү

🕔 2016/10/27 16:32

“Шорон дотроос өшөө авагч 2” буюу С.Зоригийн хэргийг хэнд ч хамаагүй тохохыг хүсэв үү

 

Ж.Барамсай гуайн "Шорон дотроос өшөө авагчид байдаг юм биш биз” гэх Монгол эрэн сурвалжлах сэтгүүлзүйн шилдэг бүтээлийг оюутан байхдаа хэд хэдэн удаа уншиж, эмзэглэх, өшөө авагчийг үзэн ядах сэтгэл төрж байлаа.


Тэгвэл энэ цаг үед бас нэгэн өшөө авагч шорон дотор амьдраад байх шиг. Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хохироосон гэмт хэргийг өнөө маргаашгүй илрүүлчих гээд байгаа тухай хуулийнхан тайлбарласаар байгаа. Талийгаачийн эхнэр Б.Булган, хотын дарга асан Э.Бат-Үүл, Эрдэнэт хотоос баривчилсан гэгдэх Т.Чимгээ, Б.Содномдаржаа, н.Ганхуяг нарыг уг хэрэгт холбогдуулан шалгасаар байна.

 

 

Б.Булганыг батлан даалтад гаргасан тухай мэдээлэл бий. Харин Э.Бат-Үүлийг гадуур байцааж, н.Чимгээ, н.Ганхуяг, н.Содномдаржаа нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байна.

 

 

Тэгвэл өнөөдөр сэжигтэн н.Содномдаржаагийн гэр бүлээс хэвлэлийнхэн мэдээлэл хийлээ. н.Содномдаржааг 2015 оны 8 дугаар сарын 30-ны өдөр гэрийнхээ хашаанд явж байхад нь 5-6 хар машинтай тусгай албаныхан ирж баривчилж авч явсан байна. Гэрийнхэн нь учрыг нь ойлгохгүй хэд хоног будилж, 461 дүгээр ангид хоригдсон гэдгийг нь мэджээ. Улмаар сэжигтэнтэй уулзах хүсэлт тавьсан ч гурван сарын дараа л уулзах зөвшөөрөл авсан байна. Содномдаржаа нь эцэг эх, эхнэр хүүхдүүдийн хамтаар Эрдэнэт хотод фермэрийн аж ахуй эрхэлдэг байж. Энэ түүхийг энд төгсгөе.

 

 

Харин жирийн малчин залуу яагаад улс төрийн захиалгат аллагын сэжигтэн болов. Сэтгүүлч миний хувьд "Шорон дотроос өшөө авагчид байдаг юм биш биз” гэдэг таамаглалыг дэвшүүлээд байгаа. Гэхдээ л шүүхийн шийдвэрээс өмнө бид хэнийг ч яллах, шийтгэх эрхгүй гэдгийг санах хэрэгтэй болов уу.


Шорон дотроос өшөө авагчид байдаг юм биш биз-2


Содномдаржаа 2015 оны наймдугаар сарын 30-ны өдөр жирэмсэн эхнэртээ "нойл орчихоод ирье” гээд гэрээсээ гараад тусгайгийнханд баригдаж хорих 461 дүгээр ангид ирсэн байна. Энэ өдрөөс хойш 1 жил 2 сар болчихлоо. Гэвч хуулийнхан Содномдаржааг С.Зоригийг хөнөөсөн байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгасаар л байна.

 

 

Чимгээ гэж хэн бэ? С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбоотой байж болзошгүй хэмээн Содномдаржаатай хамт Чимгээ гэх бүсгүй Эрдэнэт хотоос баривчилсан. Талийгаачийн эхнэр Б.Булганы мэдүүлснээр гэмт хэргийг нэг эрэгтэй, нэг эмэгтэй хүн үйлдсэн гэдэг. Магадгүй тэр мэдүүлэгт тусгагдсан эмэгтэй нь Т.Чимгээ гэж үү. Гэвч Чимгээ, Содномдаржаа хоёр хохирогч байж болзошгүй. Яагаад? Яагаад гэвэл тэднийг Амгаланбаатар гэх нэг залуу холбож байна.

 

 

Амгаланбаатар гэж хэн бэ?

Содномдаржаагийн хамар хашаанд Амгаланбаатар гэх залуу амьдардаг байж. Тэрээр 2007 онд Эрдэнэт хотод сууж явсан таксиныхаа жолоочийг мөчилж, алсан гэх хэргээр баригдаж, шүүхээс ялын дээд хэмжээ сонссон байдаг. Гэвч Монгол Улс цаазын ялгүй учраас түүний ялыг чанга дэглэмтийн 25 жилээр сольжээ.

 

 

2013 оноос хойш Содномдаржаагийн гар утсанд учир битүүлэг зурвас ирсээр байж. Тодруулбал "... Чи С.Зоригийг алсан”, "... Би хэргээ хүлээсэн. Чи одоо хэргээ хүлээ”, "...Ирж шорондоо суу” гэх мэтийн зурвасууд ирдэг байсныг нь цуглуулж хэвлүүлтэл 28 хуудас болсон байна. Улмаар ямар учиртай зурвас хэн явуулаад байгааг тодруулахаар Содномдаржаагийн гэрийнхэн хуулийн байгууллагад хандахад хамар хашааны Амгаланбаатар шоронгийн өрөөнөөс зурвас бичиж байсныг нь илрүүлжээ. Амгаланбаатар хоригдож байх хугацаандаа Содномдаржааг эргэлтээр ирсэнгүй гэж гомдолдог байсныг Содномдаржаагийн ээж хэллээ.

Харин Чимгээгийн хувьд Амгаланбаатарын бэр эгч. Эрдэнэт үйлдвэрт тогоочоор ажилладаг бүсгүй бэр эгч гэх холбоосоос болоод торны цаана түгжигдчихсэн болов уу.


Амгаланбаатар шоронд хоригдож байх үедээ хуулийнханд "би С.Зоригийг хөнөөсөн” хэмээн мэдүүлж байсан. Цаг хугацааг нь хөөгөөд үзвэл А 16 настай даа уг хэргийг үйлджээ гэж ойлгогдохоор.

 

 

16 настай хүү улс төрийн захиалгат хэрэг үйлдэх үү. Эргэлзээтэй. Харин бүх насаараа хоригдох ял сонссон ялтанд нэмж хэрэг хүлээгээд өс санасан хүмүүсээ хэрэгтээ татах боломж бий. Өөрөөр хэлбэл шорон дотроос өшөө авч болно л гэсэн үг. Энэ таамаглал үнэн бол Амгаланбаатар С.Зоригийг хэргийг үүрч, хөршийн найз Содномдаржаа, бэр эгч Чимгээ нараасаа урьдын өсөө авсан ч байж болох юм. Гэхдээ л таамаглал.

 

 

С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх биш харин хэн нэгэнд тохох, хэн нэгнээр үүрүүлэх ажиллагаа явагдаад байна


Хуулийнхан Содномдаржаагийн гэр бүлийнхэнд мэдээлэл өгөхийг хориглосон. Гэвч гэм буруугүй залуу удаан хугацаанд хоригдож, гэр бүл, ар амьдрал нь сүйрч байгаа энэ үед мэдээлэл өгөхөөс аргагүй хүрлээ гэж түүний ээж нь хоолой зангируулан хэлэв.

 

 

 

Харин Содномдаржаагийн ах "С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх биш харин хэн нэгэнд тохох, хэн нэгнээр үүрүүлэх ажиллагаа явагдаад байна. Өмнө нь Энхбатыг энэ хэрэгт холбоотой хэмээн гадаадаас баривчилж ирж байсан. Гэтэл тохож чадаагүй. Одоо чадал муутай, ядарсан иргэддээ энэ хэргийг тохох гэж оролдож байна. Ингэж л хэргийг хүчээр хаах гээд байна” хэмээн мэдэгдэв.


 


 

С.Зориг бусдын гарт онц хэргийгээр хөнөөгдөөд 18 жил боллоо. Энэ хугацаанд хуулийнхан хэргийг мөрдөн шалгасаар л байсан. Уг нь хэрэг гарах үед Б.Булган дэргэд нь байсан цорын ганц гэрч. Гэтэл тэр энэ бүх хугацаанд ам нээлгүй явсаар л байлаа. Зарим тохиолдолд худал мэдүүлэг хүртэл өгч байсан нь тогтоогдож, хорих ангид саатуулагдаад авсан. Тэгвэл одоо л энэ хэргийг илрүүлэх нь үү гэж ойлгож байтал үнэн хэрэгтээ жирийн малчин залууд хамаг хэргийг тохоод өнгөрөх нь үү гэх хандлага ажиглагдав. Хуулийнхан олон жилийн ял сонсчихсон "шийдсэн хүн"-ий үгээр бусдыг хохироогоод байгаа юм биш биз. Үүнийг сайн л нягталж шалгамаар юм шиг.

 

 

Мэдээж хүний эх хүн хүүгээ буруу зүйл хийсэн ч өмөөрч, зөвтгөнө. Гэтэл Содномдаржаа үнэхээр С.Зоригийг хөнөөчихөөд энэ бүх хугацаанд Эрдэнэт хотод нуугдаж байсан байж болох юм. Мөрдөн байцаалт үргэлж байгаа энэ үед хуулийнхны ажилд хөндлөнгөөс нөлөөлөхийг хүссэнгүй. Мэдээллэх үүргээ л биелүүллээ.


А.Аюуш

Үндэстэн агентлаг

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?