📅

Ерөнхий сайдын айлчлалаас юу хүлээх вэ

🕔 2016/10/12 10:42

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Японд хийж буй  албан ёсны айлчлал өнөөдөр эхэлнэ. Айлчлалын хугацаа богинохон ч ихийг амжуулна, эдийн засгийг сэргээх сайн мэдээ дуулгана гэсэн хүлээлт байна.

 

Ерөнхий сайдын айлчлалаас юу хүлээх вэ

 

 

Айлчлалын хөтөлбөрийг харвал,  Японы Ерөнхий сайд Ш.Абэтай албан ёсны хэлэлцээ хийнэ. Стратегийн түншлэлээ бататгахаас гадна шинэ нөхцөлд агуулга, чиглэлийг тохирно. Японы парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Ч.Датэ, Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Ошима нарт бараалхана. Хоёр улсын бизнесүүдийн хамтарсан "Худалдаа, хөрөнгө оруулалтын форум”-д оролцоно.Монголын эдийн засгийн байдал, хөрөнгө оруулалтын орчин, хамтын ажиллагааны боломжуудын талаар Японы хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдад танилцуулж, санал солилцоно гэсэн ерөнхий зураг харагдана.

 

Япон бол манай улсын томоохон хөрөнгө оруулагч, хэцүү үед хандив,  тусламжийн гараа сунгаж байдаг түнш. Тиймээс үе үеийн Засгийн газрын тэргүүн тулгамдсан, хэцүүдсэн үедээ тийшээ "гүйчихдэг” нь гэм биш зан болсон гэж болно. Тиймээс Ерөнхий  сайд Ж.Эрдэнэбатын энэ удаагийн айлчлалыг ч гэсэн олон нийт ийм байдлаар ойлгож,  харж байж магадгүй. Тэр нь ч аргагүй. Манай улс эдийн засгийн хувьд хүнд байгаа. 

 

Нөгөө талаас, Япончууд бидэнтэй найрсаг харилцдаг ч улс төрийн талаар тогтворгүй нь итгэл алдрахад  хүргэж байсан удаа цөөнгүй  бий. Тухайлбал, Тавантолгойн ордод манайхан гуравдагч хөршөө молиго  үмхүүлж байсан гашуун туршлага бий. Өнгөрсөн жил Ерөнхий сайд нь  Японд айлчилж, стратегийн түншлэлийн гэрээнд  гарын үсэг зурчихаад ирэв үү, үгүй юу УИХ-ын дарга нь айлчлал хийхээр зөрж очсоноор хэл амны бай болоод зогсохгүй эргэлзээ үүсгэж орхисон. Нэг нам доторх талцал  төрийг тогтворгүй харагдуулж, Монголын төрд итгэх итгэлийг алдагдууллаа   гэдгийг тоймч, ажиглагчид тухайн үед  хэлж байсан. Энэ удаа парламентад нэг нам дангаар үнэмлэхүй олонх болж, эрх барьж байгаа учраас  аливаа  гэрээ, хэлэлцээрүүд   шуурхай хийгдэх, хэрэгжих боломжтой гэсэн итгэл төрүүлэх болов уу.

 

 Япон улс манай улсад ямар чиглэлээр  хамгийн их хөрөнгө оруулсан бэ гэдгийг аваад үзвэл, ганц уул уурхай ч биш, боловсролын салбар жин дарна. "ЖАЙКА” төс­лийн хүрээнд Монголд 100 гаруй ерөнхий боловсролын сургууль байгуулж өгсөн. Тэгвэл энэ том хөрөнгө оруулалтыг алдахгүй цааш үргэлжлүүлэх  үүрэг одоогийн Ерөнхий сайдад ногдоно.

 

Дараагийн салбар бол эрүүл мэнд, эмчилгээ, оношилгооны тоног төхөөрөмж нийлүүлэхэд  манай улс Японтой хамтарч ирсэн. Ч.Сайханбилэгийн үед Япон улсын  130 гаруй тэрбум төгрөгийн буцалт­гүй тусламжаар барих Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн нэгдсэн эмнэлгийн бүтээн байгуулалтын  ажлыг  эхлүүлж, өнгөрсөн хавар тууз хайчилж байв. Гэхдээ  манай улс Японы өндөр хөгжсөн техник, технологийн дэвшлийг гүйцэлгүй үрэн таран болгочихдог гэмтэй. Жишээ нь, Японы хөрөнгө оруулалтаар барьсан Дарханы төмөрлөгийн үйлдвэр байна. Тоног төхөөрөмж оруулж ирдэг  ч түүн дээр ажиллах боловсон хүчнээ урьдчилж бэлтгэдэггүйгээс болж тарж бутраад алга болчихдог.Эцэст нь өндөр өртгөөр байгуулсан  үйлдвэр, аж ахуйн газар, эмнэлэг, үйлчилгээний төвүүд нь бизнесийн байгууллага болж хувирсан жишээ цөөнгүй. Тэгэхээр энэ асуудлыг зангидаж, дан ганц эдийн засгийн талаас гэрээ хэлцэл хийх биш тухайн салбарын  мэргэжилтнийг  давхар  бэлтгэх талд ч Ерөнхий сайд анхаарах хэрэгтэй болов уу.

 

Энэ бүхний эцэст  Ерөнхий сайдын Японд хийж буй айлчлалаас монголчууд ганцхан үгээр хэлбэл, эдийн засгийн сэргээш  л хүлээж байна.

 

Эх сурвалж: "Зуны мэдээ” сонин

Ч.ҮЛ-ОЛДОХ

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?