Монгол Улс сансар огторгуйд гарцтай болно
Сансарт гарцгүй улсуудыг дэмжих зорилготой ЮНЕСКО болон Япон улсын Засгийн газрын ивээл дор”BIRDS” буюу "Joint Global Multi-Nation Birds” (JGMNB) төсөл хэрэгжиж байна.
Уг төсөлд Монгол, Япон, Нигери, Гана, Бангладеш зэрэг таван улс хамрагдаж анхны хиймэл дагуулаа сансарын тойрогт оруулах юм. "BIRDS” төслийг хэрэгжүүлэхэд манай улс Японы Кюүшүгийн Технологийн Институттай хамтран ажиллаж байгаа бөгөөд МУИС-ийн дөрвөн залуу багш, эрдэмтэд Япон улсад докторантурт суралцахын зэрэгцээ сансрын тойрог замд орох бодит хиймэл дагуулыг өөрсдийн гараар бүтээж байгаа аж.
Төсөлд 325 мянган ам.долларын санхүүжилт шаардлага. Үүний 225 мянган ам.долларын санхүүжил төслийн шугамаар олгогдсон. Харин МУИС 50 мянган ам.доллартай тэнцэх төсвийг гаргаж, Монгол Улсын Засгийн газраас 150 сая төгрөгийн санхүүжилт олгохоор болсон байна.
Ингэснээр Монгол Улс ирэх хавар анхны хиймэл дагуулаа хөөргөх боломж бүрдэнэ гэж төслийг хэрэгжүүлэгчид тайлбарлалаа. Хиймэл дагуултай болсоноор өндөр нарийвчлалтай мэдээлэл бодит хугацаанд авч, ой хээрийн түймэр, эрдэс баялгийн хайгуул, цаг агаарын аюулт үзэгдэл зэргээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой болох юм байна. Мөн цөлжилт, ойн ургамлын өвчнөөс сэргийлэх, ургамлын гарц, хөрсний чийгшил нэн шаардлагатай мэдээллийг цаг алдалгүй авч малчид, тариаланчдад хүргэх боломж бүрдэнэ гэж тайлбарлаж байна.
Хиймэл дагуулыг арванхоёрдугаар сард бэлэн болгож, сансарт тээвэрлэх талд хүлээлгэж өгөх юм. Мөн манай улс хоёр дахь хиймэл дагуулаа 2019-2020 онд хөөргөхөөр төлөвлөж, судалгаа хийж байгаа ажээ.