📅

БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН ХЭСЭГ ДАРХАН-УУЛ АЙМАГТ АЖИЛЛАВ

🕔 2016/10/03 12:29

БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН ХЭСЭГ ДАРХАН-УУЛ АЙМАГТ АЖИЛЛАВ

 

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолоор байгуулагдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах талаар холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийн байдал, Ерөнхий боловсролын тусгай хэрэгцээт сургуулиудын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж, тус Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, О.Баасанхүү нар 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймагт ажиллалаа.

Ажлын дэд хэсгийн бүрэлдхүүнд тус Байнгын хорооны Ажлын алба, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны холбогдох ажилтнууд ажиллав.

Тус Ажлын хэсэг Дархан-Уул аймгийн "Энэрэл” цогцолбор сургууль, аймгийн 7 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, тухайн цэцэрлэг, сургуулиудын багш, ажилтнууд, эцэг эхийн төлөөлөлтэй уулзлаа.

"Энэрэл” цогцолбор нь 1992 онд 500 сурагчийн суудалтай тусгай хэрэгцээт боловсрол олгохоор 1992 онд 500 сурагчийн суудалтай байгуулагдсан бөгөөд 1995 оноос эхлэн ердийн сургалттай ангиудад элсэлт авч ерөнхий эрдмийн суурь боловсрол эзэмшүүлж иржээ.

1998-1999 оны хичээлийн жилээс Дархан-Уул йймгийн Засаг даргын 51 тоот захирамжаар нийгмийн эмзэг бүлгийн хүүхдэд асрамж халамж, үйлчилгээ үзүүлэх дотуур байртай ердийн ба тусгай хэрэгцээт сургалттай "Энэрэл” цогцолбор болж, сургалт, халамжийн үйлчилгээ үзүүлдэг болжээ. Түүнчлэн 2010-2011 оны хичээлийн жилээс аймгийн Засаг даргын захирамжаар Ерөнхий боловсролын бүрэн дунд боловсрол олгох, Тусгай хэрэгцээт боловсрол олгох, Мэргэжлийн анхан шатны боловсрол олгох цогцолбор сургууль болгож өөрчлөн зохион байгуулсан байна.

Одоогоор тус сургуульд тусгай хэрэгцээт боловсрол олгох 3 ангид 37 хүүхэд хамруулан сургаж байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй 18 хүүхдийг ердийн ангид хамруулан боловсрол эзэмшүүлж байна. Тус сургуулийн хувьд тусгай хэрэгцээт боловсрол олгох ангиудад хувьсах зардал ердийн сургуулиудын адил олгогддог, багшлах боловсон хүчин дутагдалтай, дохионы хэлний нэг багштай, багшийн цалин хөлс, туслах багш, эмч, сэргээн засалчийн орон тоо батлагдаагүй, төсөв хүндрэлтэй байгаа талаар цогцолборын захирал танилцууллаа. Ажлын хэсэг энэ асуудлыг 2017 оны улсын төсөвт тусгуулах талаар анхаарч танилцуулахаар боллоо. Мөн тус сургуулийн дотуур байранд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, хараа хяналтгүй эмзэг бүлгийн хүүхдүүдийг нэг дор байрлуулан байлгаж байгаа нь хамгийн тулгамдсан асуудал тул Ажлын дэд хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү нар аймгийн удирдлагад дээрх асуудлыг орон нутгийн хэмжээнд яаралтай шийдвэрлэх талаар арга хэмжээ авч ажиллах талаар үүрэг өглөө.

Дараа нь Ажлын хэсгийн гишүүд Дархан-Уул аймгийн 7 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд тус цэцэрлэг нь 1965 онд байгуулагдсан, 13 бүлэгтэй, үүнээс тусгай хэрэгцээт боловсрол олгох Тэмүүлэл бүлэгт 15 хүүхдийн хамруулан сургадаг байна. Цаашид Тэмүүлэл-2 бүлгийг нээхээр ажлаа эхлүүлсэн бөгөөд төсөвт долоон орон тоо нэмэгдүүлэх шаардлагатай, цэцэрлэгийн агааржуулалтын асуудлыг шийдвэрлэх асуудал нэн тэргүүнд тулгамдаж байгаа талаар цэцэрлэгийн удирдлага ажлын хэсэгт танилцуулав.

Дархан-Уул аймагт нийтдээ хөгжлийн бэрхшээлтэй 473 хүүхэд байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг судалгаа мэдээллийн санд тулгуурлан энгийн хүүхдийн дунд сурч боловсрох, хөгжүүлэх, нийгэмшүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байгаа сайн туршлагуудтай Ажлын хэсэг танилцлаа.

Цаашид тусгай хэрэгцээт боловсрол олгох ангиудад шаардлагатай хувьсах зардал, багш, туслах багшийн цалин хөлстэй холбоотой зардлыг улсын төсөвт тусгуулах талаар анхаарч ажиллахаа Ажлын хэсгийн гишүүд илэрхийллээ. Мөн аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн "Хөгжлийн төв” нь нөхөрлөл хоршоо байгуулан үйлдвэрлэл эрхэлж байгаатай танилцаад энэ талаар дэмжиж ажиллахаар боллоо.

MTA
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?