📅

Томилгооны тойм

🕔 2016/09/30 11:32

Томилгооны тойм

 

Засаг төрийн эрхийг илт давамгай авсан МАН-ын томилгоо үргэлжилсээр... 2012 оны сонгуулийн дараа ажилд орсон төрийн алба хаагчдын жагсаалтыг гаргаж байгаад л үзэж тарж байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байгаа. Нуугаад байх ч хэрэггүй болсон бололтой юм. Орон нутгийн сонгууль өнгөртөл нам жим байх намын даалгавартай дарга нар тэссэн шиг тэсч байх шиг байна. Гэхдээ томоохон албан тушаалуудын томилгоо явагдсаар байна.

 

 

ТӨМӨР ЗАМ ЯАЖ ИЙГЭЭД МОНГОЛ ДАРГАТАЙ ҮЛДЭВ

 

 

Ямар ч байсан монгол дарга УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийг удирдах нь тодорхой болж байх шиг байна. Учир нь энэ талаар хоёр янзын мэдээлэл олон нийтийн дунд явж байна. Эхнийх нь Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл нар 2016 оны есдүгээр сарын 27-нд Москвад болсон УБТЗ-ын ерөнхий хорооны хуралд оролцож, байдгаараа эсэргүүцэж байж Д.Жигжиднямааг даргаар томилуулж чадсан гэх мэдээлэл байна. Нөгөөх нь ОХУ-ын тал манай саналыг хүлээж авалгүй, энэ асуудал гацаанд орсноор ирэх хоёр жилд одоогийн дарга Л.Пүрэвбаатар УБТЗ-ыг удирдахаар болж байгаа гэсэн мэдээлэл байна. Уг нь ОХУ-ын тал энэ удаад УБТЗ-ыг орос даргатай болгоно гэдгийг "РЖД” нийгэмлэгийн ерөнхийлөгч О.В.Белозёров саяхан Монголд ирэхдээ Ерөнхий сайдад дуулгасан. Тийм учраас манай саналыг "сонсохыг ч хүсэхгүй” байгаа тухай зарим эх сурвалж мэдээлж байгаа юм.

 

 

Р.ЧИНГИСЭЭС БУСАД НЬ "ЯВЧИХЛАА”

 

 

Ямар ч даргад баг гэж байдаг. Хэн нэгэн хүн ямар нэг ажилд томилогдоод өөрийн хүмүүсээр багаа бүрдүүлдэг нь бичигдээгүй хууль. Р.Чингис 2014 оны арваннэгдүгээр сарын сүүлчээр ЦЕГ-ын даргаар томилогдож, түүнээс хойш хоёр жил ажиллахдаа өөрийн багаар ажиллаж ирсэн. Тэгвэл өнгөрсөн долоо хоногоос эхлэн түүний удирдлага дахь томоохон албан тушаалтнуудыг халж, сольж эхэллээ. Уржигдар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт тушаал гаргаж ЦЕГ-ын тэргүүн дэд, дэд дарга нарыг өөрчилжээ.Өмнө нь тэргүүн дэд даргаар ажиллаж байсан хурандаа Ц.Батсүх, дэд дарга Ж.Буянбат, Ц.Ням-Очир нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, тэргүүн дэд даргад Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтсийн даргын албан тушаалыг хашиж байсан, хурандаа П.Батбаатар, дэд даргад Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга асан, туслах комиссар Ч.Болдбаатар, Нийгмийн хэв журам хамгаалах газрын Хамгаалалтын I газрын дарга, хурандаа М.Лувсандорж нарыг томилсон байна. Өмнөх долоо хоногт нь ЦЕГ-ын дарга Р.Чингис өөрөө тушаал гаргаж Говь-Алтай, Сэлэнгэ, Хэнтий, Өмнөговь, Төв аймгийн Цагдаагийн газрын дарга нарыг сольсон байна. Тодруулбал Говь-Алтай аймгийн Цагдаагийн даргыг Сэлэнгэ рүү, Хэнтий аймгийн Цагдаагийн даргыг Өмнөговь руу, Төв аймгийн Цагдаагийн даргыг Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст томилсон юм.

 

 

"МАШ НУУЦ” ТУЗ ХУРАЛДАЖ, ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛАА ТОМИЛОВ

 

 

Төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүн гэдэг "шүлс асгаруулам” албан тушаал байдгийг дээр дооргүй мэднэ. Ийм компани байтугай аль нэг их сургуулийн ТУЗ-д багтана гэдэг ямар том алба билээ дээ. Тэгвэл ТУЗ-үүдээс хамгийн нууцлагдмал, бас хамгийн эрх мэдэлтэй нь "Эрдэнэс Монгол” компанийнхыг гэдэг. Энэ компани "Багануур” зэрэг 3-4 компанийг шууд удирддаг. Тэгвэл "Эрдэнэс Монгол” компанийн

 

 

ТУЗ хуралдаж гүйцэтгэх захирлыг томилжээ. Гүйцэтгэх захирлаар Ц.Түмэнцогтыг томилох шийдвэр гаргасан байна. Ц.Түмэнцогт нь  эрчим хүч, электроникийн инженер мэргэжлээр ОХУ, АНУ-д боловсрол эзэмшсэн,  General Electric-ийн Монгол дахь салбарын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан аж. Мөн Түлш, эрчим хүчний сайдын зөвлөх, Дэд бүтцийн яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Төрийн өмчийн хороо,  Дэлхийн банкны дэд бүтцийн асуудал хариуцсан төслийн багийн удирдагч хийж байжээ.

 

 

ХӨГЖЛИЙН БАНК "УРГИЙН БИЧИГ”-ИЙГ ИНГЭЖ ҮРГЭЛЖЛҮҮЛЖЭЭ

 

 

УИХ-аас 2011 оны  хоёрдугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг баталжээ. Үүндээ Хөгжлийн банкийг Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилго бүхий үйл ажиллагааг эрхлэх тусгайлсан чиг үүрэгтэй, ашгийн төлөө, төрийн өмчит хуулийн этгээд байхаар уг хуульд зааж өгсөн байдаг аж. Ийнхүү Хөгжлийн банкны үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндэс бүрэлдэн тогтсон. Ингээд 2011 оны тавдугаар 12-нд албан ёсны нээлтээ хийж байжээ. Өдгөө зургаа дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй Хөгжлийн банкийг тойрсон элдэв хэл ам, баривчилгаа явагдаж эхэлсэн. Тэгвэл үүнтэй зэрэгцэн томилгоо чимээгүйхэн үргэлжилсээр байгаа ажээ. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар МАН "өөрийн хүн” болох Балганы Батбаярыг томилсон бол саяхан түүний орлогч захирлуудыг тавьсан байна. Тус банкны тэргүүн дэд захирлаар УИХ дахь МАН-ын бүлгийн эдийн засгийн бодлогын зөвлөх асан Ч.Энхбатыг, Орлогч захирал бөгөөд Хяналт, захигааны газрын захирлаар УИХ-ын гишүүн асан, өдгөө Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямбын хүү Дөлгөөнийг, Орлогч захирал бөгөөд Эрсдлийн удирдлагын газрын захирлаар УИХ-ын гишүүн Я.Содбаа­тарын ахыг томилсон гэх мэдээлэл байна. Ер нь 2012 оноос хойш томилогдсон газ­рын захирлуудыг нэг тушаалаар халсан  гэ­сэн мэдээлэл бас бий. Энэ мэтчилэн МАН томилгоог чимээгүйхэн хийсээр... Гэхдээ Орон нутгийн сонгуулийн дараа халаа сэлгээ, томилгоог ичиж нэрэл­хэх юмгүй, ил тод хийнэ гэдгийг учир мэдэх хүмүүс хэлээд л байна.

 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин     

Б.ОЧИР

 

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?