📅

Зам тээврийн сайд “Хүндэт төмөр замчин” цол түгээсний дотор хятад дарга нар ч багтжээ

🕔 2015/12/28 09:46

Албан байгууллагууд арванхоёрдугаар сар эхэлмэгц шинэ жилээ угтан ажилтнуудаа шагнаж эхэлсэн. Зам тээврийн сайд энэ сарын 10-ны өдөр тушаал гаргаж салбарын тэргүүний ажилтнуудаа шагнахаар болжээ. Уг тушаал дахь "Хүндэт төмөр замчин” шагнал анхаарал татсан юм. Яагаад гэвэл хамгийн ихдээ л арав гаруй, түүнээс цөөнийг шагнадаг байсан уг шагналаар энэ удаад 79 хүнийг шагнахаар болжээ. Шагнахдаа УБТЗ-аас огт санал аваагүй, зөвхөн холбогдох журамд заасны дагуу шагналыг дагалддаг мөнгөн шагналыг гаргуулахаар тушаалд "тушаажээ”.

Шагнуулагч "Хүндэт төмөр замчид”-ын дотор "ах дүү” Хятад улсын иргэн ч цохиж яваа харагдана. Тухайлбал, Бээжингийн зам харилцааны их сургуулийн гадаад хамтын ажиллагааны хэлтсийн орлогч дарга Lin Yan Qin, Zhengzhou боомтын дарга Zhao Wen Ming нарыг шагнажээ. Мөн Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг дарга, ахмад төмөр замчин гээд даруй зургаан хүний нэр дараалан зоолттой байж жишээтэй. Эсвэл тус сум зургаан Засаг даргатай болсон юм болов уу.

Цаашилбал, Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн тээвэр харилцааны газрын төслийн менежментийн зөвлөх, нэр бүхий хувийн компаниудын захирал, ажилтнууд, Гадаад хэргийн яамны газар, хэлтсийн дарга нар гээд "гоц далий” хүмүүс "Хүндэт төмөр замчин” цол тэмдгийг Зам тээврийн сайдаас хүртэж, дагалдах нэг зуун мянган төгрөгийг УБТЗ ХНН-ээс гаргахаар болжээ. УБТЗ-ын хувьд шагнал дагалдах мөнгийг гаргаж өгөхдөө харамласандаа бус нэг шинэ жилээр ийм олон хүн, тэр тусмаа салбарынхны үл мэдэх хүмүүс олон байгаад ихээхэн гайхаж буй бололтой. Тэгээд ч энэ шагналын хувьд УБТЗ-аас тодорхойлж өгдөг байсан ч энэ удаад тодорхойлуулах нь байтугай санал ч аваагүй аж. Тиймээс л ОХУ-ын нэг иргэн ч байхгүй хэрнээ хятад хамрагчдаа шагнаад зогсохгүй МоАХ-ны хэдэн ахмадуудыг "төмөр замчин” болгон "гүжирдэж” хүндэтгэл үзүүлэв бололтой. Үүнд "Ардчилсан хувьсгалд манлайлан оролцсон ахмадуудын эрх ашгийг хамгаалах нийгэмлэг”-ийн хоёр ч ахмад байгаа юм.

С.Зэндмэнэ


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?