📅

Дур эзнээ голохгүй…

🕔 2016/09/29 10:51

Дур эзнээ голохгүй…

 

Ирэх аравдугаар сарын 19-нд болох орон нутгийн сонгуульд улсын хэмжээнд 15209 нэр дэвшигч 7006 мандатын төлөө өрсөлдөхөөр бүртгүүлж, мандатаа аваад байгаа. Тэдгээрийн 700 гаруй нь бие даагч, бусад нь намаас нэр дэвшигчид.
Хэдийгээр Монгол Улсын Үндсэн хуульд "Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно” хэмээн хүний эрхийг зааж өгсөн ч энэ удаагийн орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн хувьд чухам юуны төлөө өрсөлдөх гэж буйгаа мэддэг байгаа гэх хардлага төрөх болов. Мэдээж хүн сонгох, сонгогдох эрхээ эдлэх нь аргагүй. Гэхдээ л "дур эзнээ голохгүй дунд чөмөг сүүжээ голохгүй” гэдэг шиг хэн дуртай нь нийтийн эрх ашгийн төлөө ажиллана хэмээн нэр дэвшиж буй нь хачирхалтай гэхээсээ илүү ичмээр эсвэл эсрэгээрээ өрөвдмөөр ч юм шиг.
Нэр дэвшигчид үнэмлэхээ гардсан даруйдаа л "Дэмжээрэй нөхөд өө, нэр дэвшсэн шүү” гэж ирээд л цахим ертөнцөөр зарлаад жигтэйхэн. Зарим нь, бүр тодруулбал "Люмино” хамтлагийн дуучин Бажи буюу Б.Батхишиг өөрийн цахим хуудаснаа "За битгий бас шууд утгаар нь ойлгоорой залуус аа!!!! Би гэдэг хүн өөрийгөө сорьж үзэхээр шийдэв!!! Өнөөдөр яг үнэндээ болж бүтэж байгаа зүйл энэ улсад маань цөөхөн байна!!! Залуу хүний хувьд залуучуудынхаа дуу хоолой нь болж, болохгүй бүтэхгүй байгаа зүйлсийг шүүмжилж, болж бүтэж байгаа зүйлсийг нь дэмжих нь нийгмийн идэвхтэй залуус бидний үүрэг билээ!!! За тэгээд одоо болох гэж байгаа орон нутгийн сонгуульд өсөж төрсөн мөн хүмүүжсэн 13 дугаар хорооллын 18 дугаар хорооноос нэр дэвшихээр боллоо!!! УИХ юм уу нийслэлд нэр дэвшиж хэнээтсэнгvй, хэн нэгнээр татуулж лифтэнд суухыг хүсэлгүй хамгийн анхан шатны гараанаас нь эхэлж, өөрийгөө сорьж үзэхээр шийдэв!!! Зөвөөр ойлгоорой!!!! Баярлалаа!!!” гэсэн байв.
Яг үнэндээ нэр дэвшигчдийн хувьд өөрчилнө, шинэчилнэ гэсэн уриа урьтал болгож буй нь гарцаагүй. Гэхдээ өөрийгөө сорьж байгаа бол сонгуульд оролцож "гүйх нохойд гүйхгүй нохой саад” гэгч болох хэрэг байгаа ч уу, үгүй ч үү. Зүгээр л тухайн орон нутгаа сайтар мэдэх, өөрсдийг нь төлөөлөөд өмнөөс төрд асуудлыг нь дэвшүүлж, эрхийг нь хамгаалж чадах хүнд тэрхүү мандатыг сул өгчихөж сурмаар юм.
Нэр дэвших нь хувь хүний өөрийн болоод тухайн дэвшүүлж буй намын амбиц, арга барил, итгэл үнэмшил байдаг нь гарцаагүй. Харин цаана нь тухайн хороо, сумын иргэдийн ахуй амьдрал, нийгмийн харилцааны багадаа дөрвөн жилийн хувь заяа бий. Гэтэл хийх ажил нь хэр байхаас үл хамааран ердөө л нэр дэвшиж буйгаа тунхаглаад байгаа. Эцэстээ зөвхөн өөрийгөө сорихын тулд ийм арга хэмжээ авч байна гэхээр өнөөгийн сонгууль, улс төрийн нөхцөл чухам хаашаа, юуны тулд яваад байгааг ч ойлгоход бэрхтэй болов.
Уг нь аливаа сонгуулийн үеэр багаар нь дэмжих нь зүйтэй гэх утгыг улс төрийн намууд иргэдэд ойлгуулахыг ихэд хичээдэг. Тиймдээ ч өнгөрсөн зургаадугаар сард УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд багаар нь буюу намаар нь дэмжсэн. Харин энэ удаа орон нутгийн сонгуульд өмнөхөөс шал өөр гэдгийг эрх барьж буй намынхан аль хэдийн мэдрүүлсэн. Учир нь тэд ялалт байгуулсныхаа дараахнаас л амлалтаа мартаж, ард түмнээ сорохыг урьтал болгосон. Тиймээс нэр дэвшигч нь ч, сонгогч нь ч ямар сонголт хийх нь тодорхой. Ийм цаг үед болж гэдэг утгаараа орон нутгийн сонгууль их л өвөрмөц болох болов уу гэж горьдож байсан нь гарцаагүй. Гэтэл "том” сонгуулийн үеэр намуудын ажилд нэмэр тус болсон хүмүүстээ нэр дэвших эрхийг урамшуулал болгож орхив. Угтаа бол орон нутгийн сонгуулиар төр, захиргааны байгууллагад иргэдийг хамгийн ойроос төлөөлж, нийгэм, эдийн засгийн байдлыг нь дээш мэдүүлэх үүрэг бүхий хүмүүс л нэр дэвшин, ялалт байгуулж ажиллавал зүйд нийцмээр.
"Юугаа” ч засч чадаагүй хүн сонгуульд нэр дэвшиж өөрийгөө сорино гэдэг иргэдийн сонголт гэхээсээ илүү ард түмнээ дорд үзсэн хэрэг биш гэж үү. Дур эзнээ голохгүй гэдэг ч ядаж хүн чанар гаргаж нэр дэвшүүлэхгүй байж болдоггүй л юм байх даа.

Эх сурвалж:

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?