📅

Уулчин Э.Нэйшийн үхэлд буруутган хоёр хүнийг саатууллаа

🕔 2016/09/13 10:50

 

Их Британийн уулчин Стевен Эдвард Нэйш Архангай аймгийн Хангай сумын Тэрх багийн Хандрагат гэх газарт өнгөрсөн сарын 31-нд амиа алдсан хэрэг гарчээ. Өдгөө 53 настай уулчин, парапланы нисэгч тэрээр Монголд Хангайн нурууны оргилд авирахаар өөрийн найз Гарет Астоны хамтаар өнгөрсөн сард иржээ.
 
Найзууд нийслэлээс гарч өнгөрсөн сарын 30-ны орой Архангайн Хангай сумын айлд хоноглосон байна. Маргааш нь Гарет Астоны бэртэл сэдэрч нутаг буцахаар Улаанбаатарыг зорьж, Эдвард Нэйш аяллаа цааш үргэлжлүүлжээ. Харамсалтай нь тэр өдрөө Э.Нейш бусдын гарт амиа алджээ. Уулчныг шунахайн сэдлээр амь насыг нь хөнөөсөн бололтой. Түүнийг цээжин тус газар нь хутгалж, мөнгө эд зүйлийг нь авч оджээ.
 
Хэргийн талаар холбогдох байгууллагууд дараах тайлбарыг өгөв. ЦЕГ-аас хэргийн талаар өчигдөр мэдээлэл хийхдээ "Дуудлага энэ сарын 1-ний 2:40 цагт ирсэн. Аймгийн Цагдаагийн газар болон Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс ажлын хэсэг гарч, хоёр иргэнийг саатуулан шалгаж байна” гэв.
 
Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын Элчин сайдын яамнаас "Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллийн хүрээнд ажиллаж байна. Талийгаачийн гэр бүлд зөвлөгөө, тусламж үзүүлж байгаа. Хувь хүний нууцын асуудал учраас дэлгэрүүлэх боломжгүй” гэв. Харин Гадаад харилцааны яамнаас мэдээлэхдээ "Урьдчилсан мэдээллээр хурц үзүүртэй зүйлээр цээжний хөндийд гэмтэл авсны улмаас гадна болон дотуур цус алдаж нас барсан. Бид Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын Элчин сайдын яамтай тогтмол холбоотой ажиллаж байгаа. ЭСЯ-ны хүсэлтээр талийгаачийн шарилыг эх оронд нь хүргүүлэх болон хэргийн мөрдөн байцаалттай холбоотой мэдээллийг тогтмол өгч байна” гэлээ.
 
Англи уулчны талаар цахим хуудсуудад 10 жилийн өмнө парапланаар нисэхээр Монголд ирж байсан ч цаг агаарын тохиромжгүй байдлаас болж нутаг буцаж байжээ. Талийгаачийн дурсгалд зориулж Их Британид "Wings for life” аян өрнүүлж, энэ төрлийн спортоор хичээллэгч тамирчдын эрүүл мэндийн төлөө хандив цуглуулж байгаа гэжээ.
 
Стевен Эдвард Нэйш Британид парапланаар хичээллэгч тамирчдын дунд нэртэй нэгэн байжээ. Параплан гэдэг нь уулнаас гүйж байгаад нисдэг спортын төрөл юм байна. Манай улсад энэ төрлийн спортоор хичээллэгч тун цөөхөн бөгөөд эрсдэлтэйд тооцогддог байна. Өмнө нь Сутайхайрхан, Цамбагараваас парапланаар нисч байсан тухай манай уулчид ярьж байна.
 
Б.Заяа
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?