📅

Х.Баасансүрэн: Эргэн тойрныхоо хүмүүст хайр өгөх юм бол эргээд танд хайр л ирнэ

🕔 2016/09/09 14:38

 

Эрдэнэ зуу хийдийн хамба лам Х.Баасансүрэн:
"Хэн намайг үгээр доромжлоно
Хэн намайг үйлээр гутаана
Хэн намайг сэтгэлээр хорсгоно
Тэр бүхэн гэгээрэх болтугай.”

Яах вэ, доромжилж л байг, урт наслаг. Яах вэ, дээрэлхэж л байг, ажил нь бүтэг. Яах вэ, шаналгаж зовоож л байг, гэгээрэг. Өөдөөс нь сайн сайхныг хүсчих юм бол ямар ч хараал зүхэл гай барцад чамд ирэхгүй. Гэтэл бид тэгж чаддаггүй шүү дээ. Үүнд дээрэлхүүлнэ гэж юу байсан юм, ёстой нэгийгээ үзнэ гээд л байдаг. Нэгэн үлгэр ярья. Бурхан багшийг нэг хүн дээрэлхээд харааж зүхээд л байж. Учир нь гэр бүлийнх нь хүн гэртээ тогтохгүй, очиж сургаал номыг нь сонсдог байж л дээ. Ингээд нэг өдөр бурхан багштай тааралдаад хэлье гэснээ хэлж баахан харааж зүхжээ. Гэтэл бурхан багш юу ч хэлэхгүй инээгээд л зогсоод байж.
-Хүн доромжлоод байхад юу ч хэлдэггүй ямар тэнэг хүн бэ гэж гайхаж эцэстээ тэр хүн өөрөө эвгүй байдалд оржээ. Дараа нь будда түүнд хандаж:
-Би танд нэг зүйл хэлье. Та өөрийнхөө мөнгөөр бэлэг худалдаж аваад хөршдөө бэлэглэе, гэтэл хөрш чинь тэр бэлгийг авахгүй байвал хэнд үлдэх вэ гэсэн.
-Өөрт л үлдэнэ шүү дээ. Иймхэн юм бодож чадахгүй юун гэгээрсэн бэ гээд л орилжээ.
-Тэгвэл та хэн нэгнийг харааж зүхэж доромжильё, тэрнийг чинь тэр хүн хүлээж авахгүй бол хэнд үлдэх вэ гэсэн өнөөх эр хачин царайлаад л явчихав. Яагаад гэвэл түрүү нь буддаг дээрэлхэж, доромжилж байхад будда авсан билүү аваагүй, өнөөх хүнд өөрт нь л үлдсэн шүү дээ.
Тэгэхээр таныг хэн нэгэн дээрэлхэж доромжилж байсан ч битгий хүлээж ав. Харин бид ингэж чаддаг билүү. Бүр авахын дээдээр хүлээж авдаг. Таньдаг хүн рүүгээ утасдаад "тэр намайг тэгдэг байна ш дээ” гээд л шөнө нь зүүдэлж хоноод л …

Тэгэх хэрэггүй хүмүүс ээ, өөдөөс нь сайн сайхныг хүс л дээ, битгий тэр муу муухайг нь ав.
Энэ жил би хэдэн үгийг хүмүүст зааж зөвлөж байгаа. Та битгий мартаарай. Бид муу юмыг мартахгүй удаан хадгалдаг хэрнээ сайн юмыг дорхноо мартдаг шүү. Тэгэхээр эсрэгээр нь сайныг санаж үлдээд мууг мартаж байгаарай. Тэр үгсийн эхнийх нь бол "Яах гэж ингэж байдаг юм бэ дээ, хө.” Монгол хүн болгон үгийнхээ төгсгөлд "хө” гэдэг аялга хэлээд сурчихвал яасан юм бэ гэж би хэлмээр санагдаад байдаг юм. Яагаад гэвэл "хө” гэхээр ярианы эрч хүч зөөлөн хандлагатай, найрсаг сонсогддог. Та хэлээд үз дээ. Наадахаа аваад өг дөө гэхээр захираад ч байгаа юм шиг. Наадахаа аваад өг дөө хө гэхээр гуйгаад байгаа ч юм шиг. Үүн шиг яриа болгоныхоо ард "хө”-г нэмчих. Тэгвэл их юм өөрчлөгдөнө шүү. Тэгэхээр бүгдээрээ "хө” гэдэг аялгыг хэлж сурцгаая гэж уриалж байгаа юм шүү.
Уур бухимдлаас болж бид их зовдог. Уур бухимдлаа яаж хумих вэ. Уур бухимдлаа жаахан багасгаж хянаж сурвал яасан юм бэ. Уур бухимдал хэзээ ч сайн сайхан зүйлд хүргэхгүй. Бид уурласан үедээ хэлэх, хэлэхгүй үг хэлдэг, бүр чангаар. Бид хүүхдийнхээ дэргэд юугаа ч нуухгүй хэрэлдэж муудалцдаг хэрнээ нэгнээ үнсэж хайрлах болохоороо хүүхэд харчихна гээд байдаг. Гэтэл эсрэгээрээ баймаар байна шүү дээ. Би хорих газруудад их очиж лекц уншдаг л даа. Шоронгийн хоригдлууд надаас юу асуудаг гэхээр дандаа хайр асуудаг. Аав ээж минь амьд байх болов уу. Эхнэр маань намайг хүлээх болов уу гээд. Шоронд орсон хүмүүсийн наяас дээш хувь нь багадаа гэр бүлийн хүчирхийлэлд өссөн, эсвэл өнчин өөрөөр хэлбэл, багадаа хайр амсч үзээгүй хүмүүс байдаг. Хамгийн хүнд хэрэгтэнгүүд эхийн сүүгээр амлуулаагүй хүмүүс байдаг гэж би сонссон. Тийм болохоор хүүхдүүдээ хайрла. Муу муухай зүйлсийг аль болохоор үзүүлэхгүй бай. Тэгэхээр хүмүүс ээ, хэрүүл хараалаас хол байцгаая. Уурлахад нүүрэн дээр 74 булчин зангирдаг гэсэн. Харин инээхэд бол дөрөвхөн гэж байгаа шүү.
Та дургүй хүнийхээ уурласан үеийн царай төрхийг бод доо. Нүд нь улаанаараа эргэчихсэн, ямар байсан бол … Тэгвэл та өөрөө уурласан үедээ ямар харагдаж байсан бол. Таны уурласан төрхийг утсан дээрээ бичээд үзүүлвэл "пээ ямар балиар юм бэ, наадахаа устгаач” гээд бөөн юм болно доо. Бид уурласан үедээ ямар харагдаж байгаагаа бодох сөхөө байдаг уу. Байдаггүй шүү дээ. Тийм болохоор хүмүүс ээ тийм муухай царайгаа бусдад битгий харуулж бай. Тэгвэл яаж уурлахгүй байх вэ. Бушуухан амаа завгүй болго. Тавган дээрээс ааруул хурууд, боорцог аваад амандаа хийчих. Ам чинь завгүй бол хэрэлдэж чадах уу, үгүй. Дараа нь дотроо зуу хүртэл тоол. Хэрүүл хийхэд хоёр хүн хэрэгтэй болдог. Харин та нэг нь биш болчихвол нөгөө хүн ганцаараа хэрэлдэхгүй шүү дээ. Цаад хүн чинь хэчнээн тань руу дайрч давшилсан ч дотроо тоогоо тоолоод гүрийгээд байгаарай. Хэлж байгаа үгийг нь битгий тоо, царайг нь бүү хар. Гал дээр битгий тос нэмээрэй. Тэгвэл хоёулаа түлэгдчихнэ шүү. Харин тоогоо дотроо тоолсоор …

Таныг огт тоохгүй болохоор цаад хүний чинь эрч нь ч суларна. Энэ үед та зуу хүртэл тоолж дуусна. Эцэст нь та юу гэж хэлэх билээ. "Яах гэж ингэж байдаг юм бэ дээ хө.” Хариу нь ямар байх бол. Магадгүй "харин тиймээ хө.”
Та ингэж чадах юм бол хайртай хүнээ гомдоохгүй, хэрүүл хийхгүй шүү дээ. Манай нэг танил эхнэртэйгээ анх танилцахдаа уурласан үедээ нэг арга хэрэглэж байя гэж тохирчээ. Уурласан үедээ ерөөсөө хэрүүл хийхгүй. Харин цаасан дээр бичиж өгч байя гэж тохирсон байна. Ингээд уурлаж бухимдсан үедээ хамаг муу үгээ бичиж эхлээд сүүлдээ хүч нь саарсаар нэг нэгэндээ өгөхөөсөө зовоод өнөөх цаасаа базаад хаядаг гэнэ.
Та уурлаж бухимдсан үедээ өөрт тохирох аргаа сонгоорой. Та чин сэтгэлээсээ хайрласан талархсан үед уур бухимдал байхгүй болж байдаг. Уур бухимдлыг сонгосон үед таны хайр нигүүсэл энэрэл алга болж байдаг. Тэгэхээр уурлах тусам таны сайхан чанар алга болж байна гэсэн үг. Эргэн тойрныхоо хүмүүст хайр өгөх юм бол эргээд танд хайр л ирнэ. Та юу авмаар байна, түүийгээ л өгөөд бай гэсэн үг. Та гудамжинд явж байгаад хэн нэгнийг алгадлаа гэхэд тэр хүн зөрүүлээд таныг алгадна. Та байнга л хэн нэгнийг муулж сөрөг зүйл ярьж явдаг бол эргээд танд тийм муу зүйл л ирнэ гэсэн үг. Та ямар үйл хийнэ, түүнийхээ үрийг л хүртэнэ. Өөр хүн авах боломжгүй. Үйлийн үрийн энэ зарчмыг ойлгох хэрэгтэй. Бурхан будда би та бүхний нүгэл хилэнцийг усаар угаасан юм шиг арилгаж чадахгүй. Яагаад гэвэл тэр үйлийг та нар хийсэн учраас. Харин үүнийг цэвэрлэхийн тулд ийм ийм юм хийж болно гээд номоо номлосон байдаг. Энэ зарчмыг ойлгох юм бол өдийг хүртэл туулж ирсэн амьдрал чинь зөвхөн таны үйлийн үр шүү. Өөр хэн нэгнийх биш шүү. Маш олон хүн тэрнээс болж би зовж байна. Тэр байгаагүй бол би сайхан амьдрах байсан юм гэдэг. Тэгвэл үгүй шүү. Харин ирээдүйд таны үйлийн үр энэ гээд яг таг зурагдчихсан юм гэж байдаггүй, өнгөрсөнд л байдаг. Хүний амьдралд маш олон сонголтууд, маш олон жимүүд байдаг.
"Далд ертөнц” сэтгүүлийн 2 сарын дугаараас

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?