📅

АН шинэчлэл хийх үү, шилжүүлэлт хийх үү

🕔 2016/08/25 10:08

АН шинэчлэл хийх үү, шилжүүлэлт хийх үү

 

АН-ын ҮЗХ-ны хурал товлогджээ. Энэ удаагийн хуралд ирц 100 хувь байх хөшүүрэг нь намын шинэ даргаа томилох санал юм. Өргөн утгаараа бол АН хэрхэн яаж шинэчлэгдэх вэ. Энэ шинэчлэлийг гардах лидер хэн байх вэ. Бүр цаашилбал Монголын улс төрийн намуудын төлөвшилд найдвар байна уу, үгүй юу гэдгийг харуулах эхний хурал юм.

 

Хоёр намд ээлжлэн саналаа өгч 20 жил болоход нийгэм эдийн засгийн хөгжил үндсэндээ урагшилсангүй. Үүнд Увсынхан амиа бодож, Сэлэнгийнхэн тариагаа муу хурааж, Ховдынхон хойшоо суусандаа бус засаглалын чадавхи маш сул буюу намууд олны итгэлийг даахгүй, олигарх төрүүлж, хоншоор доорх явцуу эрх ашгаараа төсвөө мөлжиж ирсний үр дагавар гарч ирээд байна.

 

Ялсан нам эдийн засгийг яаж ийгээд нэг удаа сэхээлээ гэхэд намууд төлөвшөөгүй бол буцаад хямралын тойрогтоо орно. Тийм болохоор АН-д нүүр засал төдий бус бүрэн төгс явагдах шинэчлэл түүнийгээ хадгалах бүтэц дүрмийн зангилаа хэрэгтэй байгаа. Үүнийг хийх хамгийн таатай нөхцөл байдал манай улс төрийн хүрээнд яг одоо бий болоод байгааг онцолмоор. Учир нь өнгөрсөн сонгуулиар нэг нам нь үнэмлэхүй олонх болсноор АН, МАН хоёрын цаагуураа тогтоогоод байсан МАНАН холбоос тас үсрэх хамгийн таатай боломж одоо л бүрдээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, АН одоо бүх бээрээ шахаад ялахын төлөө дахин олны итгэлийг авахын төлөө эрх баригч нам буюу төртэй ноцолдох болж байна. Орших уу, эс орших уу гэдгээ улс төрийн далд наймаа, бүлэглэл фракийн эрх ашиг, сонирхолд нийцсэн тохироогоор хийх бүх боломж нь хаагдаад байна. Өөрөөр хэлбэл, булаалдах эрх мэдэлгүй болсон фракцууд одоо ядаж хэлбэрийн хувьд задарч байна. Цаашид дахин ялья гэсэн амбицаар нэгдэх боломжийг өнгөрсөн сонгуулийн шок-ийн ялагдал АН-д өгчихсөн байгааг ҮЗХ-ийн мандат өвөрлөсөн гишүүд мэдэрч байгаа гэж найдья.

 

АН-ын ҮЗХ-ны хурал хоёр асуудал дээр ширүүхэн талцах нь тодорхой. Намын даргаа анхан шатнаас бүх гишүүний саналаар гаргах. Урьдын адил одоогийн дүрмээ бариад ҮЗХ-оор хэлэлцээд гаргах хоёрын аль нь зөв бэ. Энэ нөхцөлд яаж, ямар арга хэлбэрээр хийх вэ гэдэг бол тус намын дотоод асуудал юм. Харин олон нийт, ажиглагчдын зүгээс бол АН-ыг хэн удирдах вэ гэдэг сонголтыг анхааралдаа байлгаж байна. Сөрөг хүчний Лидер болох гэдэг бол олны анхааралд хамгийн их орж өөрийгөө таниулах том боломж. Ийм нөхцөлд Лидер нь лойдор байх ёсгүй. Тэгвэл хуваагдаж хагарал нь улам бүр бугшина. Бас амбиц нь амаараа гарсан туйлшрагч улайрсан тэмцэгч байх албагүй.

 

Намын шинэ дарга наад зах нь сөрөг хүчний манлайд гарахдаа улсаа бодож хөгжүүлэхийн төлөө тэнцвэртэй хүлээцтэй байх улс төрийн шинэ хандлага зарчмыг барих шаардлага тулгарна. Сөрөг хүчний улигт тактикаар эрх баригч намынхаа хийснийг харлуулж, хийх гэснийг хааж гацааж суух эрх одоо аль улс төрийн хүчинд байхгүй. Улс орон нийгэм эдийн засаг сүүлийн эмчилгээндээ орчихоод байгаа хүнд үе ирээд байна. Нөхцөл байдлыг ойлгож эрүүл сэтгэлгээгээр ажилладаг, өрсөлдөхүйц хөгжлийн цогц хөтөлбөр бодлоготой шинэ нам болгох ачааг хэнд үүрүүлэх вэ. Жирийн гишүүд нь шинэ Лидер хэн байх талаар бүгд бодолтой, тэндээ хэлэцүүлэг саналтай суугаа л биз. Тэгээд өндөр татвар төлдөг ҮЗХ-ынхон тэндээ шийдэх хойно энд бид яах билээ дээ гэж зарим нь цөхөрч байгаа л байх. АН-ын шинэ дарга хэн байх талаар нэр дэвшүүлэлт эхэлсэн байгаа харагдана. Д.Эрдэнэбат, Г.Батхүү, Л.Болд, С.Эрдэнэ гээд одоо байгаа намын бүлэг дотроосоо дэвшүүлсэн бор шувуу нисгээд л байгаа. Үүн дээр Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан албан ёсоор нэр дэвшихээ хэвлэлийн хурлаар дуулгалаа. Түүний мэдэгдэлд анхаармаар зүйл байгаа харагдсан. "... Аливаа шинэтгэлийг уг шинэтгэлийн зайлшгүйг ойлгосон, мэдэрсэн, бас хэрэгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй хүмүүс л хийдэг” гэдгийг онцолсон байна лээ.

 

Юун түрүүн шинэ даргаа сонгох АН-ын эрх мэдлийн тойргийнхон нэг зүйлийг сайн ойлгоосой. АН-ын лидер болох нь 4 жилийн дараа хэн Ерөнхий сайд болох вэ гэдэг сэрүүн зүүдний марофон биш. Энэ онцгой нөхцөл байдалд тэмцэж байна гээд төрийг нураачихгүй, олноо үргээчихгүй, намаа нэгтгээд цул хүчин болгож чадах төлөвшсөн улстөрч хэн бэ гэсэн өндөр шалгууртай сонголт явагдах ёстой. АН үнэхээр шинэчлэгдэх үү, дахин хэлбэрдэж нэг фракцаас нөгөө фракц руу эрх мэдлийн шилжүүлэлт хийх үү гэдгийг харцгаая. 

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Эх сурвалж: Shuud.mn

Линк: http://www.shuud.mn/content/read/472638.htm

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?