📅

Харийн атлаа төрсөн нутаг шиг санагдах Монгол орон

🕔 2015/10/30 09:07

Aлисон Сийборн нь Австрали улсын иргэн бөгөөд хуульч, зохиолч, багш мэргэжилтэй. Тэрээр урьд нь УБ Пост сонинд редактор, Стар ТВ-ийн "Надтай ярилцаач” ток шоуны санаачлагч, хөтлөгчөөр ажиллаж байжээ. Тэрээр Монголын 21 аймгаас 19-д нь очиж үзсэн бөгөөд түүнтэй твиттер дэхь @allysonseaborn болон FB дэх  www.facebook.com/SLICEOFMONGOLIA хаягаар нь холбогдож болно.  

Суусан  хөлөг маань "Чингис хаан” олон улсын нисэх буудал руу ойртох тэр л үед сэтгэлийг минь ер бусын ихээр сэргээдэг, зүрх сэтгэлээсээ эрхэмлэн хайрладаг тэр л оронд байх өөрийн гэртээ удахгүй очно гэхээс сэтгэл баясаж, цаанаа л нэг дотор цэлмэх шиг болдог. Тэгээд онгоц маань Улаанбаатар хотын дээр ирээд, доошлох үед бид Монголчуудын хэлдгээр уудам "Хөх тэнгэр”-ийн доор Улаанбаатар хотын захаар ярайх олон байшингийн дээвэр өнгө өнгөөр алаглахыг олж харлаа. 

Би саяхан Хонг Конгд нэг долоо хоногийн хугацаатай зорчсон юм. Юм бүхэн цаг нартай, хуваарийн дагуу, яаруу давчуу, түргэн шуурхай өрнөдөг хэмнэлтэй тэр хотод би өөрийгөө эгээ л тоолшгүй олон үл таних загас жараахай язганасан тэнгист хаягдсан ганц шоргоолж мэт санаж дотор давчдаж, харанхуйлах мэт болж байсан. Дэлгүүрийн цонхоор тансаг загварын гутал хувцас, том том очир эрдэнийн зүүлт чимэглэлүүд ярайж, худалдагч нар нь чин сэтгэлийнхээ угаас бус өнгөн дээрээ "Баярлалаа, өдрийг сайхан өнгөрүүлээрэй, хатагтай” гэхийг тоймгүй олон удаа сонсож явахдаа ааруул хүлхэж өссөн монгол хүүхдүүдийн цагаахан инээмсэглэлийг хэчнээн их санав. Өчүүхэн ч хиргүй цэвэр ариун, гэнэн, цагаахан тийм инээдийг санахгүй байхын ч аргагүй дээ. 

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Монгол оронд зүрх сэтгэлийн угаас ер бусын хүчтэй татагдаж дассан маань угтаа нүүдэлчин гарал угсаатайд маань ч холбоотой байж болох. Би Америкийн Нэгдсэн Улсад төрсөн ба аав маань Америк, ээж маань Чили хүн бөгөөд тэд хоёул адал явдалд их дуртай. Хүүхэд насны минь ихэнх үе Америкийн хойд, өмнөд хэсэгт өнгөрч,хожим намайг 15 нас хүрэх үед манайх гэр бүлээрээ Aвстрали руу нүүсэн юм. 

Танихгүй хүмүүс надаас "Тэгээд та хаанахын хүн болж таарах вэ?” гэж асуухад нь би зөнгөөрөө л "Би Монголоос ирсэн” гээд хариулчихдаг юм. Миний хувьд хамгийн тохирох хариулт бол энэ л юм.

Хонг Конгийн нэгэн таксины жолооч надаас "Хятадын Монголыг хэлж байна уу?” гэж асуухаар нь би хариуд нь: "Үгүй ээ, Монгол Улс. Ардчилсан Монгол Улс, нийслэл нь Улаанбаатар гэдэг нэртэй. Тэнд би амьдардаг юм” гэж хариулж билээ.

Ингээд хариулсан байхад асуусан хүмүүс гайхан тээнэгэлзсэн янзтай хараад улам их асуулт асууна. Тэр нь ч болж байгаа нь тэр. Сэтгэлийнхээ мухарт бол би судсаар минь Чингисийн цус гүйж байгаа гэж нууцхан боддог. 

Энэ орны онгон дагшин байгалийн гоо үзэмж миний сэтгэлийг соронзон адил татдаг юм. Монгол орны байгалийн сайхныг биширч байсан дурсамж олон бий. Түүний нэг нь Хэнтий аймагт өнгөрүүлсэн тэр зуны аялалтай холбоотой. Тэр зун би хязгааргүй үргэлжлэх зэрлэг цэцэгсээр хүрээлүүлсэн Хөх нуурт амарч байлаа. Тэр цэцэгс нь Хонгорзул байсан. Би энэхүү цэцгийг Доктор Суизын номыг дурьдан дүрслэхгүй бол болохгүй санагдана. Цэцэгс нь Horton Hears a Who болон Wizard of Oz дээр гардаг үзэсгэлэнт цэцэгс шиг л байв. Чаддагсан бол жиг жуг инээлдэж, надтай хамт бүжиглэх байсан даа гэлтэй найгах нил ягаан өнгийн, өргөстэй, гольфийн бөмбөгнөөс том хэмжээтэй тэр цэцэг Монгол орны хаа сайгүй элбэг таарах ба ялангуяа "Монголын нууц товчоо”-нд тэмдэглэснээр Тэмүүжинг Чингис Хаанд өргөмжлөх ёслолыг үйлдсэн газар болох Хөх нуурын эргээр нэн элбэг ургасан байв. Дэргэд нь хүндэлж биширдэг овоо минь байх тэр нуурын дээрээс дүнхийх толгодын оройг хүртэл мөнөөх хонгорзул цэцэгс битүү бүрхэн ургасан байсан. Би тэнд гараад, хязгааргүй гүн цэнхэр тэнгэрийг ширтэн залбирч байхдаа Бурхан гэж үнэхээр байдаг л юм бол ийн залбирч байгааг маань энэхүү толгодоос тодхон сонсох нь лавтай хэмээн санаж байлаа. 

***
2015 оны 7 сард би баримтат киноны залуу уран бүтээлч Австрали бүсгүй Эмма Хадсон болон түүний найзуудтай Архангай аймгийн Цэцэрлэг хотод наадам үзэж явахад нь таарч билээ. Тэрээр 16 настай байхаасаа эхлээд Монголд очиж үзнэ гэж төлөвлөж эхэлсэн бөгөөд тэр аяллынхаа талаар ингэж хэлсэн: 

"Бидний гурван залуухан бүсгүй Монгол орноор ингэж аялж явахдаа эндэхийн хүмүүс биднийг хэрхэн хүлээж авах бол гэдэг талаар тун бага мэдлэгтэй байлаа. Эхнээсээ л би айлтгүй гэж бодож байсан л даа. Гэхдээ л энэ аяллын үеэр ийм сайхан халуун дотно сэтгэгдэл төрнө гэж би төсөөлөөгүй. Ийм найрсаг, зочломтгой хүмүүс байна гэж ч санасангүй. Бид Архангай аймгаар бүтэн хоёр өдрийн турш Англи хэл мэдэхгүй жолоочтой аялсан. Баатар гуай бидэнд замд таарсан мал, амьтан бүрийн нэрийг Монголоор хэлж өгч, хоёр бадаг дууг давтан давтан дуулж өгсөн. Иймэрхүү байдлаар л хоорондоо хэл нэвтрэлцэж байлаа.

Манай жолоочийн нэрийг Англиар орчуулбал "Hero” буюу эрэмгий баатар эр гэсэн утгатай. Үнэхээр ч нэрэндээ дүйсэн зоригтой эр байгаа юм. Жолооч маань шавар шалбааг ихтэй замаар аюулгүй зөөлөн явж, яг л өөрийнхөө хүүхдүүдэд санаа тавьж байгаа мэт биднийг бөөцийлж байсан. Замд таарсан Монгол хүн бүрийн өгөөмөр зан, бусдыг гэсэн сайхан сэтгэл намайг бүүр уяраасан гэхүү дээ. Би ийм догшин байгальтай газар нутагт очиж байгаагүй бөгөөд Монгол хүмүүсийн өөрийгөө умартан бусдыг гэх сайхан сэтгэл байгаагүйсэн бол энэ их ер бусын гайхамшигт мэдрэмжийг мэдрэхгүй байх байсан.”

Миний олон жил бодож мэдэрч явсан зүйлийг өөр хүн яг надтай адил мэдэрч, ийн өгүүлж байгаа нь нэн сайхан санагдсан шүү. Тэгээд би Эммагаас Монголын юу нь хамгийн их таалагдсан тухай асуув. Тэрээр хэлэхдээ:

"Нүүдлийн ахуйгаа өнөөг хүртэл хадгалж авч үлдсэн нь надад хамгийн сайхан санагдсан. Энэ нь байгаагаараа элдэв чимэггүй, энгийн, гэр бүл хийгээд байгаль орчинтойгоо хичнээн гүн холбоотойг нь харуулж байгаа юм. Бид байгалиасаа, оюун санааны зөн совингоосоо улам бүр холдож байгаа энэ цаг үед Монголын хөдөөд тийм хүмүүнлэг хийгээд ид шидийн гэмээр энерги бөхөөгүй байгаа нь тун сайхан хэрэг шүү дээ.” 

***
"Оюун санааны зөн совин, ид шидийн гэмээр энерги” гэж Эмма үнэхээр зөв тодорхойлжээ. Нил ягаан хонгор зул цэцэгс зүүдэнд  минь үе үе бүжиглэн найгадаг шиг тийм нэг ид шидийн гэмээр тэр л мэдрэмж. Тэнгэрт тулсан тоосон манан дундуур хөлөрч, эцсэн морио ташуурдан барианд орох гэж зүтгүүлэх унаач хүүхдүүдийг харах бүрт төрдөг тэр л сэтгэгдэл. Морины уралдааныг би олон удаа үзэж байсан хэдий ч Монгол дээлээ өмссөн наадамчин олны хөгжөөн, баярлаж хөөрсөн сэтгэл, эрч хүчийг дахин дахин мэдрэх бүрт нүдэнд минь нулимс цийлгэнэдэг. Гоо сайхан гэдэг энэ ажгуу. 

Цагаан сарын ууц, цагаан идээний үнэр, халуу дотноор "Амар байна уу?” хэмээн золгох  тэр л элгэмсэг ёс, Монголчуудын итгэл үнэмшил, сүсэг, анх уулзсан хүнээ сайн таньдаг болохоосоо өмнө биеэ барьж, бүрэг загнаж, чимээгүй суух тэр л зан. Монголчуудын, нэн ялангуяа хөдөөний ардын, гэмгүй гэнэн зан төрх нь эвдрээгүй байдаг юм.

Би 2014 онд Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд Apple компанийн үйлдвэрлэлийн дизайнер Жэйк Вард хэмээх Америк залуу болон түүний зоригт найз бүсгүй Жэйн Томсон нар хэдэн сарын турш мотоцикл унан Монгол орны хөдөө нутгаар хөндлөн гулд аялан явж байхад нь таарсан. Жэйк "Би Монголыг өнөө цагийн хүмүүс бидний хувьд улиг болсон орчин үеийн тав тух, хөгжил дэвшлээс хол, шороон замаар аялж, жинхэнэ адал явдал хайж болох алс холын орон мөн гэж боддог байлаа” хэмээн өгүүлж байв. 

Жэйк, Жэйн хоёр Монгол орноор нар зөв тойрон аялжээ. Энэ аялалынхаа талаар Жэйк ийн хэлэв:
"Бидний аяллын өдөр бүр адал явдал учирч байсан болохоор онцолж аль нэгийг нь дурдах нь хэцүү юм. Бидэнд хамгийн их таалагдсан хэсэг бол замд гарсны дараах эхний таван өдрийн аялал байж болох юм. Тэгэхэд Улаанбаатараас зүүн хойд зүгт байх Хэнтий аймгийн Дадал сумыг зорьсон юм. Ийн аялж явахдаа бид жуулчдын алгасдаг нутагт байх тайгын зэлүүд маш үзэсгэлэнт байгалийг үзэж, нүдээ баясгаж явсан. Тэр таван өдрийн аяллын үеэр бид хөдөөгийн нэгэн сайхан айлд уригдаж, Монгол идээ ундаагаар дайлуулсан, Онон мөрнийг гатлах гэж хоёр мотоциклоо салан дээр ачуулж нөгөө эрэг дээр гарч, хээр майханд хонож, тал хээр, уулархаг газарт нар шингэхийг харж байлаа.”

***
Тэр надад мэддэг зүйлсийг маань сануулснаас гадна надад "Монголд хөтөчтэй аялал хийсэн ч эсвэл биеэ даагаад дугуйгаар аялсан ч бай ялгаагүй адал явдалтай заавал учирдаг” гэж хэлсэн шүү.

Энэ оны эхээр би Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр задгай чаргатай нэг эргээс нөгөө рүү нь  аялж билээ. Чарганы хонх дуугарч, аяллын бэлтгэл гэж нэг хундага цагаан архи надад өгч зоригийг маань чангалав. Мөсөн дээгүүр чарга хөлөглөн явж байхдаа мэддэг хэдэн Монгол аялгуу эгшиглэсэн шигээ явлаа. Би хэзээ ч тийм хүйтэнд байж үзээгүй боловч салхи, мөс хоёрын эрчийг өнөөх дулаан мэдрэмж маань дарж байлаа. 

Мөсний баяр дууссаны дараа буудлын зам дээр Мөрөн хотын онгоц царцаад зогсож байгаа онгоцон дээрээ очиход дараагийн айдас залгаж авлаа.  
Настай хэдэн Итали жуулчин ихэд сандарсан байдалтай харагдаж байв. Аргагүй шүү дээ, аяллын төлөвлөгөөнд нь ийм юм болно гэж тусгаагүй юм чинь. Онгоцны жижигхэн цонхоороо гадагш харвал онгоц буудлын ажилтнууд сэнсийг нь гараараа эргүүлэх гэж оролдож байгаа нь харагдав. Би өөртөө "За асахгүй юм шиг байна даа” гэж шивнэв. Би цааш сонсвол нислэгийн багийнхан "Онгоц хөлдчихжээ чшшш” гэж байх нь дуулдлаа.   

Засмал зам дээр суусан бид их даарч байлаа. Сайхан сэтгэлт онгоцны үйлчлэгч онгоцонд "бага зэрэг асуудал” гарсан тул онгоцноос түр холдохыг биднээс хүсэв. Нэгэн жижиг автобусанд биднийг суулгаад Мөрөн хотын нэгэн нэрийг нь үл мэдэх ресторанд авчирлаа. Тэр ресторан зөвхөн бидэнд зориулж усаа нээж, бүхий л үйлчлэгч нараа бидэнд туслуулахаар дуудсан шүү.  
Олон давхар хувцасны, малгай, ороолтны цаанаас царайг нь олж харах боломжгүй болсон нэгэн сайхан зантай Итали эмэгтэйд би "Та битгий санаа зов доо” гэлээ. Тэрбээр ихэд түгшсэн байдалтайгаар "Нисгэгч нар яг юу болоод байгаа тухай бидэнд хэлээсэй!” гэж хэлэхэд нь би хариуд нь "Бид  яах ч үгүй. Нисгэгч нар бүх юмаа мэдэж байгаа, зүгээр” гэлээ. Тэгээд дотроо бол өөрөө өөртөө "Юу л болдог бол, харж байя даа” гэв.

Улаанбаатараас өөр онгоц биднийг авахаар ирж явах үед бид дуу дуулж, амттай хоол идэж суулаа.  Нүдэнд дулаахан хоёр нисгэгчтэй ширээний теннис тоглосон нь сэтгэлд хамгийн тодхон үлджээ. Тэд теннисний ракет рестораны хүлээн авах ширээний ард байдгийг мэдэхийг бодвол урьд нь Мөрөнд ингэж гацаж байсан нь тодорхой байлаа. 

Нэлээн олон цаг өнгөрч Улаанбаатарт сая нэг буусны дараа би Ром хотоос ирсэн нэгэн эрхэмтэй ярилцлаа. Тэрбээр ихэд ядарсан боловч тодхон инээмсэглэж надад ингэж хэллээ: "Би ч жаахан санаа зовж л байлаа гэхдээ ийм гэнэтийн адал явдал болно гэж яаж ч урьдаас мэдэж төлөвлөх вэ дээ. Онгоцны зам дээр ингээд хөлдтөлөө даараад сууж байх юм байх гэж бодсон чинь юм нааштайгаар эргэлээ шүү.” "Асуудалтай цаг үед ямар мундаг сэтгэж байна аа!” гэж би бодлоо. 

Би түүнд Хөвсгөл нуур зундаа ямар үзэсгэлэнтэй байдгийг хэлж өгөхөд тэрбээр нуурын хөлдүү мөсөн дээр ингэж баяр наадам зохиож байгаагаас илүү сайхан юм байхыг төсөөлж чадахгүй байлаа.   

***
Сайхан дурсамжаар дүүрэн бас нэг хүйтэн зэлүүд газар бол Монголын хойд хэсэгт байх зүүн тайга юм. Энэ тайга нь Цагааннуур сумаас дал орчим километрийн зайтай.  2013 оны 8 сард би цэцэгт тал, нарсан ой, мөнх цаст уулсын хөндийгөөр мориор 8 цаг гаруй аялж явсаар цаатны урц хэлбэрийн байртай баазад ирлээ. 

Миний хувьд энэ нь хамгийн алслагдмал хийгээд соёл иргэншлээс ангид хязгаар бөлгөө. Ойд чоно элбэгтэй тул цаатан хүмүүсийн цорын ганц амин зуулга болох цаа буганаас нь хороочих гээд байдаг аж. 

Ийн аялж явахад минь хачирхалтай болон инээдтэй зүйлс их тохиолдов. Тухайлбал, нутгийн бөөгийн шүдийг эмчилж өгөхийг хүссэн дуудлага надад ирж, гэрлэх санал надад бас тавьж мөн хандгай олж харах зэрэг олон үйл явдал ганцхан өдрийн дотор өрнөж билээ.  Шүд хага ташим тунгалаг ус уулнаас буух хөндий тийш би жолоогоо заллаа. Тэнгэрт хөвөх хөвөн цагаан угалзан үүлсийг харахаар л энэ дэлхий дээр би ганцаараа үлдчихсэн юм шиг сэтгэгдэл төрнө. Хэдэн эр цаа хажуугаар минь өнгөрөхдөө эврээрээ миний зүг сониучирхсан янзтай дохиод өнгөрөв. Монголын энэ хэсгийг тодорхойлох гэвэл сюрреал буюу үлгэрийг мэт гэдэг үгс л орж ирнэ дээ.

***
Бэри Жиггинз бол Австралийн рентгений техникч бөгөөд Говь нутгийн нүүдэлчин малчдад туслах MongoliAid буяны байгууллагын үндэслэгч юм. Бэри Монголд анх ирсэн цагаасаа эхлээд л энэ оронд хайртай болсон гэдэг. 

Тэрбээр нүдээ гялалзуулаад "2003 онд анх ирэхэд л Говийн хүмүүсийн зочломтгой зан сэтгэлийг минь татсан. Энэ нь хүнд зам зааж өгч, цай ундаар дайлж, холын танихгүй хүнийг цааргалалгүй гэртээ хонуулж байгаа тэр сайхан сэтгэл соёлд нь нэвт шингэсэн байдаг юм.” 

Тэгээд Бэри бид хоёр дэлхийн хаа нэгтээ хонох байр, хоол хайгаад танихгүй айлын хаалга нүдвэл яах бол гээд хошигнон төсөөлөөд үзлээ. Бэри "Тийм ч юм тохиолдохгүй дээ. Тохиолдсон ч хэн нэгэн цагдаа дуудах нь лавтай” гэж хэлээд инээж билээ. 

"Говийн хүмүүст байх ер бусын ах дүүсэг зан дэлхийн бусад газарт маш ховор байдаг. За хотын хүмүүст бол бүүр байхгүй. Энэ нь хатуу ширүүн орчин нөхцөлд хамтдаа дэм дэмэндээ байж тэсэж үлдэнэ гэсэн амьдралын төлөөх хамтын тэмцлийн үзэл санаанд суурилсан юм. Нүүдэлчин ахуй энэ хэвээрээ урт удаан оршин тогтнох болтугай!” гэж Бэри сэтгэлээсээ инээмсэглэн өгүүлж байсансан. 

***
Говь нутгийг үзэхгүй орхиж яавч болохгүй билээ. 2015 оны 7 сард би таван аймгийн нутгаар нийт 4,000 км замыг туулан аялаад ирсэн. Ингэж явахдаа би Баянзагийн улаан эрэг орчмоос орчмоос динозаврын яс ч олсон. Энэ нутгийг Монголд 1920-иод оны үед ирж байсан Америкийн палеонтологич Рой Чапмэн Эндрюс "Flaming Cliffs” буюу "Галт толгод” гэж нэрлэсэн байдаг. Дэлхийн хэмжээнд хамгийн анх динозаврын өндөг эндээс олдсон тул их алдартай газар даа.  

Найз Чукатайгаа говь цөлийн аагим халуунд тэр хавиар эргэлдэж хэмжиж яваад сая сая жилийн турш газрын хөрсөн дор булаастай хэвтсэн аварга том палеолитийн үеийн саврын захаас малтаж үзлээ. Нутгийн хүн "Ийм яснууд хаа сайгүй л хэвтэж байдаг юм” гэж надад хэлж байлаа. Гэхдээ ихэнх ясны олдворыг түүгээд Хятад руу хил давуулаад зарчихдаг. Харин миний олсон энэ аварга савар нь намайг хүлээгээд энд байж байсан байх нь. Түүн рүү ширтэж, тоосыг нь үлээж, гараараа хүрээд өөрийгөө Индиана Жоунс гэж бодоод нөгөө савраа элс шороогоор дахин буллаа. Цаг хугацааны уртад гээгдсэн нууц энэ дээ. Би сэтгэлийн мухарт дурсамж болон үлдсэн энэ газарт хүүхдүүдээ авч ирэхийг хүснэ. Тэр аварга том мангасын савар олон жил тэндээ байж л байгаасай гэж найднам. 

Говьд хоносон тэр шөнө би тэнгэр ширтэн алсын алсаас гэрэлтэх оддыг ажлаа. Ямар хурц, ямар гэрэлтэй байсан гэж санана. Монголд байхдаа л мэдэрдэг нэг тийм амар амгалангийн мэдрэмж дахиад л намайг нөмрөөд авах шиг болсон. 

***
Маргааш нь бид баруун зүгийг барин шороон замаар аяллаа үргэлжлүүлж замдаа цал буурал толгойтой нэгэн эртэй таарлаа. Түүний нүүрэнд гүн гүн үрчлээ тодрох бөгөөд өмссөн дээл нь хуучин хэдий ч өнгө нь гандаагүй аж. Тэрбээр олон жилийн турш олж цуглуулсан хэдэн зууны настай сумны хүрэл зэв зарж байв. Улаанбаатар хотын музейд ийм зэв байхыг харсан боловч говь өөрөө амьд музей гэдэг энэ ажээ. Энэ нутгийн бараг бүхий л нууцад ямар ч гар хүрээгүй, өнөөг хүртэл булаастай чигээрээ байгаа мэт санагдах юм. 

***
Дорнод аймгийн төв Чойбалсан хотод би нэгэн удаа музейн гадна байх хуучин армийн үеийн хоосон чимээгүй бункерт гарч үзэж билээ. Газрыг хөндийлж хийсэн энэ бункер дотор Оросын цэргийн дүрэмт хувцас, гранат мөн автомат буугаар дүүрэн овоолоостой байв. Намайг хориглох хэн ч байгаагүй тул би нэгэн дүрэмт хувцсыг гинжнээс нь салгаж аваад эгээ л жаахан охин элдэв хувцас өмсөн маягладаг шиг л өмсөж үзлээ. Хананд байх Сталины зураг над руу муухай харна. Олон арван жил энд мартагдан гээгдсэн цэргийн хувцас хэрэглэлд нэвчсэн тоос харшил хөдөлгөж би ханиаж найтааж эхлэв.  

Энд хэн ч надад дурсгалын зүйлс зарах гэж зүтгэхгүй эсвэл зургийг минь авч өгөх гэж шалахгүй. Кола авч уух мухлаг ч гэж энд байхгүй. Зүгээр л жинхэнэ бункерт ороод Зөвлөлтийн цэргийн хуучин дүрэмт хувцас өмсөөд, гартаа гранат бариад зогсож байгаа маань энэ. Түүхийн нэгэн хэсгийг би өөрийнхөөрөө бичилцээд зогсож байгаа ч юм шиг мэдрэмж төрж байлаа. Сталины хөрөг бага зэрэг таагүй санагдсан ч би нуруугаа эгцлээд энэ мөчийг сайтар мэдрэхийг хичээж байв.

***
2014 оны 8 сард Сараагийн жуулчны баазад болсон Олон улсын морь унаачдын клубийн бэсрэг наадмын дараахан нь Хүүхдийн сайн сайхны төлөөх Children of the Peak Sanctuary төслийг үндэслэгч Канадын иргэн Жули Велү-д Монгол дахь хамгийн сайхан дурсамж нь тохиолджээ. Тэрбээр хэлэхдээ: 

"Бид орон нутгийн 60 орчим хүүхдийг наадамд оролцуулаад үйл ажиллагаагаа дуусгаад байсан үе. Наадмын дуу тачигнасан талд 40 орчим сахилгагүй хүүхэд бужигнаж байлаа. Би гурван гадаадын хамт 52 монгол хүн цугласан нэгэн гэрт орж, тэндхийн уур амьсгал дунд өөрийгөө ч мартчихлаа. Хуран цугласан олны яриа хөөрөө, бүгчим халууныг зүсэн нэгэн ая дуу цойлон хүчээ аван цангинаж, морьдын уралдаан, түрүү магнай, торгон жолоог санагдуулам нэгэн сайхан дууг дуулж эхлэхэд хүн бүр амьсгаа даран чагнаж, тэрхэн хоромд тэр дуунаас өөр юуг ч үл анзааран анирдан суув аа. Тэгтэл удалгүй хурсан олон мөнөөх дууг нэгэн зэрэг түрэн хөг нийлүүлэн дуулсан.”

"Гэрт байсан 52 хүн эх түүхээ дээдлэн, газар шороо, ёс уламжлалаа эрхэмлэн нэгэн сэтгэлээр дууг түрэн дуулах нь хэчнээн сайхан. Энэ дууг тэдний эцэг, өвгөд бас л дуулж явсан бизээ. Тэдний цангинасан сайхан хоолой хүчирхэг дуун болон нэгдэж миний биеийг нэвтлэх тэр мөчид би энэ орны юу нь хамгийн сайхан болохыг мэдсэн.  Энэ хүмүүс эх нутгаа, ээжийгээ, морио чин сэтгэлээсээ хайрладаг.  Тэдний амьдрал ахуй, нөхөрлөл нь энгийн, шударга, шулуухан бөгөөд хүнд бэрхийг хамтдаа давна. Эгэл энгийн амьдардаг энэ хүмүүс харин таны аз таарвал энэ тухайгаа дуулж өгч мэднэ.”

***
Би 2014 оны зун хоёр хүүхдийнхээ хамтаар Баян-Өлгий аймгийн нутагт байх Таван Богд уулын орчимд долоо хоног аялсан. Манай жолооч Алтанбек хэмээх Казак залуу байсан бөгөөд чанга, эрч хүчээр дуулах нь яана! Дуу дуулаагүйсэн бол бартаат зам, ширүүн урсгалт мөрөн гол, Казак хүмүүсийг нутаглуулсан газар, эртний Түрэгийн үеийн дурсгалын хажуугаар УАЗ-нд тэгэж удаан аялаж явах нь үнэхээр хэцүү байх байсан байх даа. 

Би Таван Богд ууланд очиж бүргэдтэй ан хийгч Казак хүмүүсийн гэрт зочлохыг үргэлж хүсдэг байлаа. Надтай байнга л хамт явж байдаг хүүхдүүдийн маань хувьд бол энэ жирийн л нэг аялал. 

Өндөр уулсаар хүрээлүүлсэн номин цэнхэр Хотон нуурын хөвөөнд хэд хоног амарлаа. Харанхуй нарсан ойд төөрсөн ишиг олж, хурц тод будагтай Казак гэрийн шороон шалан дээр өөрсдийгөө амьтны үс ноосоор ороож арай ядан дулаацан хонож, багийн эмчийн мотоциклийн араар сундлан явж байхад салхитай хэдий ч ер бусын сайхан байсан.

Алтанбек жолооч маань биднийг хүрэх гэж зорьсон газарт маань авчирлаа. "Тэрийг хараач хүүхдүүдээ! Ээ бурхан минь …сүрлэг жавхлант Таван Богд уул энэ шүү дээ!” гэлээ. Хүүхдүүд маань машинд дотор нь эвгүйрхэж, даарч бас дээр нь нойрмоглосон байлаа.  

Тэднийг нүдээ залхуутай гэгч нь нээгээд, урамгүй янзтай харахад нь би цаашлуулж "Хойтон зун дахиад энд ирвэл ямар вэ?” гэж асуулаа. Тэд тэр дороо уйлж эхлэв.
Хүү маань хүйтэн, чулуутай газар өнхөрч унаад, тийчлэн "Ээжээ, зүгээр Диснейлэнд руу явж болохгүй юмуу даа?” гэж уйлагнав. Газраар хийсэн холын аяллын маань хэцүүхэн хэсэг нь энэ дээ. Дээр нь бидний идэх шоколад, бэлэн гоймон ч дууссан байлаа. Хүүхдүүд маань өлсөж байгаа хэрнээ хонины аливаа нэгэн мах яснаас идэхийг хүссэнгүй. Хонины чанасан толгой (эрүү, тагнайн завсар хэл нь цухуйсан бүтэн толгой л доо) тэдний хувьд хамгийн хүнд даваа байсан байх. Дотроо бол би инээд алдаж, Xbox болон бусад орчин үеийн сайхан юмаа санаад гомдоллож байгаа энэ хүүхдүүд маань нэг л өдөр ээжтэйгээ ийм холын бэрх аялалд гарч байсан үеээ эргэн дурсаад ямар азтай байснаа ойлгоосой хэмээн найдаж байлаа. 

***
Би одоо Германы зохиолч Фритц Милинвэгийн Big Tiger and Christian: Their Adventures in Mongolia гэдэг номын сэтгэлд хоногшин үлдсэн хэсгээс энд оруулъя:
"Хөөрхий тэр харийн хүн дөрөвхөн өдөр л манай тал нутагтай танилцаж явж байгаа юм” гэж нэг нь хэлэхэд өөр нэг настай өвгөн ихэд өрөвдсөн янзтай:
"Зайлуул даа. Өрөвдмөөр ч юмаа даа” гэлээ.
"Монгол хүн болж төрөөгүй гэхээр ямар хэцүү байдаг бол” гэж эмэгтэй нэмэж  хэлэв.
Өвгөн "Харин тийм ээ. Хамгийн золгүй амьтан ч болдоо. Гэхдээ л биднийг олоод зориод ирж байна гэхээр бас их хувьтай хүн байх нь ээ хө!” гэлээ.

Нэгэн удаа би нил ягаан хонгорзул цэцэг бүрхсэн хөндийд зугаалж яваад талын нэгэн айлын гэрт орж хэвтлээ гэж зүүдлэв. Гадаа салхи исгэрч, буцалж байгаа зөөхийний үнэр хамар цоргино. Тод цэнхэр, улбар шар өнгийн хээ угалзаар чимсэн гэрийн тооныг ширтэн хэвтлээ. Гэрийн эзэд намайг сэрээхгүй гэсэндээ хоорондоо аяархан шивнэлдэх нь чихэнд дуулдана. Ингэж зүүдэлж байхдаа би ер бусын амгалан нойронд автсан байлаа.  

Хожмын нэгэн өдөр миний хүүхдүүд өөрсдийнхөө үр хүүхдүүдийг дагуулаад энэ оронд ирж, энд туулсан адал явдлыг дахин сэргээж нэг мэдрээсэй. Эх нутаг шиг минь санагдах Монгол орны баялаг соёл, цаг хугацааны уртад алдагдалгүй ямагт амь бөхтэй оршсоор л байгаасай гэж хүснэм.  

Алисон Сийборн

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?