📅

Залуус "Амгалан" амаржих газарт хандив өглөө

🕔 2016/07/25 11:02

Залуус "Амгалан" амаржих газарт хандив өглөө

 

Өнөөдөр бид юу тарина маргааш түүнийгээ хураана гэдэг Тэгвэл өнөөдөр бяцхан үрс болоод ээж нарыг баярлуулсан нэгэн үйл явдал боллоо. Тодруулбал, Монголын Үндэсний Маркетингийн Холбооны дэд ерөнхийлөгч  Ж.Золзаяа жил бүрийн төрсөн өдрөөрөө найзуудтайгаа хамтран сайн үйлсийн аян зохион байгуулдаг уламжлалтай билээ. Тэрээр "Гэрэлт үйлсэд нэгдэцгээе” ээлжит сайн үйлсийн аяны хүрээнд БЗД-ийн "Амгалан” амаржих газрын төрөх, төрсний дараах тасагт хандивлахаар амласан 15 эмнэлгийн ор,15 матрас, 15 шүүгээг өнөөдөр тус эмнэлгийн хамт олонд гардуулж өглөө.

Амгалан амаржих газрын эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Ганболд хэлэхдээ "Энэхүү "Гэрэлт үйлсэд нэгдэцгээе” аян нь ард түмэн, эх орондоо, ирээдүйн бяцхан үрсдээ оруулж буй томоохон хөрөнгө оруулалт юм. Манай шинэ эмнэлгийг анх байгууллагдсан тэр үеэс эхлээд "танай эмнэлэгт юу хэрэгтэй байна, найзуудынхаа хамтаар чин сэтгэлээсээ тусалъя” гэдэг хүсэлтийг Ж.Золзаяа бидэнд тавьж байв.

Манай хамт олон энэхүү хүсэлтийг маш сайхнаар хүлээн авч өнөөдөр найзуудынхаа хамтаар 15 эмнэлгийн ор,15 матрас, 15 шүүгээг гардуулан өглөө. Эхчүүдийнхээ өмнөөс бид бүхэн баяртай байна. Ж.Золзаяатай цаашид ч гэсэн олон сайхан гэгээлэг үйлсээр хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Ийм сайхан гэгээлэг үйл хэрэг хийж байгаа залуустаа нийт амаржих газрын хамт олныхоо нэрийн өмнөөс баярласан талархснаа илэрхийлье” гэлээ.

Ж.Золзаяа хэлэхдээ "Сайн үйлсийн энэ ажил маань 2012 оноос эхлэлтэй. 2012 онд миний ээж маш хүндээр өвдсөн. Тэгээд төрсөн өдрөөрөө би ээждээ зориулж хандивын арга хэмжээг зохион байгуулсан.

Үүнд миний бүх найзууд тусалж, АНУ-д эмчлүүлэх ээжийн маань эмчилгээний зардалд хандив өргөсөн. Энэ сайхан найзууд, ах эгч нарын маань хүчээр ээж минь өнөөдөр эрүүл саруул сайхан амьдарч байна. Тухайн үед "би мөнгөөр биш, найз нөхдөөр баян хүн юм байна” гэж хэлж тодотгон байсныг одоо ч гэсэн тод санаж байна. Энэ үеэс л эхлэн жил бүр төрсөн өдрөөрөө бэлэг авах биш, харин тэр мөнгөөр ямар нэгэн сайн сайхан зүйлд зориулж байя гэсэн амлалтыг өөртөө амласан. Тэгвэл өнөөдөр энэхүү сайн үйлсийн ажлын маань үргэлжлэл болох "Амгалан” амаржих газарт найзуудынхаа хамт төрөх, төрсний дараах тасагт 15 эмнэлгийн ор,15 матрас, 15 шүүгээг тус эмнэлгийн хамт олонд хүлээлгэн өгч байгаадаа сэтгэл өндөр байна. Өнгөрсөн жил хуучин амаржих төвөөр ороход нэг өрөөнд олон нярай ээжүүд хэвтсэн, коридорт нь дөнгөж төрсөн ээж нар хүртэл хэвтэж байхыг хараад өр эмтэрсэн л дээ. Тэгээд л найз нараа уриалан "энэхүү ажлыг зохион байгуулъя” гээд ажил хэрэг болгосон минь өнөөдөр ийн биелэлээ оллоо. Хамгийн түрүүнд Монгол банкны шилдэг залуу удирдлагуудын нэг Б.Батдаваа түүний эхнэр Ц.Амгалан хоёр маань сонсоод чин сэтгэлээсээ дэмжиж, нийт хандивын дийлэнх хэсгийг хөлс хөдөлмөрөөрөө олсон мөнгөө хандивлаж, эмнэлгийн орыг захиалж, тээвэрлэлтийг хариуцсан юм.

Тэд туслаагүй бол энэ сайн үйлс биелэлээ олохгүй байх байсан болов уу. Тиймээс Б.Батдаваагийнхаа гэр бүлд тусгайлан баяр хүргэж, амьдралд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 Б.Батдаваа эхнэрийн хамт Б.Батдаваа гэр бүлийн хамт

 Мөн туслалцаа үзүүлсэн бүх найз нөхөд, ах эгч нартаа маш баярлалаа гэж хэлмээр байна. Жил бүр буяны ажлаа үргэлжлүүлэх болно” гэв.

Түүнчлэн Ж.Золзаяагийн найз Ч.Номин өөрийн зүгээс нэг сая төгрөгийн үнэ бүхий малгай, өлгийг 15 нярайд мөн бэлэглэсэн юм.

Сайн үйлс бүхэн түм бумаар арвижин дэлгэрэх болтугай.

 

Б.Алтжин
Эх сурвалж: Breakingnews.mn

 
 
 
 
 
 
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?