📅

С.Молор-Эрдэнэ хуурамч, худлаа философидолтоороо олон нийтийг хуурч байна

🕔 2016/07/22 13:37

"50 настныг сургаж болдоггүй, тавхан ч бай нохойг тууж болдоггүй” гэдэг монгол ардын цэцэн үг байдаг даа. Оюуны эрдмийг бол 50 байтугай ахмад, өндөр настангууд сурдаг төдийгүй бүтээдэг нь бүхэнд илэрхий. Харин амьдралаа яаж зохион авч явах, нийтийн дунд биеэ хэрхэн илэрхийлж байх ухаан ба үйлдэл  бол 50 настанд өөрийнх нь хэр хэмжээнд төлөвшчихсөн байж, харин төлөвшөөгүй байлаа гэхэд  өөд татах гэсэн гадны оролдлого тэр бүр бүтэлтэй болдоггүй  бололтой. Ийм утгаар бол 50 настныг сургах шаардлагагүй юм уу сургаж болдоггүй гэж болох байх.

Би ийм бодлоо энэ бичвэрийнхээ баатар  С.Молор-Эрдэнийн хэрхэн философидож буй авир үйлдэлд үнэлгээ өгөхдөө мөрдлөг болгох юм.Тодруулж дурдвал бичвэрийн маань  зорилго нь  С. Молор-Эрдэнийг философийн талбарт засан хүмүүжүүлэх гэсэн үл бүтэх эрмэлзэлд захирагдсан биш, харин  түүний ярьдаг, бичдэгтэй танилцдаг хүмүүсийн нэг хэсэг нь энэ танилцсандаа гэнэхнээр итгэсэнтэй холбоотой үйлдлүүд гаргаж байгааг заримд нь ч гэсэн мэдээлэхэд чиглэж буй. Тухайлбал :

-МУ-ын ШУА-ийн Философийн хүрээлэн, МУИС-ийн философийн тэнхим зэрэг мэргэжлийн байгууллагуудтай ажил төрлийн холбоогүй,  хэвлүүлсэн бүтээлүүдтэй нь танилцсан шинж  гаргадаггүй байж тэдгээр байгууллагын үйл ажиллагааг бүтээлчээр шүүмжлэхийн оронд нэлэнхүй хараар будаж, түүгээр зогсохгүй согтуу хүн шиг хараан зүхэж;  албан өрөө, байрыг нь хааж хадахсан хэмээн нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр бачууран сүржигнэдэг хүн эрүүлээр сэтгэж, соёлтой философидож чадахгүй билээ.

-С. Молор-Эрдэнэ өөрийгөө философич, философийн доктор хэмээн зарласаар. Гэтэл энэ хүн дэлхийн философиудаас сурталчилж байгаа царай нь гэвэл тэдгээрийн боловсруулсан онолын  ойлголт, үндэслэлүүдийг тайлбарлахын оронд социализмын үед намын улс төрийн дугуйлангийн сонсогчид багшийн заасан, номноос уншсанаа ойлгосон юмгүй санаанд орсноо ярьдаг байсныг, бас ердийн ярианы төвшин дэх үнэлгээ, дүгнэлт, заавар, зөвлөгөө, тайлбарын утгатай зүйлсийг философи сургаал номлогч дүртэйгээр интернетээр болон телевизээр тогтмол явуулж  байна (би энд ердийн ярианы төрлүүд хүн төрөлхтний үйлдлийн  тохирсон нөхцөлдөө чухал үнэ цэнэтэй байдгийг үгүйсгэх гээгүй. Гагцхүү философи  илэрч, ач тусаа өгдөг өөрийн гэсэн  талбар ба нөхцөл хүн төрөлхтний үйлдэлд байдгийг, тухайлбал балчир хүүхдэд философи яривал ойлгохгүй тул ашиг гарахгүйг тооцож философи, ердийн мэдлэг хоёрын ялгааг шүргэсхийв).

Дээрх хоёр үндсэн дүгнэлтээ нотолсон тайлбар өгүүлье.

Манай оронд марксист-ленинист философийг ганц үнэн шинжлэх ухаанч философи хэмээн өргөмжилж, түнийг нам-төрийн  албан ёсны философи болгон баримталж байсан тийм улс төрийн болон үзэл суртлын үйл ажиллагааг халсан 1990-ээд оноос хойш сайн дурын философичид, тодруулж хэлбэл философийн мэргэжилгүй ч гэсэн өөрийгөө философидож чаддаг хэмээн үнэлдэг хүмүүс цөөнгүй гарч ирлээ (уг нь философийн мэргэжилгүй ч гэсэн дэлхийд хүлээн зөвшөөрсөн философи бүтээсэн сэтгэгч зөндөө олон байдаг бөгөөд манайхаас ч төрөх үе ирж л таараа). Тийм сайн дурынхны зарим нь Нууц товчооноос авахуулаад монголчуудын түүхэнд холбогдох бүх эх сурвалж, монгол ардын аман зохиолын төрлүүд, орчин үеийн зарим уран зохиол, эзотерик (түүний дотор шашны) зарим дохиолол мэдээ  зэргийг гүн ухаан (философи) юм шиг сурталчилж байна. Харамсалтай нь философийн мэргэжлийн байгууллагын зарим ажилтан хүртэл ийм ажлын үр  дүнгээр эрдмийн зэрэг хамгаалж байсан бөгөөд харин сүүлийн сүүлийн 4-5 жилээс хойш  энэ практик үргэлжлээгүйг тайтгарсан сэтгэлээр дурдъя (би бас л дээрх шигээ нэг учирлал хэлье. Үүнд: философи бол урлагийн тухай ердийн ба онолын мэдлэг, шинжлэх ухаан,  шашин зэрэг мэдлэгийн бусад аливаа төрөлтэй харьцуулбал тэдгээрээс дээгүүр, илүү юмуу эсвэл доогуур, дутуу гэж түүнийг үнэлэхийн аль аль нь оновчгүйг постмодернист философидолтын зарим төлөөлөгч үндэслэсэн юм. Тодруулж хэлбэл мэдлэгийн аливаа төрөл бол хүн төрөлхтний үйлдлийн хүрээнд өөр өөрийн талбартай байж, улмаар тэр л талбар дахь үр дүнгээрээ бусад талбарын үр дүнтэй буюу мэдлэгийн бусад төрөлтэй харилцан хамааралд юмуу харилцан үгүйсгэлд оршдог).

Сайн дурын философичдын зарим нь ичиж, эрээлэх,болгоомжлох юмгүйгээр уншигчдыг элэг бариад К. Маркс, Ф. Энгельс, В. И. Ленин нарыг үндэслэгч, гол төлөөлөгч нар нь хэмээн үнэлэгддэг диалектик материализм, бас дэлхийн түүхэн ба орчин үеийн философиудын зарим ойлголт, үндэслэл зэргийг өөрт санагдсанаараа болхичлон тайлбарлаж ирлээ. Тэдний нэг нь С. Молор-Эрдэнэ мөн. Сайн дурынхны зарим нь өөрийгөө илэрхийлэхдээ даруухан байгаа бол өөр зарим нь  уншигч, сонсогч нарыг элэг бариад зогсохгүй, философийн мэргэжлийн байгууллага, хүмүүс рүү их номч, гэхдээ догшин дүртийн байр сууринаас дайран довтолсон арга тактиктай буй. Тэгж соён гэгээрүүлэгчийн аянга буулгагчийн дүрд хувирдаг мэр сэр хүн байдгийн нэг нь  С. Молор-Эрдэнэ мөн.

fa720cf75e9dc86dgreat

 Би энэ бичвэртээ  түүнийг  нэлээд олон дурдаж магадгүй байна. Тиймээс нэрний нь оронд "Зохиогч-М” гэдэг үгийг төлөөлүүлэн хэрэглэнэ.

   Зохиогч-М  орчин үе дэх монгол хэлшинжлэл, өнөөгийн манай философи амьдрал, Монголын түүх зэргийг гялайх ололтгүй цулгуй хар богон зарлаж, ингэхдээ Бямбын Ринчен, Цэндийн Дамдинсүрэн зэрэг Монголынхоо төдийгүй олон улсын эрдмийн ертөнцөд гүн хүндэтгэл хүлээдэг эрдэмтдийг хүртэл  нотолгоогүй хоосон сүржин муулж, харин өөрийгөө "шижир бодол, тунгалаг хэл” Монголд бүтээгч болгон тусгай сэтгүүл бусдаар санхүүжүүлэн гаргаж байгаад  сурталчилж байв (гэхдээ тарыг нь таньсан санхүүжүүлэгч өгөөмөр сэтгэлээ татах шиг болсон).

Дулааны инженерийн мэргэжилтэй  Зохиогч-М философийг гутаадаг хувийн сургалт, сурталчилгаандаа болон хэвлүүлсэн бүтээлүүддээ өөрийгөө  "философич”, бүр цаашлаад "философийн доктор” гэж зарлаж ирлээ. Үүнтэй холбогдуулан хоёр зүйл дурдъя.

Нэг.Монголд боловсон хүчин дутагдалтай байсан үед тухайн мэргэжлийн ажилд тэр мэргэжлийн биш хүнийг дайчилдаг байсан нь түүхийн баримттай. Гэтэл орчин үед аливаа мэргэжсэн үйл ажиллагааг хэн дуртай хүн биш,  харин тохирох ажил, мэргэжлийн  хууль ёсны эрх авсан  хүн л хэрэгжүүлдэг биз дээ. Тэгвэл философичийн мэргэжлийн диплом Зохиогч-Мд албан ёсоор байгаа юу? Хэрвээ байхгүй бол  өөрийгөө "философич” гэж сурталчилдаг нь хуулиа сул баримталдаг холбогдох газруудыг завших нэг мэх болж иржээ.

Хоёр. Тухайн ажил, мэргэжлийн сургуулийг нь төгсөөгүй ч зарим төгсөгчөөс нь тэр чиглэлээр илүү чадвартай хүн зөндөө байдаг. Хэрвээ философийн талбарт тийм чадвартнууд гарч ирвэл манай мэргэжлийн байгууллагууд үр бүтээлтэй хамтын ажиллагаа явуулж, заримыг нь байгууллагынхаа орон тооны ажилтан хүртэл болгож ирсэн нь олон баримттай. Ийм  найрсаг практикийн  нэг гэрч дурдахад: 10-аад жилийн тэртээ дээ,  Молор-Эрдэнэ гэдэг хүн Германд философиор доктор хамгаалсан гэж өөрөө ярьж байсныг нь  МУИС-ийн философийн тэнхмийнхэн (би энэ тэнхимд ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан) мэдээд, герман хэлтэй бөгөөд доктор хамгаалсан гэж олзуурхан диплом, гэрчилгээтэй нь урьдчилан танилцдаг (хэрэг дээрээ шалгадаг) сургуулийнхаа дүрмийг ч баримтлалгүйгээр анхны удаад болоцооныхоо хэрээр түүнийг  цагийн багшаар авч ажиллуулж байв…

Гэвч тэнхим, Зохиогч-М хоёр олигтой эвсэхгүй харилцаатай байсаар хагас жил хэртэй болсны эцэст хоорондоо холбоогүй болсон юм.

Миний хувьд Зохиогч-М манай тэнхимд хичээл яаж зааж, бас оюутан, багш нартай хэрхэн харьцдаг байсныг хөндөлгүйгээр, ер нь энэ хүний философийн боловсрол ямар вэ?, түүнээ яаж илэрхийлдэг? гэдэг талаар зарим баримт дурдна.

Надад анзаарагдсан хэмжээгээр бол, ХХ зуун дахь Германы нэрд гарсан зарим философичийн бүтээлүүдээс Зохиогч-М герман хэлнээс орчуулж хэвлүүлсэн. 2011онд  "Мартин Хайдэггэр. Байх ба хугацаа” гэдэг нэртэй хэвлүүлсэн түүний орчуулгын бүтээлд: "Байх-ыг интэрпрэтацлах гэсэн Грекчүүдийн санаачлагын хөрсөн дээр нэгэн догма бүрдсэн. Тэр Байх-ын тухай асуултыг зөвхөн илүүдсэн гээд зогсоогүй мөн тэр асуултыг орхисныг санкцласан” (дурдан буй орчуулга бүтээлийн 19 дэх талаас иш татав) гэх мэт хэллэг буй. Бодвол энэ ном Зохиогч-Мийн нөгөө "тунгалаг хэл” гэдэг дээр нь орчуулагдсан байх. Аль ч хэлний үг бүхэн хэрэглэгдэж буй нөхцлөөсөө хамаарч өөр өөр утга илэрхийлдгийг харгалзвал иш татсан өгүүлбэрүүд дэх гадаад үгнүүдийг  ямар утгаар ойлгоно оо? Манай зөв бичгийн дүрмээр бол өгүүлбэр доторх "Грекчүүдийн” гэж буй тодотголыг жижиг үсгээр эхэлнэ дээ. "Байх-ын” гэж Зохиогч-М тэмдэглэсэн философи категорийн өмнөх "Тэр” гэдэг үг энэ категорийн тодотгол уу?, эсвэл ямар нэг хүн юм уу амьтныг, нэг бол амьгүй  юмыг төлөөлсөн нэр үү? Бас хэдхэн үгний дараа давтагдсан "тэр” гэдэг үг  ямар утгатай вэ? Би өөрийнхөө ишилсэн дэх  ойлгомжгүй зарим зүйлийг  ийнхүү онцоллоо.

Монгол хэлний зөв бичих дүрмийг илт зөрчдөг  бичлэгээ "тунгалаг хэл” гэж Зохиогч-М сүржнээр сурталчилдаг нь, монгол үндэстний аугаа их соён гэгээрүүлэгчдийн эгнээнд багтдаг  академич Ринчен, академич Дамдинсүрэн зэрэг эрдэмтдийн бүтээлийг онолын үүднээс үндэстэй шүүмжилж дийлэхгүй тул зүгээр л хорсон   зүхдэг нь тэрээр эх хэлээ бичгийн хэлний төвшинд эзэмшиж чадаагүйгээ,чаддаг болъё гэж чармайлт гаргахаас бэрхшээдгээ, ер нь монголчуудынхаа уламжлалт соёлыг эзэмшээгүй, мэдэхгүй ч гэсэн бахархдаггүй юм гэхэд үнэлж хүндэтгэх, харгалзаж ханддаг байхыг чухалчлах сэтгэлгүйнх нь үр дагавар биш үү?

Зохиогч-М сүүлийнн 10-аад жилд философийн судалгаа, сурталчилгааны  чиглэлээр нэлээд олон ном бичиж хэвлүүлэв. Уран эвлэг бичдэг чадвар түүний бүтээлүүдэд нэлээд илэрч байдаг.  Урлагийн бүтээлүүдээс  заримдаа оновчтой ашиглажээ. Бас зохистой болж тэр бүр чадаагүй ч гэсэн дүгнэлтэндээ үндэслэгээ гаргахад нэлээд анхаардаг нь анзаарагдлаа.

Гэвч бүтээлүүдийнх нь философи агуулганд ийм дэмжсэн үг хэлэх аргагүй байна (уг нь би Монголд үзэл санааны олон ургальч зарчмыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн сүүлийн 20 гаруй жилд ямар ч  философи сургаалыг авч үзэхдээ авах, гээхийн сэтгэлээр хандаж, эхлээд түүн дэх зүйтэй талыг нь илрүүлэхийг чухалчлах болсон юмсан).

Би ийм дүгнэлтийнхээ нотолгоо болгож 2011 онд Зохиогч-Мийн хэвлүүлсэн  <<Ар Монголд "орчин үе” үгүйлэгдэнэ>>  гэдэг ном, бас олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түүний явуулсан зарим лекц зэргийнх нь агуулгаас дурдах болно.

-"Ухаан”, "ухамсар”, "оюун”, "мэдлэг” зэрэг философи дахь том ойлголт  Монголд ирсэн үгүй хэмээн Зохиогч-М байн байн харамсан шогшроод байдаг юм. Орж ирснийг ойлгож ухаарсангүй юү, эсвэл гүтгэдгээ давтаж байна уу? Монголчууд социалист байгуулалтын жилүүддээ эдгээр нэрээр илэрдэг зөвхөн диалектик материализмын үзлийг сурталчилж, бусад философийнхыг нь нэлэнхүй буруутган зарладаг байлаа. Тэгвэл өнөөгийн манайхан зөвхөн Зохиогч-Мийн дурдсан нэрүүд бүхий төдийгүй, психологийн философийн өөр олон категори ба онолыг нэн түрүүнд Беркли, Ницше, бихевиоризм, Мах ба Авеариус, Гуссерль ба Хайдеггер, Бергсон, Фрейд ба Юнг, лингвистик философи, сонгодог бишийн дараах философидолт зэрэг янз бүрийн чиглэлийн философи сургаалаас Монголдоо оруулж ирсэн билээ. Тэгээд тэдгээрээ олон ургальч үзлийн зарчмын үүднээс үнэлэн тайлбарлаж  бас судалгаа явуулдаг болсон юм.

Энд нэг зүйл хэлэх хэрэгтэй байна. Юу вэ гэвэл Зохиогч-М өөрийнхөө бий болгосон философи үзэл хэмээн  сурталчлаад байгаа "ухаан”, "ухамсар”, "мэдлэг”, "оюун” зэрэг ойлголт нь  философийн утгатай  биш, харин тэрээр цээжний бангаараа ерийн ухамсрын төвшинд бүрдүүлсэн, философиос хөндий ч зорилго болгосон хэн ч бүрдүүлж чадах үр дүнгүүд юм. Тийм учраас, тэдгээрийг нь анхааран уншсан хэн ч бай, утгы нь философи мэдлэгтэй байх албагүйгээр ойлгохоор байгаа. Харин орчин үеийн философийн янз бүрийн чиглэлийн онолын хувьд гэвэл   сэтгэлийн янз бүрийн төлөв ба давхрааны аль нэг юм уу зарим хэдийг онцлон, эдгээр үгээр илэрхийлдэг философи ойлголтууд бол шинжлэх ухаан (нэн түрүүнд психологийн шинжлэх ухааны янз бүрийн салбар), урлагийн онол, эзотерик(түүний дотор шашны) мэдээ зэрэгт үнэлэмжийн дүгнэлт ба тайлбар өгсөн жич жич онолын ойлголт мөн. ХIХ зуунаас хойш бий болсон аливаа философи тийнхүү янз бүрийн онол, бас  шашны мэдлэг зэргийн аль нэгний юмуу зарим хэдийнх нь хамгийн гол гол үр дүнд  өгсөн онолын үнэлгээ болж байдаг(Зохиогч-Мийн дээрх алдаа бол философи мэдлэгийн энэ онцлогийг мэддэггүйн нэг илрэл мөн).  Жишээ нь, "тархи бол сэтгэлийн эрхтэн биш”, "сэтгэл бол тархины шинж биш” гэдэг Р. Авенариус ХIХ-ХХ зууны зааг үеэр томъёолсон философи үндэслэлүүд нь ерийн ухамсрын төвшинд болон материалист философийн үүднээс бол худлаа томъёоллууд мөн. Яагаад гэвэл хүний тархи гэмтвэл  мэдрэх, бодох, сэтгэх нь муудаж, аягүй бол тэдгээр чадвар нь устах эрсдэлтэй нь бид бүхэнд мэдээж. Харин бихевиорист психологи, тэмдгийн онол, улмаар орчин үе дэх хэлшинжлэлийн (лингвистик) философи зэргийг эзэмшсэн буй уншигч нар эдгээр томъёололтой тааралдахад утгыг нь ойлгоход төвөгтэй биш байх үндэстэй. Тодруулсхийн хэлэхэд хүн төрөлхтний мэдлэг бол тархины үйлийн үр дүн, бүтээл байх нь дандаа биш, өөр бас аман ба бичгийн хэл, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл зэргийн зөв буруу янз бүрийн тайлбарын үр дүн болж байдгийг Р. Авенариус тийнхүү зүйтэй философидон илэрхийлсэн юм. Аливаа философи ингэж гагцхүү өөрт нь холбогдох онол, сургаалыг эзэмшсэн бөгөөд үүнийхээ үр дүнд түүний (тухайн философийн) өвөрмөц хэллэгийнх нь болзмол утгыг тайлан ойлгож чадаж буй зөвхөн тийм хүмүүст агуулгаа (онол мөнийхөө хувьд мэргэжлийн төвшинд) нээж байдаг.    maxresdefault

Тэгвэл Зохиогч-М психологийн философийн олон чиглэл, бихевиоризм  зэргээрх бүтээлүүдийг уншдаггүй юм уу, уншлаа ч  утгыг нь мэргэжлийн төвшинд мэдэрч ухаараагүй учраас  тийнхүү  өөрийнхөө  хялбарчлан зохиосон ойлголтуудаа философи утгатай юм шиг сурталчлахаас ичдэггүй байх. Ядахдаа тийм тайлбартаа эргэж буцсан будилаан оруулаад байх юм аа.Үүнд, ишлэн буй номны 105 дахь талд  "…мэдлэг гэдэг үнэн бас  баталгаатай мөн баримттай. Хаана ч хэний ч өмнө гарган тавихад маргах боломж үгүй …” гэж бичсэн атлаа хоёрхон нүүрний дараа: "…мэдлэг бол зөрчил яагаад гэвэл хуучин хоцрогдсон мэдлэгээсээ салах чадвар”  гэжээ (энэ ишилснийхээ олон газар таслал тавимаар санагдсан ч Зохиогч-М нөгөө тунгалаг хэлнийхээ дүрмээр зориуд ийм өгүүлбэрүүд бичдэг байх гэж таагаад гар хүрээгүй болно. Хойшоо ч гэсэн түүнээс иш татвал энэ зарчмаа баримтална).

   -"Classical” гэдэг үгийг "сонгодог” гэж орчуулах буруу бөгөөд "классик”, "классикал” гэдэг байх ёстой хэмээн Зохиогч зааварлаад "үргэлжийн өнөөгөөр маргааш ч хоцрогдох үгүй бүтээлүүдийг классик гэж нэрлэдэг”(мөн тэнд, 14 дэх талд). "Зөвхөн урлагт биш бас философийн болон мэдлэгийн салбаруудад классикал бүтээлүүдийн тухай яридаг”(мөн тэнд,15 дахь талд) гэжээ. "Классик”, монгол руу орчуулбал "сонгодог” гэдэг тодотгол философид  "уламжлалт” гэсэн утгаар хэрэглэгддэгийг  "философич” хэмээн өөрийгөө зарладаг хүн мэддэггүй юм байх даа. Сонгодог философи эдүгээ  үед ч гэсэн шинэ шинэ чиглэлээр үүсэн оршиж байгаа утгаар  энэ философи "үргэлжийн өнөөгөөр” гэгдэж болох юм. Гэхдээ энэ философийг "маргааш ч хоцрогдох үгүй” гэх нь худлаа. Аль түрүүн ХIХ зууны 30-40-өөд онуудаас хойш сонгодог биш философиуд шинээр үүсэн оршдог болсноос хойш сонгодог философийн олон чиглэл агуулгын хувьд (хамгийн гол нь өөрийгөө шинжлэх ухаан гэж үздэгээрээ) хоцрогдож, энэ хоцрогдол нь өнгөрдөг зууны 60-70-аад онуудаас сонгодог бишийн дараах философидолтын хэв маягууд дараалан гарч ирснээр улам бататгагдсан билээ.

Иш татсан хоёр өгүүлбэрийн сүүлийнхэд нь урлаг, философи хоёр бол мэдлэг биш гэсэн санаа байна. Эх сурвалж утгаар онцлоход Шпенглер, Фуко хоёрыг уншсан бол, уншсан буй тохиолдолд хамгийн гол нь ойлгосон бол Зохиогч-М ийм өгүүлбэр бичихгүй байв.

-Зохиогч-Мийн хувьд Монголд үгүйлэгдээд буй "орчин үе” гэж юу вэ?, тухайлбал ямар философи "орчин үеийн” байж чадах вэ?

2010 онд байх аа, МАХН-ын удидлагын цөм нь намынхаа уугуул "Монгол Ардын Нам” гэдэг нэрийг сэргээх улс төрийн ажиллагаа явуулж, тэр нь албан ёсоор хэрэгжихэд Энхбаяр, Шинэбаяр тэргүүтэй хэсэг гишүүн нь "МАХН” нэрээ хадгалах хүсэлтэй гишүүдээ нягтруулсан тийм нам зохион байгуулах улс төрийн ажил өрнүүлж, тэнд Зохиогч-М идэвхтэй зүтгэгч байсан нь хэвлэлийн мэдээгээр анзаарагдаж байв. Тэр үед Монголын хэвлэл, мэдээллийн зарим хэрэгслээр философийн од болж тодорч байсан Зохиогч-М  МАХН-ын онолын удирдагчаар аяндаа тодорсон уу, томилогдсон уу, нэг юм болоо биз.  Тэгээд  үр дүнд нь "Ар Монголд…” бүтээл нь төрсөн юм биш үү?  Надад яагаад тийм сэтгэгдэл төрөв өө гэвэл: 1-рт, 1990-ээд оноос хойших Монголын амьдралыг нэлд  нь харлуулж, ингэхдээ улс орондоо хөгжлийн ямар зорилт тулгарч байгаа талаар дуугүй өнгөрч, харин социализмын үед л орчин үе бүрэлдэж  байсан гэдэг санааг "Ар Монголд…” номондоо Зохиогч-М сурталчилжээ. 2-рт, марксизмаа мөрөөдөж байгаагаа энэ номондоо тэрээр илэрхийлсэн юм. Өнөөдөр улс оронд  "диалэктик материализм дутагдсаар” хэмээн номныхоо 59 дэх талд зааварлажээ. Тэгвэл Зохиогч-М өөрөө л тэр дутууг нөхөхийг манлайлж  дээ. Гэвч тэрээр диалектик материализмыг ойлгоогүй,  иймд  нөхөж дийлэхгүй нь анзаарагдаж байна.  Зарим  нотолгоо гаргая."Being” гэдэг нэр үгийг К. Маркс, Ф. Энгельс нар материалист онтологийн категорийн  нэр болгосныг манайд "ахуй” хэмээн орчуулж заншсан (ийм орчуулга буруу, оронд нь "байх” гэж орчуулах зөв гэж Орчуулагч-М эрс бичсэн тохиолдол бий. Энэ хоёр үгний язгуур нь ижил утгатай тул түүний сонголт ба хэрэглээг ноцтой үгүйсгэх үндэсгүй. Гэхдээ үгийг хэрэглэхэд заншил  чухал ач холбогдолтой байдаг. Тиймээс нэгэнт олон арван жил хэрэглэгдэн хэвшсэнээр нь "ахуй” гэж хэрэглэдэг байх нь уншигч, хэрэглэгч нарыг нэр томъёоны будилаанд оруулахгүй байх талтай). Гэтэл Зохиогч-М  диалектик материализмын энэ категорийг  экзистенциализмын "Being” гэдэг ойлголттой  хольж хутган болхидож байна (мөн тэнд үзнэ үү). Өөр нотолгоо нэмье. В. И. Ленин материйн тухай материализмын ойлголт, шинжлэх ухааны ойлголт хоёрыг хольж хутгаж болохгүй хэмээн ноцтой анхааруулж, улмаар материйн тухай "сонгодог” хэмээн алдаршсан тодорхойлолт томъёолж, түүнийг диалектик материализм ертөнцийг үзэх үзлийнхээ туг болгож ирсэн. Гэтэл Зохиогч-М дээд сургууль төгссөн юм чинь энэ тодорхойлолтыг уншиж, сонссон баймаар, ямар ч байсан утгыг нь ойлгодогүй аж. Ингэж бодогдсоны шалтгаан гэвэл тэрээр материализмаар лекцлэнэ гэж том загнасан атлаа уг тодорхойлолтыг огт үл дурсаад  "бүх дэлхий матери дээр тулгуурладаг, материас л тогтдог гэж материализм үздэг” гэсэн шүүхэн ХVIII зууны материализм үүссэнээс хойш үеэ өнгөрөөсөн  болхи юм телевизээр лекцлэхдээ хэлж байгаа юмдаа.

 Зохиогч-М нэг болохоор төрийн албан ёсны  философи гэж социализмын жилүүдэд өргөмжлөгддөг байсан диалектик материализмыг хэдийгээр өөрөө ойлгоогүй ч гэсэн санаашраад байгаагаа тийнхүү дурдан, бусад  философиос түүнийг дээдэлж буй байр суурь илэрхийлж; нөгөө болохоор К.Маркс, Ф.Энгельс  нарын үндэслэсэн диалектик материализмыг ХХ зуунд бусад аль ч орноос илүүтэйгээр олон талаар гүнзгийрүүлэн боловсруулсан  Орост дэлхийд нэртэй философич нэг ч байхгүй  хэмээн том үнэлгээч болж байгаагаараа хэлсэн бичсэнгүүддээ орооцолдон будилжээ. Өөр жишээ нэмж дурдъя. Хүн төрөлхтний түүх ба нийгмийг материалистаар тайлбарладаг марксизмын философийг "түүхийн материализм” гэж нэрлэж заншсан нь зохистой орчуулга байдаг. Түүнийг "түүхэн материализм” гэж Зохиогч-М мэдэмхийрэн засварласнаараа  онолын алдаа гаргажээ. Учир нь, материализм түүхэн тодорхой шалтгааны улмаас (эртний,  шинэ үеийн,  антропологи, позитивист, диалектик, эзотерик гэх мэт) шинэ шинэ хэлбэр олж оршиж ирсэн  жич жич тохиолдолт шинжийг нь "түүхэн” гэж тодотгох зохистой байдаг.

Зохиогч-М бусад философийг ч олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр гутааж байгааг интернэтээр болон  телевизийн "Smart” сувгаар нэвтрүүлж буй лекцүүдээс нь гэрчилье. Үүнд, Платоны философийг лекцлэж байгаа нь гэхэд түүний зохиолоос иш татсаныгаа санаан зоргоороо тайлбарлаж "идеализм бол хүн төрөлхтний танин мэдэхүйн эртний хэлбэр мөн” гэж байх шиг. Прагматизмаар лекцэллээ гэсэн чинь  философийн холбогдох үндэслэл, категориос нь ганцыг ч авч үзээгүй жаал жуул хэн ч хэлчих зааварчлагархуу  юм ярив. Манайхан ердийн яриандаа: "хэрэг болохыг нь тооцох”, "үр  ашгийг нь харгалзах” гэх мэт утгаар  "прагматик” гэдэг үгийг хэрэглэдгийг л Зохиогч-М дэлгэрүүлсхийн ярьснаа чухал философи  тайлбарласан болж прагматизмыг,  дашрамд  нь үзэгчдийг даапаалав. Идеализмаар лекцэлж байгаа нь гэхэд түүний түүхэн ба орчин үеийн олон  хэв маягийн тухай ярилгүйгээр оронд нь бяцхан хүүхдэд үлгэр зохион хэлж саатуулдгийг санагдуулсан зохиомол юм нэвтрүүлэв (боловрол, хүмүүжлийн чухал хэрэгсэл болдог үлгэр ярихыг би буруутгах гээгүй. Харин үлгэрээр, үлгэр шиг яриагаар философийг орлуулах буруу). Материализмаар лекцэллээ гэсэн нь ХVII-ХVIII зууны, Фейербахын, марксизмын зэргийнхээс өөр чухал чухал хэлбэр энэ философид байдгийг Зохиогч-М мэддэггүй нь анзаарагдаж байна. Бүхэлдээ бол ХVII-ХVIII зууныхаас өмнөх материализмын зарим санааг л ер нь материализмын гол үзэл болгож болхичлон илэрхийлсний нэг жишээг би өмнө дурдсан. "Реализм” гэдэг лекц нь "ертөнцийг үзэх үзэл бол реализмд байхгүй, хүчингүй зүйл мөн” гэх мэт философич хүний амнаас гарах учиргүй  бас л шал пал яриа байв.

Иймэрхүү хуурамч, боольхой философидолтууд  явуулдаг арга барилынхаа дутагдлыг  Зохиогч-М  уг нь мэдэрдэг бололтой. Тэгээд тэр дутагдлаа манай философичдод  нялзаахыг санаархахдаа: МУИС-д амьдралдаа философи үзэж байгаагүй хүн философи заасан болдог хэмээн нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлан өөртөө философичийн дүр бүтээж байна.

Уг нь манай философичид олон ургальч үзлийн зарчмыг хуульчлан хориглодгийг халсан ардчилсан нөхцөлд хэдийгээр бэрхшээл, учир дутагдалтай байгаа ч сэтгэлгээгээ дэлхийн философийн төвшин рүү хандуулан шинэчлэх, монголчуудынхаа философи сэтгэлгээний өвийг мэргэжлийн төвшинд бодитой үнэлэх гэж сүүлийн 20 гаруй жилд өөрсдийн хүч, болоцооны хэрээр чармайж  үүнийхээ үр шим, ургацыг суралцагчдад төдийгүй өргөн олон сонирхогчдод хүртээж байгаасан. Ийм ажил эрхлэх эрх, үүрэг аль алиныг нь хүлээсэн байгууллага, хүмүүст уншигч, хэрэглэгч нараас нь ажил хэрэг бодож гаргаж буй шүүмжлэл, зөвлэгөө бол мэргэжлийн үүднээс оновчгүй, гэнэн ч бай санаа өгсөн тустай, сургамжтай байдаг. Харин бэртэгчин сонирхлоос үүдэлтэй гуйвуулга, гүтгэлэг бол философийн ургацын талбайд хогийн ургамал тарих бордоо мөн.

Зохиогч-М хувийнхаа бодлыг зөвтгөхдөө заримдаа том философичдын нэрийг барьдаг аргатай. Тухайлбал тэрээр "Ар Монголд…”  номондоо шашныг цулгуй үгүйсгэдэг өөрийнхөө байр суурьт тохируулж бичихдээ:  Поппэр нээлттэй нийгэмд  "яагаад ч шашиныг шүтэхийг хориглосон. Хүн бүр  шашиныг магтах биш жигших биш харин шүүмжлэлтэй хандахыг зөвлөсөн” гэж тэр номныхоо 151 дэх талд  бичжээ. Хэн нэгнээс дэмжиж юм уу зэмэлж үзлийг нь онцлон бичиж буй бол ямар бүтээлд нь хаахна нь тийм үзэл байдгийг дурдаагүй тохиолдолд хянамгай уншигч нарт үнэмшил төрдөггүй юм даа.   Ялангуяа  хэрэглэгч нарыг элэг барьдаг, тийнхүү тэдэндээ сэтгэлгүй  зохиогч нарт сэрэмжтэй ханддаг байх ёстой.

Би К.Попперийн гол гол бүтээлийг уншсан юмсан. Зохиогч-М "Попперийн зөвлөгөө” гэж дурдсан зүйлс тэдгээр бүтээлд байдгийг санахгүй юм. Би мартсан юм байхдаа? Харин Зохиогч-Мийн дээрх бичсэнд эсрэг баримт бий. Үүнд:  орчин үеийн алдартай философичдын нэг Карл Поппер (1902-1994) хүн төрөлхтний оюун ухаан, шинжлэх ухааны зохих үнэ цэнэд гүн итгэж, чухам ийм байр сууринаасаа шүүмжлэлт рационализмын философио боловсруулсан ажээ. Үүний зэрэгцээ тэрээр шашны зохих үнэ цэнийг бүрэн зөвшөөрч байсан юм. Түүний "Нээлттэй нийгэм, түүний дайснууд” гэдэг бүтээлийн II ботид: "…надад шашны мистицизмийг…  адлах явдал байхгүй бөгөөд  түүнийг дарах гэсэн аливаа оролдлогын эсрэг хамгийн түрүүнд тэмцэгч нь би байх болно” (Цэрэнпилийн Гомбосүрнгийн орчуулгаар нийтлэгдсэн монгол хэвлэлийнх нь 274 дэх талд). "Би олон хүмүүнлэг үзэлтний нэгэн адил христосын шашин Бурхан эцгийн тухай сургамжлан, хүн төрөлхтөнд ах дүүсэг ёсыг тогтооход их хувь нэмэр оруулж чадна гэж бодож байгаа хэрнээ хүн төрөлхтний оюун ухаанд итгэх итгэлийг бусниулагчид энэ зорилгод хүрэхэд олигтой нэмэр болохгүй гэж бас бодож байна” (мөн тэнд,275 дахь талд )  хэмээн бичсэн байдаг. Эдгээр ишилсэн үзэл, байр суурийг Зохиогч-Мд огт баримтлаагүй байгаа.  Тэрээр шашин, лам нарын асуудалд  шинжлэх ухаанч байр сууринаас , тухайлбал лам нарыг ялгавартай үнэлэх байр сууринаас хандахгүй байгааг нь түүний "Ар Монголд…”  зохиолын холбогдох мэдээнүүд гэрчилж байна. Энэ номонд аливаа шашин, шүтлэг болон  "сайн эрс” юмуу "шар хувалз” гэж  бүгдээрээ хочлогдож буй лам нар, тэдний орогнох газар гэж адлагддаг сүм хийд зэргийг  нэлэнхүй харлуулан дурсжээ.

Зохиогч-М  философи утгагүй, өөрөөр хэлбэл ердийн ухамсрын төвшин дэх зааварчлага гэмээрдүү зүйлсээр философийг орлуулахын төлөө байгаагаа нийтэд улам улам ил тод илэрхийлэх болов. Тухайлбал 2016.06.14-ний өдрийн лекцэндээ: МУИС  зэрэг их, дээд сургуулиуд, ШУА зэрэг байгууллагууд ажлаа хийхгүй байна. Үүнээс болоод орон зайг нь бөө нар эзэлжээ. Харин одоо идеализмыг ярих цаг нь болжээ гэж их мэдэгч, сүрхий чадагч төрхтэйгөөр телевиз үзэгчдэд мэдэгдэв ("диалэктик материализм дутагдсаар” гэж санаашран бичигч маань энэ философийн зүгээс хамгийн их дайсагнадаг  идеализмаар дутдаг болж, идеализмыг яригч хэмээн өөрөөрөө бахархагч  болж !). Одоо тэгэхлээр Зохиогч-Мийн зүгээс  шүүмжилж дийлдэггүйнхээ улмаас зөвхөн муулж, бүр зүхэж  байдаг тэдгээр байгууллагыг түүний илт хүсэмжилдэгчлэн үгүй болгоод, оронд нь энэ их мэдэгч хүнээр Монголд философи дэлгэрүүлүүлбэл бөө нар үгүй болох юм байна л даа! Тэрээр сүм хийд, лам нарыг нэлэнхүй зүхдэг байр сууриа бас бөө нарт давтжээ. Монголд философи үйл ажиллагаа нэвтэрч чадаагүй болон ер нь нэвтрүүлэх шаардлага ч үгүй зарим зайг эзэлсэн энэ эр уг үйл ажиллагааны жинхэнэ сууцыг эзэгнэж чадмаар санагдаад байгаа бололтой. Гэтэл философийн бодитой боловсролгүй, философичидтой ажил төрлийн холбоо тогтоох чадваргүй энэ хүн эзэлсэн жаахан орон зайгаа өөрийгөө рекламдаж, зальдаж байж эзэмшсэн байлгүй дээ. Тийм бол тэр ньлуйвардаж эзэмшсэн байж таарна. Гүтгэлэг, гуйвуулга, худлаа хоосон цэцэрхэл, элэг барих зэргийг зэвсгээ болгодог үйлдэл бол луйвар мөн. Тийм луйвар хийх санаархал бол манай философийн үйл ажиллагаанд биелж чадахгүй ч зарим хохирол учруулах талтай.

Харин фэнүүдээ бол Зохиогч-М луйвардаж чадаж байгаа! "Мэдлэг”, "ухаан” гэх  мэтээр өөрийнх нь зохиосон ойлголтууд төдиийгүй дэлхийн философиос аар саар уншсан зүйлээ ойлгосон юмгүй санаан зоргоороо хийсэн тайлбарууд нь "философи гэж ийм юм байдаг байх нь” гэсэн толгой эргээ зохих бэлтгэл, туршлага суугаагүй хүмүүст бий болох нь, бас  үүнээс улбаатайгаар тэд амьдралдаа зарим хохирол амсаж  буй  нь түүнд тэд луйвардуулж буй байдал биш үү?

Дашрамд дурдахад Зохиогч-Мийн зэрэмдэглээд буй философийн ерөнхий онолын сэдвүүдээр тохиолдлын байдалтай аар саар телевизийн нэвтрүүлэг мэргэжлийн төвшинд ч явууллаа гэхэд ач холбогдол багатай байж таарна. Учир нь, аливаа философи бол шинжлэх ухаан, шашин, үнэлэмжийн янз бүрийн онол, шидэт домог зэргийн тодорхой үр дүнд ямар нэг үнэлэмжийн тайлбар хийсэн жич жич онол мөн байдгийг бид өмнө дурдсан. Тиймээс философи мэдлэгийг, түүний тогтсон хэллэг ба нэр томъёоны жич утгыг эзэмшээгүй хүн бол философийн лекцийг чихнийхээ хажуугаар өнгөрөөх магадлалтай байдаг. Харин зориудын тогтмол булан хөтөлбөртөө оруулаад цуврал хичээл явуулбал тэр нь хэрэгцээт хүмүүсийг нягтруулж, оновчтой, үр дүн сайнтай байх үндэстэй.

Бичвэрийнхээ зорилгыг биелүүллээ гэж үзээд төгсгөл болгож нэг зүйлийг Молор-Эрдэнэд болон зарим улаан фэнд нь хандаж анхааруулъя. БИ уг нь сайн дурын философич нартай мэргэжлийнхээ үүднээс бол харьцахгүйн төлөө байдаг юм.  Тиймээс мэр сэр хүн  манай мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг мэддэг юм шиг нэл хар болгон сурталчилдаг  байдалд болон эртний монголчуудын гүн ухааны дэргэд дэлхийн философи гэж юухан бэ? гэж бичээд л байдагт  ноцтой анхаарал тавиад байх шаардлагагүй гэж бодож ирсэн. Гэтэл тэдний дундаас Зохиогч-М  хувийнхаа зарим чадвараар, гол нь Германд суралцан хэлийг нь эзэмшээд зарим философийн  бүтээлийг нь өөрөө утгы нь ойлгоогүй ч гэсэн нөгөөх баргийн хүнд падгүй "тунгалаг хэл” гэдэг рүүгээ орчуулснаараа түрээ барьж  Алтан загасны үлгэрийн эмгэний авир    улам улам гаргах болж байгаа нь унаган мэргэжлийг маань уншигч, сонсогч нарын хүрээнд гутааж, тэдний цөөн ч гэсэн зарим нь философийн мэргэжлийн байгууллага, хүмүүсээс хөндийрөх, улмаар философийг мэргэжлийн төвшинд судлан эзэмшихээс аян шалтаг бэргэн зайлсхийх зам руу орж байна. Ингэж төөрөлдөгсдийн  зарим нь ч гэсэн зөв зам руу чиглэхэд бичвэр маань тус болоосой.

Өөр бас нэг зүйл хэлье. Энэ бичвэр нийтлэгдсэний дараа Зохиогч-М, аягүй бол түүний улаан фэн нараас  над руу болон манай мэргэжлийн байгууллагууд руу элдэв  гуйвуулга, гүтгэлэг ирвээс Дээд боловсролын тухай хууль, Шинжлэх ухаан, технологийн тухай хууль, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах тухай хууль, бусад холбогдох хуулийн хэрэгжилтийг хариуцдаг байгууллагуудад албан ёсны хүсэлт тавьж,  бичвэрийнхээ дагуу дүгнэлт гаргуулах ажил гарах нь. Зохиогч-М философиор лав л Монголд докторын зэрэг хамгаалаагүй. Хэрвээ гадаадад хамгаалсан нь тогтоогдвол философийн боловсролгүй хүнийг  хамгаалуулсан газарт нь гайхаж байгаагаа, яаж хамгаалсныг нь мэдэхийг хүсэж байгаагаа Монгол дахь харъяа элчин сайдын яамаар нь дамжуулан тэр байгууллагад хандах болно. Уг нь тийм яршигтай  ажил өрнөхөд хүргэлгүйгээр инженер С.Молор-Эрдэнэ биеэ зөв авч явдаг болчихоосой.

                        Бунийханы доктор(Sc. D.),  профессор Ц. Гомбосүрэн

                                    2016  оны  7  дугаар сар

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?