📅

Үл үзэгдэх эрсдэл

🕔 2016/07/22 12:52

 

-Орон сууцны хананы дүүргэлтэд ихэвчлэн үнсэн блок ашиглаж байна-

"Уг нь блоконд агуулагдах үнсний хэмжээг 30 хувиас хэтрүүлэхгүй бол цацрагийн ялгаралт хор учруулахааргүй түвшинд байна гэж үздэг. Гэхдээ яг ийм норм стандартыг барьж ажилладаг үйлдвэр байхгүй л болов уу. Хаана ч хянадаггүй, хянах ч боломжгүй болохоор хэн ч хэлж мэдэхгүй. 

Угаас үнсэн блокны гол түүхий эд нь хямд, бараг үнэгүй гэж ойлгож болохоор зүйл. Бизнесийн зарчмаар бодоод үзвэл нэг блокны хэдэн хувийг үнс эзлэх вэ гэдэг бараг тодорхой байгаа биз дээ. Тиймдээ ч хямд байдаг. Харин манайхан чанартайг нь биш, аль хямдыг сонгодог нь харамсалтай. Гэхдээ гадна хашаа зэргийг үнсэн блокоор барихад асуудалгүй” хэмээн хөнгөн блокны үйлдвэрийн инженер ярилаа.

...Дэлхийн хэмжээнд жилд 60 мянган хүн нарны хэт ягаан туяанаас хордон амь насаа алддаг гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлжээ.

Хэт ягаан туяа нь хүний арьсанд нөлөөлж, арьсны хорт хавдар үүсгэдгээрээ тун аюултай. Түүнчлэн НҮБ-ын Орчны хөтөлбөр, цацрагаас хамгаалах олон улсын комисс дэлхийн гадарга дахь хэт ягаан туяаг индексээр хэмжих, хүн амыг хорт хавдрын аюулаас сэрэмжлүүлэх ажлыг идэвхжүүлж байна.

Харин Монголд чимээгүй үхэл таригч цацраг идэвхт бодисоос хүн амаа хамгаалах асуудал ямар түвшинд байна вэ?

Монгол орны геологийн тогтцоос шалтгаалан нүүрсний эрдсийн бүтэц газрын ховор элемент нэвчдэс маягаар оршдог аж.

Ялангуяа Багануурын ордын нүүрсэнд цацраг идэвх үүсгэгч бодисууд харьцангуй их хэмжээгээр агуулагддаг байна. Ийм нүүрсний тоонд Шивээ-Овоо, Адуун чулууны орд бас багтдаг. Үүнтэй холбоотойгоор манай томоохон цахилгаан станцуудын үнсэн дэх цацрагийн хэмжээ эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин их гэдгийг эрдэмтэд тогтоожээ.

Уг нь дэлхийн өндөр хөгжилтэй орнууд нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудынхаа хаягдал үнсийг ашигладаг туршлага бий. Зарим орон үнсээ боловсруулж зам, барилгын материал үйлдвэрлэхээс гадна газрын ховор элемент олборлох зэрэгт ашиглаж байна. 

Гэвч ийм барилгын материалыг орон сууц, ахуйн хэрэглээнд нэвтрүүлэхээс сүүлийн үед татгалзах болов. Учир нь үнсийг технологийн дагуу боловсруулж, ховор элементийг "салгасан” ч цацраг идэвх тодорхой хэмжээгээр ялгарч, хүнийг аажмаар хордуулдаг аж. Энэ нь хүн төрөлхтний өмнө тулгамдаад буй бас нэг асуудал болоод байгаа юм.

Монголчуудад үнсээ ашиглах санаа бүр эртнээс төрсөн. Гэвч Багануурын нүүрснээс ялгарах цацраг идэвх хэт их байна гэсэн шалтгаанаар хаягдал ашиглах асуудал хойш тавигдсаар шинэ зуунтай золгожээ. Тэгээд ч барилгын материалын эрэлт өнөөдрийнх шиг байсангүй. Асар хурдтай хөгжиж буй барилгын салбарт түүхий эдийн эрэлт хэрэгцээ тэр хэрээр нэмэгдсээр байна.

..."Үнсээр хийсэн блок хямд үнээр худалдана”. Ийм зар хэдэн жилийн өмнөөс хаа сайгүй дуулдах болсон. Монголчууд цахилгаан станцуудын хаягдлыг ашиглаж, барилгын материал үйлдвэрлэж эхэлсэн нь энэ. Хэрэглээ ч тасралтгүй өссөөр. 

Одоогийн байдлаар үнсээр хийсэн блокны ханш зэрэглэл болон хэмжээнээсээ хамаарч дунжаар 600-1,500 төгрөгийн үнэтэй байгаа аж. Зарын дагуу холбоо барилаа. "Манай бүтээгдэхүүн хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлөх ямар нэг цацраг идэвхт бодис ялгаруулдаггүй гэдэг нь тогтоогдсон.

Бид IV цахилгаан станцын бүр олон жилийн өмнө хаясан үнсийг ашигладаг болохоор цацраг ялгаруулалт нь ч бага байдаг юм. Технологийн өндөр түвшинд боловсруулж байгаа” хэмээн сурталчлав.

Үнсийг боловсруулж галд тэсвэртэй, дулаан хадгалах онцгой чанартай барилгын ханын төрөл бүрийн эд анги, тоосго, зуурмаг, асбестэн тусгаарлагч хийдэг.

Мөн замын өнгөлгөөний хучилт, эвлүүлдэг өнгөт хавтан, зам гүүрийн тулгуур зэрэг материал үйлдвэрлэдэг. Харин үнсэн дэх цацраг идэвх үүсгэгч хортой хольц болох газрын ховор элементүүдийг гидрометаллургийн технологийн аргаар цэвэршүүлэн ялган авдаг аж. Ингэснээр газрын ховор элемент, тэр дундаа цэвэр цахиурыг экспортлох аятай боломж байгаа талаар энэ чиглэлийн бизнес эрхлэгчид тайлбарлалаа.

Улаанбаатарт нүүрсний гурван том цахилгаан станц ажиллаж байна. Барилгын материалын түүхий эдийн барагдашгүй нөөц энд байгаа биз. Түүнчлэн жилээс жилд хүрээгээ тэлж буй гэр хорооллынхны айл өрхийн тоо 100 мянгыг давсан. Тэдний өвөлд шатаадаг нүүрс 350 мянган тонноос илүү гэсэн ерөнхий статистик судалгаа бий.

Энэ хэмжээгээр гэр хорооллынхны хогийн цэсэн дэх үнсний эзлэх байр суурь нэлээд дээгүүрт ордог. Уг нь барилгын материалын үйлдвэрлэл Монголд хүчээ авбал ашигтай талууд цөөнгүй.Наад зах нь жилийн жилд хаягдлаа "далдруулах” том ажлаас цахилгаан станцууд, бас гэр хорооллынхон ч чөлөөлөгдөж мэдэх юм.

Үүнээс гадна үнсээ ашигласнаар Улаанбаатар хотын агаарын бохирдол, тоосжилтын хэмжээ буурахад нөлөөлнө хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Станцууд жилд 2509.6 сая квт эрчим хүч үйлдвэрлэхэд 2.52 сая гаруй тонн нүүрс зарцуулдаг гэсэн тооцоо бий. Чухам энэ үед цахилгаан станцын яндангаас цаг тутамд 10-20 тонн үнс, хөө тортог агаарт цацагддаг аж. Эндээс дутуу шатсан түлш, хүхэр, азотын зэрэг исэл ялгарсан бодисууд агаарт хэрхэн тархах нь салхины хурдаас хамаардаг гэнэ.

Үнэндээ цахилгаан станцуудын үнсэн сангаас цацраг идэвхт бодис хэр хэмжээгээр ялгардаг талаар нарийвчилж тогтоосон судалгаа Монголд байхгүй. Уг нь манай хэсэг эрдэмтэн "Монголын барилгын материалд ихээхэн хэрэглэж буй үнсэн блок, түүнээс ялгарч буй цацраг идэвхт бодис радоны хүний эрүүл мэндэд нөлөөлж буй хор нөлөөллийг гаммаспектрометрийн аргаар судлан үр дүн”-г боловсруулан гаргасан юм билээ. Гэвч "нууцын” зэрэглэлтэй гэх уг судалгааны тайлан олдсонгүй.

Түүнчлэн хэдэн зуугаараа баригдаж ашиглалтад орж буй барилгуудын хэдээс нь цацраг идэвх ялгарч байгаа талаар ямар ч мэдээлэл, ойлголт бидэнд алга. "Тэртэй тэргүй Хятадаас үнсээр хийсэн төрөл бүрийн барилгын материал орж ирж байгаа ш дээ. Тэндээс ялгарах цацраг идэвхийг бид хянадаггүй. Хянаад ч яах юм билээ. Хэрвээ ялгарч байна гэвэл шинээр баригдсан энэ олон орон сууц, барилгуудыг бүгдийн нураах уу” хэмээн барилгын компанийн захирал танил маань омогдов.

Улсын мэргэжлийн хяналтын газар үнсээр барилгын материал үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжид хяналт тавьдаг. Орон сууцны барилга байгууламжид ашиглах материалд агуулагдах цацраг идэвхийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг хамгийн багаар тогтоодог юм байна. Харин зам, хашаа зэрэгт ашиглах блок, тоосго, хавтангийн ялгаруулах хэмжээг орон сууцныхаас арай өндөр түвшинд байхыг зөвшөөрдөг юм билээ. Гэвч энэ бас эрсдэлтэй. Бүтээгдэхүүн бүрт цацраг идэвхт бодис хэдий хэмжээтэй агуулагдаж байгааг хянах боломж алга.


Нийслэлийн эрүүл мэндийн хүрээлэнгийн доктор Н.Сайжаа:

-Гэр хороолол хоцрогдож үүнээс утаа их ялгарч хүний биед хор нөлөө үзүүлж байгаа нь үнэн. Мөн үүнээс салах хэрэгтэй нь ч үнэн. Гэхдээ сүүлийн үед баригдаж буй барилгын материалд асуудал их байна.

Орон сууцны хана хийх дүүргэлтийг ихэвчлэн нүүрсний үнсээр хийсэн блок ашигладаг. Энэ үнсэн блок халахаараа ардон гэж хий ялгаруулдаг. Энэ бол цацраг идэвхт бодис юм.

Гэр хороолол хоцрогдож үүнээс утаа их ялгарч хүний биед хор нөлөө үзүүлж байгаа нь үнэн.

Цацраг идэвхт бодис амьсгалаар орж цацрагийн дотоод шарлага үүсгэдэг. Мөн будаж, өнгөлж байгаа будгууд эмульсээ ялгарна. Ардон гэх хий нь цацраг идэвхт бодис учраас хүний биед ороод эсийг ионжуулдаг үйлчилгээтэй. 

Эс ионжино гэдэг маань хорт хавдар болон цусны өвчин үүсэх гол шалтгаан нь болдог юм. Манай барилгын материалын үйлдвэрүүд шаардлага хангасан материал хийж байгаа. Тухайлбал, цагаан тоосго үйлдвэрлэдэг. Энэ нь шохойг цементтэй хольж үйлдвэрлэж хөнгөн блокийг хийж байна. Энэхүү блокууд ардон гэх бодисыг ялгаруулахдаа бага байдаг гэж зөвлөсөн байна.

Албаны эх сурвалжийн өгүүлснээр үнсээр блок хийдэг үйлдвэрийн тоо хэдийн 20-д дөхжээ.Гэвч эдгээр үйлдвэрээс гарч буй бүтээгдэхүүн дэх үнсний орц, хувь хэмжээ, цацраг идэвхт бодисын ялгарал ямар түвшинд байгааг хянах ямар ч боломжгүй байна. 

Наад зах нь хяналтынхныг өндөр хүчин чадалтай лабораторийн багаж төхөөрөмж хангах, хууль эрх зүйн орчныг шинэчлэх гээд маш олон асуудал хөндөгдөнө хэмээн мэргэжилтнүүд анхаарууллаа. 

Нүдэнд үл үзэгдэж, чихэнд үл сонсогдох цацраг идэвхт бодисын аюул ийнхүү Монголд маш чимээгүй хүрээгээ тэлж байна. Цацраг ялгаруулдаг ханатай байшинд та амьдарлаа гээд өнөөдөр, эсвэл маргааш нь хордоод үхчихгүй. Аажмаар, хэдэн арван жилийн туршид хордуулдгийг мартаж болохгүй.

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин

 
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?