Шалган бүртгэх товчоонуудын ажиллах нөхцлийг сайжруулна
Дархан хотын урд, хойд зүгт байрлах шалган бүртгэх Буурал хангай, Түшиг Уул хэмээх хоёр товчоо нь жилдээ орон нутгийн Авто замын санд 200 гаруй сая төгрөгийн орлогыг төвлөрүүлдэг. Эдгээр товчоонууд нь өнөөдрийн байдлаар замын тохижилт муу, тэмдэг тэмдэглэгээ байхгүй, автомат хаалтгүй, гадаа зогсож хураамжаа авдаг, ажлын нөхцөл шаардлага хангахгүй, өвөлдөө галладаг зэрэг олон асуудлууд тулгараад байна.
Иймд аймгийн Засаг дарга А.Энхболд тавдугаар сарын 27-ны өдөр дээрх хоёр товчооны үйл ажиллагаатай танилцаж, Авто тээврийн төвийн дарга Ш.Эрдэнэбат, Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, хошууч Ш. Хурцбилэг нарын холбогдох албаны хүмүүстэй уулзаж, тулгамдаж буй асуудлыг газар дээр нь ярилцлаа.
Дархан хот тэлэхийн хэрээр хойд товчоо буюу Түшиг Уул товчоо нь өнөөдрийн нөхцөлд үр дүн муутай байрлалд шилжсэн гэдгийг энэ үеэр Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, хошууч Ш. Хурцбилэг онцлов. Тус товчоог Морь барианы газар шилжүүлэн байрлуулах нь хамгийн оновчтой шийдэл гэж тэрээр үзэж байв. Учир нь дээрх газар нь тэгш талбайтай, авто машины нягтрал бага зэрэг давуу талтай бөгөөд товчоо байрлуулснаар хамгийн тулгамдаж буй асуудал болох хууль бус хулгайн тээвэр зугатах гарцгүй болох юм байна.
Эдгээр шалган бүртгэх товчоонуудад Нийтийн тээврийн албаны улсын байцаагч, Замын цагдаагийн зохицуулагч нар үүрэг гүйцэтгэдэг. Энд ажиллаж буй хүмүүс тавтай, аюулгүй нөхцөлд ажиллах ёстой гэж аймгийн Засаг дарга А.Энхболд үзэж: "Харуулын ажиллах байрыг засварлах, зориулалтын халаалт тавих, гадаа зогсож мөнгө хураадгийг болиулж харуулын байрны цонхоор авдаг болгох, авто замын засвар болон авто замын аюулгүйн тэмдэг, тэмдэглэгээг ойрын хугацаанд хийх нь зүйтэй. Иймд зургаадугаар сарын 02-ны өдөр болох Төсвийн тодотголоор энэ асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.” гэв. Ийнхүү дээрх ажлуудын хөрөнгө, санхүүгийн асуудлыг шийдвэрлэж, ажил хэрэг болгосноор Дархан хотын маань шалган бүртгэх товчоонууд тав тухай, өнгө үзэмжтэй ажлын байртай, стандартад нийцсэн авто зам, замын тэмдэг тэмдэглэгээтэй болно.