📅

Дуучин Ч.Батцэнгэл: Отгонтэнгэр хайрханыг тойрсон олон Гэгээнтнүүдийн тухай дуу багтсан

🕔 2016/05/24 16:28

 

Саяхан Монголын Үндэсний телевизээр "Дорнын намуухан Отгонтэнгэр” хэмээх сайхан кино-концертыг толилуулсан. Энэ гайхалтай уран бүтээлийн эзэнтэй өнөөдөр уулзаж байгаадаа баяртай байна. Анх урлагийн замд хэрхэн хөл тавьж байсан бол?

- Би Дарханы драмын театрт 1993 оноос ажиллаж эхэлсэн. Жүжигчин болохын төлөө их ч зүтгэсэн. Тэгээд 1996 онд хотод ирж СУИС-ийн жүжигчний ангид шалгалт өгч,  шалгалт дээр "Тогосын цагаан овоо” дууг дуулсан юм. Тэгсэн  Лхасүрэн багш "Чи "Тогосын цагаан овоо”-г ингэж дуулж байгаа бол энд шалгалт өгөөд хэрэггүй, дээшээ гарч дуулаачийн ангид шалгалт өг” гэсэн. Ингээд би дуулаачийн ангид шалгуулаад тэнцсэн. Намар нь хичээлдээ ирээд "Би хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Ц.Пүрэвдорж багш дээр л очно” гээд зүтгээд байлаа.  Ц.Пүрэвдорж багш маань нас дээр гарсан тул манай ангиас ганц хүүхэд авсан. Тэр нь дуучин Д.Хишигбаяр. Тэгтэл Баянхонгороос ирсэн нэг хүүхэд чөлөө авч, би азаар багшийн гар дээр ирсэн дээ. Ингээд Д.Хишигбаяр бид хоёр ангиасаа хоёулаа Ц.Пүрэвдорж гэдэг тэр агуу дуучны гарын шавь болж таван жил хичээллэсэндээ үнэхээр их бахархаж явдаг юм.   

-  Сургуулиа төгсөөд уран бүтээлчийн гараагаа хэрхэн эхэлж байв даа?
- 2002 онд СУИС-ийг дуурийн дуулаачаар төгсөөд Дуурийн театрт дуучнаар ирсэн. Тэндээс эхэлсэн 10 гаруй жилийн уран бүтээлийн маань үр дүн одоо гарч байна гэсэн үг юм л даа. Өнгөрсөн хугацаанд дууны урлагт янз бүрийн сэдвээр, янз бүрийн л дуу дуулж байлаа. 2005 оны арванхоёрдугаар сарын 9-нд "Очирваань уулын цагаан үүл” гэдэг нэртэй тоглолтоо Бөхийн өргөөнд хийж байсан. Мөн "Гэгээн наранд ойрхон өслөө” тоглолтоо хийж байлаа.

Өөрийг тань дан Отгонтэнгэр уулын тухай дуунаас бүрдсэн цомог гаргасан гэж сонсож байсан. Энэ тухайгаа сонирхуулбал?

-  Сүүлийн үед төрж өссөн тоонот минь болох Завханы Отгонтэнгэр хайрханы сэдэвт дуу руу миний уран бүтээл өөрийн эрхгүй хандаад эхэлсэн. Ингээд одоогоос 6-7 жилийн өмнө "Зүрхэнд уяатай нутаг” хэмээх CD гаргасан. Энэ CD-ний онцлог бол дан Отгонтэнгэр хайрханы сэдэвтэй 12-13 дуунаас бүтсэн явдал юм. Энэ CD-ийг гаргаад удаагүй байтал миний уран бүтээлийн эртний анд найруулагч Сэнгэдорж /Жанчивдорж агсаны хүү/ сонсчихоод: "Ингэж нэг уулын тухай ийм олон дууг дуулсан уран бүтээлч манайд байдаг ч юм уу, үгүй ч юм уу. Чи нэгэнт л ингэж эхлүүлсэн юм чинь өөрийн төрж өссөн нутаг, уул усандаа зориулаад бүр дорвитой сайхан уран бүтээл хийвэл яасан юм бэ” гэсэн санааг анх хэлж байлаа. Үүнээс улбаалан миний энэхүү аяллын кино-концерт хийх сэдэл үүссэн ч гэж болохоор.

Энэ сайхан аяллын кино-концертод ямархуу дуунууд багтсан бол?

- Манай Завханы Отгон сумаас тодорсон Наро Ванчин Гэгээний тухай дуу миний сүүлийн үеийн уран бүтээлд багтаж байгаа. Энэ дууны хөгжмийг МУСГЗ, Төрийн шагналт Б.Шарав зохион, шүлгийг манай нутгийн /Завханы Шилүүстэй сум/, бүр надтай нэг голд төрж өссөн яруу найрагч Ц.Бавуудорж маань бичсэн юм. Бас Андиа гэгээнтэн гээд манай Завхан нутгаас төрсөн сүүлчийн хувилгаан, мөн Идэр сумаас төрсөн Ялгуусан хутагт Чимэдцэрэнд зориулсан бүтээл багтаж байна. Шүлгийг нь бас манай Бавуудорж бичсэн. Олон жилийн хөдөлмөрийн үр шимийг маань илтгэх энэхүү томоохон уран бүтээл дотор манай Отгонтэнгэр хайрханыг тойрсон энэ олон гэгээнтнүүдийн тухай гурван дуу байхаас  гадна 1970-80-аад онд манай алдартай хөгжмийн зохиолчид болох Л.Мөрдорж, Ч.Сангидорж зэрэг чадварлаг уран бүтээлчид зохион олны хүртээл болгож байсан Отгонтэнгэр хайрханы тухай дуунууд багтаж байгаа билээ.

Энэ томоохон бүтээлийг хийхийн тулд бас л их хэмжээний материал шаардагдсан байх даа?

- Энэ бүтээлээ хийхийн тулд Монголын радиогийн сан хөмрөг, архивтай танилцаж явах үедээ Отгонтэнгэр хайрханд маань зориулсан ямар олон дуу байдаг юм бэ гэж гайхаж байсан шүү. Ингээд тэдгээр дуунуудаас мэргэжлийн стандарт шаардлага хангахуйц, хүмүүсийн сэтгэлийн утсыг хөндөж гэгээн мэдрэмж төрүүлэхүйц заримыг нь сорчлон сонгож авсан нийт 11 дуунаас энэхүү аяллын кино-концерт маань бүтсэн юм.

-  Кино-концертоо ямар нэгэн уран бүтээлчидтэй хамтран бүтээсэн үү?

-  Кино-концертыг "Logicfilm” гээд кино зураг авалтанд явдаг, киноны уран бүтээлч найзууд маань зураглаж, сэтгүүлч Г.Алтантүрүү хөтлөгч-редактороор ажилласан.   Ингээд бид уулаа зүүн талаас нь нар зөв тойрч, өөрөөр хэлбэл, Отгонтэнгэр хайрханыхаа зүүн сугаас эхлэн нар зөв тойрон Хангайн нурууны ноён оргилын сүр бараа, ойр орчмын уул ус, нутаг орон, хүн зоны аж амьдралын талаар дүрслэн өгүүлсэн аяллын кино-концертоо бүтээсэн юм.

Кино-концерт бүтээхээр зориглон хөдөлсөн эхний үед ямар нэгэн байдлаар саад бэрхшээлтэй тулгарч байв уу?

- Энэ кино-концертоо бүтээх төсөл төлөвлөгөөгөө танилцуулах явцад Байгаль орчин, аялал жуулчлалын яам их дэмжсэн.

Сайд нь хэн байсан бол?

- Д.Оюунхорол сайд байсан. Төрийн хамгаалалттай дархан цаазат энэхүү газрыг дотоодын аялагч жуулчдадаа таниулан сурталчлах, аялал жуулчлалыг дэмжин хөгжүүлэхэд их хэрэгтэй бүтээл болох юм байна. Бид бүтээхэд нь хамтран оролцъё хэмээн төслийг маань их уриалгахан хүлээж авсан шүү.  Ингээд уран бүтээл маань гараагаа эхэлж, 2015 онд зураг авалтаа хийн, 2016 онд эвлүүлэг монтажаа гүйцэтгэн, бараг л хоёр он дамнасан нүсэр ажиллагаа орсон гэж болохоор. Мөн "Ноёд” констракшн, "Ласти” групп гэсэн уул усаа тахин шүтэж дээдэлдэг хоёр компани ивээн тэтгэгчээр оролцож бидний уран бүтээлийн үйлсэд их тусалж байсанд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа энэ дашрамд илэрхийлэхэд таатай байна.

-Танай оюутны ангид олон мундаг уран бүтээлчид төгссөн гэж сонссон. Энэ талаар сонирхуулбал?

-Манай ангийнхан төгсөөд ангиараа 14-үүлээ Дуурийн театрт урилгаар ирж байлаа. Ганц эмэгтэйтэй, тэр нь манай Ө.Уянгаа. Ингээд зарим нь 1-2 жил ажиллаад гэх маягаар цувж гарсаар байгаад одоо ганц бүсгүй маань /Уянгаа/ үлдэх шив дээ.

Манай ангийнхан их сайн яваа. Рок, попынхноос Т.Дэлгэрмөрөн, нийтийн дууныхнаас Ч.Бат-Эрдэнэ, Э.Оюумаа, Д.Хишигбаяр, дуурийн урлагт  Ө.Уянга гээд олон сайхан дуучид байна. Хэдэн жилийн өмнө Орост очоод ангийн анд Н.Мөнхзулаараа үнэхээр бахархсан.

Өөрөө Дуурийн театрт хэр удаан ажилласан бэ?

- Би бусдыгаа бодвол харьцангуй удаан, 10 жил ажиллаад бараг хамгийн сүүлд гарсан даа. Дуурийн театртаа айхтар сүрхий том дүрүүдийг бүтээж байгаагүй ч гэсэн хэр хэмжээндээ нэлээн олон дүрийг бүтээж байлаа. 2007 онд 4 жилд нэг удаа зохиогддог  "Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүр шалгаруулах 5-р уралдаанд Юндэнгийн дүрээр тэргүүн байр эзэлж байв. Мөн "Ламбугайн нулимс”-ын гол дүрийг бүтээж байсан. Дуурьд бүтээсэн дүрийн хувьд бол "Ламбугайн нулимс”-ын Лодон гэвшийн дүрдээ хайртай.

Энэ бол баритон хоолойтнуудын мөрөөдөл болсон дүр. "Учиртай гурван толгой”-н Юндэнгээс ч илүү гоё дүр шүү дээ. Энэ дүрд дуулсандаа баярладаг. "Ламбугайн нулимс”-ыг анх тавьснаас хойш 25 жил болоход долоон хүн л Лодон гэвшид дуулсан байдаг юм билээ. 

Одоо хаана ажиллаж байгаа вэ? Урлагийн замналаа үргэлжлүүлсээр л байна уу?

- 10 жил дуулаад 2012 онд СУИС-д магистрын зэрэг хамгаалан түүнээс хойш Хөгжим бүжгийн коллежийн дуулаачийн тэнхимд дуурийн дуулаачийн багшаар ажиллаж байна. Дэлхийд алдартай, зууны манлай дуурийн дуучин Ц.Пүрэвдорж хэмээх мундаг багшийн гарын шавь байсны маань хувьд ХБК-ийн сургалтын бодлого уг хүний школыг өвлөн үргэлжлүүлэх үүднээс намайг багшаар сонгон авсан байх гэж боддог. Би ч сурагчидтайгаа яах аргагүй багшийн барилаар ажиллах гээд байгаагаа мэдэрдэг. Багш тэгж сургасан учраас шавь нартайгаа олон юм яриад байхгүй. Алдаан дээр нь чимээгүй л өнгөрдөг. Тэр бол Пүрэвдорж багшийн минь арга барил л даа. Миний багш алсуур, хүний ухаан руу нь юм хийдэг хүн байсан.  Би сургуульдаа хамгийн залуу багш нь. Ихэнх нь ардын жүжигчин, гавьяат жүжигчин багш нар байдаг.   

Ярилцсанд баярлалаа. Энэхүү сайхан аяллын кино-концертоо улам олон үзэгчдийн хүртээл болгож толилуулаарай гэж хүсье.


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?