📅

Max экспортлох найдлага тасраагүй

🕔 2016/05/19 11:34

 Max экспортлох марафоноос энэ удаад л лав бид хоцорлоо. Он дуустал үлдэж буй хэдхэн сард махны экспортоо ахиулахгүй бол 2016 он хараар тэмдэглэгдэж мэдэх нь. Уг нь махаа мөнгө болгох талаар бид хангалттай ихийг тооцсон. 

Гэвч жилийн хагас талийх дөхөж, тавдугаар cap хэлбийсэн энэ үед Монгол Улс ердөө 1,000 гаруй тонн мах экспортолчихоод байна. Сүүлийн арван жилийн доод цэгт хүрсэн өмнөх хоёр жилийн үзүүлэлттэй харьцуулахад энэ бол үл ялиг өссөн дүн.

Гэвч махаа борлуулаад олсон орлого нь худалдаж авахаар гадагш урсгасан мөнгөнөөс бага байна.

Нийслэлд мах хомсдож эхэлснээр үнэ нь он гарсаар цойлсон.

 

Энэ оны эхний дөрвөн сард манай улс хилийн чанадаас мах, хүнсний дайвар бүтээгдэхүүний экспортоос 3.4 сая ам.доллар олсныг Гааль, татварын ерөнхий газрын цахим хуудсанд дурдсан байна.

Ер нь махаа хил гарган худалдахаас илүү дотоодынхоо хэрэгцээг хэл амгүй хангах нь тулгамдсан асуудал болоод буй нь нууц биш. Нийслэлд мах хомсдож эхэлснээр үнэ нь он гарсаар цойлсон. Чухам энэ үед салбарын яам ч нөөцийн махаа бушуухан гаргах хүсэлтийг компанидад түгээсэн байна.

Тиймээс уржигдар буюу Даваа гарагаас нөөцийн мах иргэдэд хүрч эхэллээ. Өөрөөр хэлбэл, малын махаа арилжиж, ашиг олох амбийцаа түр мартахаас аргагүйд хүрсэн бодит зураг энэ. Гэтэл ийн хойшлуулж суух зуур экспорт биднийг хүлээсэнгүй. Хугацаа хэдийнэ өнгөрчээ.

Монгол Улс дөрвөн улирлын турш мах экспортолдоггүй. Өвлөөс хавар, намраас өвөлд шилждэг тийм нэг зурвас үед тааруулж, давчуу цаг хугацаанд багтаан экспортолдгийг салбарынхан учирладаг. Гэхдээ ийн борлуулах махны бэлтгэл тасралтгүй үргэлжлэх мөчлөгтэй. Монголчууд намрын налгар үед тэсгим, тарчиг цагийн хүнсээ базаадаг.

Харин компаниудын хувьд энэ бэлтгэл хавраас эхэлдэг. Компанийнхан хэтэвчээ дүүргэж аваад хавар малчдынхаар бууж мордоно.

Намар авах захиалгаа өгч байгаа нь энэ. Малчид захиалгыг нь зунжингаа бэлдээд, амласан ёсоор намар биелүүлдэг. Ийнхүү малчдаас махаа бэлтгэж, нөөцлөөд есдүгээр сараас борлуулж эхэлнэ. Хэрэв хангалттай нөөцөлж чадвал экспортоо есдүгээр сараас ирэх хаврын тавдугаар cap хүртэл хийх боломжтой. Тэгээд тавдугаар сараас дахиад л эрэлд мордоно. Ийм нэгэн ёс мэт зүй тогтол энэ бизнест эргэлддэг.

Тэгвэл энэ зүй тогтлоос харвал одоо махны компаниуд юу хийж байх ёстой вэ? Өмнөх жилүүдийн жишгээр бол нөөцөлсөн махаа худалдаж дуусаад, уутныхаа ёроолыг сэгсэрч байх цаг.

Өөрөөр хэлбэл, жилд олдог хоёр боломжийнхоо нэгийг эдэлчихсэн сууж байх үе л дээ. Гэвч энэ жилийн хувьд бид ердөө 1,000 тонн мах борлуулж, гурван сая ам.доллар олжээ.

Тиймээс ч нийтлэлийн эхэнд өгүүлсэн махны экспортын марафоноос энэ удаад хоцорчихоод байна. Хэрэв энэ хэмнэлээр цааш гүйвэл оны эцэст бүтэн жилийн махны экспорт 2,000 тонноос хэтрэхгүй нь. Гэтэл бид махны экспорт, түүнээс олох орлогын талаар хэдэн удаа, хэр хэмжээний мөнгөн дүнгийн талаар яриад байлаа? Засгийн газраас сүүлийн хоёр жилд махны экспортыг дэмжихээр чамгүй ажилласныг салбарынхан хэлдэг. 

Зөвхөн битүү туурайтай малын мах нийлүүлдэг Монгол Улс өнгөрсөн жилээс урд хөршдөө бог малынхыг экспортлох боломжтой болсон билээ. Энэ нь уудам зах зээлд гарах үүдийг цэлийтэл нээсэн явдал байсныг Монголын махны холбооноос тодотгож байв.

Бас хоёр хөршид нийлүүлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн тоо өссөн, хил, хорио цээрийн хяналтыг хөнгөлсөн гэхчлэн Засгийн газар чадлаараа дэмжжээ.

Жилд хилийн чанадад худалдах боломжтой махны хэмжээ 64 мянган тонн болохыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тогтоожээ. 

 

Гэвч өнгөрсөн болоод өдгөөгийн тоон үзүүлэлтүүд эсрэг утгыг зааж эхэллээ. Үржихийн хүрдээр өсөж буй монгол малын тоог дурдахаа больё.

Үйлдвэрийн аргаар мах бэлтгэдэг аж ахуйн нэгжийн хүчин чадал л гэхэд жилийн 100 мянган тонн давсныг Монголын махны холбооноос мэдээлэв. Бас жилд хилийн чанадад худалдах боломжтой махны хэмжээ 64 мянган тонн болохыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тогтоожээ. 

Ийм байтал экспорт 1,000 тонноос хэтрээгүйн бурууг хэнээс нэхэх ёстой вэ? Энэ асуултыг махны компаниудад тавьтал "Мөнгөгүйгээс мах нөөцлөөгүй, бас экспорт ч хийгээгүй” гэсэн хариулт өгөв. Бас зарим үйлдвэр "Төр урамшуулал олгоно гээд нөөцийн мах бэлтгүүлчихээд амласнаа өгөөгүй. Тиймээс нөөцөө бэлдээгүй” гэж учирлав. Тэгэхээр эргэлтийн хөрөнгөгүйгээс экспорт гацсаныг энэ бүх тайлбараас харж болохоор байна.
Тэгвэл энэ гацаанаас гаргахын тулд Засгийн газраас үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргасан. Бас нөөцийн махны урамшуулал болох өрөө ч төр төлжээ. Хүнс, хөдөө аж ахуйн яамны мэдээлснээр өнгөрсөн жилүүдийн нөөцийн махны урамшуулал болох 14.5 тэрбум төгрөгийг аж ахуйн нэгжүүдэд олгосон байна. 

Бас үлдсэн 4.5 тэрбум төгрөгийг векселиэр санхүүжүүлэхээр тохирчээ. Үүнээс гадна Засгийн газраас махны салбарыг дэмжихийн тулд 100 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн. Үүний 25 тэрбум төгрөгийг дотоодын нөөц бэлтгэхэд зориулна. Харин үлдсэнийг нь экспорт хийх компаниудад олгохоор болжээ. 

Тодруулбал, ОХУ, БНХАУ, Вьетнам руу мах экспортлох зөвшөөрөлтэй 41 аж ахуйн нэгжийн дунд сонгон шалгаруулалт явуулж, санхүүжилт олгох аж. Сонгон шалгаруулалт нь ч энэ сарын 13-наас эхэлжээ. Салбарын яамны мэдээлэлд дурдсанаар ирэх долоо хоногт шалгаруулалт эцэслэж, энэ сарын 23-наас санхүүжилт олгохоор төлөвлөж байгаа аж. Ингэхдээ хоёр жилийн хугацаатай, жилийн 12.5 хувийн хүүтэй 75 тэрбум төгрөгийн зээл олгоно.

Энэ мөнгөний чимээг чагнаж байсан хувийн хэвшил ч хэдийнэ бичиг баримтаа бүрдүүлээд эхэлжээ. Тэр бүү хэл, тэсэн ядан хүлээж байснаа ч нуусангүй. "Max импэкс” компанийн гүйцэтгэх захирал Б.Бүдрагчаа "Засгийн газрын "Max” хөтөлбөр цагаа олсон шийдвэр байлаа. Харин хөтөлбөрийн хүрээнд олгох санхүүжилтийг л цаг алдалгүй олгох хэрэгтэй.

Сонгон шалгаруулалтыг яаравчлах нь чухал” гэж ярилаа. Тус компани энэ дэмжлэгээр 500-1,000 тонн мах бэлтгэж,Ойрх Дорнодод нийлүүлэхээр төлөвлөж байна. Бас "Баатрууд тэнгэр” компани энэ намрын махны экспортод найдлага тавьж буйгаа илэрхийлэв. Тэгвэл Монголын махны холбооны гүйцэтгэх захирал Б.Очирбат санхүүжилтийг яаралтай олговол намар гэхэд экспорт ахих боломжтой гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, бидэнд үлдэж буй намрын адгаас өвлийн эхэн хүртэлх тэр мөчлөгийг алдахгүй ашиг болгох нь чухал болоод буй. Мөн БНХАУ-ын Худалдааны сайд Гао Ху Чөн энэ сарын эхээр манай улсад айлчилсан. Энэ үеэр Хятадаас манай улсын төвийн бүсэд тогтоосон хорио цээрийн дэглэмээ цуцалж, өвчингүй бүс болгохыг Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас хүсчээ. Ингэсэн тохиолдолд тээвэр ложистик сайн хөгжсөн, махны нөөц арвин төвийн бүсээс экспорт хийх боломжтой болно. 

Харин Хятадын талаас энэ талаар намар буюу есдүгээр сард хэлэлцэж, шийдвэрлэнэ гэсэн хариу өгчээ. Хэрэв нааштай шийдвэл махны экспортын боломж улам ч тодрох нь. Тиймээс ирэх намрын уулзалт, нөөц бэлтгэлд ихээхэн найдлага тавих итгэл төрж байна. Үүний тулд сонгон шалгаруулалтаа шударга, цаг алдалгүй явуулах шаардлага буйг салбарын холбоо, компаниуд илэрхийлж байлаа.

Эс бөгөөс энэ хаврын таагүй дүр зураг ирэх хавар ч давтагдах нь. Гол нь өнөөдрийн бүтэлгүйтлээ дахин давтахгүйн тулд амсаж буй алдаагаа засаж, сэргийлэх шаардлага яг одоо тулгарч байна.

БҮХ ЗҮЙЛ БИДНЭЭС ШАЛТГААЛНА

Хүнс, хөдөө аж ахуйн яамны Хүнсний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Тунгалагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Махны экспорт энэ онд нэмэгдэх боломжтой юу?

-Сүүлийн жилүүдэд мах экспортын чиглэлийн бизнес эрхлэгчдийн идэвх сэргэж байна.Өөрөөр хэлбэл, энэ бизнест боломж байгааг олж харж буй. Монгол Улс 2015 онд 5.6 мянган тонн мах экспортолсон. Энэ нь 2014 онтой харьцуулахад бараг 60 хувиар нэмэгдсэн дүн.

Одоо экспортоо ахиулахад манай аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгө дутагдаж байгаа. 

 Монгол Улс 2015 онд 5.6 мянган тонн мах экспортолсон.

 

Тиймээс шаардлагатай санхүүжилтийг олгохын тулд хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалт зарласан. Шалгаруулалтад ОХУ, БНХАУ, Вьетнам зэрэг улсад мах экспортлох зөвшөөрөлтэй, зоорины үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд оролцох боломжтой. Ингэснээр энэ намар гэхэд малын махаа хилийн чанадад нийлүүлэх боломж бүрдэнэ.

-Манай улс улирлын хамаарлаас гарч, жилийн турш мах экспортлох боломж бий юү?

-Монгол Улс Төв Азийн эрс тэс уур амьсгалд малын махаа есөөс арванхоёрдугаар cap хүртэл бэлтгэдэг. Ингэж бэлтгэсэн махаа өвлийн эхэн сараас тавдугаар cap хүртэл экспортолдог. Гэтэл таваас аравдугаар cap хүртэл бараг хагас жилийн хугацаанд махны экспорт зогсож, энэ хугацаа хоосон үлдээд байдаг. 

Иймд энэ үеийг ашиглахын тулд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх шаардлагатай. Тодруулбал, махны чиглэлийн үхрийн аж ахуйг хөгжүүлэх нь зүйтэй. Үүнийг ч Засгийн газраас дэмжиж, хөнгөлөлттэй зээл олгосон. Гэхдээ энэ нь өнөөдөр шийдвэр гаргаад маргааш экспортолчих ажил биш.

Багадаа 5-10 жил шаардлагатай. Ингэж байж манай махны экспорт улирлын хамаарлаас ангижирч, тогтвортой болно. Цаашлаад Монгол Улс Австрали, Өмнөд Америкийн орнуудтай өрсөлдөнө. Бидэнд хоёр хөршдөө мах нийлүүлэх өргөн боломж байгаа. Бүх зүйл биднээс шалтгаална.

Бас малын өвчин гарахтай зэрэгцээд манай экспорт шууд зогсдог. Иймд Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагатай хамтран шүлхий өвчнийг устгах томоохон хөтөлбөр боловсруулж байгаа. 

Тус байгууллагын хуралдаанаар энэ хөтөлбөрийг баталбал, шүлхий гарсан ч өвчнийг хяналтад байлгах боломжтой гэсэн статус авна. Ингэснээр махны экспорт тогтвортой үргэлжлэх боломжтой болно.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?