📅

“Тариаланчдын улсын зөвлөгөөн"-д 700 гаруй хүн оролцов

🕔 2016/04/14 13:44

 Хүнс, Хөдөө Аж Ахуйн Яамнаас зохион байгуулсан "Тариаланчдын улсын зөвлөгөөн” Дархан-Уул аймагт болов.

Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ерөнхий сайдын зөвлөх Б.Батбаатар, ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд, тус яамны Газар Тариалангийн Бодлогын Хэрэгжилтийг Зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун нар болон тус яамны холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, 21 аймгийн ХХААГ-ын дарга нар, газар тариалан эрхэлдэг компани аж ахуйн нэгжийн төлөөлөл нийт 700 гаруй хүн оролцлоо.

Зөвлөгөөний эхэнд Монгол Улсын Ерөнхий сайдаас тус зөвлөгөөнд ирүүлсэн илтгээлтийг Ерөнхий сайдын зөвлөх Б.Батбаатар уншиж ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад гардууллаа. Дараа нь ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд "Газар тариалангийн талаар төрөөс баримтлах бодлого, эрх зүйн зохицуулалт” сэдвээр илтгэл тавилаа. Уг илтгэлдээ Монгол Улсын стратегийн чухал салбар болох газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжиж хөгжүүлэх үүднээс төрөөс авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, шийдвэрүүд үүнтэй уялдсан эрх зүйн зохицуулалтуудыг тухай бүрд нь авч хэрэггжүүлсан талаар танилцууллаа. Тэрбээр 2016 оны хаврын тариалалтыг хэрхэн хийх төрөөс яаж дэмжих талаар тариаланчдын санал бодлыг сонсож зохих шийдвэр гаргахад энэ удаагийн зөвлөгөөний зорилго оршиж байна” гэв. Дараа нь тус яамны Газар Тариалангийн Бодлогын Хэрэгжилтийг Зохицуулах газар, Тариалан Эрхлэлтийг Дэмжих сан, даатгал, арилжааны банкуудын төлөөлөл зэрэг олон байгууллагаас мэдээлэл хийсэн бол УГТЭШХ-гээс энэ хаврын тариалалтын үед баримтлах тариалалтын технологийн зөвлөмжийг танилцууллаа.

 

ХАВРЫН ТАРИАЛАЛТЫГ БОДЛОГООР ДЭМЖИЖ 50 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ОЛГОХООР БОЛСОН

 

Зөвлөгөөний үеэр Тариалан Эрхлэлтийг Дэмжих  сангийн захирал Д.Манансантай ярилцлаа.

-Энэ жилийн хаврын тариалалтад нийт хэчнээн тонн үр шаардлагатай байгаа вэ? Үрийн нөөц хүрэлцээтэй юу?

-"Энэ жилийн хувьд 2015 оны намрын ургацаас нөөцөлсөн 6.8 мянган тонн үр манай агуулахад байна. Үүн дээр нэмээд аж ахуйн нэгжүүд өөрсдөө нөөцөлсөн 24 мянган тонн үр бий гэсэн мэдээллийг ХХААЯ-наас өглөө. Бид найман мянган тонн үрийн буудайг ОХУ-аас импортоор оруулж ирж байгаа. Үүнийг энэ сарын 15-н гэхэд манай салбаруудын агуулахад бууж цааш нь тариаланчдад хүргэнэ. Үүнтэй зэрэгцээд үрийн хомсдол үүснэ гэсэн мэдээлэлтэй байгаа болохоор улсын нөөцөд байгаа 4.9 мянган тонн үрийг тариалалтад гаргаж зарцуулах боломжтой.

Ер нь өнгөрсөн намар аймгуудын ХХААГ-уудын өгсөн мэдээгээр 2016 оны хаврын тариалалтад нийт 340 мянган га талбайд тариа тарина гэсэн мэдээ ирсэн. Ингэхээр бидэнд 50 мянган тонн үр шаардлагатай гэж үзэж байгаа. Гэхдээ бүх нөөц бололцоогоо дайчлаад шаардлагатай үрийн 80 гаруй хувийг хангана гэсэн чигтэй байна. Үлдсэн 20 хувийг аж ахуйн нэгжүүд өөрсдөө нөөцөд байгаа үрээ дахин тооцож үзэхээр болсон.

-Танайх үр тараалтаа эхэлсэн үү? Арай болоогүй юу?

-Бидэнд байгаа 6.8 тонн үрээс өнөөдрийн байдлаар 800-гаад тонн үрийг тариалан эрхлэгчдэд гаргаж өгөөд байна. Аж ахуйн нэгжүүд хөрөнгө мөнгөний дутагдалтай байгаа юм болов уу? тэд үрээ ирж авахгүй байна л даа. Ирэх долоо хоногоос бас дараагийн үр тараалтаа эхлэнэ. Одоогийн байдлаар үр тэгтлээ их дутагдаж хомсдсон байдал үүсээгүй байгаа.

-Үрийн үнэ хэр зэрэг нэмэгдсэн бэ? Зарим аж ахуйн нэгжүүд үр үнэтэй гэдгээр авч чадахгүй тохиолдол бас гардаг. Энэ жилийн хувьд ямар вэ?

-Үрийн үнийг жил бүр ХХААЯ-ны сайдын тушаалаар баталдаг. Энэ жилийн хувьд дотоодын үрийн буудайн үнийг нэг тонныг нь 800 мянган төгрөгөөр тогтоосон бол Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 30 хувийн урьдчилгаатайгаар аваад үлдсэн 70 хувийг нь намрын ургацаас буудайгаар төлж болно гэсэн шийдвэр гарсан.

-Энэ урьдчилгааны 30 хувийн үнийг тариаланчид өөрсдөө хариуцах уу? Төрөөс ямар нэгэн зохицуулалт хийсэн үү?

-Мөнгөний эх үүсвэрийн хувьд тухайн аж ахуйн нэгжүүд өөрсдөө шийдэх ёстой. Өнгөрсөн жил ургац алдсантай холбогдуулж төрөөс энэ жилийн хаврын тариалалтыг бодлогоор дэмжиж 50 тэрбум төгрөгийн зээл олгох болсоныг та бүхэн мэдэж байгаа.

-Үрийн чанарын нь ямар байгаа бол? Зарим жилд муудсан үрээр тариалалт хийснээс болж ургац алдсан гэж ярьдаг?

-Энэ асуудлын хувьд Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газраас тэдний харьяа лабораторид шинжилгээ хийгээд тэнцэнэ, тэнцэхгүй гэсэн хариу өгдөг учраас тэр дүгнэлтийг үндэслэж үрийн нөөцдөө авдаг. Тийм болохоор манай нөөцөд хадгалагдаж байгаа бүх үр бол тэнцэнэ гэсэн дүгнэлттэй чанарын шаардлага хангасан үр байгаа.

БУУДАЙГАА НАМАР НЬ БОРЛУУЛЧИХААД ХАВАР НЬ ҮР ХАЙГААД ГҮЙДГЭЭ БОЛИХ ЦАГ БОЛСОН

 

Мөн Дархан-Уул аймаг дахь УГТЭШХ-ийн захирлаар олон жил ажилласан тус хүрээлэнгийн зөвлөх, Монгол Улсын ХАА-н Шинжлэх Ухааны гавъяат ажилтан Ж.Мижиддоржоос зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ жилийн хаврын тариалалтад юуг нь гол анхаарах ёстой вэ?

-Өнгөрсөн намар харьцангуй бороотой чийглэг, өвөл цасархаг байсан учраас энэ хавар хөрсний байдал харьцангуй чийглэг сайн байгаа. Иймд энэ жаахан хуримтлагдсан чийг алдагдаагүй үед нь тариалалтаа шууд эхлэх хэрэгтэй. Энэ тухай зөвлөлгөөнөөр ч яригдлаа. Цаг уурын нөхцөл байдал өөрслөгдсөнөөс үүдэж нэг уулын ар өврийн чийгийн байдал хоёр өөр өөр болчихсон үе шүү дээ. Тэхээр зохиомол маягаар технологийн зөвлөмж энэ тэр гэж ярих нь учир дутагдалтай. Энэ жил  тарих хугацаагаа их сайн баримтлах нь зөв. Урьд нь бид хэт назгайраад зургадугаар сар дөхүүлж байж тариалалтаа эхэлдэг байснаас болж намартаа болц нь оройтдог байсан л даа.

-Энэ жил эрт тариална гэсэн үг үү?

-Тиймээ, энэ жилийн хувьд тавдугаар сарын 5-20-ны хооронд тарьж дуусах хэрэгтэй. Гэхдээ бүс нутаг өөр өөр байдаг. Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Булган, Хөвсгөл зэрэг газар тариалангийн гол бүс нутгуудад чийг сайн байгаагаас эрт тариалах. Харин чийг багатай байгаа зүүн аймгуудад арай жаахан оройтож тариалах нь зүйтэй гэсэн зөвлөмжийг өгч байна.

-Зөвлөгөөнөөр яригдаж байгаагаас үзэхэд хөрсний элэгдэл их байна гэлээ. Ер нь ямар хэмжээтэй байна вэ? Цаашдаа яах ёстой вэ?

-Манай хүрээлэнгээс зөвлөж байгаа л даа. Ер нь уур амьсгалын өөрчлөлт болон бусад зүйлээс хамааралтайгаар хөрсний элэгдэл маш хүчтэй явагдаж байна. Өнөөдөр хөрсний элэгдэл эвдрэл түүхийн дунджаас 300 дахин, сүүлийн 300 жилийн дундаас 3 дахин эрчимтэй явагдаж байгаа. Цаашдаа 2060-аад он гэхэд 300-гаар нэмэгдэнэ.

-Ийм нөхцөлд газар тариалангийн талаар баримтлах төрийн бодлого ямар байх ёстой вэ? Тариаланчид өөрсдөө юу хийвэл болох вэ?

-Өнөөдөр тариаланчид маань юунд анхаарах вэ гэвэл хөрснийхээ үржил шим, элэгдэлд онцгой анхаарах ёстой. Энэ талаар төрийн бодлогын хувьд тодорхой байх ёстой юм. Тиймээс манай УГТЭШХ маань хөрсийг хөндөж хөдөлгөхгүй элдэншүүлэггүй технологийг боловсруулж байна. Түүнийг тохирсон газарт нь хэрэглэх хэрэгтэй. Хоёрт энэ уур амьсгалын өөрчлөлт чинь дулаарал эрчимтэй явагдсанаас үүдэлтэй. Дэлхийн дундаж дулааралт бол 0.07 градус байгаа бол манай улсад 0.13 хувь байгаа нь бараг хоёр дахин их байна.

-Энэ нөхцөлд газар тариалангаа яаж хөгжүүлэх вэ?  яах вэ? Тариалалтаа уламжлалт аргаар хийсээр байх уу? өөрчлөх үү?

-Эхлээд эдгээрт тохирсон дулаарал хуурайшилтыг даван туулах шинэ сайн сортуудыг гаргаж авах хэрэгтэй. Зэрэгцүүлээд услалтын систем ч хэрэгтэй. Үүнээс гадна бидний гол алдаж байгаа юм гэвэл тааралдсан үрээр тариалалт хийдэгт байгаа юм. Намар нь буудайгаа хурааж  таваарт өгчихөөд хавар нь үр байхгүй гээд энд тэндээс, гадаад дотоодоос хайгаад гүйдгээ болих цаг болсон. Манай хүрээлэн чинь "Дархан” нэртэй олон сайхан сортын үр гаргаж авсан энэ үрээр тариалах хэрэгтэй. Өнгөрсөн жилүүдийн ган болох үед "Дархан” сортууд харьцангуй өндөр ургац өгсөн шүү дээ” гэв.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?