📅

1989 оноос хойш хамгийн олон хүнийг цаазалжээ

🕔 2016/04/07 12:40

 

Өнгөрсөн онд дэлхийн 25 улсад 1634 хүнийг цаазалсан хэмээн хүний эрхийг хамгаалах олон улсын Amnesty International байгууллагын илтгэлд онцоллоо. 2014 онд 22 улсад 1061 цааз гүйцэтгэсэн байна. 2015 онд цаазын тоо, хэмжээ 50 хувиар өсч, 1989 оноос хойш хамгийн дээд хэмжээнд хүрчээ. Ялын дээд хэмжээний гүйцэтгэлээр Хятад, Иран, Пакистан, Саудын Араб, АНУ тэргүүлж байна. Жилд мянга орчим цаазын гүйцэтгэлийг албан ёсны тоо, баримтад тусгадаггүй Хятад улс энэ жагсаалтыг тэргүүлж байгаа аж. Батлагдсан 1600 цаазын 90 хувь нь Хятад, Иран, Пакистан, Саудын Арабад ногдож байна. 2015 онд АНУ-д 28 хүнийг цаазалсан нь 1991 оноос хойшх хамгийн бага үзүүлэлт бөгөөд 2014 оныхоос долоогоор бага байгаа юм.

Дэлхийн 61 улсад нэг жилийн дотор 1998 цаазын ял оноожээ. 2014 онд 55 улсад 2466 цаазын ялыг шүүхээс оноож байв. 2015 оны байдлаар 20 мянга 300 хүн цаазын ял шийтгэлээ хүлээж үхлийн камерт хоригдож байна. Иран Ирак, Хойд Солонгос зэрэг хэд хэдэн оронд шүүх засаглал нь олон улсын шударга шүүхийн хэм хэмжээг баримталдаггүй, тамлан зовоох аргаар хэрэг хүлээлгэдэг болохыг Amnesty International-ийн илтгэлд цохон тэмдэглэсэн байна. Мөн зарим оронд хүн амины хэргээс бусад хэрэгт цаазын ял оноож байгааг хүний эрхийн байгууллага шүүмжиллээ. Жишээ нь, Ази, Ойрхи Дорнодын 12 оронд хар тамхины наймаатай холбоотой хэрэгт ялын дээд хэмжээ оноодог. Мальдив, Саудын Арабад гэрлээгүй хүмүүс бэлгийн харилцаанд орвол лалын хуулийг зөрчсөн хэмээн цаазын ял оноодог аж. Хятад, Хойд Солонгос, Вьетнамд эдийн засгийн гэмт хэрэгт, Саудын Арабад шашнаас урва­сан, Иранд лалын шаш­ны аугаа их зөнчийг дором­жилсон хэрэгт ялын дээд хэмжээ оноох тохиолдол гарсаар байна. 2015 онд дөрвөн улс орон цаазын ялаас татгалзсанаар цаазын ялгүй орны тоо 102 болжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?