Хятадад 29 мянга орчим түшмэл шийтгүүлжээ
🕔 2016/01/05 10:34
Хятадад 2015 онд намын сахилга бат зөрчсөн хэргээр 29 мянга орчим түшмэл янз бүрийн шийтгэл хүлээсэн тухай тус улсын Коммунист намын Төв хорооны Сахилга батыг хянан шалгах хорооны даваа гарагт нийтэлсэн тайланд дурджээ.
Авлигын гэмт хэрэг төдийгүй хэт өндөр үнэтэй тансаг эд зүйлс худалдан авсан, төрийн зардлаар тансаг зоогийн газруудад орсон, зохисгүй авир, хэт хүнд суртал гаргасан зэргийг намын сахилга бат зөрчсөнд тооцдог байна.
Тус байгууллагын тооцоолсноор, өнгөрсөн онд шийтгэл ногдуулсан хүний тоо өмнөх оныхоос мэдэгдэхүйц буурчээ. 2014 онд 71 мянган түшмэл шийтгэл хүлээж байсан байна. "Гэсэн хэдий ч намын дээд албан тушаалтнуудын гаргах зөрчлийн тоо нэмэгдсэн” гэж тайланд тэмдэглэжээ. "Сахилга батын байгууллагууд өндөр албан тушаалтнуудын ажлыг маш нарийн хянаж, хэвлэл мэдээллийн шинэ хэрэгсэл, шинэ технологи ашиглах, гэмт хэрэгтнүүдийг олноор нь илрүүлэхийн тулд олон нийтийн тавьж буй хяналтад тулгуурлах ёстой” гэж баримт бичигт дурджээ.
Д.Жаргал