📅

Г.Нороврагчаа: Монголын ардчиллыг дампуурахад хүргэсэн хариуцлагыг МоАХ хүлээх ёстой

🕔 2016/04/05 10:10

 

АИХ-ын депутат, Ардчилсан хувьсгалыг анхлагчдын зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн, Үндсэн хуультогтоогчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Г.Нороврагчаатай ярилцлаа.

-Ардчилсан хувьсгалыг анхлагчдын зөвлөл гэсэн ТББ нь ямар учиртай байгууллага вэ?

-1990 онд орон нутагт ардчилсан хувьсгалыг байгуулж, манлайлан оролцож байсан гишүүд оролцсон томоохон байгууллага юм. Бид таван жилийн өмнө энэ тухай ярилцаж байгаад өнгөрсөн жил албан ёсоор байгуулагдаж тамга тэмдгээ авсан.  Ардчилсан хувьсгалыг анхлагчдын зөвлөл нь МоАХ-ноос яагаад тусдаа байгаа юм бэ гэхээр анхны Шинэ дэвшилтэт холбоо, Ардчилсан дэвшил хөдөлгөөн гээд 4-5 хөдөлгөөний хүмүүс манайд бүгд байдаг. Манай байгууллагын гишүүдийн 70 орчим хувь нь МоАХ-ны гишүүд мөн. Ардчиллын анхны он жилүүдэд орон нутагт тэргүүлэгчдээр ажиллаж байсан хүмүүс ч бий. Тэгэхээр орон нутагт нэ­лээд төлөөлөлтэй гэсэн үг. 

-Та бүхэн ямар зорил­гын төлөө нэгдэж байгаа юм бэ?

-Нийгмийг өөрчилж, зөв голдиролд оруулах үндсийг  бид өөрөөр хардаг юм. Эрдэмтэн судлаачидтайгаа яриад нэг зүйлд хүрсэн. Ийм болчихсон нийгмийг цэвэрлэхийн  тулд сууриар нь харах хэрэгтэй, түүнээс мөчир салаагаар нь оролдоод нэмэргүй. Оюутолгой гээд ярьж байхад нь Гацууртыг,  Гацуурт гээд явж байтал Цагаан суваргыг нь өгчихөж байгаа биз дээ. Тэгэхээр үүнийг өөрчлөх үндсэн суурь нь гурван зүйл дээр явж байна. Нэгдүгээрт, Үндсэн хууль, хоёрдугаарт, намуудын хууль, гуравдугаарт сонгуулийн хууль. Энэ гурвыг зөв болгоод гаргачихвал бусад нь зөв голдиролдоо орж, цэвэршинэ. Тэгэхгүйгээр нэг зүйлийг ярьж байхад л нөгөөхийг нь гаргаад ирнэ шүү дээ.  Намуудын хуульд хандив гэдгийг хатуу хориглох хэрэгтэй байна. Сонгуулийн хуульд сурталчилгааг л ижил тэгш явуулах зарчмыг баримаар байна. Ижил хэмжээтэй цаастай сониныг тэнцүү тоогоор хэвлэж, зураг нь өнгөт бол адилхан нь өнгөт байна гэх жишээний. Ийм л журмаар явбал сонгуульд ижил тэгш оролцоно. Үндсэн хуулийн хувьд 1990 оны бидний зарчим руу явах ёстой юм байна. 430 депутат сонгогдож ирээд АИХ болоод намуудын авсан саналаар нь суудал хуваарилж УБХ-ыг байгуулж ажилласан. Тэгэхээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа хоёр танхимтай болгох ёстой гэж үзэж байгаа юм.

-Үндсэн хуулийг өөрч­лөхөөс өөр арга байхгүй юу?

-1990 оны тэмцсэн бидний ардчилал 1992 оны Үндсэн хуулиар баталгаажсан юм. Хү­мүүн­лэг иргэний ард­чил­сан нийгмийг байгуулах тухай заасан ч хөрөнгөтний нийгэм рүү явж эхэлсэн. Намуудад санхүүжилт хэрэгтэй гээд бизнесмэнүүдийг оруулсан. Аль, аль намд нь. Тэднийг жирийн гишүүдийнхээ  толгой дээгүүр алхуулж, дээшээ том суудалд гаргасан. Энэ нь ардчиллыг завхруулах анхны үүсвэр болсон. Түүнээс болоод төрд орсон бизнесмэнүүд хувийнхаа эрх ашгийн төлөө явцгаасан. Үүн дунд ардчилалд анхнаас нь явсан хүмүүс мөнгө рүү явахгүй бол эрх мэдэлгүй үлдэх нь гээд тэдэнтэй нийлээд янз бүрийн арга ашиглаж хувьчлалыг ашиглан идэж уух зүйл рүү орсон. Үүнийхээ хэрээр ашиг сонирхлын бүлэг байгуулж нам гэдэг зүйл замхарсан. Энэ байдал өнөөдөр улам даамжирлаа. Бидний хүссэнээр ардчилал яваагүй ч энэ замаар явахаас өөр арга байхгүй. Буцаад социализм, капитализ руу явахгүй шүү дээ. Тэгэхээр ухрах, солих зам байхгүй учраас Үндсэн хуулийн дагуу иргэний нийгмийнхээ төлөө л явна. Үүнийг өөрчлөхийн тулд АХАЗ явна.

-Зорилгынхоо төлөө  бусад иргэний хөдөлгөөн гудамжинд жагсдаг шүү дээ. Тэднээс юугаараа ялгаатай юмбэ?

-Бид шинжлэх ухаанчаар хандаж, зорилгынхоо төлөө явна. Дүрмийнхээ дагуу ажиллаж, удирдлагууддаа шаардлага хүргүүлж байна. Дүрмийн бус зүйл өөр зүйлд хүргэдэг. АХАЗ хууль, дүрмийн дагуу ханддаг, ийм ч дүрэмтэй. Өнөөдөр 76 луйварчин, авлигачин гээд яриад байдаг. УИХ чадамж муутай байгаа нь үнэн ч зүгээр хашгираад тэднийг унагаана гэвэл хууль зөрчсөн л хэрэг болно. Тэгэхээр нийгэмд үүсээд буй нэг зүйлийг бодож үзье. Ихэнх иргэний хөдөлгөөн, жижиг намууд шударга байцгаая, эх орноо аваръя гэцгээдэг. Улс төрд орж буй ямар ч байгууллага хөтөлбөр, төлөвлөгөө, бодлоготой байх ёстой шүү дээ. Бодлогогүй олон хүн гараад ирвэл юугаараа улс орныг удирдах юм бэ. Дахиад дөрвөн жилийг алдана. Тэгэхээр хууль, дүрэм, журмын дагуу явах нь чухал юм.

-Та бүхэн мэдэгдэлдээ МоАХ-ны удирдлагад хандан Онц их хурлаа хуралдуулахыг шаардсан байсан. Энэтухайд?

-Сүүлийн хэдэн жил бүх нам, улс төрийн байгууллагуудын дотор ямар ч ардчилал үгүй болсон. Анхан шатны нэгж байгуулагуудаас хурлаа хийгээд шилдгээр дэвшүүлж, түүнийгээ дээш нь гаргадаггүй. Ийм замаар Засгийн эрх мэдлийг барьж буй нэг ч хүн алга. Тэрбум төгрөг өгөөд УИХ-ын гишүүн болдог. ҮЗХ-ны гишүүн болбол тэдэн төгрөг, УИХ-ын гишүүн бол тэрбум төгрөг гэдэг. Яг ийм зүйл МоАХ руу ороод ирчихсэн. МоАХ их хурлаа хийгээгүй олон жил боллоо, дүрэм хөсөр хаягдсан. МоАХ-ны тэргүүлэгчдэд даргын өөрийнх нь томилсон, даллаж дуудсан Эрдэнэчимэг, Зоригт  гэх мэт хүмүүс шууд ордог, дэд дарга болдог. Ингээд эцэстээ МоАХ гэдэг байгууллага биш болсон. Тиймээс их хурлыг зайлшгүй хуралдуулах шаардлагатай гэж үзэж байгаа юм. МоАХ ингэж завхралд орсноороо Монголын ардчиллыг дампуурахад хүргэсэн. Энэ хариуцлагыг  МоАХ хүлээх ёстой.

-Та яагаад ингэж хэлж байгаа юм бэ?

-1992 онд ардчилсан Үндсэн хууль баталсны дараа нэг хэсэг будилсан юм. Би тэр үед МоАХ-ны тэргүүлэгчдийн танхимд ажиллаж байсан. Монголд ардчилал ялаад намууд бодлогоо боловсруулаад явах юм байна. Харин Ардчилсан холбоо яах ёстой вэ гэж ярьсан. Тарах ёстой ч гэж зарим нь үзэж байсан.  Тэгээд МоАХ хотоо манадаг нохой шиг ардчиллаа хатуу сахиж манаж, дуу хоолойгоо хүргээд байсан бол ийм байдалд хүрэхгүй байсан. Тэгж чадаагүйгээ ухаарч манай ихэнх гишүүд үүнийгээ засаж ардчиллын манаачийн үүргээ гүйцэтгэе гэхээр байгууллагыг нь хэсэг бүлэг хүмүүс удирдаад явчихсан. Тэгэхээр энэ сонгуулиар зөвхөн ардчилал ч биш бүх намд дүрмээрээ явж, анхан шатны нэгжээсээ хүнээ дэвшүүлье гэж уриалж байна. Тэгвэл улс төрийг амархан цэвэрлэж чадна.

-МоАХ дотор ямар асуудал байна вэ?

-МоАХ гэсэн хэсэг бүлэг хүн даргыгаа хамгаалах гэж нэг хүний төлөө гүйдэг боллоо. Лидер амиа аврахын тулд хүмүүсийг дагуулж бужигнуулдаг, талцуулдаг муухай жишиг Монголд тогтох гээд байна. Ийм зүйлийг тогтоохгүйн тулд МоАХ-г цэвэр байлгая гэж АХАЗ үзэж байгаа юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?