📅

С.Дэмбэрэл: Хэн нь их зээл тавьснаараа биш тэр зээлээр юу бүтээв гэдгээрээ өрсөлд

🕔 2016/04/04 10:39
 
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлтэй Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа. 

-Эдийн засгийн форумын үеэр Монголын эдийн засгийн хэтийн төлөв, өнөөгийн нөхцөл байдалд Азийн хөгжлийн банкнаас хангалтгүй гэсэн үнэлгээ өглөө. 2017 оноос эхлээд бондын өрөө төлөөд эхлэхэд Монгол Улс хэцүүднэ гэсэн дүгнэлт хийлээ?

-Хүн болгон л ингэж ярьдаг. Бид хүртэл цээжилчихсэн байгаа биз. Эдийн засгийг хардаг гурван нүд байдаг. Нэгдүгээрх нь, үйлдвэрлэлийн нүд. Аж үйлдвэр, хөдөө аж ахуй, уул уурхай гээд харна. Аж үйлдвэр дээр, тухайлбал, жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийг ярьж болно. Энэ талаар бид маш олон жил ярьсан. Та бүхэн тухайлбал энэ салбарын талаар асар өргөн мэдлэгтэй болчихсон байгаа.

Маш зөв. Гэхдээ өөр нүд бас байна. Үйлдвэрлэгдсэн баялгийн эцсийн ашиглалт ямар байна вэ гэдэг нь өрх гэрт гардаг. Өрхийн эцсийн хэрэглээ гэж байна. Дээр нь төрийн хэрэглээ. Эдийн засаг л юм чинь бас хуримтлал үүсэх ёстой. Цэвэр экспорт буюу экспорт, импортын зөрүүг харна. Энэ бүхэн эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулах нь дээ. Өрхийн хэрэглээг онцлоод ярихаар манай өрхүүдэд хуримтлал алга. Бүгд л орлогоо хэрэглэж байна. Хуримтлал хийх боломжгүй байна. Тиймээс зарим банкууд хуримтлалтай монгол гэж яриад эхэлсэн. Хуримтлал бий болгохын тулд маш олон сувгаар орлогын эх үүсвэртэй болох, эсвэл шинэ ажлын байр бий болох, ажлын байр нь тогтвортой байх ёстой юм.

2012 оны хоёрдугаар улирлаас эхлээд Монголын эдийн засагт бондын мөнгө орж ирсэн. Ингэснээр зам баригдсан, үйлдвэрлэлд зээл өгч хөрөнгө оруулалт нэмэгдэж байхад нөгөө талдаа өрхийн орлого нэмэгдээгүй, харин ч доошоо явсан. 2014 оны сүүлээс эхлээд хуримтлал бүр тэгээс доошоо явж хасах руу орж эхэлсэн. Энэ бол асуудал. Сорилт мөн үү мөн. Шийдэл шаардаж байна уу гэвэл шаардаж байгаа. Тэгвэл өрхийн бодит орлогыг яаж нэмэгдүүлэх вэ гэдгийг өнөөдөр ярих ёстой юм. Харамсалтай нь ярихгүй байна. Би хэлсэн. Ярих байлгүй гэж найдаж байгаа.

-Чинээлэг дундаж ангитай болох тухай ярьж байна. Ингэснээр эдийн засгийн бага зэргийн уналт, цохилтод өртөхгүй байх боломж бүрдэнэ гэх юм?
 
-Зөв. Гэхдээ доороосоо л явна шүү дээ. Ядуу амьдарч байгаа нь арай гайгүй явна. За тэгээд, дунджаас доогуур амьдарч байгааг нь дундаж болгоно. Дунд нь баян болохыг бодно. Энэ бол хүн төрөлхтөний жам ёсны хүсэл. Монголын нийгмийн бүтцийг харахад, 30 орчим хувь нь ядуу, дунджаас доош анги нь 40-45, дунд анги нь их туранхай 20 орчим хувьтай л байна. 6-7 хувь нь чинээлэг байгаа. Тэгвэл бид "Цахиур Төмөр”-ийн бодлого явуулж болно. Баячуудаас малыг нь аваад ядуучуудад тараах бодлого.

Бүгдийнх нь боломжийг нээх буюу ядуу нь дээшээ гарах бодлого. Энэ талын бодлого байгаа. Тухайлбал, ломбард. Санхүүгийн өдөр тутмын үйлчилгээ мөн. Гэтэл өнөөдрийг хүртэл ломбардыг хэн хариуцах нь тодорхой бус явж ирлээ. Ганцхан өгүүлбэртэй хуулиар ломбардыг Санхүүгийн зохицуулах хороо хариуцаж ирлээ. Та хараарай. Өнөөдөр сул байгаа оффисуудыг дандаа санхүүгийн үйлчилгээ явуулдаг байгууллагууд түрээслэж байна. Эдийн засаг хүнд хэцүү үед хүмүүст мөнгө хэрэгтэй болоод ирэхээр ямар ч хүнд хэцүү шаардлагатай байсан үл тоогоод санхүүгийн бизнес эрхэлдэг хүмүүсээс зээл авч байна. Ломбард жилийн 48-60 хувийн хүүтэй байгаа гэж ломбардны эзэн ярьж байна лээ.

Энэ бол олон улсад мөнгө хүүлэх бизнес. Гэтэл бид энэ бизнесийг 20 гаруй жил зөвшөөрч явлаа. Гэтэл хүмүүсийн орлого нь нэмэгддэггүй, ядуурал нь нэг газраа зогсчихсон, дунд анги нь хүртэл нэг газраа гацчихсан, таргалахгүй байгаа. Жам ёсны процесс явагддаг санхүүгийн нүхнүүдийг чөлөөлж өгөөгүй. Тийм учраас малчны зээл өндөр, ломбардны хүү тэнгэрт тулчихсан, бизнесийн зээлийн хүү өндөр байгаа юм. Эдийн засгийн идэвхжил нэмэгдэх ёстой гэж байна. Тэгвэл хүмүүсийн худалдан авалт сайжирч байж л идэвхждэг. Халаасанд нь мөнгө байх ёстой. Тухайлбал, нийгмийн хамгийн доод хэсгийн тэтгэврийн дээд хэмжээг нэмэгдүүлчихье. Тэтгэврийн доод хэмжээг ядахдаа 60 мянган төгрөгөөр нэмчихвэл болоод л явчихна.

-Тэр мөнгө нь байна уу. Төсвийн алдагдлыг нөхөж чадахгүй л байна шүү дээ?

-Мөнгө нь байгаа. Дахин хуваарилалт буюу дахин байршуулалт хийж болно. Хөшөө барих гоё л доо. Сумын төвд концерт тоглож, бүжиг хийх заал барьвал бас л гоё. Гэхдээ ард түмний амьдралд нэмэр болох зүйл хийх ёстой юм. Орлогыг нь нэмэгдүүлэх, ажлын байрыг нь хадгалж үлдэх талаар төр ажиллах ёстой.

Заавал том компанийн ажлын байрыг биш бичил бизнес эрхэлдэг хүмүүст хамгийн бага хүүтэй зээл олгож ажлын байр бий болгож болно. Гэтэл жилийн 36-40 хувийн хүүтэй зээл авахаар тэр хүн эргээд зээлээ төлж чадахгүй болж хавханд орж байна. Эдийн засгийг хавхнаас гаргах ёстой. Эдийн засгийн асуудлаар жил болгон хуралдаж байгаа. Эндээс үр дүн гараасай л гэж хүсч байна даа.

-Санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх олон гарцыг эдийн засагчид ярьдаг. Тухайлбал, үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх талаар манайх хангалттай ажиллаж чадаж байна уу?

-Өөдрөг биш бодолтой байна. Хүмүүс уурлах л байх. Гэхдээ хөрөнгийн бирж гэдэг бол бодит сектор нь сайн хөгжөөд, санхүүгийн сектор дээрээ хүртээмжтэй санхүүжилтийн хэлбэрүүдийг бий болгох нь чухал. Ингэснээр хүмүүс хуримтлалтай болж, хуримтлалаараа сонголт хийж Хөрөнгийн бирж ашигтай юм байна гэдэг ч юм уу, эсвэл банкинд хадгалуулах нь чухал юм байна гэх мэтээр орлоготой болсны дараа жам ёсоороо явах ёстой. Хөрөнгийн биржийн тухай хууль эрхзүйн орчин бүрдчихсэн.

Гэтэл яагаад гацаад байна вэ. Сүүлдээ Лондонгийн хөрөнгийн биржид 30 жилээр өгчих юмсан гэж яриад байгаа юм. Тэгвэл илбэ, ид шидийн зүйл болох юм гэнэ. Түүн шиг худлаа зүйл байхгүй. Эхлээд хүмүүс орлогожих ёстой. Аж ахуйн нэгжүүд орлоготой болох нь чухал. Үндэсний том макро орчинд холимог ашиг орлого буюу тухайн компанийн ашиг орлогын хэмжээг үзүүлдэг. Өрхийн бодит орлого буюу өрхийн эзэмшилд үлдэж байгаа мөнгө нь хуримтлал үүсгэх боломжгүй байна. Үүнийг эхлээд бодъё. Хөрөнгийн бирж бол хоёрдагч асуудал. Миний мөнгийг би яаж зарцуулах вэ гэдэг санхүүгийн механизм. Санхүүгийн сектор нь хүртээмжтэй санхүүжилтийн хэлбэр буюу хүмүүсийг орлогожуулдаг хэлбэр рүү орох ёстой. Тэрнээс биш орлогыг гацаадаг, багасгадаг, өрөнд оруулдаг, хавханд оруулдаг байж болохгүй.

-Өнгөрсөн хугацаанд бид эдийн засгийн хувьд дандаа сургамж, сорилттой тулгарч ирлээ. Цаашдаа ямар шийдэл байна вэ?

-Энэ бүх ярьсан зүйл маань өөрөө шийдэл. 2016 оны сонгуулиас өмнө ямар шийдэл хийх талаар ч би саналаа нэгбүрчлэн бичээд өгсөн. Миний цахим хаягт ч энэ талаарх саналуудыг бичсэн байгаа.

-Эдийн засгийн форумын үеэр яригдсан нэг чухал асуудал нь зээлийн эргэн төлөлтийн асуудал. Тэр тусмаа улс төрийн зорилгоор нэг хүнд 15 сая төгрөгийн өр байна гэх мэтээр улстөржүүлж эхэлсэн нь ирэх онд бид нээрээ авсан зээлээ төлж чадахгүй юм биш биз гэх эргэлзээг төрүүлж байна л даа?

-Чи өртэй гэдгээсээ айж байна уу.

-Үгүй.

-Яагаад?

-Халамж хэлбэрээр тараа­чихсангүй. Бүтээн байгуулалтад зарцуулсан гэж ойлгож байгаа. Дотоодын үйлдвэрлэгчид экспортод бараагаа гаргах, хөл дээрээ босч үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой болсон гэж харж байна.

-Яг үнэн. Би сая твиттер хуудсандаа энэ талаар бичээд сууж байлаа. Хэн их өр тавьсан бэ гэж нэг нэгнээ зэмлэж, уралдах нь гол биш. Харин энэ зээлээрээ хэн нь их бүтээн байгуулалт хийсэн бэ гэдгээрээ өрсөлдөцгөөе гэж бичлээ. Улс төрийн хоёр гол нам АН-ын Засгийн газрын үед маш их өр бий болгочихлоо. Монгол Улсын нэг хүнд 15 сая төгрөгийн өр байна гэж яриад байгаа. Яахав, гудамжаар явж байгаа хүнд хэцүү сонсогдож магадгүй л дээ. Монгол Улс үнэхээр баларчээ гэх мэтээр ярина. Гэхдээ хоёр зүйлийг тайлбарлахгүй бол болохгүй нь.

Өрийн удирдлагын тухай хууль гэж байгаа. Тэнд өрийг тодорхойлчихсон. Улсын өр гэж юу юм. Хувийн хэвшлийн мөн санхүүгийн өр гэж юу болохыг бичээд өгчихсөн. Санхүүгийн өрийг банк хариуцдаг юм. Своп хэлцэл чинь өрөнд ордоггүй. Эрчим хүчний том компани, хувийн хэвшил өрөө өөрсдөө хариуцдаг. Хувийн хэвшил гэхээр хөрөнгө оруулагч нь тодорхой хэмжээний мөнгө шилжүүлж тоног төхөөрөмж оруулж ирээд энэ нь өр болоод бланслагддаг. Улс л учраас өрийн блансад орох ёстой. Гэхдээ хувийн хэвшил өөрөө өрөө төлнө. Гэхдээ хувийн хэвшил хэт их өр төлөөд ирэхээр төсөвт төвлөрүүлэх орлого багасдаг учир дутагдалтай ч Монгол Улсын өр, зээлийн тоог харахад, харьцангуй бага харагдаж байна лээ. Улсын өрийн таазыг тогтоох үед би эсэргүүцсэн. Автоматаар хөдөлгөөнтэй байх ёстой зүйлийг ДНБ-ий 54 хувьд гэж таац тогтоож өгсөн.

Европын холбоонд тухайлбал "Маастрихтийн гэрээ” /1992/ гэж байдаг. Төсвийн орлого нь -2-ооос илүү байж болохгүй, өр нь 60 хувиас илүү байж болохгүй гэж тусгаад Европын холбооны бүх улс мөрддөг. Энэ нь хатуу заагаад хуульчилсан асуудал биш. Зүгээр гэрээ. Гишүүн орон болгон нь мөрдөхийн төлөө ажилладаг. Яг түүнтэй адилхан Монгол Улсад өрийн тааз гэж байгаа. Хатуу тогтоочихсон гэдгээрээ ялгаатай л даа. ДНБ-дээ өрөө харьцуулдаг, яагаад гэвэл өрийг ДНБ үйлдвэрлэж байж төлөх учраас тэр юм. Түүнээс гадна явагдаж байгаа процессийг нь харвал өөр зургаан харьцуулалт байна.

Жишээлбэл, өрийн төлбөр ба экспортын харьцаа, өрийн төлбөр ба төсвийн орлогын харьцаа байна. Энэ харьцааг үзэж байх үүднээс 2003 онд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк улс орнуудыг дунд, дээгүүр, доогуур гэж хуваагаад өрийн таазын дундаж хэмжээг тогтоочихсон. Монгол Улс тэндээ тулчихаад яваад байгаа. Өрийн асуудлыг анхаарах ёстой юу гэвэл ёстой. Гэхдээ хуульдаа л нийцүүлж ажиллаж байгаа. Нэг хүн 15 сая төгрөгийн өртэй гэх мэтээр улстөржүүлээд байх хэрэггүй ээ. Өрийн удирдлага муутай өрх гэр хавханд орчихдог. Тэгвэл улс хэрвээ удирдлага муутай байсан бол хэдийнэ хавханд орчихсон байна шүү дээ.

-УИХ-ын чуулганаар НӨАТ-ын хуульд өөрчлөлт оруулах бололтой. Та дэмжиж байгаа юу?

-Сайн юмыг муу хэрэгжүүлдэг гайхамшигтай туршлагатай улс бид шүү дээ. Үзэл санаагаа заримдаа алчихаад байдаг юм. НӨАТ-ын хуулийн гол үзэл санаа чинь далд байгаа эдийн засгийг ил болгох юм шүү дээ. Шинээр орж байгаа Татварын ерөнхий хууль дээр би өөрөө ажилласан. Тэнд ч гэсэн элдвийн дарамтууд алга болж байгаа. Би энэ хуулийг маш сайн мэднэ. Намайг танхимын дарга байхад бүгд цуглаад л тухайн үедээ кассын машин гэж балайраад л явж байсан. Жижигхэн дэлгүүрт хоёр байцаагч явж очоод л "За кассын машин чинь хаана байна. Хоёр хоногийн дотор ав. Үгүй бол бид эргэж ирнэ шүү” гээд л дарамталдаг.

14 хоногийн өмнө би Ерөнхий сайд, УИХ-ын даргад мессеж өгсөн. Татварын дарга над руу ярьсан. Буруу юм хийгээд байна аа гэж байна лээ. Үнэн шүү дээ. Манай татварын байцаагчдын ерөнхий авир төрх нь ийм болчихсон. Олон жил бизнесийг дарамталж, дундаас нь мөнгө олдог шүү дээ. Энэ байдлаас болж хууль өөрчлөхдөө хүртэл үр дагавар гарч байгаа болохоос хуулийнх нь буруу зөрүү үр дагавар биш. Татварын ерөнхий хуульд жижиг бизнесийн хялбаршуулсан санхүүгийн бланс, нягтлан бодох бүртгэл бүгд орно. Хуульд ямар өгүүлбэр оруулах, ямар хуульд байгаа юм бэ гэдгийг ярихаас биш НӨАТ-ын хуулийн үзэл санааг өөрчлөхгүй.

-Валютын ханш улсын төсөвт тусгаснаас давчихлаа. Өнөөдрийн байдлаар 2050 төгрөгтэй тэнцэж байна. Цаашид ямар арга хэмжээ авах вэ. Хөрөнгө оруулалт орж ирэхгүй юм чинь гээд хараад суугаад байх хэрэг үү?

-Монгол төгрөг хоёр илэрхийлэлтэй. Нэг нь дотоод үнэ цэнэ. Нөгөөх нь гадаад үнэ цэнэ. Дотоод үнэ цэнийг нь бид Монголын үндэсний мөнгөн тэмдэгт төгрөг, гадаадын мөнгөн тэмдэгтээр солилцогдох харилцааг валютын ханш гэж нэрлээд байгаа юм. Ам.долларыг төсөвт 2030-аар авсан. Хоёрдугаарт, валютын ханшны дэглэм гэж байдаг. Тухайн улс ханшийг яаж удирдах юм бэ гэдэг дэглэм. Бүх улс орнуудын 90 орчим хувь нь зохицуулалттай хөвөх ханш, чөлөөтэй хөвөх ханштай байдаг. Ихэнхи нь чөлөөтэй хөвөх ханш буюу Монгол Улсынх шиг дэглэмтэй. Гэхдээ улс орнууд валютын ханшийг удирдахдаа дотоодын үнэ цэнэ буюу инфляцаар удирддаг.

Монголбанкинд бид жил бүхэн инфляцийг нам дор, тогтвортой төвшинд барих даалгавар өгдөг. Үндсэн зорилтоо биелүүлэхэд хоёр дахь зорилт буюу валютын ханшаа зохистой хэмжээнд инфляцид нөлөөлөхгүй байх хэмжээнд авч явах даалгавар өгдөг. Түүнээс биш ханшийг тэд болго гэж хэлж болохгүй. Монголбанк валютын нөөц хангалттай байгаа үед интервенц хийж, валютын ханшийн хэт их хэлбэлзлийг багасгадаг. Валютын нөөцөөр цатгалан мөртлөө хөөргөдөх сонирхолтой институци олон байдаг. Ханш өсөөд байхад төсөв орлого, зарлага талдаа хожсон ч байж болно, эсвэл хожигдсон ч байж болно.

Энийг төсвийн тодотгол хийхэд харна л даа. Ханшийн инфляцид нөлөөлөх үр дүн нь чи, бидний халаасанд нөлөөлөөд ирэхэд л валютын ханш муу гэж ярьдаг. Нөгөө талдаа Монгол Улс импортоор бараа авдаг юм чинь импортын эрэлт нэмэгдээд байвал валютын ханш өсөөд л байдаг. Гуравдугаарт, нийлүүлэлтийг нэмээд байдаг валютын ханш чангараад байдаг. Өөрөөр хэлбэл, түүхий эдийн үнийн цикл, валютын ханшны хөдөлгөөн шууд пропорциональ хамааралтай байдаг гэдэг нь нөөцөөр баялаг улс орнуудын хувьд хууль шиг зүй тогтолтой болчихсон. Гэхдээ тийм зүй тогтолтой юм гээд яваад байж болохгүй л дээ. Хоёр зүйлийг ажиглаж болно. Нэг нь нэрлэсэн ханш. Одоо 2050 байгаа. Оны эхэнд 2000 байсан. Эндээс харахаар 2.5 хувиар өссөн буюу нэрлэсэн байдал.

Одоо инфляци хоёр байгаа. Хоёрыг 2.5 хувьтай харьцуулаад үзэхээр бодит ханш гараад ирнэ. Инфляциар засварласан ханш гэсэн үг. Нэрлэсэн ханшдаа буураад байхаар инфляци хоёр хувь гэхээр бодит ханш найм орчим хувь байх нь. Энэ ойлголтоо Төв банкз хараад өдөр тутам, сар тутам ажиглаад явдаг. Нэг өдөр 80 төгрөгөөр нэмэгдэж байсан тохиолдол бий шүү. Энэ бол дамын хөөрөгдөл. Ханшийг дамын үнээр хөөрөгддөг газрууд хаа сайгүй байгаа. Ганц банк бус санхүүгийн байгууллага ч биш.

Гэхдээ валютын ханш өсөхөд ханшаар илэрхийлэгддэг төсвийн орлогод сайн, гэхдээ гаднаас импортоор их зүйл авч байвал муу. Тийм учраас төр валютын ханшийн эрэлтийг хөөрөгдөхгүйн тулд хөрөнгө оруулалт, тендерийн төлбөр тооцооны системийг анхаарах ёстой юм. Ханшийг тогтвортой байлгах нь ганцхан Төв банкны ажил биш. Засгийн газар ч анхаарч, хамт хийх ёстой. Энэ ажлыг хийх Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл ажлаа хиймээр байгаа юм.

Эх сурвалж: www.mminfo.mn
Б.Өнөртогтох
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?