📅

Ухаалаг хот-Хөгжлийн гарц

🕔 2016/03/22 09:24

ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн профессор С.Галбадрах (Ph.D)

Дэлхий дахинд эдүгээ хотжилт эрчимтэй явагдаж дэлхийн нийт хүн амын 54% нь хот суурин газарт амьдарч байгаа ба цаашдаа 2050 он гэхэд 70% болж өсөхөөр байна. Иймд хүн амын төвлөрөл, амьдрах орчныг бүрдүүлэх үндсэн гарцыг дэлхий даяараа "ухаалаг хот” гэсэн концепц тодорхойлж байна.

Судлаачдын үзэж байгаагаар мэдээлэл харилцаа холбооны технологийн дэд бүтцэд хөрөнгө оруулж, эдийн засгийн тогтвортой хөгжил, амьдралын өндөр чанарыг хангаж, иргэдийн оролцоо нь нээлттэй, ил тод засаглалтай хотыг "Ухаалаг хот” гэж томьёолдог байна. "Ухаалаг хот” нь дараах үндсэн шинжүүдийг агуулсан байдаг /Зураг 1/. Үүнд:

Ухаалаг эдийн засаг: Хотын тогтвортой хөгжлийг хангахуйц, мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх
smart

Ухаалаг харилцаа, түүнд суурилсан дэд бүтэц: Уян хатан, хүртээмжтэй, найдвартай, мэдээлэл, харилцаа холбооны технологид суурилсан дэд бүтцийг бий болгон, хөгжүүлэх

Ухаалаг орчин: Ая тухтай, эрүүл аюулгүй ажиллаж, амьдрах орчныг бүрдүүлэх

Ухаалаг хүн ам: Оюунлаг хүмүүст тулгуурласан, шинжлэх ухаан, технологи, инновацийн тогтолцоог хөгжүүлэх

Ухаалаг амьдрал: Иргэдийн амьдралын чанар өндөр байх нөхцлийг хангахуйц орон сууц, барилга байгууламж, амьдрах орчин, үйлчилгээний дэд бүтцийг бүрдүүлсэн

Ухаалаг засаглал: Нээлттэй, ил тод, иргэдийн оролцоог хангасан е-засаглалыг нэвтрүүлэх гэсэн хүрээнд тодорхойлж болох юм.

Ухаалаг хотын үзэл баримтлалыг манай улсын хувьд судлах хэрэгжүүлэх эхний үе шатууд хийгдэж буй болно. Эдүгээ аймгийн төвүүдийг хот болгон хөгжүүлэх, жишиг, загвар хотуудыг бий болгох, хотын доторх хорооллуудыг дахин төлөвлөх, шинээр барих зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг олон аймаг төлөвлөн ажиллаж байна. Дархан хотын хувьд үүний эхлэл болж Монгол улсын загвар хот болгох санаачилга гарч тодорхой ажлууд хийгдсэн. Загвар хот гэдэг нь дэлхийн олон оронд хэрэглээд буй "ухаалаг хот” гэдэг ойлголт ангилалд хамаарах, өндөр хөгжил бүхий, бусад хотуудад жишиг загвар болохуйц хотын төсөөлөл юм.

Дархан хотын хувьд загвар хотын дэвшигдэж буй үндсэн чиглэлийг дараахь байдлаар авч хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн судлаачийн хувьд үзэж байна. Үүнд:

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх (Хотын оршин суугчийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахуйц дэд бүтэц, ногоон байгууламжийг байгуулах)

Хот төлөвлөлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй хүн амын хэтийн өсөлттэй уялдуулсан "орчин үеийн хотыг цогцлоох” шийдлээр хийх (Дархан хотын өөрийн гэсэн өнгө төрхийг архиктектурын өвөрмөц шийдлээр илэрхийлэх зарчмыг баримтлах хот төлөвлөлтийн үндсэн зарчим болгох)

Төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй чанартай хүргэх, төрийн бодлого боловсруулах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх (Цахим засаглалыг нэвтрүүлснээр авилгаас ангид иргэд ба бизнес эрхлэгчдэд чирэгдэлгүй "сайн засаглал”-ыг бүрдүүлэх)

Байгальд ээлтэй, ногоон хотыг бий болгох (Дархан хот нь Монгол улсын хамгийн ногоон хот байсаар ирсэн цаашид ч илүү ногооруулах шаардлагатай байна)

Хотын соёлыг бүрдүүлэх хүрээнд "Дархан хотын дүрэм”-ийг нийтээрээ дагаж мөрдөх (Санаачилгатай, бүтээлч, хууль дүрмээ дээдэлдэг, уламжлалаа баримтлаж шинэчлэлийг цогцлоодог хотын иргэн, аж ахуйн нэгж, хотын удирдлагыг төлөвшүүлэх)

Эдгээр үйл ажиллагаануудыг ойрын ирээдүйд хэрэгжүүлснээр Дархан хот-Монгол улсын загвар хот, цаашилбал дэлхийн жишигт нийцсэн ухаалаг хот болон хөгжих үндэс суурь тавигдана.

Эх сурвалж: "FOCUS DARKHAN"


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?