📅

Х.Тэмүүжингийн сайд байхдаа гаргасан "хууль бус" тушаал ил боллоо

🕔 2015/10/13 11:56
Х.Тэмүүжингийн сайд байхдаа гаргасан "хууль бус" тушаал ил боллоо
-Яамд ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор хөнгөлттэй үнээр орон сууцанд оруулдаг. "Хөнгөлттэй” гэдэг нь бидний мэддэг орон сууцны хамгийн доод үнэ болох 1.2 сая төгрөг биш юм- 

Ц.Цолмон Батлан хамгаалахын салбарт сайдаар очмогцоо гаргасан тушаал нь орон сууцтай холбоотой байлаа. Тодруулбал, Дэлхийн аварга С.Цэрэнчимэдийн гавьяаг үнэлж Батлан хамгаалах яамнаас олгосон хоёр өрөө орон сууцыг нэг өрөө орон сууцаар солих тушаал байв. Яг хэний буруугаас болж орон сууц солигдсон болох нь одоо ч тодорхойгүй байгаа. Харин гэмт буруутан болчих вий гэсэн айдастай дэд сайдын мэдэгдэл л хэвлэлээр бөмбөрч байна.

Тэгвэл орон сууцтай холбоотой бас нэгэн маргаан Хууль зүйн яаманд өрнөөд байна. Энэ маргааныг дор сийрүүлье.

Хууль зүйн яамны албан хаагчид бухимдаж эхлэв

2006 онд батлагдсан журмын дагуу Хууль зүйн яам албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэж, орон сууцыг хөнгөлттэй үнээр олгож эхэлжээ. Гэхдээ 2014 он хүртэл эрэмбэ дарааллын дагуу орон сууц авах өргөдөл гаргасан албан хаагчидад олгож байж. Харин 2014 оноос эрэмбэ дараалал алдагдаж, яаманд 10 гаруй жил ажилласан ахмад албан хаагч бус харин зургаан сар хүрэхгүй хугацаанд ажилласан дагалдан, эсвэл бүр яаманд огт ажилладаггүй хүн орон сууц хөнгөлттэй үнээр худалдан авах боломжтой болсон байна. Энгийнээр журмын шаардлагыг огт хангахгүй хүмүүс дараалал дайрч орон сууц авчээ. Үүнд олон жилийн турш өөрийн ээлж дарааллаа хүлээж суусан жирийн албан хаагчид бухимдаж эхэлсэн байна. Улмаар ямар шаардлага шалгуурыг хангасан хүмүүст дараалал харгалзахгүйгээр орон сууц олгоод байгаа талаар тодруулахаар салбарын сайд, яамны удирдлагууддаа хандаж эхэлжээ. Харин яамны удирдлагууд асуудлыг нэг их ноцтойгоор хүлээж аваагүй байна. Гэвч албан хаагчдийн бухимдал, эсэргүүцэл нэмэгдсээр байсан учраас 2015 оны 9 дүгээр сараас уг асуудлыг судалж эхэлжээ. Гэхдээ Х.Тэмүүжин Хууль зүйн сайд байхдаа албан хаагчдын дарааллыг үл тоон "өөрийн хүмүүс”-т орон сууц олгосон асуудал 2014 оноос хэвлэлээр бичигдэж эхэлсэн байдаг. Гэвч Хууль зүйн яамнаас тодорхой хариулт өгөхгүй явсаар өнөөдрийг хүрсэн юм.

Х.Тэмүүжин сайд байхдаа тушаал гаргаж, яаманд огт

ажилладаггүй хүмүүс орон сууц олгосон

 

Хууль зүйн яамны үйл ажиллагаа урьдын адил хэвийн үргэлжилж, салбартаа олон жил ажилласан хуульчид, албан хаагчид өргөдлийн дарааллын дагуу орон сууц хөнгөлттэй үнээр худалдан авч болоод л байдаг байв. Гэвч Хууль зүйн салбарыг Х.Тэмүүжин удирдах болсноор энэ тайван амьдралд өөрчлөлт гарч эхэлжээ.

Тодруулбал, 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гарсан тушаалаас энэ бүхэн эхлэлтэй. Үүний дараа 2014 оны 08 дугаар сарын 14-ны өдөр, 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр мөн тушаал гаргаж, яамны орон сууц олгох журам шаардлагыг зөрчсөн байна.

Ингэхдээ бүр Хууль зүйн яаманд огт ажилладаггүй гурван хүнд, тухайн үед сайдын туслах, яамны удирдах албан тушаалд түр хугацаанд ажиллаж байсан таван хүнд /нийтдээ найман хүн/ орон сууц хөнгөлттэй үнээр олгох тушаал гаргажээ.

 

 

 

Орон сууцны хөнгөлт энэ салбарын хэр хөөстэйг илтгэнэ

Яамд ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор хөнгөлттэй үнээр орон сууцанд оруулдаг. "Хөнгөлттэй” гэдэг нь бидний мэддэг орон сууцны хамгийн доод үнэ болох 1.2 сая төгрөг биш юм. Хууль зүйн яамны хувьд гурван долоо хоногийн өмнө ашиглалтад орсон /Батлан хамгаалах яамны дэргэд/ орон сууцанд албан хаагчдаа хөнгөлттэй үнээр оруулжээ. Тус орон сууц нэг метр квадратыг 900 мянган төгрөгөөр тооцож салбарын албан хаагчиддаа борлуулж байснаас,"хөнгөлттэй үнэ” борлуулалтын 30 хувиар бодож, нэг метр квадратыг нь 300 мянган төгрөгөөр үнэлж, албан хаагчдаа оруулжээ. Өөрөөр хэлбэл орон сууцны зах зээлд хамгийн доод үнэ хэмээн тунхаглаад байгаа 1.2 сая төгрөгөөс хэд дахин бага үнээр яамны албан хаагчид орон сууц худалдан авдаг байх нь. Гэвч энэ нь барилга барих өөрийн үнэлгээ гэдгийг салбарын мэргэжилтэн хэлж байна. Тэгэхээр өнөөдөр зах зээл дээр борлуулагдаж буй орон сууцны үнэ хэр зэрэг хөөстэй байна вэ гэдгийг тодорхой хэлээд өгч байна.

Ийм хүнийг эргүүлэн татахад ч багадна

Хөнгөлттэй үнээр орон сууц авахаар өргөдөл өгсөн албан хаагчдын өмнүүр дайрч, орон сууц авсан яаманд огт ажилладаггүй хүмүүсийн асуудлыг яах вэ. Хууль зүйн яам уг асуудлыг судалж байгаагаа илэрхийлэв. Тэгвэл "хуурамч” бичиг баримт бүрдүүлсэн хэсэг бүлэг хүмүүст орон сууц олгох тушаал гаргасан Х.Тэмүүжин гэх хүн өнөөдөр биднийг төлөөлж УИХ-д суух эрхтэй юу. Өөрийн хүрээний хүмүүст жишэм ч үгүй орон сууц олгочихоод одоо хууль сахих тухай, шударга ёсны тухай яриад явж байх нь хэр зэрэг ёс зүй вэ.

Төрийн албанд ажиллах үнэхээр ашигтай юм. Өргөдөл өгөөд цаг хугацаа нь ирвэл 50 гаруй метр квадрат орон сууцыг 15 хан сая төгрөгөөр худалдан авах боломж бүрдэх нь. Хэрвээ сайд дарга ирээд өөрийн хүмүүсийг урдуур тань шахчихгүй бол шүү дээ.

Үүнээс илүү сайдын танил тал байх бүр ч ашигтай юм. Өргөдөл өгч хөнгөлттэй үнээр байр авахаар оочир дараалал үүсгэсэн хэдэн мянган төрийн албан хаагчийн өмнүүр ороод л орон сууц авчих боломжтой болно. Та яаманд ажилладаг байна уу, үгүй юу огт хамаагүй.

Тэгвэл эрх зүйт нийгэмд ийм ёсгүй зүйгүй, хууль журам зөрчсөн зүйл байж болох уу. Тэгээд ийм тушаал шийдвэр гарсан хүн хууль тогтоох байгууллагад иргэдийн төлөөлөл хэмээн лоозогнож "шударга ёс” яриад явж байж болох уу. Энэ ариун явдал гэж үү. Ийм хүнийг эргүүлэн татахад ч багадна.

А.Аюуш

 

 
 

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?