Д.Сумъяабазар: Хамрын хийдийн орчимд олгосон лицензийг сэргээсэн шүүгчдийг ил болгоно
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ДАВОС-ын эдийн засгийн чуулганд оролцоод ирсэн юм. Тэрээр энэ үеэр “Бүс ба зам санаачилга” салбарын хуралд оролцон, хөрөнгө оруулагчдад “Таван толгой” ХК-ийн нийт хувьцааны 30 хувийг олон улсын хөрөнгийн биржид худалдаалах талаар мэдээлэл түгээжээ.
Дараа нь тэрээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-“Монгол зэс” компани уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн 49 хувиа Сингапурын компанид шилжүүлнэ гэдэг нь үнэн үү?
-Энэ компани яагаад компаниа Сингапурт бүртгүүлснийг бид шалгаж байна. Өөр мэдээлэл байхгүй.
-Салхит, Асгатын мөнгөний орд болон Цагаан эргийн ордыг төрийн мэдэлд авч “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлэх болсон. Салхитын ордыг эзэмшиж байсан, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанид нөхөн олговор олгох уу?
-Салхитын ордод үйл ажиллагаа явуулсан компанийг шалгасан. Холбогдох мэдээллийг шалгаад, хууль зөрчсөнийг илрүүлсэн юм.
ЗГХЭГ, манай яам, Ашигт малтмал, газрын тосны газартай ярилцаад ордын тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрт хүрсэн. Ер нь гадаад дотоодын бүх ААН хуулиа мөрдөх ёстой. Цаашдаа ч энэ байр сууриа бид хатуу хамгаална. Нөхөн олговор олгох эсэхийг судалж байна. Тусгай зөвшөөрлийг цаашид “Эрдэнэс Монгол” ХХК эзэмшинэ.
-Дорноговь аймгийн Тусгай хамгаалалттай газар нутаг болох Хамарын хийдийн ойролцоо нүүрс олборлох зөвшөөрөл авсан хятадын хөрөнгө оруулалттай компанийн үйл ажиллагааг зогсоосон хэмээн тус аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин мэдэгдсэн.
-Монголчуудын тахиж шүтдэг газар болох Хамрын хийдийн ойролцоо уул уурхайн лиценз олгосон нь байж болшгүй, ёс зүйгүй асуудал. Тусгай зөвшөөрлийг шүүхийн шийдвэрээр сэргээсэн юм билээ. Манай яамны хуулийн хэлтэс энэ асуудлыг шалган, шаардлагатай бол тусгай зөвшөөрлийг цуцална.
2014 онд орон нутгийн тусгай хэрэгцээнд энэ газрыг авсан. Шийдвэр гаргасан шүүгчдийн бүрэлдэхүүнд хэн хэн багтсан талаарх, хэргийн эздийн мэдээллийг бид ил болгоно. Уул уурхай, аялал жуулчлалын салбар тус тусдаа байх ёстой. Шүүгчид Үндсэн хуулийн 6.1 дэх заалтыг сайтар ухамсарлаасай. Нэг талаас мэргэжлийн хяналтынхан ажиллаад хүчингүй болгоход нөгөө талаас шүүх эсрэг шийд гаргаж болохгүй. Уул уурхайн яамнаас лицензийг нь сэргээсэн мэтээр худлаа мэдээлэл тараан, бидэнд нялзаасан.
-Шатахууны үнэ дахин буурах уу?
-Олон улсын зах зээлд шатахууны үнэ өсөхөд энд өсдөг, буурахад манайд ч буурдаг байх ёстой. Хоёрдугаар сарыг дуустал үнийн хэлбэлзэл тогтвортой байна гэсэн таамаг бий.
-Хуурамч шатахууныг яах вэ?
-Керосин оруулж байгааг мэргэжлийн байгууллагууд шалгаж байна. Иймд керосин импортлох бол өндөр татвар төлдөг болох ёстой.
-Нүүрсний экспортын гацаа арилсан уу?
-Нүүрсний тээвэр жил бүрийн эцэс, шинэ оны эхээр байнга буурдаг. Гацааг арилгахаар ажиллаж байна. 1500-1700 машиныг өдөрт хил нэвтрүүлэхээр бид тохирдог. Гэвч оны эцэс болоход өдөрт л 200 машин болж буурдаг. ЭТТ дээд хэмжээгээрээ ажиллан, өнгөрсөн онд 15 сая тонн нүүрс экспортод гаргасан. БНХАУ-ын Хөгжил шинэтгэлийн хороо, Гадаад худалдааны яамтай хамтран ажиллаж байна. Зөвхөн ЭТТ 50 сая тонн нүүрс худалдах боломжтой. Төмрийн экспортыг 15 сая тоннд хүргэх хүсэлтээ ч илэрхийлсэн. Урд хөршийн холбогдох хүмүүстэй удаа дараа уулзсан.
БИ АЛЬ НЭГ АЛТНЫ КОМПАНИЙГ ДЭМЖЭЭГҮЙ
-Алтны АМНАТ 9 хувь болж өссөнөөр алт тушаалт буурсан уу?
-Би ч үүнд санаа зовж байна. Би аль нэг алтны компанийг дэмжээгүй. Хамгийн сүүлийн тооноос харахад Төв банк 22 тонн алт авсан байна. Үүнээс 800 сая америк долларын орлогыг бүрдүүлсэн. Гадаад валютын албан нөөцөд, улмаар ханш буурахад нөлөөлсөн. Энэ сард алт тушаалт 6 дахин буурсан байна. Алтны АМНАТ 2.5 хувь байснаар алтаа Монголдоо авч үлдэх боломжтой. Алтны шороо шууд валют болдог. Гэхдээ алт олборлолтын салбарт хариуцлагатай уул уурхай орхигдсон гэдгийг би хүлээн зөвшөөрнө. Энэ асуудлыг би өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнтэй ярилцана. Цагаан сарын дараа алтны АМНАТ-ыг УИХ-аар дахин хэлэлцэнэ.
Эх сурвалж: Gogo.mn