📅

Аймаг, сумыг цөөлж төсвөө хэмнэе

🕔 2019/01/24 10:50

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр өнгөрсөн онд Монгол Улсын төсвийн алдагдал буурлаа гэсэн байлаа. Үүнийг амжилт гэж дөвийлгөн ярих нь энэ үзүүлэлтийг улс төрд л ашиглаж байгаа хэлбэр гэхэд юу нь буруудааж. Ер нь улсын төсвийг хэмнэх олон арга зам байгааг эдийн засагчид хэлдэг, бичдэг. Даанч үүнийг нь төр, засгийнхан анхаарч үздэггүй, зөв гэж мэдсэн ч хайхрахгүй байхыг хичээдэг нь нууц биш.


Иймээс зөвийг харсан эдийн засагчдын санаа бодлын нэгийг манай сонин олон түмний сонорт хүргэе, хэлэлцүүлье гэж шийдсэн юм. Ямар сэдэв дэвшүүлж байгаа юм бэ гэвэл хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд Монгол Улсын Үндсэн хуулийн заалтын дагуу эрс өөрчлөлт хийж юуны өмнө сумдын тоог цөөлье. Аймгийг ч бас.Тэгэх юм бол улсын төсвийг үр ашиг муутай цацаж, үрэн таран хийх үүд хаалга нэг талдаа хаагдана гэж үзэж байна.


Одоо Монгол Улс 330 сумтай, тэнд 2000 онд хүн амын 44 хувь нь амьдардаг байсан бол 2013 онд 31 хувь болж буурсан дүн бий. Тэгвэл 2018 оны байдлаар тэр хувь улам доошилж хүн амын 25 хүрэхгүй хувь нь хөдөөд суурьшиж байгаа гэсэн тоо баримт байна.


Энэ юу хэлж байна вэ гэвэл хөдөөд хандах төр, засгийн бодлого муугаас хөдөөгөөс төв рүү тэмүүлэх хөдөлгөөн ихэссэн гэсэн үг. Монголд засаг захиргааны шинэчлэл гурван үе шатыг туулсан гэж судлаачид хэлдэг. Сүүлчийнх нь 1994 онд аймаг, сум байгуулах тухай УИХ-ын тогтоолоор Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр гэсэн гурван шинэ аймгийг одоогийн хилийн зэсээр нь тодорхойлон байгуулсан байдаг.


Бас аймгийн төвүүдийг сум болгон нэрлэх болгосон. Ингэснээр одоогийн 21 аймаг 330 сум бүрдсэн гэж болно. Сумдыг хүн амын тоогоор нь ангилан үзвэл 51.7 хувь нь жижиг буюу 3000-аас доош, 31.1 хувь нь жижгэвтэр 3000-5000 хүртэл, 805 хувь нь дундаж буюу 5001-7001 хүн амтай гэсэн тэр үеийн тоо баримт байдаг.


Тэгвэл одоо ямар байгаа вэ Энэ талаар төр, засгийнхан огт ярихгүй юм. Байхгүй байхад үгүйлэгдэхгүй болсон олон жижиг сумтай болчихож. 1000 хүрэхгүй хүн амтай сумууд ч байна. Завханы Асгат, Дундговийн Цагаандэлгэр, Баянжаргалан, Баянхонгорын Баянцагаан гээд тоочиж болох. Цааш нь 1000 илүүхэн хүн амтай сум гэвэл бүр хэдэн арав.


Тэдгээр сумд 20 гаруй мянган хүнтэй Сэлэнгийн Мандал, 10-аад мянга дөхсөн хүн амтай Өмнөговийн Ханбогд, Цогт-Цэций сумтай  адилхан улсын төсвөөр тэжээгдэж байна. Мөн Баянхонгор, Дундговь, Говь-Алтай, Дорноговийн зарим сумын газар нутаг эзгүйрч тэнд хүн амьдрах нөхцөл үнэхээр муу байна. Гэтэл нэгэнт л тэнд сум гэж байгаа, цөөн ч гэлээ хүн амьдардаг болохоор жил бүр төсөв хуваарилж л байдаг юм.


Нөгөө талаар хөдөөнөөс сонгогдсон УИХ-ын гишүүд тойргоо тордох нэрийдлээр өдий төдий тэрбум төгрөг төсвөөс авч сургууль, эмнэлгийн байшин засах, дээвэр солих мэтэд зарцуулж ажил хийсэн дүр үзүүлж заншсан юм. 2019 оны төсөвт гэхэд гишүүн бүр найман тэрбум төгрөг хуваарилуулж авснаа чамлаж байгаа гэнэ лээ.

Ганц жишээ хэлэхэд 1000 хүрэхгүй хүн амтай Завханы Асгат суманд нийтийн спортын талбай байгуулахад 92 сая төгрөг, Өмнөговийн Ноён суманд эмнэлгийн барилга барихад нэг тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт тусгажээ. Ийм баримт зөндөө л дөө. Энэ мэт нь төсвийг асар ихээр хорлож байна. Дээр дурдсан жишиг сумдад Засаг даргын тамгын газар 10 гаруй орон тоотой, дундаж цалин нь 550 мянган төгрөг байдаг.


Түүнээс гадна багш, эмч нар гээд сумандаа өндөр цалинтайд тооцогддог хүмүүс бий.Гэтэл сумын сургуулийн зарим ангид нь 6-8 хүүхэд суралцаж байна. Багш нарын ачаалал тун бага гэсэн үг. Тийм хэдий ч авдаг цалингаа л авна. Саяын нэмэгдэлд ч тэд хамрагдсан. Энэ жишээг хэлэхдээ хөдөөгийн нэг багш, нэг эмч их цалин авч байна гэсэн төдий үг биш. Гагцхүү тэдний хүрч үйлчлэх, хүн ам нь цөөн, ажлын цар хүрээ хомсхон байна. Тиймээс төсвийн хөрөнгө үр ашиг муутай цацагдаж байна гэдэг санаа гол нь юм.


Хөдөөд аль нэг суманд шинэ сургууль, эмнэлэг бариад ч сум хөгжихгүй л байна шүү дээ. Сумдад баг гэж ярьвал 70 орчим хувь нь эрчим хүчний ямар нэг эх үүсвэргүй холбоо шуудангийн  ажил нь зогссон, багийн дарга нарын 22.6 хувь нь ажлын байргүй олны хэлдгээр морин дэл дээр ажлаа амжуулсан болж явна.


Тиймээс сумдыг цөөлье гээд байгаа юм. Энэ байдлыг өнөөгийн төр, засаг огтхон ч анхаарахгүй л байна. Хэдэн жилийн өмнө сонгуульд ялсан аль нэг намын мөрийн хөтөлбөрт орон нутгийн засаг захиргааны нэгжийн асуудлыг судалж үзэх, холбогдох арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлнэ гэсэн ерөнхий үг, өгүүлбэр харагддаг байсан бол одоо аль ч намын бодлого, хөтөлбөрт энэ сэдэв огт алга.


Энэ нь олон сумтай байх нь улс төрчдөд л ашигтайг харуулж байгаа юм. Нэг жишээ хэлэхэд Сонгуулийн хуульд 76 тойргийг зохион байгуулахдаа хүн амын тоог огт харгалзсангүй.  Тиймээс зарим тойрог 3000-4000 сонгогчтой байхад зарим нь 20-30 мянган хүнтэй байгаа. Энэ бол сонгуулийн хуулийн нэг харалган заалт юм.


УИХ-ынхан элдэв янзын хэрүүл хийхдээ нэгийгээ чи дөрөвхөн мянган сонгогчийн бүтээгдэхүүн. Тэгэхэд би 30 мянган хүнээс сонгогдсон түшээ шүү гэцгээж ч магадгүй. Энүүхэнл л асуудал. Даанч тойрог гэж томорч ярихаас их, багын тухай дурсах ч дургүй байдаг юм билээ.


Харин УИХ-ын Төрийн байгуулалт байнгын хорооны 2014 оны аравдугаар сард гаргасан нэг тайланд сум, багийн бүтэц, зохион байгуулалт, ажлын албыг сумын хүн амын тоо, газар нутгийн онцлогийг харгалзан ялгавартай харж үзэх шаардлагатай байна гээд сум, багийн хүн амын тооны доод хязгаарыг хуулиар ялгаатай тогтоож өгөхийг үр дүнтэй ажил болно гэснийг уншиж байлаа. Гагцхүү тэр нь ажил хэрэг болж чадсангүй.


Монгол Улсын Үндсэн хуульд Засаг захиргааны нэгжийн шинэ хуваарь хийх эрхийг УИХ-д өгсөн байдаг. Гэтэл аймаг, сумын тоог олон байгаагаас төсөв хөрөнгө үр ашиг муутай зарцуулагдаж байгааг өнөөгийн төр, засгийнхан харсан ч хараагүй, мэдсэн ч мэдээгүй юм шиг л байгаа юм. Энэ байдал зөвхөн улс төрчдөд ашигтайг бодсон хэрэг.


Тиймээс зоригтой өөрчлөлтийг хиймээр байна. Энэ ажлын эхлэл нь хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, тогтоомжид өөрчлөлт оруулахаас эхлэх ёстой юм. Монгол Улсын Үндсэн хуульд Засаг захиргааны нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан тухайн нутгийн хурал, иргэдийн саналыг үндэслэн УИХ шийдвэрлэнэ гэж бий. Гэвч энэ үед орон нутгийн хурлаас, иргэдээс санал ирнэ гэж хүлээвэл цаг хугацаа их алдах биз.


Иймээс холбогдох хууль тогтоомжийн дагуу сумдын эдийн засгийн байдал, өрсөлдөх чадварын судалгааг хийж ангилаад сум ямар байх вэ гэдэгт хүн амын босго оноо тогтоомоор байгаа юм. Тэр босго нь 2000-2500 хүн амтай байх. Ингэвэл одоогийн 330 сумын 100 гаруй нь сум байх статуст тэнцэхгүй гэсэн үг. Энэ дагуу сумаа цөөлье. Ер нь сумын тоог цөөлж цөөн суманд хүрэлцэхүйц төсөв хуваарилах юм бол орон нутаг хөгжих бололт нь ч нэмэгдэх учиртай гэдгийг судлаачид, эдийн засагчид ярьдаг юм. Өнөөгийн 330 суманд өгөгддөг төсвийг 200 суманд олгоход мэдээж хөгжил бий болно доо.


Сум татан буулгана гэдэг ярвигтай гэдэг. Тухайн үед өөр суманд шилжсэн айл өрх нүүж, төв рүү ойртох зайлшгүй шаардлага байснаас иргэд дургүйцдэг байсан үе бий. Тэгвэл өнөө цагт зарим сумыг нөгөөд нэгтгэхэд сөрөг тал тун бага болсон шүү дээ. Холбоо харилцаанд хол ойрын хамаарал үгүй, зам тээврийн хөгжил огт өөр болсон учир хөдөөгийнхөн идээшиж дассан нутгаасаа нүүх шаардлага ч  байхгүй тийм цаг дор бид амьдарч байна.


Нөгөө гэвэл сумын тоог нэмэгдүүлсэн нэг механик хүч нь 1994 оны өөрчлөлтийн алдаатай тал. Энэ ямар өөрчлөлт вэ гэвэл аймгийн төвүүдийг сум болгосон явдал буруу. Бас аймагтай зэрэгцэн нэг сум төрж, төрийн албан хаагчдын орон тоог хэдэн арваар нэмэгдүүлсэн.


Урьд нь аймгийн дарга нар аймгаа ч, хотоо ч аваад явдаг байсан шүү дээ. Тэр төрхөнд нь буцааж байгуулахад яагаад болохгүй гэж. Дээрх уруу бодлогын уршгаар Дорнод аймгийн төвтэй айлсаж 10 хүрэхгүй км-ийн дотор хаяа нийлэн байдаг Баянтүмэн гэдэг сумыг Хэрлэн сумтай нэгтгэж чадахгүй өдий хүрсэн юм гэдэг.


Бас нэг зүйл бий. Дархан, Эрдэнэт, Чойр хотыг аймаг болгосон явдал буруудсныг бид өдөр бүр харж, мэдэрч байна. Хоёр, гуравхан сумтай Говьсүмбэр, Орхон аймаг бараг томоохон сум адил хүн амтай ажил үйл нь долоон зовлонгийн дунд байдаг гэдэг. Бас Дархан-Уул гэдэг аймганцар нь Сэлэнгэ аймгийн нутгийн хэвлийд оршдог. Аймаг доторхи аймаг гэгддэг. Иймээс хот нь хотоороо байхыг бас санал болгомоор байгаа юм.


Эрдэнэт, Дархан гэхэд үйлдвэрийн хөгжилдөө хөтлөгдөөд хот байж чадаж байсан. Одоо ч чадна. Чойр ч гэсэн дээ. Дорноговийн нэг томоохон сум байхад юу нь болохгүй гэж. Төмөр замын зангилаа, хүн амын суурьшил сайтай тийм газар хот боллоо гэхэд ямар ч өөрчлөлт орохгүй л дээ.


Засаг захиргааны нэгжийн ийм өөрчлөлтийг зоригтойхон хийж чадвал улсын төсөв мөн ч их хэмнэгдэх учиртай биш үү. Энэ тухайд уншигчид, улстөрчид, эдийн засагчид хийгээд улс орныхоо хөгжлийн төлөө санаа зовдог хүмүүс санал бодлоо өргөнөөр ирүүлэх байх гэдэгт найдаж байна.


Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Д.ЦЭРЭННАДМИД

 
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?