Фүна Тонаки: М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг, Белодед, Парето нар миний өрсөлдөгч
Монголчуудын барилдааныг судлаж, барьц авах, золгох тал дээр шинэ зүйл сурч авахаар ирсэн. Сүүлийн үед Японы жүдочид гадаад улс орнуудад ганцаарчилсан бэлтгэл их хийх болсон. 2012 оны Лондонгийн олимпод тааруухан оролцсон Японы шигшээ багийг сэргээн босгох даалгавар авсан Иноүэ Косэй дасгалжуулагчийн нэвтрүүлсэн нэгэн шинэлэг зүйл бол энэ байлаа. Жүдогийн эх орон Японы жүдочид Бразил, Монгол, ОХУ гээд гадаад улс орнуудад очиж, бэлтгэл хийн, үндэсний бөхөөс нь суралцсаар байгаа билээ. Энэ өдрүүдэд Монголд Японы шигшээ багийн тамирчин, 2017 оны дэлхийн аварга, 2018 оны ДАШТ-ий мөнгөн медальт Фүна Тонаки ирж, хамтарсан бэлтгэлд оролцлоо. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагаа сонирхуулья.
- Та
Монголд анх удаа ирж байна уу?
- Тиймээ, анх удаа.
- Монголд Японы
алдартай жүдочид ирж, хамтарсан бэлтгэл хийдэг боллоо. Шёохэй Оно, Сара Асахина
нар өнгөрсөн жил ирсэн. Бүгд мэдээж ямар нэг шинэ зүйл сурч мэдэж авах, олох
зорилгоор ирж байгаа. Фүна Тонаки ямар зорилгоор Монголд ирэв?
- Сүүлийн үед амжилт тааруухан
байгаа болохоор яагаад гэдгээ мэдэж авах зорилготой Монголд ирсэн. Сул тал
маань юу болох, яаж засах вэ гэдгээ ойлгох хүсэлтэй байна. Монгол бөхчүүд хөл,
нуруу сайн байдаг. Тэдний барилдааныг судлаж, барьц авах, золгох тал дээр шинэ
зүйл сурч авахаар ирсэн.
- Ирэхийнхээ өмнө Сара
Асахинагаас ч юм уу, Монголын талаар сонирхож асуусан уу?
- Үгүй.
- Монголын талаарх
Таны сэтгэгдлийг сонсмоор байна?
- Монгол гэхээр өргөн уудам талд гэр байдаг газар л гэж бодож байсан. Харин ийм
олон байшин барилгатай гэж огт мэдээгүй. Үүнд их гайхсан.
- Монголд хүйтэн байна
уу, даарч байна уу?
- Би хүйтэнд гайгүй тэсвэртэй юм гэдгээ мэдэж авлаа. Анх Монголд -30 хэм
хүйтэрдэг гэж сонсоод сэтгэлд нэг л буухгүй байсан. Харин яг ирээд үзэхэд
хуурай цаг агаартай болохоор гайгүй байна.
- Таныг ирж байхад
манай УАШТ Сэлэнгэ аймагт болж өнгөрлөө. Тэмцээн дөнгөж дууссан болохоор хамт бэлтгэл
хийх тамирчин олдов уу? Яагаад яг ийм үед ирэв?
- Би шийдээгүй юм. Манай холбооноос хаана бэлтгэл хиймээр байна гэж асуухад би
Монгол гэж хариулсан. Харин холбооноос за яг одоо яваарай гэхээр нь шууд хүрээд
ирсэн. УАШТ болж байгааг мэдээгүй. Гэхдээ Д.Сумьяатай бэлтгэл хийж чадсандаа
баяртай байгаа.
- Монгол жүдочдын
хүчтэй талыг юутай холбож бодов?
- Биеийн хөгжил, хөл нуруу сайтай. Чадалтай.
- Сул тал нь?
- Тэсвэр хатуужил. Цаг дуустал эрчтэй барилдах чадвар.
- Та
хэдэн настайгаасаа жүдо барилдаж эхлэв? Хамгийн анх түрүүлсэн тэмцээн юу вэ?
- 9 настайгаасаа жүдо барилдаж эхэлсэн. Дунд сургуульд байхдаа Сагамихара хотын
АШТ-д анх түрүүлж байлаа.
- 48 кг-ийн жүдочид
15-16 настайдаа л тодроод гараад ирдэг. Тани Рёоко гэхэд 18 настайдаа дэлхийн
аварга болж байлаа. Харин Фүна Тонаки 20 наснаасаа амжилт гаргаж эхэлсэн
байдаг. Арай орой гэж хэлэхэд болохоор.
- Тиймээ. Миний хувьд анх олимпийн наадамд оролцох нь холын мөрөөдөл
байлаа. Дунд, ахлах ангид байхад нэг хэсэг огт ялахаа болиод жүдо бөхөө
болих талаар хүртэл бодож байлаа. Харин их сургуульд ороод бага зэрэг
амжилт гаргаж эхэлсэн. Энэ үеэс л олимпийн наадам гэдэг зүйл мөрөөдлөөс бодит
зорилго болон хувирсан гэж хэлж болно.
- 2016 оны Риогийн
олимпийн наадмыг гэртээ үзсэн байх. Таны жинд барилдсан Ами Кондо хүрэл медаль
л хүртсэн. Тэр үед юу бодогдож байв? Би оролцсон бол гэж бодож байв уу?
- Би тэр үед тэгэж бодохоор сайн тамирчин байгаагүй. Гэхдээ Ами Кондотой өмнө
нь барилдаад ялагдсан ч эн тэнцүү, сайхан өрсөлдөж чадсан болохоор би ч бас
түрүүлэхгүй юм гэхэд олимпийн наадамд барилдаж болох юм байна гэж бодоод
итгэл төрсөн.
- Одоогийн 48 кг-ийн
жинд хамгийн хүчтэй бөх хэн бэ? Өрсөлдөгч гэж хэнийг үздэг вэ?
- Ами Кондог нэрлэнэ.
- Гадаадын тамирчдаас?
- М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг, Украины Белодед байна. Мөн Аргентиний Парето,
Бразилийн Менезес. Бүгд л сайн тамирчид.
- Г.Отгонцэцэгтэй 4
барилдаж, 2 ялж, 2 унаад байгаа. Г.Отгонцэцэгийн барилдааны онцлогийг өөртөө
нээсэн байх?
- Шийдсэн мэх сайн хийдэг. Мэхэндээ даацтай.
-
М.Уранцэцэгтэй та 7 барилдаж 4 ялж, 3 унасан байна. 2 сарын өмнө Осака Их
Дуулгын финалд хэдхэн секундэд цэвэр ялсан. ДАШТ-д бас ялсан гээд түүнийг 2
дараалан ялаад байгаа. Урнаатай барилдаад сурч байна гэж хэлж болох уу?
- Барилдахад амар болж эхэлсэн тал бага зэрэг бий. Би барилдахын өмнө
өрсөлдөгчийнхөө царайг их хардаг. Сэтгэлийн хөдөлгөөн, байдлыг нь хараад
"Би өнөөдөр ялах нь", "Өнөөдөр эвгүй байж магад" гэдгээ
ойлгодог.
- 2017 онд та дэлхийн
аварга болохдоо М.Уранцэцэгтэй бас таарч ялж байсан. Тэр үед Урнаагийн царайг
хараад ялна гэдгээ ойлгосон уу?
- Тиймээ, хараад ялна гэж бодсон. Харин өнгөрсөн жилийн ДАШТ-д хагас шигшээд
таараад хэцүү барилдаан болох нь гэдгийг ойлгосон. М.Уранцэцэг маш их төвлөрөөд
ирж байгаа нь мэдрэгдсэн.
- Энэ хоёр бөхийн
хэнтэй нь барилдахад хэцүү вэ?
- Г.Отгонцэцэгтэй барилдах нь хэцүү. Тал таарах, барьц авах гээд олон юм бий.
Урнаатай барилдахад тэр нуруу өндөр, мөч урт болохоор барьц булаацалдахаас өөр
аргагүй. Харин Г.Отгонцэцэг надтай адилхан жижигхэн, зүүн талтай болохоор шууд
л мөргөлдөж байгаа мэт болдог. Зай маш ойрхон.
-
Украины Белодедтэй 3 барилдаад 3 унасан. Яагаад? Тэр тийм хүчтэй юу?
- Белодед бол нурууны өндөр, хөл гарын урт гэх зэрэг биеийнхээ илүү талыг маш
гарамгай ашиглаж барилддаг. Энэ бол түүний хамгийн хүчтэй тал. Харин миний
хувьд өөрийгөө удирдан, хянаж чадалгүй ялагдаад байгаа. Ялмаар байна, заавал
ялна гэж бодож, хүсэх тусам өөрийгөө хянах нь улам хэцүү болдог.
- Өнгөрсөн жил
Загребийн Гран Прид Дарьяад ялагдаад "Намайг ялсан өрсөлдөгч 17 настай,
170 см өндөр, хөөрхөн охин. Одоогийн байдлаар түүнд жүдогоор ч, гадна төрхөөр ч
ялагдаж байгаа тул ядаж жүдогоороо ялахын төлөө хичээнэ" гэж хэлсэн гэсэн
үнэн үү? Гэтэл дахиад ялагдлаа.
- Тийм ээ, үнэн. Нуруу, зүс царай, жүдо гээд бүх юмаар ялагдаад байх нь
гунигтай болохоор ядаж жүдогоор ялахсан гэж бодоод хэлсэн юм.
- Тамирчны хувьд ялах
гэхээсээ ижилхэн эмэгтэй хүний хувьд ялах гэж хэт хичээгээд байгаа болохоор
ялагдаад байгаа юм биш биз?
- Үгүй үгүй, саяынх бол тоглоом наргиан шүү.
- Белодедийг ялахгүй
бол олимпийн алтан медаль авахгүй шүү дээ. Дарьяг унагаахын тулд Танд юу
хэрэгтэй вэ?
- Өөрийгөө удирдан хянах. Сэтгэл зүйн тал дээр ажиллах хэрэгтэй. Түүнээс ур
чадварын тал дээр ялагдаад байгаа зүйл байхгүй.
- Гадаад
бөхтэй барилдах хэцүү юу, япон бөх хэцүү юу?
- Япон бөх хэцүү. Хүчтэй сайн тамирчин маш олон.
- Япон жүдочдын хүчтэй
тал?
- Ур чадвар. Мэх хийх, барьц авах чадвар, барьц тавиулах гээд бүх зүйл дээр
япон бөхчүүдийн ур чадвар маш өндөр.
- Нэг жилийн дараа
Токиод олимпийн наадам болох гэж байна. Таны хувьд олимпийн наадам гэж юу вэ?
- Дэлхийн өнцөг булан бүрээс янз бүрийн орны тамирчид ирж оролцдог. Баян орны
тамирчин байлаа гэхэд ядуу буурай орноос ч тамирчид ирдэг. Тамирчид амжилт
гаргаж, медаль аваад улс орон, ард түмэндээ баяр баясгалан, урам зориг өгдөг
тэмцээн бол олимпийн наадам юм. Үзэж байгаа хүмүүст эр зориг, сэтгэлийн хөдлөл
бэлэглэн, уярааж, огшоодог нь олимпийн наадмын хамгийн сайхан зүйл.
- Токиогийн олимпийн
наадмын эрх авахын тулд юуны өмнө ДАШТ-д оролцох шигшээ багт багтах ёстой. Энэ
эрхийг 4-р сард болох Японы УАШТ-ээс өгнө. Таны жинд Ами Кондо, Хироми Эндо
гэсэн сайн бөхчүүд байна. Хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн бэ?
- Ами Кондо. Одоогийн байдлаар 4 барилдаж, 3 ялагдаад байгаа өрсөлдөгч. Бид нас
чацуу. Ахлах ангид байхдаа анх таараад ялагдаж байлаа.
- "Токио
2020" олимпийн наадмын эмэгтэйчүүдийн жүдо бөхийн 48 кг-д алтан медалийн
төлөө өрсөлдөх бөх 4-ийг нэрлэ гэвэл хэн хэнийг сонгох вэ?
- Белодедийг хамгийн түрүүнд хэлнэ. Тэгээд М.Уранцэцэг, Парето, Косовогийн
Дистрия Красники байна. Красники жингээ хасаад 48 кг-д бууж ирээд Мастерст
түрүүлсэн байгаа.
- Энэ
жил Фүна Тонаки ямар тэмцээнд орох гэж байна? Японд хэн ямар тэмцээнд орохыг
холбоо шийддэг үү, тамирчин өөрөө шийддэг үү?
- Японы жүдо бөхийн холбоо шийддэг. Би Дюссельдорф Их Дуулгад оролцох
төлөвлөгөөтэй байгаа.
- Одоо та жиндээ
дэлхийн чансаагаар 3-т бичигдэж байна. Ер нь чансаагаа хардаг уу?
- Бараг хардаггүй. Гадаадын бөхчүүд чансаагаа дээшлүүлэх гээд ганц нэг
тамирчин ихэнх тэмцээнд оролцдог. Харин Японд бүх тамирчдад ижил боломж гаргаж
өгдөг. Тийм болохоор дэлхийн чансаа ямар ч хамаагүй гэж би боддог.
- Таны хэлсэн нэгэн
алдарт эшлэлийг олж уншсан. "Үхэхээс бусад зүйл бол зүгээр л нэг жижигхэн
шарх" гэж. Хэзээ хэлсэн бэ?
- Уг нь бол би хэлээгүй юм. Твиттерийнхээ профайл дээр л бичсэнийг хүмүүс их
уншсан байна лээ. Үхсэн ч хамаагүй үзэлцэнэ гэсэн утгаар бичсэн хэрэг.
- Сүмо бөх үздэг үү,
монгол бөхчүүдтэй танил уу?
- Үгүй. Би спортын тэмцээн, ер нь телевиз үздэггүй.
- Жүдо бөхөөс өөр
дуртай зүйл юу байна?
- Унтах л юм даа. Заримдаа жүдог мартаад амарч байх хэрэгтэй гэж боддог. Дан
жүдогоор амьсгаллаа гээд илүү хүчтэй болохгүй.
- Та
ямар сургууль төгссөн бэ? Танай сургуулиас алдартай тамирчин гарсан уу?
- Тэйкёо их сургууль. Алдарт Тани Рёоко манай сургууль. Бас Мацүмото Каори
байна.
- Таны шүтдэг жүдоч?
- Аюүми Танимото. Иппон цэвэр ялж байгааг нь харахад сайхан байдаг. Би өөрөө
бага багаар оноо авч барилддаг хүн.
- Япончууд яагаад
заавал Иппон ялах гэж хичээдэг юм бол? "Иппон жүдо". Бусад оронд бол
ялж байвал боллоо гэх тамирчин олон.
- Цэвэр ялах сайхан харагддаг болохоор тэр байх. Иппон ялна гэдэг бүрмөсөн ялж
байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл ямар ч маргаангүй дуусгаж байгаа юм. Энэ бол жүдо
бөхийн хүнийг татдаг зүйлийн нэг. Харин миний хувьд ялж байвал торгуулиар ч ялсан
байсан ялалт гэж боддог.
- Ярилцлага өгсөнд
баярлалаа. Хавар болох УАШТ-дээ амжилттай оролцож, олимпийн эрхээ аваарай гэж
хүсэн ерөөе.
М.Сугар-Эрдэнэ
Ub.life