📅

Дарханы театрыг самарсан Ц.Түвшинтөгс гавьяат хаана явна?

🕔 2015/10/12 13:43
Дарханы театрыг самарсан Ц.Түвшинтөгс гавьяат хаана явна?
"Театр бол ариун сүм”. Тиймдээ ч ахмад үеийн уран бүтээлчид маань театрын хаалгаар тоостой гуталтайгаа орохыг ч цээрлэдэг байсан цаг саяхан. Гэтэл сүүлийн жилүүдэд энэхүү ариун сүмд гутлын байтугай сэтгэлийн тоостой хүмүүс шургалж, дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байгаа талаарх таагүй мэдээллүүд урлагг хайртай хүмүүсийн зүрхийг зүсэх боллоо.
 
Хамгийн сүүлд л гэхэд, Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгс Дархан-Уул аймгийн "Залуучууд” театрыг цөлмөчихөөд, "зугтаж" одсон байна. Болсон явдлыг нэхэн сурвалжлахад, Ц.Түвшинтөгс өнгөрсөн гуравдугаар сард Улаанбаатар чуулгын даргын ажлаа хүлээлгэж өгөөд, "Залуучууд” театрын даргаар томилогдон очсон юм. Харамсалтай нь, тэрбээр орон нутгийн театрыг өөд нь татах гэж бус халаасаа түнтийлгэх зорилготой Дархан-Уул аймгийг зорьсон бололтой. Тэрбээр зорилгоо биелүүлэхийн тулд хамгийн түрүүнд тус театрын дотоод дүрмийг шинэчилж, бүхнийг өөрт ашигтайгаар эргүүлхээр  шийджээ.
 
Ц.Түвшинтөгс гавьяат "Залуучууд" театрын дөчөөд жилийн түүхэндээ таван удаа шинэчилж, үе үеийн дарга нар батлан мөрдөж ирсэн уг дүрмийг өөрчилж, бүхнийг дарга мэдэж байхаар найруулаад, театрын бүх ажилтанд уншуулсан гэх боловч үнэндээ энэ бүгд нь нууц байдалд өрнөжээ. Харин уг шинэ найруулгыг уншихаар шахаж шаардан, "таныг хаан болгохгүй” гэж эсэргүүцсэн ажилтнуудыг хоморголон халж эхэлсэн байна. Тэр ч бүү хэл, "Залуучууд” театрт Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгс гэдэг хүн очсоноор тус театрынхан гадны тоглолтын хажуугаар л ажлаа хийдэг болсон тухай уран бүтээлчид ярьж байлаа. Өөрөөр хэлбэл, Ц.Түвшинтөгс театрын санхүүг бүрдүүлэх нэрийдлээр тус театрыг түрээсийн байр болгон ашиглах болжээ.
 
Ийнхүү байнга гадны тоглолт авч ирж, театрын уран бүтээлчдэд тайз, цаг гаргаж өгөхөө больсноо тэрбээр "Та нар мөнгө олдоггүй. Гадны тоглолтуудын орлогоор л санхүүгээ бүрдүүлж байна” хэмээн тайлбарлаж байсан аж.
 
Түүнчлэн театрын агааржуулалтын системийг муудсан гэх шалтгаанаар хуучин төмөр авдаг газарт заржээ. Тодруулбал, тэрбээр агааржуулалтын системийг бүрдүүлдэг найман мотор, хөргөлтийн системүүдийг 6 тн ширэм, 7 тн төмөр хэмээн хуучин төмрийн газарт сая гаруй төгрөгөөр тушаасан байна. Гэтэл агааржуулалтын системийг дахин тавихын тулд хамгийн багаар бодоход нэг тэрбум төгрөг зарцуулагдана. Хэрэв агааржуулалтын системгүй бол хүмүүс театрт хоёр цаг болоход л шууд бурхны оронд одох аюултай юм.
 
Тиймээс ч агааржуулалтын системгүй болсон тус театрынхан аргаа барсандаа хаалгаа өдгөө цэлийтэл дэлгэн агаар оруулж байна.Ц.Түвшинтөгсийн дураараа дургилт үүгээр ч төгсчихөөгүй. Тэрбээр театрын өмнөх талбайд байсан усан оргилуурыг хүртэл хуучин төмөрт тушаагаад мөнгө болгочихсон гэж байгаа. Уг нь дүрмийн дагуу бол тэрбээр театрын хөрөнгийг зарж, борлуулах бол Өмчийн харилцааны газраас бичгээр зөвшөөрөл авах учиртай.
 
Гэтэл мань дарга "хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх" гэгчээр "Залуучууд” театрын эд зүйлсийг өөрийн хувийн хөрөнгө мэт үзэж, дураараа зараад "идчихэж”. Тэр ч бүү хэл, театрын ,нэг хэсгийг фитнесс клуб болгохоор төлөвлөж, өндөр үнэтэй гүйлтийн зам худалдан авчээ. Мэдээж театрын мөнгөөр шүү дээ. Харамсалтай нь, түүний шуналын хүүдий ингээд ч дүүрсэнгүй. 2014 онд Шекспирийн алдарт "Ромео, Жульета”-г монголчууд Азид анх удаа мюзикл хэлбэрээр тавьж, дуулиан дэгдээж байсныг та бүхэн санаж байгаа биз ээ. Тэгвэл Ц.Түвшинтөгс гавьяат уг мюзиклийг "Залуучууд” театрт худалдаж авч өгөх нэрээр 20 сая төгрөг аваад халаасалчихсан бололтой.
 
Учир нь, хууль бусаар ажлаас халагдсан хэсэг уран бүтээлчийн гомдлын дагуу Аудитын газар тус театрт шалгалт оруулсан юм. Уг шалгалтаар дээр яригдсан асуудлууд бүгд батлагдсан бөгөөд мюзикл худалдаж авах нэрээр авсан 20 сая төгрөг хаачсан нь тодорхойгүй байгаа аж. Энэ талаар Дархан-Уул аймгийн Аудитын газрын дарга С.Чинзориг "Лха” телевизэд өгсөн ярилцлагадаа тодорхой дурдсан байна. Урьд өмнө нь урлагийн байгууллага, тэр дундаа ариун сүм гэгддэг театрт Аудитын шалгалт оруулж байсан удаа үгүй. Харин "Залуучууд” театрт аудитын шалгалт орох сургаар гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр эрхэм гавьяат ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд "зугтаж” одсон байх юм.
 
Тэрбээр ийнхүү сүүлээ хавчин зугтах болсонд шалгалтаас өөр шалтгаан ч бий. Тодруулбал, "Залуучууд” театраас үндэслэлгүй халагдсан уран бүтээлчид дураараа дургигч гавьяаттай зунжин шүүхдэлцсэний эцэст өнгөрсөн сард ялалт байгуулж, ажилдаа орцгоожээ. Ингэснээр Ц.Түвшинтөгс гавьяатын
хэмжээлшгүй  эрхэт  байдалд хил хязгаар тавигдсан гэсэн үг. Ийнхүү цааш ганц ч гишгэх газаргүй болсон тэрбээр ажлаасаа өөрийн хүсэлтээр халагдаад,бушуухан
холдохоос ч өөр яалтай билээ. Гэтэл бас түүнийг Америк явах гэж байгаа гэсэн мэдээлэл ч чих дэлсээд амжив. Тэгэхээр Дарханы театрыг самарч, тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө цөлмөсөн Ц.Түвшинтөгс гавьяат хуулийн байгууллага шалгаж эхлэхээс амжиж, хилийн дээс алхахаар бэлтгэж байгаа байж болзошгүй гэж зарим хүмүүс сэрдэж байна.
 
Хууль хяналтынханы гар урт. Ц.Түвшинтөгсийг шалгадгаараа шалгаж, зохих шийтгэлийг нь оноох л биз. Харин урлагийн ариун сүмийг мөнгөний авдар мэтээр харж, хоноцын сэтгэлээр хандсан дураараа дургигчийн балгаар агааржуулалтын системгүй болсон "Залуучууд” театрт дахин агааржуулалтын систем тавих тэрбум гаруй төгрөгийн хөрөнгийг хэн шийдэж өгөх вэ? Зсвэл Ц.Түвшинтөгс гавьяатыг хуулийн байгууллага шалгаж, хохирлыг барагдуултал тус театрынхан хаалгаа цэлийтэл дэлгэж аргацаасаар хөхөө өвлийн хүйтнийг барах хэрэг үү? гэдэг нь тодорхойгүй хэвээр үлдэж байна.
 
Ц.Баттуяа
Эх сурвалж:  "Өглөөний сонин"

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?