📅

Гишүүд шударга ёсыг парламентын танхимд дахин булшлах уу, харцгаая

🕔 2019/01/09 11:00

Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д өргөн мэдүүлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Прокуророос УИХ-ын гишүүн Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир нарын УИХ-ын бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх саналыг гаргажээ. Тэднийг ЖДҮХС-гаас хамаарал бүхий этгээдээрээ дамжуулж зээл авахдаа албан тушаал, эрх мэдлээ ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа бололтой. Ерөнхий прокурорын саналыг УИХ 48 цагийн дотор хэлэлцэж, шийдвэр гаргах хуультай юм. 

Мэдээж, ерөнхий прокурорын саналыг УИХ хэлэлцэнэ. Гэхдээ хэлэлцэх нэг өөр, шийдвэр гаргах бас өөр гэдгийг бид өмнө нь харсан. Ерөнхий прокурор М.Энх-Амгалан өмнө нь УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирсэн. Түүнийг мөн л эрх мэдлээ ашиглан хувийн компанидаа зээл авсан асуудлаар яллагдагчаар татаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхийг хүссэн.  Гэвч УИХ түүнийг авч үлдсэн.  Улаан цайм хууль зөрчсөн, эрх мэдлээ хэтрүүлсэн хүнийг УИХ хаацайлсныг бид нүдээрээ харж, чихээрээ сонссон.

Аргаа барсан Ерөнхий прокурор М.Энх-Амгалан чуулганы танхимд бухимдлаа илэрхийлсэн. Тэрээр "Би гурав дахь удаагаа асуудал оруулж ирж байна. Эхний хоёр дээр нь та нар татгалзсан хариу өгсөн. Шударга ёс гэдэг чинь энэ танхимаас эхлэх ёстой юм. Хаана байгаа юм тэр шударга ёс чинь. Хууль ёсыг дээдлэх ёстой гэсэн зарчимтай Их хурал чинь яагаад энэ хүмүүсийг журмынх нь дагуу шалгуулж болдоггүй юм. 

Түдгэлзүүлэхгүйгээр шалгах жирийн иргэн хоёр чинь шал өөр шүү дээ. Сангийн эрхлэгч жирийн иргэн өнөөдөр цагдан хоригдчихсон байж байна. Шийдвэр гаргасан Их хурлын гишүүн нь болохоор энд сууж байна. Энэ хүний шийдвэрээр үүрэг гүйцэтгэсэн хүмүүс нь цагдан хоригдоод явж байна. Энэ чинь шударга ёс юм уу. Энэ шударга ёсыг тогтоохын төлөө л би оруулж ирж байна” хэмээн бухимдсан.

Тэгвэл одоо мөн л хууль зөрчсөн, эрх мэдлээ ашигласан шалтгаанаар дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг оруулж ирлээ. УИХ яах вэ!? Хэлэлцсэн нэр зүүж, шударга ёсыг дахиад парламентын танхимд уландаа гишгэх үү. Эсвэл хуулийн байгууллагын саналыг хүлээн авч, шударга ёсыг харуулах уу.  

Шударга ёсын талаар, ард түмний эрх ашгийн тухай амаа цуцтал ярьдаг шударга бусчууд парламентын танхимд орогнож, биенээ хаацайлж суудаг нь худал үг биш. Ямар сайндаа л улсын ерөнхий прокурор нь парламентын танхимаас шударга ёсыг хайж, бухимдаж байхав. Өөрсдөө ажлаа хийдэггүй, өрөөлийг ч ажлыг нь хийлгэдэггүй хэсэг бүлэг шударга бусчууд төрийн дээр гараад суусан цагт Монголын төрөөс, нийгмээс, хуулийн байгууллагуудаас шударга ёсыг шаардах нь хаданд хашгирсантай адил.

Шударга ёсыг шаардаж, спикерийнхээ сандал ширээтэй сар гаруй зууралдсан гишүүд шударга ёсыг хэрхэн ойлгож, хэрэгжүүлдгийг одоо л харъя. Тэдэнд хүнээс шударга ёс нэхэж, шаардах эрх байгаа эсэхийг нь одоо л харах цаг. 40-ийн 40-үүлээ М.Энхболдоос шударга ёс нэхсэн тэд жижиг, дундчуудад зориулсан сангаас эрх мэдлээ далайлган зээл авч, хуулийг гууль болгогсдод шударга ёсыг харуулж чадах эсэхийг ард түмэн хүлээж байна. УИХ-ын гишүүд шударга ёс гэх үгийг парламентын танхимд дахин булшлах уу, харцгаая.

Б.Учрал

 


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?