Төрийн өндөрлөгүүдийг тараан байршуулъя
"…120 мянгатын гэрлэн дохиотой уулзвар дээр яг 30 минут зогсч байна даа. Энэ хооронд Зайсан чиглэл тоогоо алдтал явж өнгөрлөө. Манай автобус хөдлөх гэж ухасхийгээд бүтэлгүйтэхдээ хамаг амьтныг мөргөлдүүлж орхив. Бухимдах биш жолоочийнхоо эр зоригийг үнэлээд зогсч байх жишээтэй, ккк. Автобусны жолооч "Хашигдаад л зогсч байна” гэж нөгөө жолооч руугаа утасдаж байна. Цагдаа ах аа, манай эгнээг явуулж өгөөч дээ” . Энэ бол 2018 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн 08:19 цагт манай нэг сурвалжлагчийн нүүр номдоо бичсэн пост нь байгаа юм.
Нэг талаар мань эр "…Ажлаасаа хоцрохоор болчихлоо шүү” гээд "хэлчихэж” байгаа хэрэг л дээ. Нөгөө талаасаа бол ганц манай сурвалжлагч биш өглөөдөө 120 мянгатын баруун талаас орж ирээд, Энхтайваны гүүрээр хотын төв рүү зорчих гэсэн хүн болгонд тохиолддог хөгийн зовлон бол энэ болоод удаж байгаа юм. Ер нь бол ганцхан 120 мянгатын баруун талаас ирсэн хүмүүст биш хотын төвөөр дамжаад 19 дүгээр хороолол эсвэл Зайсан тийш явах гэж байгаа хүмүүс бас л нэгэн цагт баахан гацна. Тэр бол өнөөх Төрийн гурван өндөрлөг маань ажилдаа явах цаг юм. Их тэнгэрийн аманд бөөндөө амьдардаг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав голдуу 08:30-9:00 цагийн үед ажил руугаа явж байгаа харагддаг. Эхлээд хэн нэг нь явна. Хэдэн минутын дараа дахиад нэг нь явна. Хэсэг байж байгаад үлдсэн "өндөрлөг” явна.
Төрийн гурван өндөрлөгийг өглөө ажилдаа ирэхэд замд нь таарсан хүмүүс ёстой азгүй. Явах бүрт нь урдаасаа хойшоо, хойноосоо урагшаа ажил төрөлдөө яаран сандран яваа хүмүүс замын цагдаагийн "мод”-оо гозойлгосон дохиогоор хаана явж байсан яг тэр газартаа нам зогсоно. Хэдэн минут ч болж магадгүй. Гэхдээ ийм үед ийш тийш сүлжилдэх урсгалуудаас хамгийн их түгжирдэг нь дээр хэлсэнчлэн Үйлдвэр комбинат, Яармаг, Нисэхээс явж ирээд 130 мянгатаар хотын төв рүү эргэлддэг тойрог байдаг.
Учир нь Замын цагдаагийн хамгаалалтын тасгийнхан хэзээ ч гарч ирээд ганцаараа юм шиг давхиад өнгөрөх ёстой. Төрийн өндөрлөгүүдийн замыг чөлөөтэй байлгах гэж Зайсангаас Энхтайваны гүүр давах хөдөлгөөнийг байнгын "урсгадаг” бололтой байдаг юм. Бас Зайсанд амьдардаг том дарга нар ч бас өөрийнхөө зорчиж буй урсгалыг тушаал өгөн "татуулдаг” гэх мэдээлэл байж л байдаг.
Иргэдийн ийм эмоцийн дор Төрийн ордон руу хурдлан давхих Төрийн гурван өндөрлөгт машиных нь цонхоор зам дээрх амьдрал ямар харагддагийг харин мэдэхгүй юм. Магадгүй, цагдаа нь, хамгаалалтынхан нь, машинтай явган иргэд бүгд зогсоод асар хүндлэл дор ажилдаа явдаг гэж хардаг ч байж магадгүй. Үгүй шүү. Маш их уурладаг юм. Шуудхан хэлэхэд, зам нам түгжирч, хүмүүс цаг заваа, шатахуунаа урсгаж өгнө. Бас дохиогоо хангинуулж, хараалаа урсгана. Ингэхгүй байж бас болно. Гарц бий.
Яаж гэвэл, Төрийн гурван өндөрлөгийг Их тэнгэрийн амнаас нүүлгэх хэрэгтэй болно. Хаа байсан 1951 оноос хойш бараг 70-аад жил дарга нар амьдарсан Их тэнгэрийн амны харшуудад ч элэгдэл, хуучралын шинж тэмдэг илэрсэн байж магадгүй юм байна лээ. Өнгөрсөн жил УИХ-ын даргын Их тэнгэрийн аманд байдаг харшийн гэрлийн бүрхүүл унаж баллах шахсан байдаг. Их тэнгэрийн амны харш мань мэтийн гэрийнхээс хэд дахин хүнд, том шил болор болсон бүрхүүлтэй байж таарна. Түүнд даруулсан хүн амьд гарна гэдэг эргэлзээтэй л асуудал.
Нөгөөтэйгүүр Төрийн гурван өндөрлөг Их тэнгэрийн аманд хэдхэн метрийн зайтай хамт амьдарна. Хотын төвд Төрийн ордонд ирээд ганц ганц давхрын дээр доор бас л хамтдаа ажиллана. Тэд бол Монгол Улсын Үндсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд шүү дээ. Тийм байтал хаа явсан газраа бөөнөөрөө ажиллаад, амьдраад байж таарахгүй.
Нэгдүгээрт, улс орны, хоёрдугаарт тэдний аюулгүй байдлыг бодох ёстой. Тиймээс Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурвыг тараан байршуулах хэрэгтэй гэж яриад байгаа юм. Дөрвөн уулын дундах Улаанбаатарыг тойрсон дахин гурван уул бий. Одоо тэгэхээр өмнө зүг дэх Богдхан уулын Их тэнгэрийн амнаас Төрийн өндөрлөгүүдээ гаргаад нөгөөх гурван хайрханы энгэр бэлийг бараадуулан орд харшийг нь нүүлгэвэл ямар вэ.
Гэрийн эзэн хоймортоо залардаг. Тэр утгаар нь Ерөнхийлөгч Х.Баттулгыг Чингэлтэй хайрхан, эсвэл Дамбадаржаа өгсүүлээд Бэлх, Сэлхийн хавь руу нүүлгэе. Харин УИХ-ын дарга М.Энхболдыг Сонгинохайрхан чигт, хотоос баруун тийш, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Баянзүрх хайрханы хавиар Гачуурт, Тэрэлж тийшээ ч юм уу, ажиллаж амьдардаг болгох хэрэгтэй юм.
Тэртэй тэргүй хуулиараа зөвхөн протоколтой уулзалдах ёстой Төрийн гурван өндөрлөг Төрийн ордонд чихцэлдээд суух ч хэрэггүй. Дээрээс нь гурвуулаа Их тэнгэрийн аманд хаяа нийлэн амьдарч өглөө, оройдоо ядарсан муу иргэдээ дээрэлхэн зам дээр өнжүүлдгээ ч больчихно.
Ингэж чадвал хонь бүрэн чоно цатгалан болох билээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин 2019.1.9 № 6 (5973)
Б.ДАМДИН-ОЧИР