📅

ГАЙХАМШИГТ МОНГОЛ МОРЬ

🕔 2019/01/07 13:55

Эх Орны дайнд оролцсон ахмад дайчин Федосевичийн дурсамж

"Тэсгим хахир өвөл болж байлаа. Монголоос бэлэгний морьд ирсэн гэхээр нь манай сумангийнхан очиж үзвэл бүгд жижигхэн морьд байсан тул бид инээлдэж нэг их тоогоогүй. Удалгүй надад хээр зүсний Монгол морь хувиарлан өглөө. Манай сумангийнхан намайг, илжиг унасан "Дон Кихот” гэж хочилдог болов. Манай суман тагнуулын суман бaйсан тул ой ширэнгэ аль л байгалийн бартаатай газраар явдаг байлаа. Нэг удаа немцүүдийн отоонд орж буудуулахад миний морь хамгийн түрүүнд тэндээс сум шиг харван гарч билээ. Чихээ хулмайгаад сунаж байхад нь би дээр нь арайхийж л тогтож явав. Морь маань намгийг үнэрлэж байгаад цөмрөхгүй газрыг олоод гараад явчихна. Нөгөөх өндөр морьд маань харин намагт шигдээд гаргах гэж их л ажил болдог байлаа. Би мориндоо "Монгол” гэж нэр өгсөн бөгөөд манай суманд "Монгол”-ийг мэдэхгүй хүн үгүй болов. Бас нэг байлдаанд нэг цэргийн морь нь буудуулж дайсны галын дунд үлдэхэд би морьтойгоо эргэн давхиж тэр шархадсан цэргийг авахаар ойртоход "Монгол” маань бараг газарт наалдах шахам налж өгч би тэр цэргийг гуд татан урдаа тэгнээд галын шугамаас холдож билээ. Хожим сонсохнээ монгол морьд чоно авлалтанд явахдаа чононд ойртож налж өгхөд эзэн нь чоныг цохиж алдаг гэдгийг сонсож билээ. "Монгол” маань сумангаар барахгүй Дивизэд нэр нь түгсэн юм. Тагнуулын сумангийн хамгийн эхэнд "Монгол” бид хоёр явдаг болов. Тэр газрын бартаа, хаана юy байгааг анддаггүй, морь гэхээсээ илүү нохой шиг мэдрэмжтэй адуу байлаа. "Монгол”-д би сахар, хар талх идүүлж сургав. "Монгол” бид хоёр байнга л хамт байдаг тул их дасал болцгоосон юм. Миний өврөөс сахар, хар талх үнэрлээд л мэдчихнэ, нэхнэ. Ийм сайн морио бэлэглэсэн малчин Монголчууд сайхан сэтгэлтэй хүмүүс юмдаа гэж би боддог байв. Миний "Илжиг унасан Дон Кихот” гэдэг хоч маань өөрчлөгдөж "Ид шидийн морьтон Илья Муромец” гэдэг алдартай болов. Манай сумангийхан Монгол морьдтой болохыг хүссэн ч тэднийг их бууны ангийхан чирэгчээр аваад явсан байлаа. Бусад цэргүүд маань өвлийн хахир хүйтэнд морьдоо хооллох гэж сандарч байхад би хээв нэг дугжирч байдаг байлаа. "Монгол” өөрөө цас ухаад өвсөө олоод идчихнэ. Тэд надад атаархдагсан. Миний амийг "Монгол” олон удаа аварсан. Тэр бол миний сайн нөхөр минь байлаа. Дайны дараа би "Монгол”-оо Москва хотын ойролцоо цэргийн аж ахуйн газарт хүлээлгэж өгөхдөө мэлмэртэл уйлж билээ. Дэлнээс нь хэдэн хялгас тасалж авсан юм. Би Монгол Улсад очиж Монгол морь унаж, үнэрийг нь нэг үнэртэх юмсан гэж бодож явдаг юмдаа" гэж Федосевич гуай хуучилж билээ.

Монгол морьдын үлгэр домог номын хэсгээс
Ayanga Chuluunjav

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?