📅

Нийтийн тээвэрт шинэчлэл хэрэгтэй байна

🕔 2018/12/20 13:42

Нийтийн тээвэр бол аливаа улс орон, нийслэлийн гол салбарын нэг. Бас утааг багасгах, түгжрэлийг бууруулахад хамгийн их нөлөө үзүүлэх салбар ч гэж хэлж болно. 

Харамсалтай нь манайд нийтийн тээвэр хөгжих бус, улам ухарсаар байгааг иргэд хэлж байгаа юм. Энэ жил Люксембург агаарын бохирдлыг багасгах ажлын хүрээнд нийтийн тээврээ үнэгүй болгожээ. Мөн Швед улс жолоочгүй автобус туршиж, нийтийн тээвэртээ нэвтрүүлэх гэж байгаа гээд энэ салбар дэлхий дахинд урагшлан хөгжиж байна. 

Тэгвэл манайд байдал ямар байна вэ. 10 гаруй жилийн өмнө сууж зорчдог байсан чиглэлээрээ зорчоод үзэхэд л нийтийн тээвэрт мөнгөө нэхэж авдаг, туулайнуудыг буулгадаг, хүмүүсийг урагшлахыг шаардаж, бас ч үгүй суудалд хуваарилалт хийдэг кондуктор үгүй болж, оронд нь карт дардаг хар хайрцаг нэмэгдсэнээс өөр юу ч өөрчлөгдсөнгүй. Өглөө, оройны ид ачааллын цагаар автобус цөөн тоогоор ирж, иргэд өвлийн хүйтэнд буудал дээр бөөвийн зогсоцгооно. Хүлээсэн автобус нь удаж удаж арайхийн ирэхэд шахцалдаж, тэмцэлдэж байж, сүүлийн хүн хаалганд хавчуулангаа алдан зүүгдэж орно. Амьдралын төлөөх тулаан эндээс л хамгийн тод харагддаг гэхэд болно.

Ийнхүү сул чөлөөтэй зорчих эрхээ хасуулсан зорчигчид ямар нэгэн гомдол мэдүүлэх ч эрхгүй. Гомдол тавибал өөдөөс нь улсаас олигтой мөнгө өгөхгүй, автобус компаниуд өрнөөс өрийн хооронд л явж байна, зогсоочихож чадна шүү хэмээн дарамтлах. Дээрээс нь уранхай суудал, цантсан цонх, угаагаагүй бохир шал, хүйтэн заал гээд тоочоод байвал нийтийн тээврийн салбарт өөлөх юм их.

Ирэх оны нийслэлийн төсөвт багагүй мөнгө зарцуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, 33,4 тэрбум төгрөгийг нийтийн тээврийн хэрэгслээр оюутан, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг үнэ төлбөргүй зорчуулахад, 73,4 тэрбум төгрөгийг нийтийн тээврийн аж ахуйн нэгжүүдэд олгоно гэж заажээ. Тэр ч бүү хэл 77 тэрбум төгрөгийг нийтийн тээврийн үйлчилгээний 2018 оны өрийг барагдуулахад зарцуулах аж. 

Энэ салбарт өгөх төсөв үүгээр дуусахгүй. 4,6 тэрбум төгрөгөөр "Зорчигч тээвэр-3"-ыг автобус паркийн барилга барьж, "Зорчигч тээврийн нэгтгэл"-ийн автобус, угаалгын төвүүдийн тоног төхөөрөмжийг шинэчилнэ гэжээ. Өөрөөр хэлбэл, 990,3 тэрбумаар тооцсон төсвийн нэлээд хувийг нийтийн тээврийн салбарт зарцуулна гэсэн үг. 

Харин ийм их хэмжээний мөнгийг татвар төлөгчдийн халааснаас нийтийн тээврийн салбарынханд шилжүүлж байхад байдал бахь байдгаараа л байвал нийслэлчүүд бид нийтийн тээврийг хөгжүүлэх асуудлаар дуугарахаас өөр аргагүй юм. 

 

erennews.mn


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?