📅

АТГ-ын мөрдөгчид “шүдгүй арслан” болж байна

🕔 2018/12/07 10:41

Тогтолцоо өөрчлөгдөж, бид хүнлэг энэрэнгүй, хууль ёсоо дээдэлдэг нийгэмд орж байгаа хэмээсээр 30-аад жилийг барав. Харамсалтай нь, өнөөдөр бидний шилжин орсон ардчиллын зам хүсэн мөрөөдөж байсан руугаа бус, хэн мөнгөтэй, эрх мэдэлтэйд үйлчилдэг нийгэм рүү орчихоод байна. Авлига хээл хахууль хэрээс хэтэрч, амьдралаа болгох гэж хичээн зүтгэж буй хэсгийнхний хүртэх ёстой баялгийг эрх мэдэлд хүрсэн, өндөр албан тушаал хашдаг, хөрөнгө мөнгөтэй хэдхэн хүн л завшиж байгаа нь нууц биш.

 

Ийнхүү илэрхий болсон хууль бус үйлдлүүдийг 10 гаруй жилийн өмнө цагдаагийнхан шалгаж шийдвэрлэдэг байлаа. 10 мянга шахам алба хаагчтай энэ том айлынхан авлигатай дорвитой тэмцэж чадахгүй байна гэж үзээд хараат бус үйл ажиллагаа явуулах АТГ-ыг байгуулсан билээ. Ард түмэн ч энэ газраас их зүйл хүсэн хүлээж буйгаа "жараахай барилаа, тул барьсангүй” гэсэн мессежээр илэрхийлэх болсон. Харин АТГ тул барих хүсэл зориг байвч олон зүйлээс шалтгаалаад үйл ажиллагаа нь хязгаарлагдмал байна.

УЛСЫН ХЭМЖЭЭНД 33-ХАН МӨРДӨГЧ ХЭРЭГ ШАЛГАЖ БУЙ НЬ ХААНАА Ч ХҮРЭЛЦЭХГҮЙ

Авлига, албан тушаалын хэрэг Монгол Улсад нэг жилд бүртгэгдэж буй нийт гэмт хэргийн 0.4 хувийг эзэлдэг гэх статистик бий. Гэвч энэ төрлийн хэргийн нийгмийн хор аюул, хохирол, уршиг нь ахуйн хүрээний гэмт хэрэгтэй харьцуулахад маш их. Тиймээс хууль зөрчсөн цагаан захтнуудын гэмт үйлдлийг тогтоож, буруутай этгээдэд хариуцлага гарцаагүй оноож байж л нийгэмд шударга ёс тогтоно. Ингэснээр иргэд төрдөө итгэх учиртай. Гэтэл өнөөдөр байдал эсрэгээрээ болсон. Авлигын гэмт хэргийг илрүүлдэг ч, гэм, буруутай этгээдэд хариуцлага ногдуулж чадаж байна уу гэдэг нь эргэлзээтэй. Тиймээс л дээр, доргүй "Нийгэмд шударга ёс алдагдаж, төрд итгэх иргэдийн итгэл буурлаа” хэмээн ярих болсон. Шударга ёс тогтоохын төлөө, шударга бус явдлыг илрүүлэн тэмцэхийн тулд 33-хан мөрдөгч ажиллаж байгаа нь дэндүү бага үзүүлэлт. АТГ-т тэдний мөрдөн шалгах харьяаллын бус гомдол, мэдээлэл олон ирдэг. Энэ нь нийгэмд болохгүй, бүтэхгүй асуудал бүрийг АТГ шалгаж шийдвэрлэнэ гэсэн хүлээлт, найдлага их байдагтай холбоотой. Гэтэл АТГ нь Эрүүгийн хуулиар харьяалуулсан тодорхой тооны хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах чиг үүрэгтэй байдаг Монгол орны нутаг дэвсгэр, газар нутгийн байршил, хүн амын тоотой харьцуулахад 33 хүн гэдэг өчүүхэн хэмжээ. Өөрөөр хэлбэл, АТГ-ынхан орон нутагт нэг ч салбаргүй. Тэдний дэргэд хууль сахиулах бусад байгууллагынхан орон нутаг дахь "хөлөөрөө” дамжуулж, гомдол мэдээллийг нь шуурхай шийдвэрлэж байдаг. Харин АТГ-ын мөрдөгчид тийм хөлгүй учраас олон бэрхшээл, хэл амны бай болж байдаг.

Нэг жишээ татъя. АТГ-т иргэдээс ирүүлсэн гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийг нэг мөрдөгчид ногдох дундаж ажлын ачаалалтай сүүлийн гурван жилийн зөвхөн нэгдүгээр улирлын байдлаар харьцуулан үзэхэд гурав дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм. Эндээс тэдний ажлын ачаалал ямар байгааг харж болно.


Гэхдээ АТГ-ын мөрдөгчид мөнгө, эрх мэдэл танил талаар "зэвсэглэсэн” цагаан захтуудтай өөрсдийн хэмжээнд тэмцсээр л буй. Хөгжлийн банк, "Эрдэнэт үйлдвэр”, Оюутолгойн гэрээ, Үнэ тогтворжуулах хөтөлбөр, АСЕМ-ын хөрөнгийн зарцуулалт, ЖДҮХС-гийн гээд татвар төлөгчдийн мөнгийг эрх мэдлээ ашиглан үрэн таран хийсэн албан тушаалтнуудтай үзэлцэж л байна. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчдийн шалгасан хэргийн болон холбогдогчийн тоог сүүлийн гурван жилийн байдлаар харвал шалгуулсан хүний тоо хоёр, хэрэг дөрөв дахин өссөн байгаа юм. УИХ-ын 2012 оны тавдугаар сарын 22-ны 55 дугаар тогтоол, АТГ-ын даргын 2017 оны нэгдүгээр сарын 27-ны А/10 дугаар тушаалаар батлагдсан бүтэц орон тоогоор Мөрдөн шалгах хэлтэс нь 33 мөрдөгчтэй ажиллаж байна. Тэд зөвхөн 2017 онд мөрдөн байцаалтын шатанд 3.4 тэрбум төгрөгийн хохирол барагдуулж, шүүхийн шийдвэрээр 7.7 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн гэсэн статистик бий. Энэ бүхнээс үзвэл АТГ-ын мөрдөгч нар ачаалал ихтэй ч хэрэг шийдвэрлэхдээ чамлахааргүй үзүүлэлттэй байгаа гэхэд магтсан болохгүй байх.

ХУУЛЬ САХИУЛАГЧДЫГ "ЧӨДӨРЛӨСӨН” ХУУЛИУДЫН БАРЦАД

АТГ-ын гэлтгүй, цагдаа, тагнуулын мөрдөгчдийн ажлыг "чөдөрлөх” хуулийг хууль тогтоогчид баталчихсан атлаа тэднийг ажлаа хийсэнгүй, авлигатай тэмцсэнгүй, гэмт хэрэг гаарлаа, хулгай дээрэм хэрээс хэтэрлээ хэмээн чичлэх болсон гэдэгтэй эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцдог хүн бүр санал нэгдэнэ. Тэдний өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэглэдэг эрх зүйн баримт бичиг бол Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль. Шинэчлэн найруулсан энэ хоёр хуулийг 2017 оны долдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Эдгээр хуульд өмнөхөөс давуу, ололттой зохицуулалт байгаа ч хуулийн зорилтыг хангахад сөргөөр нөлөөлөх зүйл цөөнгүй байгаа нь хууль сахиулагчдын, тэр дундаа авлигатай тэмцэх чиглэлээр нойр, хоолоо хугаслан, гэр орноо "мартан” ажиллаж буй мөрдөгчдийнх нь үйл ажиллагаанд саад учруулж байгаа юм.

Тухайлбал, өдгөө мөрдөж буй Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт албан тушаалтнаас албан тушаалын байдлаа урвуулан ашиглах замаар үйлддэг гэмт хэргийн шинжийг тодорхойлсон боловч санкцын хувьд оновчгүй, гэм буруутай этгээдэд ногдуулах ялын хэмжээ хэтэрхий хөнгөн, хөөн хэлэлцэх хугацаа нь мөрдөн шалгах, шүүн таслах хугацаатай харьцуулан үзэхэд маш богино байгаа.

Жишээ нь, Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт "Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг 2-5 жил хүртэл хугацаагаар хасаж 5400-27 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”. Хоёр дахь хэсэгт нь "Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг 2-5 жил хүртэл хугацаагаар хасаж 5400-27 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан. Энэ хоёр зүйл анги, гэмт хэргийн шинж, ногдуулах ялын хэмжээг харьцуулан үзвэл нэг дэх хэсэгт хохирол шаардахгүй хэлбэрийн шинжтэй байхаар тогтоож, хоёр дахь хэсэгт их хэмжээний хохирол учирсан бол гэж хуульчилсан хэрнээ оноох ялын хувьд адилхан байхаар, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт ногдуулах хорих ялын дээд хэмжээ, мөн зүйлд заасан гэмт хэрэгт оноох хорих ялын дээд хэмжээ гурван жилээр бага байхаар хуульчилсан нь "Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимтай зөрчилдсөн гэж үзэхээр байгааг хуульчид хэлдэг.

Мөн Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлд "Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж 2700-14 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульчилсан. Их хэмжээ буюу 50 сая төгрөгт хүрэхгүй хөрөнгө, орлого хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй бол гэмт хэрэгт тооцохгүй.

2002 оны Эрүүгийн хуульд байсан төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, хээл хахуульд зуучлах үйлдлүүдийг шинэ Эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцохгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосноор гэмт этгээдүүд ял завшсаар байна. Түүгээр ч зогсохгүй хахууль авсан хэрэгт ял шийтгүүлсэн төрийн жинхэнэ албан тушаалтнаас бусад албан тушаалтан торгуулийн ял авах, шүүхээр шийтгүүлсний дараа ажлаа үргэлжлүүлэн хийж буй тохиолдол ч байна. Улмаар тэд гэрчүүдэд шударга байсных нь төлөө хувийн хариуцлага тооцож байгаа юм. Энэ мэтээр шинээр баталсан хуулиуд авлигатай тэмцэх бус, авлигачдын үйлдлийг улам л өөгшүүлсээр байна.

БАЯН-ӨЛГИЙГӨӨС ИРСЭН ГОМДЛЫГ ТАВ ХОНОГТ ШИЙДВЭРЛЭЖ АМЖИХ УУ

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль уг нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял ногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааг хэрэгжүүлэгч мөрдөгчдийнхөө эрхийг хязгаарлачихсан байгаа юм. Мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй явагдах зарчим алдагдаад зогсохгүй хүний эрхийг баталгаатай эдлүүлэх нэрийн дор албан тушаалтан, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн "дархлааг” нэмсэн хууль баталсан байгаа юм. Мөрдөгчийн эрх хязгаарлагдсанаар хэрэг шалгах ажиллагаа удаашрах болж байна. Тухайлбал, гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн аваад тав хоногт шалгах ажиллагаа явуулж хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, эсэх шийдвэр гаргахаар хуульчилсан. Гэтэл энэ нь нөгөө 33-хан мөрдөгчтэй, ажлын ачаалал ихтэй, орон нутагт салбаргүй АТГ-ынхны нөхцөл байдалтай тохирохгүй байгаа юм. АТГ-ын мөрдөгч Баян-Өлгий аймгаас ирүүлсэн гомдлыг аваад шалгах, шийдвэр гаргах нь бүү хэл, дээрх хугацаанд очиж ч амжихгүй шүү дээ.

Хэрэгт холбогдон яллагдагчаар татагдсан хүнийг цагдан хорих саналыг 24 цагт шүүгч шийдвэрлэх нэрээр пүрэв гарагт өгсөн саналыг шийдвэрлэхгүй, шүүх 24 цагаар ажилладаггүйгээс үүдэн шүүхийн зөвшөөрлөөр хийх ёстой хойшлуулшгүй ажиллагаануудаа явуулж чадахгүй байх тохиолдол ч гарч байгаа нь хуулийн үзэл санаа, агуулгаас ухарсан практик тогтож эхэллээ. Түүгээр ч зогсохгүй байцаан шийтгэх ажиллагаанд оролцогч өөр нэг тал болох өмгөөлөгчийн зүгээс хууль зүйн туслалцаа үзүүлэх бус, мөрдөн шалгах ажиллагааг удаашруулах, гэмт хэргийн шинж, нотлох баримтыг үгүйсгэхээр хууль бус үйлдэл хийх тохиолдол ч гарах болсон. Хахууль авсан этгээдийн өмгөөлөгч нь хахууль өгсөн хүнийг дарамталдаг, үйлчлүүлэгч нь хээл хахуульд авсан мөнгөтэйгээ, үйлдэл дээрээ баригдаад байхад тухайн мөнгийг өөрөө хадгалуулсан мөнгө, зээлдүүлсэн мөнгөө авмаар байна гэж хэлээд гэрчээр мэдүүлэг өгсөн тохиолдол нэг бус удаа бүртгэгджээ. Энэ мэтээр мөрдөгчдийн ажил хууль тогтоогчдын алдаатай баталсан хуулийн саад бэрхшээлтэй багагүй тулгарч байж нэг хэргийг шүүх, прокурорын хяналтад шилжүүлж байна.

Сүүлдээ хууль тогтоогчид авлигаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй заалтуудыг хуулиас авч хаяж байна. Тодруулбал, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх

тухай хууль замхарч, сонирхлын зөрчилтэй тэмцэх боломжгүй болж байгаа юм. Энэ талаар Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин уржигдар болсон "Хууль дээдлэх ёс ба авлига, ашиг сонирхлын зөрчил” сэдэвт чөлөөт хэлэлцүүлгийн үеэр онцолж байсан. Тэрбээр "УИХ Төрийн албаны тухай хуулийг хэлэлцэн батлахдаа ашиг сонирхлын зөрчлийн хуулийн хамгийн чухал заалтын нэгийг хөнджээ. Илт ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг төрийн албанд томилж болохгүй шүү гээд үүрэг болгочихсон заалтыг сонирхлын зөрчил нь ил харагдаж байсан ч гэсэн томилж болно гэж өөрчилсөн. Энэ мэтээр авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой хуулийн заалтуудыг нэг нэгээр нь хумсалж хулгайлсаар байгаад энэ үйлдэлтэй тэмцдэг хуулийг яваандаа үгүй болгож байна” гэсэн юм. Уг нь одоо мөрдөж байгаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23.7-д ашиг сонирхлын зөрчил үүсэж болох нь тогтоогдсон бол томилохоос татгалзах зохицуулалттай. Гэтэл ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэх Төрийн албаны тухай хуулиар сонирхлын зөрчлийн хуулийн 23.7 дахь заалт өөрчлөгдсөнийг манай сонин анх уншигчдад хүргэсэн билээ.

Энэ мэтээр хуулийг өөрчилж, АТГ-ын үйл ажиллагааг хумьж, ёстой л нөгөө сүүлийн үед трэнд болоод байгаа "шүдгүй арслан” гэгчийгээ бий болгож байна.

 

Unuudur.mn 
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?