📅

Ардчилагчид маань "жоомоо алах гэж байгаад гэрээ шатаах нь"

🕔 2018/12/04 12:03

Ардчилагчид маань "жоомоо алах гэж байгаад гэрээ шатаах нь"

 

УИХ дахь МАН-ын бүлгийн дотор гарсан хоёр талцал "халдвар”-тай ажээ. Парламентад сөрөг хүчин гэгддэг Ардчилсан намын цомхон бүлэг бий. Ердөө 9 гишүүнтэй. Гэтэл энэ бүлгийн дотор "цээлийн ус цалгиж цэгээн чулуу хагарав". Хагаралд хүн цөөддөггүй ажээ.

Ардчиллынхны энэ хагарал юунаас үүдэлтэй гээч. Ердөө л эрх баригч намын Засгийн газрыг огцруулах эсэх асуудлаас. Тэнд нэг айлын хэрүүлээс болж энд эхнэр нөхөр хоёр салав гэдэг шиг л юм болж байна. Хөөрхий дөө, тэдний хөлд чирэгдэж ингэж чи, би-дээ тулж, даргаасаа эхлээд даамалаа хүртэл хэвлэлийн хурал хийж байгааг харахаар энэ намд өдий хүртэл буурь сууж, зангараг тогтсонгүй юу даа гэж хармаар. Одоо сөрөг хүчнийхэн бүлгийн хэмжээнд оршин тогтнож чадахгүй болж байна.

Ардчилсан нам гэхээр нэрнээсээ эхлээд ардчилал эрх чөлөөг санагдуулдаг. Гэвч энэ нэр тус намын мөн чанарын илэрхийлэл болж чадахгүй гэдгийг өчигдрийн улс төрийнх нь шийдлээс анзаарагдлаа. Энэ тухай товч тодруулбал:

Өчигдөр өглөө АН-ын дүрмийн хороо хуралдаж өнгөрөгч Баасан гарагийн нэгдсэн хуралдаанд Засгийн газрын талд кноп даосан  нэр бүхий гурван гишүүндээ хариуцлага тооцох тухай хэлэлцжээ. Ингээд УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намын нэр хүнд, эв нэгдэлд хохирол учруулсан, бүлгийн нэгдсэн шийдвэрт захирагдаагүй гэсэн хоёр "зүйл анги”-иар буруутгаж, 4 жилийн хугацаагаар намын гишүүнчэлээсээ хасах шийдвэрийг гаргалаа.  Харин нөгөөх хоёр гишүүн Л.Болд, Д.Мурат нар  2020 оны сонгуулиар АН-ын нэр дээр УИХ-д өрсөлдөх боломжгүй болж байна.

Үндсэн хуулиар олгогдсон иргэний язгуур эрхийн нэг нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх явдал. Эцэг хуулиар олгогдсон энэ эрхийг намын дүрмийн заалтын хүрээнд гэдгээр хязгаарлах нь ардчиллын хэм хэмжээ мөн эсэхийг хэлж мэдэхгүй.

Энэ тухай АН-ын бүлгийн хурлын дараа  тус намын дарга С.Эрдэнэ болон бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар мэдээлсэн билээ.  Энэ үеэрээ С.Эрдэнэ дарга Ж.Батзандангийн эхнэрийн нүүрс тээврийн компани,  ах нь Ерөнхий сайдын зөвлөх, бас нэг ах нь хаана ч юм консул гэхчлэн байдаг бүхнийг нь ил болгож зарлав. Ерөнхийдөө бол мань Зандан маань Засгийн газрыг огцруулах асуудал дээр бараг л ашиг сонирхлын зөрчилтэй байсан юм байх.  Харин Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцсэн УИХ-ын чуулган дээр Ж.Батзандан "Ардчилсан намын дуу хоолой шударга үнэнэий талд сонсогдож байх ёстой” гэсэн байр суурь илэрхийлж байсан билээ.

Бүлгийн  байр сууринаас эсрэг санал илэрхийлсэн Д.Болд, Д.Мурат нарын хувьд энэ удаад хариуцлагын сануулга арай хөнгөн туссан ч  өөрийн намаасаа УИХ-д нэр дэвших эрхээ хасуулна гэдэг улстөрчдийн хувьд хүзүүндээ олс угласнаас хол ялгаагүй.

Үндсэн хуулиар олгогдсон иргэний язгуур эрхийн нэг нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх явдал. Эцэг хуулиар олгогдсон энэ эрхийг намын дүрмийн заалтын хүрээнд  гэдгээр хязгаарлах нь ардчиллын хэм хэмжээ мөн эсэхийг хэлж мэдэхгүй. УИХ-ын гишүүн бол намын төлөөлөл үү эсвэл иргэд сонгогчдын төлөөлөл үү гэдэгт эргэлзэж төөрөх янзтай. Төрийн хэргийг түшиж яваа  хууль тогтоогчдыг намын дүрмээр номхруулж байгааг харвал төрийн толгой дээр нам гарчихсан  гэх яриаг баталж байх шиг.  Мэдээж, энэ бол ганцхан АН-ын асуудал бас биш.

АН-ын дээрхи шийдвэрийг эсэргүүцэж  УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар мэдээлэл хийсэн. Тэд намынхаа шийдвэрт гайхаж эргэлзэж байгаагаа илэрхийлэхийн хамт Л.Болд бүлгээсээ гарахаа дуулгалаа. Ингэхээр  УИХ дахь АН-ын гишүүд бүлгийн хэмжээнд оршин тогтнож чадахгүйд хүрч байна. Нэгэнт бүлэг үгүй бол тэд аливаа асуудалд санаа оноогоо нэгтгэж, нэгдсэн нэг шийдвэр гаргаж  чадахаа болино гэсэн үг.

Ж.Батзандан  "Ордон дотор улс төрийн тэмцэл өрнөж байна. Энэ тэмцэл нь Монголын түүхийн эргэлтийн онцгой чухал үйл явдал гэж харж байна” гэж өнөөгийн улс төрд өрнөж буй үйл явдлыг тодотгожээ. 

Тэрбээр  "Тун удахгүй МАНАН-гийн халаасанд орсон С.Эрдэнэ, Д.Эрдэнэбатыг АН-ын удирдлагаас нь  зайлуулах ажил орон даяар эхэлнэ. МАНАН-гийн төлөөлөгч С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат хоёр өнөөдөр АН-ыг булшилж байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. АН шинэчлэгдээгүй байна. Би АН-ынхаа мянга мянган гишүүдтэй хамт байх болно. Өнөөдрөөс намынхаа шинэчлэлийг эхлүүлнэ”  гэлээ.

Харин гишүүн Д.Болд "АН ардчилсан биш коммунист нам болжээ. Би намаа шинэчлэх хөдөлгөөнд гар бие оролцох болно” гэсэн юм. Ингэхээр энэ хоёр гишүүний хувьд нэг зорилгын төлөө дөрөө харшуулах  болж байна. Мэдээж тэднийг дагалдагчид цөөн биш байж таарна. Хоёр гишүүний мэдэгдлээс үзвэл АН-д удахгүй шинэчлэлийн хөдөлгөөн өрнөх бололтой. Харин аль хэр далайц, цар хүрээ, үр дүнтэй байх вэ гэдгийг харах нь энэ хаврын улс төр болж мэдэх л юм.

"Жоомоо шатаах гэж байгаад гэрээ шатаав" гэгчийн үлгэрээр АН-ынхан дотроо хариуцлага ярих гэж байгаад хэрүүл нь халиад парламентэд бүлэггүй болох нь байна. Бүлэггүй болно гэдэг улс төрд бол их хохирол. Хамгийн энгийнээр бодоход чуулганаар орох хууль, аливаа улс төрийн шийдвэрт нөлөөлөхүйц байр суурь илэрхийлэх боломжгүй болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл жинхэнээсээ шүдгүй 9 арслан УИХ-д шинээр "мэндэлнэ". Нөгөө талаас үзэхэд намд харьяалагдаж улс төр хийж яваа хүн бол намынхаа шийдвэрийг л дагах нь зөв. Мэдээж санал зөрөх асуудал бишгүйдээ л гарна. Харин дотооддоо бүх асуудлаа яриад намын шийдвэр, бүлгийн шийдвэрийг бусад эрх ашгаасаа илүүд тавих нь зүйтэй. Юутай ч МАН-ын "гал" цурманд орохтой зэрэгцээд АН-ынхан сайн дураараа "гэрээ" шатаагаад эхлэв бололтой. Цаашид асуудал хэрхэн өрнөхийг хамтдаа харах л үлдлээ.

М.Нэргүй  

http://www.zaluu.com/read/2dfh8hf0a

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?