📅

Улс төрөөс “шар шувтлах” гишүүд

🕔 2018/11/28 11:57

Шарын шашинд шар шувтлах гэсэн ойлголт бий. Энэ тухай Л.Түдэвийн "Оройгүй сүм” романд Санж хамбыг шар шувтлан хийдээс хөөсөн тухай ихэд тодорхой өгүүлсэн байдаг. Шар шувтлах гэдэг нь сахил санваартай лам хүн шашны бүх цол хэргэмээсээ татгалзаад, шар өнгийн өмсгөлөө тайлж, энгийн иргэн болохыг хэлдэг. Үүн шиг Монголын улс төрөөс шар шувтлах гишүүд тодорч байна. Энэ бүгд ЖДҮХС-гийн зээлтэй холбогдсон гишүүд.

Ерөнхий сайд өчигдөр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотой хүмүүст хариуцлага тооцож, БХБ-ын дэд Ш.Лхамсүрэн, ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор, УБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярсайхан, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаа нар ажлаа өглөө. Үүний өмнө УИХ-ын дарга, Ерөнхийлөгч ЖДҮ-ийн зээлтэй холбоотой харьяа газрын дарга, удирдлагуудад хариуцлага тооцсон. Харин одоо өөрийн компанидаа болон ах дүү, хамаатан садан, гэр бүлийнхэндээ тэрбум тэрбумаар авсан улстөрчдөд хариуцлага тооцмоор байна. Энэ хүмүүс улс төрөөс үүрд зайлах хэрэгтэй. Эрх мэдэл өгөхөөр өөрийн эрх ашгаа л боддогийг чинь бүгдээрээ харлаа. Нэр дурдагдсан улстөрчид 2020 онд дахин улс төрд орохгүй, ийш зүглэхгүй гэдгээ амлаад явах хэрэгтэй байна. Эрхэм гишүүд та бүхэн иргэдээ төлөөлж чадахгүй юм байна. Хувийн ашиг сонирхлыг дээгүүр тавьж, төлөөллийн ардчиллын үндсэн зарчмаа мартсан байна. Өөрсдийг чинь сонгоод явуулсан иргэдийнхээ татварын мөнгөнөөс хулгайлсан та нар ёс суртахууны хувьд ч, хүн чанарын хувьд ч дахин Монголын төрд байх орон зай үлдээгүй ээ. Дээлээ нөмөрчихгүйхэн шиг мөрөөрөө аж амьдралаа бодоод явбал барав.

Иргэд ч эднийг дахин улс төрд оруулахгүй байх хэрэгтэй. Эхнээсээ "Бид уучлахгүй” хэмээн тэмцэж байна. Ирэх сонгуульд энэ хүмүүсийг дахин сонгохгүй байхад л болно. Хорин он гэж хэлээд байгаа маань тэр хүртэл их хурал тарж амжихгүй биз. Тарсан ч бүрдэх гэсээр яаж ийгээд дараагийн сонгууль хүрчих гээд байна. Одоо та нар улс төр гэж гоншгонохоо болих хэрэгтэй. Үхэр малтай нь тэрийгээ хариулаад, гурил будаа тарьдаг нь тариан талбайгаа зүглэж, хоолны бизнестэй нь тогоо шанагаа нийлүүлээд энгийн хүний амьдралаар амьдарч яагаад болохгүй гэж. Хөрөнгө орлогын мэдүүлгээс чинь харахад ЖДҮ-ийн зээл авахааргүй мөнгөтэй, хөрөнгөтэй улс байна лээ шүү дээ, та нар. Харин ЖДҮ-ийн зээлээр мөнгө хүүлсэн нь эрүүгийн хариуцлагаа хүлээж, хуулиар явж шийдэгдэх биз.

Энэ онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан 134 аж ахуй нэгжид зээл олгосноос 122 нь УИХ болон Засгийн газрын гишүүд, албан тушаалтнуудын хамаарал бүхий хүмүүсийн компани байсан. Улстөрчид, албан тушаалтнууд нүдэн дээр амьдралаас тасраад тэдний ах дүү, хамаатан садан нь өөрсдөө албан тушаалд очсон мэт сагаад байдгийн учрыг иргэд сая ил болсон ЖДҮ-ийн зээлээс л олж харлаа. Улс төрд орох гэж айхтар дурлаад байдаг нь засаг унагах нэг кноп л гэхэд тэрбумаар үнэлэгддэг байсанд л юм байна. Кнопоо хэдэн удаа хэдэн тэрбум болгосныг бас таашгүй. Иргэд ЖДҮ зээл дээр ингэтэл давалгаалж эсэргүүцэж байгаа нь амьдралд нь дэндүү ойр учраас тэр юм. Энгийн иргэд амьдрах орон байр, нэг жижигхээн ТҮЦ ажиллуулахын төлөө банкнаас өндөр хүүтэй зээл авах гэж яаж шар махтайгаа хатдаг билээ. Гэтэл нэг удаа кноп дарснаа тэрбумаар үнэлээд хүүгүй шахуу зээл авсан хүмүүс өөрсдийнх нь сонгосон гишүүд байхаар хэн дуртай байх билээ.

"Би мэдээгүй, хажуу дахь эрдэнээ мэдэхгүй зээл авчихаж, буцаагаад төлчихсөн, төлчихнө зүгээр санаа зоволтгүй, тэр компанийн үйл ажиллагаанд би оролцохгүй байгаа, уучлалт гуйхгүй” гэх мэтээр хэнэггүй, дээрэнгүй, үл тоосон, булзсан тайлбарыг улстөрч ЖДҮ-чид хэлээд сууж байна. Монголын төрд орж ирээд ЖДҮ-ийн нэрээр зээл авсан улстөрчдийн шарыг шувталъя. Улс төрд дахин хэзээ эргэж ирүүлэхгүй, "шар шувтлах” гишүүдийг дахин нэрлэе. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун "Дорнод гурил" 950 сая, Г.Солтан "Монгол Шаазан" 950 сая, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг "Тээвэр ачлал" компани 1.4 тэрбум, Мөн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "Газар Агро” ХХК, "Газар буудай” ХХК зэрэг өөрийн хувь эзэмшдэг компанид ЖДҮХС-гаас 1.950 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан байна. Тэрбээр авсан зээлээ буцаан төлсөн. Гэвч төлсөн нь авсан гэдгийг нь үгүйсгэх хэрэг биш. Түүнчлэн УИХ-ын гишүүн Н.Учралын аав Н.Ням-Осорын эзэмшлийн "Хүннү” ХХК тус сангаас 950 сая төгрөгийн зээл авчээ. УИХ-ын гишүүн Н.Оюундарийн 80 хувийг нь эзэмшдэг "Рэд стар клуб” ХХК 800 саяын хөнгөлөлттэй зээл авсан байна. Тэрбээр хүүгийнхээ өмнөөс ихэд дургүйцэн байж уучлал гуйх аядсан. Ховд аймгаас нэр дэвшин, сонгогдсон гишүүн О.Батнасангийн төрсөн дүү О.Ганбаатарын 100 хувийн эзэмшдэг "Топкондитер” ХХК 950 сая төгрөгийн зээл авсан гэдэг нь ил болжээ. Мөн УИХ-ын залуу гишүүн Г.Тэмүүлэнгийн ээжийн эзэмшлийн "Спан цогцолбор” ХХК сангийн мөнгөнөөс 700 сая төгрөгийг хөнгөлөлттэйгөөр зээлсэн гэнэ. УИХ-ын гишүүн Л.Энхболдын хамаарал бүхий "Жаргалант Харвест” тэрбум хоёр зуун саяыг, "Хас говь транс” ХХК 950 саяын зээлийг тус тус ЖДҮ-ээс авчээ.

Эдгээр зээлийг өөрийн хамаарал бүхий банк бус санхүүгийн байгууллагадаа авч мөнгө хүүлсэн байж болзошгүй гэж яригдаж буй. Л.Энхболд гишүүнтэй хамтран ЖДҮХС-гаас зээл авсан байж болзошгүй хэрэгт Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар нэр холбогдоод буй мэдээлэл бий. Мөн ЖДҮХС-гаас өнгөрсөн хоёр жилд зээл авсан компаниудын жагсаалтад МАН-ын генсек НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалангийн тус бүр 30 хувийг эзэмшдэг "Тайшир өргөө”, "Агро технологи” гэх компаниуд байсан юм. Тэрбээр нийт 1.3 тэрбум төгрөгийг сангаас зээлсэн гэнэ. УИХ-ын гишүүн Б.Ундармаа энэ онд өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ "Доктор МЭЙК” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг гэж мэдэгдсэн. Тэгвэл түүний эзэмшлийн тус компани ЖДҮХС-гаас 700 сая төгрөгийг зээлжээ. Уг нь түүний эзэмшдэг нийт компаниудын үнэ 128 тэрбум төгрөгөөр үнэлэгдэхээр аж. УИХ-ын гишүүн А.Сүхбатын дүү А.Баттөгсийн эхнэр Г.Буяндэлгэрийн "Түгээмэл түмэн хишиг” компани 800 саяын зээл авсан байна. УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн дүүгийн "Сингапурхэльткейр” ХХК 800 саяыг зээлжээ. Энэ мэтчилэн шар шувтлах гишүүдийн нэрс хөвөрч байна. Цаашлаад ч хамаарал бүхий компаниуд нь ч нэмэгдэх шинжтэй.

Мөн төрд өндөр албан тушаал хашдаг хүмүүс ч энэ зээлийг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж олноороо авсныг эхнээс нь хэвлэлүүд зарласан. Төрийн өмчийн газар одоогийн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор 2018 онд ЖДҮХС-гаас 500 сая төгрөгийн зээл авсан байна. Ц.Ням-Осорын Хөрөнгө орлогын мэдүүлэгт "Хос-Эрхэс" ХХК -ийг 100 хувь эзэмшдэг гэсэн байв. Гэтэл тэрбээр энэ 100 хувь эзэмшдэг компаниараа дамжуулан сангийн мөнгөнөөс хувь хүртжээ. Тэрбээр өмнө ЖДҮХС-гийн дарга байсан. Үүний араас Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн хувь эзэмшдэг компани ЖДҮХС-гаас зээл авчээ. Ш.Лхамсүрэн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдсан "Дархан мах корпораци” ХХК нь ЖДҮХС-гаас 450 сая төгрөгийн зээл авсан гэж бүртгэгджээ. Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатарын ЖДҮХС-гаас авсан 1.3 тэрбум төгрөгийн асуудал юм. Тэрбээр зээл авч өгсөн "Цаст Согоот” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг гэж Авлигатай тэмцэх газарт өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдсан байдаг. ЖДҮХС-гаас 750 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар 100 хувь өөрийн эзэмшлийн "Цэнстайл” ХХК-д авсан байна. Энэ мэтчилэн дурдаад байвал цааш олон нэрс хөврөх нь.

Эрх бүхий албан тушаалтан нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад болон өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгон зээл олгосон, авсан нь албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэн дээрх нэр дурдагдсан хүмүүс болон ах дүү, гэр бүлийнхнийг нь ч шалгаж байгаа. ЖДҮ-чдийн булхай илэрснээр улс төр ч бужигнаад эхэлсэн. Өрсөлдөгч фракц бүлэглэлийнхнээ идсэн, уусан, завшсаныг бас илчлээд эхэллээ. Парламентын засаглалын давуу тал нь олонхтой, цөөнхтэй, бие даагчтай олуулаа учраас идээ бээрээ ч шахаад бүгдээрээ хэрэлдэж, бултаараа хэлэлцэж болдогт байгаа юм. Идээчин уугаачнуудаа сайн илчилж, шарыг нь шувталж, иргэдтэйгээ нийлж тэмцэн, төрд дахин шургалахааргүй болгоё.

 

Өдрийн сонин


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?